• Өнөөдөр 2024-04-26

"ТОМ" хамтлагийнхан дэлхийн түүхэнд үлдэх кино бүтээхийг мөрөөддөг

2021-10-27,   832

        Эргэлт.мн мэдээллийн сайт энэ удаагийн “Монголын гэрэлт ирээдүй” буландаа "Том" хамтлагийн гишүүд болох  С.Бишрэлт, О.Эгшиглэнт-Од нарыг урилаа. Тэднийг бид “Том дөрвөн толгой”, Том зургаан толгой”, “Том амжилт” зэрэг  цуврал киногоор мэдэхээс гадна “Хичээл дээр”, “Охидыг хайрлая”, “Танилцъя охин” зэрэг дуугаар нь андахгүй. Тэгвэл тэд энэ сарын 1-нд цуврал киноныхоо дөрөв дэх анги буюу “Том тоглоом-гурван эрдэнийн эрэлд” киногоо нээсэн юм. Тэд кинонд дүр бүтээхээс гадна  дууныхаа үг, аяыг мөн өөрсдөө зохиож байгаа авьяаслаг сурагчид юм.

Хүсэл, мөрөөдлөөр жигүүрлэсэн хөдөлмөрч, авьяаслаг тэд өнөөдөр урлагийн салбарт чамгүй амжилттай явна. С.Бишрэлт, О.Эгшиглэнт-Од нарыг  үеийнх нь найзууд төдийгүй томчууд ч андахгүй таньдаг болсон гэнэ. Кинонд тоглож, шинэ дүр бүтээнэ гэдэг тэдний насныхан битгий хэл туршлагатай, мэргэжлийн жүжигчдэд  амаргүй даваа байдаг. Харин дэврүүн хүсэлтэй, басхүү хэрсүү энэ хүүхдүүд халуунд, халж, хүйтэнд хөрж, шөнө нойргүй зураг авалт хийсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч удаа хүсэл, мөрөөдлөөсөө ухарсангүй. Цовоо цолгиун дуугаар үзэгч, уншигтай нэгэн зэрэг мэндчилсэн бидний яриа нээлтээ хийгээд удаагүй шинэхэн киноны талаар эхэлсэн юм.

-ТОМ ТОГЛООМ-ГУРВАН ЭРДЭНИЙН ЭРЭЛД” КИНОГООРОО НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН-

-“Том толгойтын адал явдал” цувралын дөрөвдүгээр анги нээлтээ хийж, кино театруудаар гарч байна. Энэ киноны талаар яриагаа эхэлье?

-С.Бишрэлт: “Том Тоглоом-гурван эрдэнийн эрэлд” дөрөвдүгээр анги маань өмнөх ангиудаас үлгэрийн сэдэвтэй гэдгээрээ илүү онцлог болсон. Үлгэрийн сэдэвтэй учир илүү уран сайхны дүрслэл оруулж, арай өөрөөр хийхийг зорьсон. Үндсэндээ 30 хувийг нь компьютер график ашиглаж хийсэн гэсэн үг. Эл уран бүтээлээрээ бид найз, нөхөрлөлийн үнэ цэнийг харуулахыг зорьсон.

-Өмнөх гурван ангийн хувьд хөдөө зураг авалтаа хийж, байгалийн өнгө төрхийг гаргасан бол дөрөвдүгээр ангийн зураг авалт арай өөр санагдсан?

-С.Бишрэлт: Уг нь бид киноны зураг авалтаа нэг улиралд хийсэн. Гэхдээ кинонд өвөл, зуны тухай гардаг. Өөрөөр хэлбэл, зуны улиралд зураг авалтаа хийсэн ч өвөл болж байгаа хэсэг нь хамгийн сонирхолтой. Компьютер график ашиглан цас оруулж, өвөл болгосон.

Бид Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумд зураг авалтаа хийсэн. Зураг авалтын багийнхан тэнд очоод нэг айлд байрласан. Зураг авч байх хугацаанд бид байгалийн сайханд хөдөөгийн амьдралтай танилцаж, олон шинэ зүйл сурч мэдсэн. Харин говь хэсгийн зураг авалтыг Өмнөговь аймгийн Хонгорын элсэн дээр очиж авсан юм. Олон газраар явж, монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газар нутагтай танилцсандаа баяртай байгаа. 

О.Эгшиглэнт-Од: Киноны зургийг хоёр сар гаруйн хугацаанд авсан. Наймдугаар сард зураг авалтаа хийгээд аравдугаар сард нээлтээ хийгээд байна.

-Зураг авалтын хамгийн хүнд санагдсан хэсэг нь аль байсан бэ?

.Бишрэлт: Агуйн дотроос зүүлт олдог хэсэг  байдаг юм. Тэр хэсэгт Золбоог түрүүлээд гүйхэд нь би араас нь гүйх гэж байгаад мөсөн дээр халтирч унаад, нүдээ цохиод, ухаан алдсан байсан. Тэр л миний хувьд хамгийн хүнд хэсэг байсан. Гэхдээ маш сонирхолтой. Зуны халуунд агуйн хонгилд мөс байсан гээд бод доо. 

-О.Эгшиглэнт-Од: Бидний хамгийн их чадвар сорьсон хэсэг бол ногоон фонон дээр жүжиглэж үзсэн. Энэ нь байхгүй юмыг, байгаагаар харж, төсөөлөх зэргээр жүжиглэлтийн хувьд их чадвар шаардсанхэсэг байсан. Мөн орон зайн баримжаа их шаарддаг юм билээ.

-Өмнөх гурван цуварлын хүмүүст хүргэх гэсэн санаанаас товчхон өгүүлбэл. Мэдээж өөр өөр санааг илэрхийлэхийг зорьсон байх?

-О.Эгшиглэнт-Од: Анхны анги болох “Том дөрвөн толгойт” киногоо 2017 онд хийж, үзэгчдэд хүргэсэн гэдгийг санаж байгаа байх. Энэ киногоороо бид хүүхдүүд том толгойлж болохгүй. Аав, ээж, ах, эгч нарынхаа үгэнд орох ёстой гэсэн санааг гаргахыг зорьсон.

-С.Бишрэлт: Харин хоёрдугаар ангийн зураг авалтыг хөдөө авсан. Анхны натур байсан. Маш гоё мэдрэмж төрсөн. Энэ ангиараа бид байгаль, эх дэлхийгээ хайрлая гэсэн санааг гаргасан. Кинонд модны хулгайчдын тухай гардаг. Цаасыг модоор хийдэг учир, модоо болон эх дэлхийгээ хайрлая гэсэн санааг гаргасан. Мөн хэлэхийг хүссэн өөр нэг санаа бол хүүхдүүд элэг бүтэн байх. Нэг ч хүүхдийг бид битгий гуниглаасай, өөртөө, гэр бүлдээ хайртай байгаасаа гэж хүссэн. Гуравдугаар анги буюу “Том амжилт” киногоороо спортоор хичээллэвэл амжилтад хүрэх боломжтой гэсэн санааг гаргасан. Анх киноныхоо санааг гаргаж байх үед хүүхдүүд утасны тоглоомонд их донтож байсан. Тиймээс үеийн найзууддаа зөв үлгэр дуурайл үзүүлэхсэн гэж бодож байлаа. Найзууд маань ч киногоор дамжуулж энэ санааг ойлгосон байх.

-Нийт хэчнээн уран бүтээлчид оролцсон бэ?

-С.Бишрэлт: Кино баг маань 60 хүний бүрэлдэхүүнтэй явсан. Өмнөговьд аймагт очоод тус аймгийн театрын жүжигчид киноны зураг авалтад оролцсон. Ингээд нийтдээ 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй бүтсэн.

-Үзэгчид болон мэргэжлийн уран бүтээлчид кино үзээд сэтгэгдлээ хуваалцсан байх?

-Олон хүн бидэнд маш том урам өгсөн. Кино уран бүтээлчид, шүүмжлэгчид бидний киног үзээд сэтгэгдэл бичсэн. Энэ хүмүүсдээ баярлалаа гэж хэлье. 

-Шинэ гарсан кино нь нөхөрлөлийн үнэ цэнийг харуулахыг зорьсон гэлээ. Тэгвэл та хоёрынхоор найз, нөхөрлөл гэж юу вэ?

-С.Бишрэлт: Санаа, үзэл бодол нэгдэхийг л найз гэж ойлгодог. Тухайлбал, би нэг дуу толгой дотроо бодож байхад Эгшиглэнт-Од тэр дууг дуулах тохиолдол олон гарч байсан. Тэгэхээр нөхөрлөл гэдэг нэгнийхээ бодлыг мэддэг байхыг хэлнэ байх.

-О.Эгшиглэнт-Од: Ер нь бол адилхан. Нөгөө талаараа найзууд гэдэг биедээ тусалж, нэгнээ дэмждэг байх хэрэгтэй юм болов уу гэж боддог. Тухайлбал, нэг нь алдаа гаргасан байхад нөгөө нь алдааг нь засаж явж чаддаг байх ёстой. Миний хувьд найз гэж хэн бэ гэвэл С.Бишрэлтийг хэлнэ. 

-Та хоёр хэзээнээс эхэлж найзалсан бэ?

-С.Бишрэлт: Бид хоёр 2013 оноос эхэлж найзалж эхлээд есөн жил болж байна. Анх Монгол Улсын консерваторт хамт утсан хөгжмийн ангид сурдаг байсан. Хамгийн анх нийлдэг дөрвөн хүүхэд байсан. Тэгээд О.Эгшиглэнт-Од бид хоёр сургуулиасаа гарсан ч найзалсан. Одоо Эгшиглэн “Амжилт Гибер” сургуульд сурч, би Герман, Монголын хамтарсан 38 дугаар сургуульд сурч байна.

-Киноны зохиол бэлэн болсны дараа дүрээ ярилцдаг уу?

-С.Бишрэлт: Найруулагч мэдээж бид хоёроос санаа асууна. Энэ дагуу өөрсдийнхөө санааг хэлж өгдөг. Найруулагч санаанаас үүдээд  кинондоо тусгах байдлаар ажилладаг.

-“Том толгойтын адал явдал” цуврал хэд хүртэл үргэлжлэх вэ?

-О.Эгшиглэнт-Од: Бид нийтдээ найман цуврал кино хийхээр төлөвлөсөн. Одоо дахиад дөрвөн анги бий.

-ХОЁР ДАХЬ ЦОМГОО ӨЛГИЙДӨН АВСАН-

-Хамтлагийн хувьд шинэ уран бүтээл гаргасан уу?

-С.Бишрэлт: Тун саяхан “Number onе” нэртэй 11 дуунаас бүрдсэн цомгоо гаргасан.

-О.Эгшиглэнт-Од: Нууц задлахад, энэхүү цомогт орсон “Тэнэг зүрх” дууг манай хамтлагийн ахлагч, найз Э.Бишрэлт маань үг, аяыг нь зохиосон. Одооноос бид хоёр дуунуудаа өөрсдөө зохиож байхаар болсон.

-Том болоод ямар хүн болно гэж боддог вэ?

-С.Бишрэлт: Би дэлхийд Монголын нэрийг гаргасан жүжигчин болно гэж боддог. Одоо тэр зорилгынхоо төлөө явж байгаа даа баяртай байна.

О.Эгшиглэнт-Од: Би найруулагч болохыг хүсдэг. Тэгээд С.Бишрэлттэйгээ хамт дэлхийн түүхэнд үлдэх киног хийхийг мөрөөддөг.

-"ТОМ ТОЛГОЙТЫН ЯВДАЛ" ЦУВРАЛ ДАХИАД ДӨРВӨН АНГИАР ҮРГЭЛЖИЛНЭ-

Үргэлжлүүлэн бид тус киноны ерөнхий продюсер, "Таке оff" хамтлагийн дуучин Э.Сүхжаргалаас "Том толгойтын адал явдал" цувралын талаар цөөн хором ярилцлаа.

-Хэзээнээс эхэлж "Том толгойтын адал явдал" цувралыг хийж эхэлсэн бэ. Яагаад энэ чиглэлийг барьж авсан бэ?

        -Манай "Brosis pictures" кино компани 2017 оноос эхлэн хүүхдийн уран бүтээл хийж эхэлсэн. Хүүхдийн уран бүтээлийн хувьд хүүхэд болон ахмад уран бүтээлчидтэй ажиллахад илүү их анхаарал, ажиллагаа шаарддаг. Тухайлбал, шөнө өдөргүй киноны зураг авахад нэлээд ядардаг. Ялангуяа,  Хөвсгөл, Өмнөговь гээд хол нүүдэлж зураг авсан учраас хүүхдүүд жаахан ядарсан. "Том толгойтын адал явдал" найман цуврал гарна гэж харж буй. Одоо дөрөв дэх анги нээлтээ хийгээд, кино театраар явж байна. Ирэх жил тавдугаар ангиа, "Том аялал" нэртэйгээр Европын тав, зургаан улсад авах гэсэн төлөвлөгөөтэй байна. Гэхдээ цар тахлаас хамаарна. Улаанбаатар хотдоо ч зураг авалтаа хийж магадгүй. Мөн нэг зүйлийг хэлэхэд, кин отеатрууд хүүхдийн уран бүтээл гэхээр цагаа тавьж өгөхгүй байх талтай. Энэ тал дээр анхаараасай гэж хүсэж байна. Монгол хүүхдүүдэд, монгол хүүхдийн уран бүтээл хийж байгаа студи, продакшн ховор байхад үүнийг кино театрууд дэмжээсэй гэж хүсэж байна.

-Киноны зохиолын хувьд ангиас ангийн хооронд өссөн, хэлэх санаа нь арай өөр болж байгаа ажиглагдсан?

       -Анх нэгдүгээр ангиа бид санаагаа хэлээд, пикчрисийн дүү нартайгаа нийлж хийсэн. Харин хоёрдугаар анги, гурав, дөрөвдүгээр ангийн зохиолыг бичиж, найруулсан. Хэлэх санааны хувьд мэдээж өссөн, арай өргөн болж буй. Тухайлбал, дөрөвдүгээр анги үлгэрийн сэдэвтэй гэдгээрээ өмнөх ангиудаасаа онцлог. Тэгээд кино үзсэн хүмүүс их өндөр сэтгэгдэлтэй байгаа. Үнэхээр 1958 онд Монголын анхны хүүхдийн кино хийснээс хойш гэрийн сэдэвтэй "Алтан өргөө", "Бушхүүгийн үлгэр" зэрэг киноноос хойш хийгдэж байгаа гарфиктай уран бүтээл болж хэмээн үзсэн хүмүүс хэлж байгаа.

-Баярлалаа, танд уран бүтээлийн амжилт хүсье.

     -Баярлалаа-


"ТОМ" хамтлагийнхан дэлхийн түүхэнд үлдэх кино бүтээхийг мөрөөддөг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188