• Өнөөдөр 2025-02-08

“АННА КАРЕНИНА” ЖҮЖГЭЭС ТЭМДЭГЛЭХҮЙ

         Анна Каренина. Үзэх бүрд гунигтай. Хайр сэтгэлийнхээ төлөө бүхнээ зориулсан ч, бас золиосолсон ч эцэст нь хайрлагдаж ч чадахгүй дуусах хөөрхий эмэгтэй. 

       Анна Каренина. Үзэх бүрд атаархам. Хамаг бүхнээс хайр сэтгэлийг сонгож, сонголтдоо эцсээ хүртэл үнэнч явсан бүсгүй.
 
       Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өчигдөр дэлхийн утга зохиолын сонгодог төлөөлөгчдийн нэг Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстойн "Анна Каренина" сонгодог жүжгийг дахин амилууллаа. Аннагийн дүрийг  залуу жүжигчин О.Хонгорзул бүтээлээ. Энхрий, бардам ихэмсэг, эрхэмсэг, итгэлт, зоригтой, шаналж шархалсан, яахаа мэдэхгүй бачимдсан, эцэстээ бүхнийг орхих Аннаг бүтээсэн түүнд баяр хүргэе. Жүжгийн хэсэг бүрд энэ дарааллаар өөр, өөр Аннатай бид уулздаг. Гэхдээ үзэгдэл бүрд өөрчлөгдөхгүй ижил нэгэн зүйл нь дурласан Анна. Жүжиг өрнөж, туйлдаа хүрч, дуусах тийш хандах хүртэл түүний дурлал улам гүнзгий хүчтэй болж Алексей Вронскийгоос бусдыг олж харж, огоорч ойлгохоо больдог. Үзэгчийн зүгээс ялган ангилсан тэдгээр Аннатай уншигч таныг уулзуулъя.

                               -ЭНХРИЙ-
 
        Жүжгийн эхэнд залуухан Анна толины өмнө зогсоно. Өөртэй нь өндрөөрөө ижил, дүр төрх төстэй мэт боловч ахимаг насны эмэгтэй толины цаанаас түүнийг ширтэнэ. “Та хэн бэ" гэж энхрий болоод танхи хоолойгоор сониучирхан асуухад, Хувь заяа нь түүнд “Намайг Анна Каренина” гэдэг гэхэд, хариуд нь залуу бүсгүй “Үгүй дээ, намайг Анна Каренина” гэдэг гэнэ. Ямар ч шаналалгүй, гэгээн энхрий, нялх жаахан Аннаг эндээс харж болно. Тэр хэдийгээр хэдийнэ гэр бүлтэй болсон эмэгтэй ч цааш очих өдөр бүрээсээ илүү амгалан тайван, ухаалаг, эмээлтгүй Анна байсан нь энэ. Тэр энэ үед Алексей Каренин нөхрөө, Серёжа хүүгээ хайрладаг, тэдний төлөө хариуцлагатай, ариун нандин журамт гэргий байх ёстойгоо мэддэг, бүхнээ зөвхөн тийм ээж, эхнэр байхын төлөө зориулж байсан. Ийм эмэгтэй байхад мэдээж буруудах юмгүй. Гагцхүү түүний дотор жинхэнэ хайр дурлал үгүй байсныг тэр Алексей Вронскийтой уулзаад мэддэг. 
 
                     -БАРДАМ ЭРХЭМСЭГ-
 
      Анна Каренина жүжгийг галт тэрэгний буудал, түүний ирэх, буцах чимээгүйгээр төсөөлөх аргагүй. Үргэлж л хаа нэг тийш энэ л унаагаар зорчиж, чемодан барьсан улс зөрөх Москвагийн энэ өртөөн дээр Анна газар дээрх ганц ах Степан Облонскийд тулгарсан гэр бүлийнх нь асуудлыг бага ч болов цэгцэлж, шийдэлцэхээр бууна. Замын турш хань болж, үр хүүхдийнхээ тухай ам хурайгүй ярилцсан Варя Вронская мөн хамт бууж ирнэ. Тэр бол түүний тун удахгүй дурлах Алексей Вронскийн ээж. Сайхан хүүгийнхээ тухай замын турш ярьсан нь магад Аннад түүнийг түргэхэн харах хүслийг төрүүлж, тэр ярианаас эхлэн түүнд дурласан байж ч болох. Өндөр нуруутай, хээнцэр дэгжин, нүдэнд дулаахан залуухан офицер Вронский. Түүнд сэтгэл алдарсан ч бардам ихэмсэг Анна эхэндээ өөрт нь халдаж боломгүй мэт өндөрт оршигч мэт байлаа. Тэр ахынхаа эхнэр Долли Облонскаятай уулзаж, олон хүүхэдтэй ч өөр эмэгтэйчүүдтэй нэр холбогдоод буй ахынхаа учир байдлыг сонсож, Доллиг бага ч болов тайвшруулаад, түүний дүү Китигийн урилгаар үдэшлэгт уригдан, Кититэй суухаар тохирч байсан Вронскийтой бүжиглэснээр тэдний хайр сэтгэлийн холбоос үүснэ. Гэвч тэр Петербург дэх өөрийн гэр рүү түргэхэн буцаж, сэтгэл зүрхнийхээ догдлолоос өөрийгөө авч гарахыг, гэр бүлдээ үнэнч байхыг хичээнэ. Вронский түүнийг дагаж, өөрийгөө ихэд хянаж, татан буй Аннагийн сэтгэлийг татаж, хэдийнэ тэд уулзан учирна. Аннагийн бардам ихэмсэг, эрхэмсэг хэсэг энэ.
 

                    -ИТГЭЛТ-
 
            Тэр Вронскийд гүн дурлаж, бат итгэж, түүнгүйгээр амьдралаа төсөөлөхөд бэрх болжээ. Түүнтэй уулзахгүй л бол үгүйлэн ганцаардаж, үргэлж түүн рүү тэмүүлэн санах болсон. Энэ бол дурласан, хайрласан, хорвоод хайр гэж юуг хэлдгийг ч мэдэхгүй явсан Аннагийн оргил үе. Тэр хайр дурлалдаа бат итгэж, эндээс эхлэн өөрийн гэсэн бүхнээ дэнчин тавьж, зүрх сэтгэлийг булгиулан догдлуулж, халууруулан татаад буй хайр сэтгэлдээ эцсээ хүртэл үнэнч амьдрахаар шийднэ.
 
               -ЗОРИГТОЙ-
 
      Итгэлээс, чин үнэнч хайр сэтгэл хүнийг зориг оруулдаг болов уу. Анна Алексей Каренин нөхөртөө хүнд хайртай болсноо, Вронскийд дурласнаа шулуухан хэлнэ. Энэ нь хэдийгээр дээдсийн хүрээлэл дундах энэ язгууртан айлын нэр хүндэд халтай, эхнэр, ээж хүнийхээ хувьд ч ёс бус зүйл ч Аннад хэдийнэ хайраас бусад нь юу ч биш гэх бодолд автаж, хайр дурлалаасаа өөрийг харахаа больсон. Бүр эр нөхөр, хүүхдийнх нь эцэг түүнд “Бузар эм” гэж хэлсэн ч, найзууд нь гэж дотно нөхөрлөсөн авхай нарын “Шившиг”, “Завхай хүүхэн” гэх үгс ч хамаагүй болсон. Тэр хахир хатуу үгсийг, хүйтэн хөндий харцыг ор тас мартсан. Эд бол түүний хувьд хурууных нь үзүүр бэртэхэд шархны наалт наагаад л болох зүйл мэт. Бүх амьдрал түүний хувьд хайртай Вронский нь л байлаа. 
 

              -ШАНАЛЖ, ШАРХАЛСАН-
 
       Алексей Каренинг өөрөөс нь явсны дараа тэр Анна охиноо төрүүлдэг. Хүнд төрөлтийн халуунаар шаналж, шархалсан сэтгэлээ эргэн очих нөхөртөө хэлнэ. Гаднаа тэр хайр сэтгэлээ сонгоно гэж бат итгэвч дотроо сайхан сэтгэлт Алексей Каренинг гомдоосондоо шаналж, шархалж явдаг нь төрөлтийн үеийн дэмийрлээр илэрнэ. Алексей энэ үед Вронскийг нутаг буцааж, Аннагийн дэргэд үлддэг ч Анна түүнд хайртай биш шүү дээ. Тэр эцэстээ Вронский дээр л очно.
         
-ЯАХ АА МЭДЭХГҮЙ БАЧИМДСАН-
 
       Нэг мэдэх нь ээ Анна энэ хүртэл нөхрөө, хүү, охиноо бүгдийг нь гээж орхиод ганц хүний төлөө явжээ. Хайр сэтгэлдээ бүхнээ зориулах сонголтыг хийсэн түүнд харамсах зүйл үгүй. Гэхдээ энэ бүхний эцэст, бүхнээ өгье гэж зоригтой шийдсэн хайр сэтгэлийнхээ төгсгөлд тэр хайрлуулсан биш хайрласан, яахаа мэдэхгүй бачимдуу нэгэн л зогсож байна. Хаана алдав, юуг буруу хийв, хайрлах яагаад ийм хэцүү вэ…

          -ЭЦЭСДЭЭ БҮХНИЙГ ОРХИХ…-
 
       Аннагийн хайр яагаад эцэстээ бүхнийг орхиход хүрэв. Хайранд бүгдийг өгч, амь амьдралаа зориулсан байхад яагаад эв учраа олохоо болив. Хайр сэтгэлийг нэр төр, алдар хүнд, ариун гэгээн бүхнээсээ дээгүүрт тавьж сонгосон атал яагаад цонхоо ч нээгээгүй бүгчим өрөөнд орж, амьсгал чадахгүйд хүрэв. "Хүү, охиндоо юу гэж хэлнэ, Анна охиныг минь хүртэл ийм тавилан тосож байгаа гэж үү. Үгүй ээ, одоо больё..." Энэ бүхнийг цэгцлэх хамгийн амархан шийдвэрийг энд л гүйцээж бүхнийг орхих. Аннагийн эцсийн сонголт энэ. Тэр хайр сэтгэлд өөрийгөө бүрэн өгч, түүний хариуд зовлон, жаргалыг тун ижил амсаж, сонголтоосоо урвахгүйгээр одсон. Анна яагаад эрх чөлөөтэй хайрлаж, дурлаж, хайрлуулж, дурлуулж болохгүй эмэгтэй юм бэ. Чухам яагаад. 
 

“АННА КАРЕНИНА” ЖҮЖГЭЭС ТЭМДЭГЛЭХҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188