• Өнөөдөр 2024-05-08

БЯМБААГИЙН НАЙЗУУД: Төрөөд хамгийн анх найзыгаа харсан. Тэгээд л найзалсан даа, Тэнүүнтэйгээ

2022-01-30,   900

  Эргэлт.мн мэдээллийн сайт нөхөрлөлийн гэгээн түүхийн эздийг эрэн хайж, дурсамжийнх нь хөлгөөр аялахаар “Бямбаагийн найзууд” хэмээх богино хэмжээний нэвтрүүлгийг долоо хоног бүр уншигчдад хүргэж байгаа билээ. Тэр дундаа хамгийн гэгээн тунгалаг, гэрэлтэй, чин үнэн итгэл, элдэв өнгө будаггүй хүүхдийн дотоод ертөнцийн бүхээгт сууж, түүний дотроос цаашид үргэлжлэх уртын урт нөхөрлөлийн замыг тольдон харж, тэдний цас бороо мэт нөхөрлөлийн түүхийг түүвэрлэн, цагаан инээд, томоогүй үгсээр нь өрөн эрхэм уншигч таны өмнө дэлгэж буй. Бидний анхны дугаарт цэцэрлэгээсээ үерхэж, өнөөг хүртэл нөхөрлөж яваа Т.Тэмүүн, Ц.Тэнүүн нар оролцож, найз байх, найзыгаа эзгүйд хэрхэн үгүйлдэг тухайгаа ярьлаа. Тэд хамтдаа цана, чаргаар гулгаж, морь унах дуртай төдийгүй том болоод хоёулаа алдарт уяач болох мөрөөдөлтэй гэсэн. Бас хааяа муудалцдаг ч тун удалгүй сайндаж, ихэнхдээ инээж, эвтэй, хөгжилтэй тоглодог тухайгаа бидэнд ярьсан юм. Түүнчлэн нэгнээсээ хэсэгхэн л холдвол биенээ санаж, ээж, ааваасаа “Найзтайгаа уулзъя” гэж шалдаг гэх бяцхан хөвгүүдийн нандин нөхөрлөлийн өхөөрдөм яриаг уншигч танд хүргэж байна.

 
 
 
   
 -Сайн байна уу, Та хоёрын хамт авахуулсан гэрэл зураг сошиалаар цацагдаж, олон хүн өхөөрдөж бас ерөөлийн сайхан үгс бичсэн байсан. Тиймээс бид та хоёрыг хэрхэн найзууд болсон тухай түүхийг уншигчдадаа хүргэхийг хүссэн юм. Ярьж өгч болох уу?
 
           -Т.ТЭМҮҮН: Анх төрөөд нүдээ нээхдээ л найзыгаа харж байсан, тэгээд хэлд ороод Ц.Тэнүүн найзтайгаа нөхөрлөсөн дөө. 
 
           -Ц.ТЭНҮҮН: Бид цэцэрлэгт танилцаад, сайн найзууд болсон юм аа. 
 
-Та хоёр хамт байхдаа юу хийдэг вэ. Хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач?
 
          -Ц.ТЭНҮҮН: Бид хамт сунгааны наадамд морь унаж, нохой чаргаар хамтдаа гулгадаг. Мөн хамт тоглож, кино үзэж, ер нь л хийе гэснээ л хийдэг. Наадамд  уралдах морьдын сунгаанд бид морь унаж, М.Тэмүүлэн найз маань түрүүлсэн. Харин би улсын наадамд хурдан морь унаад түрүүлдэг. 
 
          -Т.ТЭМҮҮН: Бид хамт байхдаа заримдаа шалихгүй зүйлээс болж мууддаг. Гэхдээ тун удахгүй сайнддаг. Муудаад удаан байж ерөөсөө чаддаггүй, тэ. Ер нь л хамт байхаараа дандаа инээж, гоё тоглоом тоглодог. 
 
-Уулзалгүй удахаар найзыгаа санадаг уу?
 

          -Т.ТЭМҮҮН: Найзыгаа санадаг. Санаж байгаад хэсэг мартчихсан байдаг. Тэгээд дахиад л санадаг. Найзтайгаа дандаа хамт баймаар санагддаг. Удахгүй бид хоёр хамт амьдарна. 

          -Ц.ТЭНҮҮН: Санадаг, санахаараа аав, ээжээс "Тэмүүлэнтэй уулзмаар байна. Уулзуулаад өг, хүргээд өг, дуудаад өг" гэж байгаад хурдан уулздаг. 

 
-Та хоёр бие биедээ бэлэг өгдөг л биз дээ?
 
           -Т.ТЭМҮҮН: Би Ц.Тэнүүн найздаа төрсөн өдрөөр нь буу бэлэглэж байсан юм байна. 
 
           -Ц.ТЭНҮҮН: Харин би найздаа төрсөн өдрөөр нь машин бэлэглэсэн. Бид хоёр бие биенийхээ төрсөн өдөрт ирэхдээ бэлэг өгөөд, торт идчихээд явдаг.
 
-Найздаа чин сэтгэлийн үгээ хэлээч гэвэл юу гэж хэлэх вэ?
 
          -Т.ТЭМҮҮН: Найздаа их баярладаг, надтай найзалж, хамт байдагт баярлалаа гэж хэлнэ. 
 
          -Ц.ТЭНҮҮН: Би ч бас найздаа баярладаг. 
 
-Том болоод ямар хүн болохыг хүсдэг вэ. Найзтайгаа хамт юу хийнэ гэж төлөвлөж, мөрөөддөг вэ?

        -Ц.ТЭНҮҮН: 30 нас хүрэхээрээ бид алдартай уяач болно.

       -Т.ТЭМҮҮН: Том болоод аав, ээжийнхээ ажилд туслаж, ажлыг нь илүү баяжуулна, дээшлүүлнэ. Тэгэхдээ шууд ажиллахгүй, суралцаж байгаад ажлыг нь үргэлжлүүлнэ. Аав, ээжийнхээ ажилд би найзтайгаа хамт тусална.

-Та хоёр яагаад уяач болно гэж боддог юм бэ?
 
       -Ц.ТЭНҮҮН: Уяач болохоор их медальтай, мөнгөтэй болдог.
        
       -Т.ТЭМҮҮН: Энэ бол Тэнүүний надтай хамт хийхийг хүсдэг, бидний мөрөөдөл. 
 
-Найз нь хамт байхгүй үед ямар байдаг вэ?
 
           -Т.ТЭМҮҮН: Найз маань байхгүй бол их уйтгартай, тоглох хүн байхгүй, муухай байдаг. Бид хоёрт дахиад хоёр найз бий. Харин эмэгтэй найз байхгүй. Охидтой найзалъя гэхээр найзлахгүй гээд байдаг.
 
           -Ц.ТЭНҮҮН: Тэмүүлэнг байхгүй болохоор ер нь л муухай даа. Яг яагаад муухай байдгийг нь хэлж мэдэхгүй байна. 
 
-"Бямбаагийн найзууд" нэвтрүүлгийн хамт олноос та хоёрыг насан туршдаа сайн найзууд байж, эрдэм номтой мундаг залуус болоорой гэж ерөөе.
 
            -Т.ТЭМҮҮН: Баярлалаа, тэгнэ ээ угаасаа. 
 
            -Ц:ТЭНҮҮН: За баярлалаа. 
 
30 нас хүрэхээрээ бид хоёр уяач болно
 
 
 
 
 
 
 

БЯМБААГИЙН НАЙЗУУД: Төрөөд хамгийн анх найзыгаа харсан. Тэгээд л найзалсан даа, Тэнүүнтэйгээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-27 10:23:40
    Заяа: 2 хөөрхөн хүүдээ аз жаргал хүсэе
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188