• Өнөөдөр 2024-05-03

СЭТГЭЛ ХӨГЛӨГЧ

2023-10-27,   1114

           Түүнийг тайзнаа гарч ирээд үе, үехэн хоёр хөмсгөө өргөн ёжтойхон инээмсэглэн, толгойгоо хийл хөгжимд тун дотноор ойртуулаад, нэг хөлөө урагш шидлэн, хөгжим тоглоход нь уярч, догдолдоггүй хүн байхгүй биз ээ. Заримдаа үсээ морины согсоо шиг боогоод хийлээ тоглох нь цаанаа нэг донжтой харагдана.

    Тэр ийм л имиж, мэдрэмжээрээ сонсогчийг аугаа хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэнгийн “Хэнтийн өндөр ууланд” хөгжмөөр уулсын чинадад орших амар амгалан, анир гүм, хөлгүй их манан, хөх үүлс рүү аваачдаг бол Н.Жанцанноров хөгжмийн зохиолчийн “Сэтгэлд шингэсэн говь”-оор сэтгэл болоод бодлын алсад хүргэнэ. Тэндээс л юмсын эхлэлийг тэмтэрч, ертөнцийн өрнөл, төгсгөлийг үзэх мэт мэдрэмж төрнө.

       Харин “Сэтгэлийн эгшиг”-ээр хүний дотоод ертөнцийн гүн рүү нэвтэрч, тэнд оргилох хайр энэрлийн булаг шандаас амсуулах шиг санагддаг. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, хийлч Ч.Дэлгэрцэцэг ийм л нэгэн хөгжмийн эгшиг аялгуугаар бидний сэтгэлийг 20 гаруй жил хөглөжээ. Утсан хөгжмийн хөг эгшгийг буй биеэрээ мэдэрч,  аялгуулаг утас бүрийг нь сэтгэлээрээ имрэн татаж, эгшин бодсон түүний ертөнцийг үгээр буулгахыг хичээлээ. 

-БОДЛЫН АЛС ХИЙГЭЭД ХЯЗГААРГҮЙ ЭРХ ЧӨЛӨӨНД ХҮРЭГЧ-

        Тэр хөгжмөөрөө сонсогчдоо сэтгэлийн ертөнц, бодлын алс руу аваачихаас гадна өөрөө ч бодол, сэтгэлийн чинад руу хүрсэн эмэгтэй. “Хөгжмөөрөө бүхнийг ойлгуулдаг. Хөгжим дотор бүх юм бий” гэж ярьдаг. Үнэхээр ч Дээгий юу ярих хийгээд, хүмүүст юу хэлэхийг хүссэнээ хөгжмөөрөө илэрхийлдэг эмэгтэй. Сайтар анзаарвал, тайзнаа ямар хөгжим тоглож байгаагаас нь шалтгаалан түүний сэтгэл, бодлыг мэдэх боломжтой. Жаахан гунигтай үедээ магад “Сэтгэлд шингэсэн говь”, “Сэтгэлийн эгшиг” зэрэг хөгжмийг тоглоод хаа хүрч болох бүхэн рүүгээ очоод л тайвширдаг байж ч мэдэх юм. Эсвэл хурдан хэмнэлтэй, цоглог хөгжим тоглож байвал сэтгэл нь тогтуун тайван, өөрийнхөөрөө байж хязгааргүй эрх чөлөөнд хүрээд ирдэг мэт. Ингэж тэр хийл хөгжмийн аялгуугаар амьдарч, амьсгалж, сэтгэл зүрх, ухаан бодлоо бүрэн дүүрэн уудалдаг хүмүүн. Түүний өөрийгөө аргадах хийгээд анирдах, бодох хийгээд, бодлоо чөлөөлөх зэвсэг нь хийл хөгжим. Хөглөж, хөвөрдөж, шаналж, шархлахийн цөм нь мөн хийл хөгжим. Тэр хийл хөгжмөөр ээж, аавын хайр, ханийн хайр, анхны хайр, хүний амьдралын өнгө бүрийг хүний сэтгэлийн буйдад, тэртээд үзэгдэх хөх алсад, холын аян замд, сүүмэн хөх ертөнцөд уудлан гаргаж, уяж байна.  

Ингэж л тэр хийл хөгжмөө тоглож юмсыг ойлгож, ухаарч, утсан хөгжмийн хөг аялгуугаар хорвоотой танилцаж, өөрийгөө олж, мөнхүү үлдээж яваа бүсгүй.

-ХИЙЛ ХӨГЖИМ БОЛ ТҮҮНИЙ ХАМГИЙН САЙН НӨХӨР-

       Хүнээр яривал хийл хөгжим түүний хамгийн сайн найз. Хийл хөгжмийн уйтгар гуниг, баяр баясал, эгшилт, мэгшилт, эрх ямба, ялдам хөг аялгуу, ганцаардал, уур бухимдлыг арван хуруу шигээ мэддэг хөгжимчин. Тэгээд л түүнийг мөрөн дээрээ тавиад аргадаж, хөглөж, хайрлаж, энхрийлдэг. Нөгөө талаар хийл хөгжим мөн Дээгийгийн хамгийн сайн найз нь байж мөн гуниг баяр, ганцаардал, уйлах хийгээд инээхэд нь хамт байж, хачин их ганцаардаж, хэн нэгэнд гомдсон үедээ хийлээ бариад авахад л түүний бүх гомдол цөхрөлийг хийл хөгжим аялгуу эгшгээрээ суллаж, хөнгөлж, аргадаж, эдгээдэг гэмээр. Хүний амьдралын 20 жилд хамтдаа байж баяр, гунигаа хуваалцаж, сэтгэлээ хөглөж явсан гэхээр яах аргагүй хийлч Дээгийд хийлээс өөр найз байхгүй гэмээр. Ийм сайхан аялгуулаг хөгжмийн зэмсэгтэй амьдралаа холбож, хөг аялгуугаар сэтгэл зүрхээ тэжээж, тэтгэж, буй бүхнээрээ цаг хугацаа, хүний мөн чанар, сэтгэлийн их тойрон бүрд рүү урсдаг гэхээр гайхам.

-ХООРОНДЫН ШИЛЖИЛТ, САЛХИ ШИГ ЗОРГООРОО ЗАДГАЙ ТОГЛОЛТ-

   Хэн  юу гэхээс үл хамаарч салхи шиг зоргоороо хачин задгай тоглодгийг нь хэн хүнгүй мэднэ байх. Тэр хувцаслалт, өндөр өсгийт, хамаг бүхнээ чөлөөлж, үл хүрэх хийгээд очих хязгаарын чинадад хүрч, өөрийнхөөрөө итгэл төгс тоглоно. Ялдам, ялгуун, эрхэмсэг, энгүүнтэй бол ярих юмгүй. Тэр айзам эгшиг, хөг аялгууны шилжилтийг буй биеэрээ мэдэрч байгаа байдал, тэнгэрийн уудамд нисэх мэт, тал газарт хязгааргүй гүйх мэт тоглоно. Түүний тоглолт бороо шивэрч байгаа мэт, салхи зөөлнөөр үлээж байх шиг, галд дулаацаж байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг. Зарим аялгуунд тэр эгшиж, эмзэглэж, шаналж, шархирч, буй биеэрээ өмөрч байх шиг болдог бол зарим хөгжмийг мэндэлж, хүндэтгэж, дээдэлж, бахархаж, бардамнаж тоглоно. Тэгж байгаа нь царай болоод биеийн хэлэмжээр илт мэдрэгдэнэ. Эрч хүч, эрчим, сэтгэлийн долгисолтой бол ярих юмгүй. Ерөөс  үргэлж хөгжмийнхөө гүнд оршиж, дотор нь сууж, эмзэг цэгт нь хатгаж тоглоно. Заримдаа бүр хүндийг нь үүрнэ. Тэр тоглолтоороо хөнгөн, ялдам зөөлөн, анир гүмхэн, оч бадраасан, хүчирхэг байдлыг харуулна. Үзэгдэхүйн, байхгүйн чинадад хүрнэ гэдэг энгийн оршихуйгаас өөр, бидний мэдэхгүй төсөөллийн ахуйд хүрнэ гэсэн үг. Тэр хийл хөгжмөө хөлөглөөд л тэр бүхэн рүү хүрч тоглогдгоороо ондоо.

-ААВААС ЭХЛЭЛТЭЙ АВЬЯАС БА ХИЙЛ ХӨГЖМИЙГ СОНГОСОН НЬ-

    Академич боловсролтой нам төрийн өндөр албан тушаалтан аавынхаа талаас тэр хөгжмийн авьяасыг өвлөжээ. Хэдийгээр аавын хайран өсөж, аавтайгаа хамт амьдраагүй ч түүнд насаар нь өөрийгөө хөтөлж, хөглөж явах хөгжмийн авьяас аавын талаас гэхээр баярлаж, бахархдаг гэнэ. Харин ээж нь бол түүний төлөө амьдарсан эмэгтэй. Дээгийг долоо настайд нь “Хөгжим бүжгийн коллеж”-ийн хийл болон төгөлдөр хуурын ангид шалгалт өгүүлжээ. Тэрбээр хоёуланд тэнцсэн ч төгөлдөр хуур авах мөнгө байгаагүйн улмаас хийл хөгжмийн ангийг сонгож суралцсан нь өдгөө бидний хайртай хийлч хөгжимчин болох эхлэл байжээ.

  Эзэмшсэн мэргэжил, сонгосон замдаа тууштай, үнэнч явахад амжилтад хүрдэгийн нэгэн жишээ бол тэр. 

Хөгжим бүжигт суралцаж байгаад АНУ-ын Мичикан мужийн  "Grand Valley" их сургуулийг хийлийн гоцлон тоглогчоор төгссөн. Гэхдээ АНУ-руу сургууль руу явахаас өмнө ШУТИС-ийг англи хэлний чиглэлээр төгссөн байдаг. Хэлний чадвар сайн оюутан байснаа ч ярьдаг. Ер түүний боловсрол болоод хийлээс хазайж суралцсан түүх нь л энэ. Бусдаар бол утсан хөгжимд чин үнэнч байж, өөрийнхөө мэдрэмж, өнгө аясаар сайхан аялгуу, эгшгийг тоглосоор яваа. Түүний хийл хөгжим тоглож үзэгчдийн анхаарлыг татаж эхэлсэн үе нь 2000 он. Ардчиллын салхи үлээж эхлэх тэр он жилүүдэд цоо шинэ тэсрэлт, өнгө төрхийн нэг нь Дээгий байсан. Монголын том хөгжмийн зохиолчдын бүтээлээс ч өвөрмөц имижтэйгээр тоглож эхэлж, утсан хөгжмөөр хөгжмийн зохиолчдын гайхамшигт ая эгшгийг чөлөөтэйгээр тоглож эхэлсэн. Ийн хийлээ барьсаар тэр хэдийн 20 гаруй жилийг ардаа үдэж, өдгөө мөн үзэгчдэд тайлан тоглолтоо хүргэж байна.

  Үргэлжийн оч бадрааж, гал дүрэлзүүлж, гэгээ цацруулж байдаг хийлч эмэгтэй ямархан жигдэрч, туршлагажиж, мэргэжилдээ гаршиж, мэдрэмжээ гүнзгийрүүлж, буурь намба суусныг магад үзэгчид энэ удаагийн тоглолтоос олж харах болов уу. Эсвэл бүр ч галзуу, бүр ч задгай, хачин өөрийнхөөрөө Дээгийг харж ч мэдэх юм. Юутай ч тэр сэтгэл хөглөсөн бүтээлүүдээ сонсогчдодоо хүргэж, авьяас болоод хамгийн сайн чаддаг зүйлээ бахдалтайгаар харуулах биз ээ. Хүний сэтгэлийг хөглөж хөгжим тоглоно гэдэг хөгжимчин бүрийн хийж чадах чадвар биш болов уу. Түүнд харин нэг тийм хүн татах, бусдыг автуулах, сонгодог үдшээр амьсгалуулж, хийл тоглох бүрдээ хүрдэг хязгааргүйн чинад руу сонсогчдоо хөтлөнө байх.  


СЭТГЭЛ ХӨГЛӨГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-29 00:36:33
    Ганхүүхөн: Хэнтийн өндөр ууланд гээд уянгалах нь үнэхээр гайхамшиг. Уран бүтээлийн их амжилт хүсьё.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-29 00:36:32
    Ганхүүхөн: Хэнтийн өндөр ууланд гээд уянгалах нь үнэхээр гайхамшиг. Уран бүтээлийн их амжилт хүсьё.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-27 15:47:25
    Зочин : Надад огт таалагддаггуй, хийлийг энэ зэрэгтэй тоглох зондоо залуус байгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-29 12:11:09
    болд: Өө!нохойн жогохорхой! гандангийн дэнгийн шороон дээр уунгаа хүүхдүүдтэй тоглож өсчихөөд би элит гэр бүлд өссөн хэмээн хүүхэд загнаад зогсож байсан шзү!!! манайд үүнээс илүү тоглодог хүүхдүүд цөндөө бий. энэ их хавчиж дарамталдаг гэж байгаа.муу ямаа!!! аятайхан байгаарай муу үнээ минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-29 07:50:39
    Багш: сайн ч тоглодог сайхан ч бас шударга ч эмэгтэй .Хийл гэдэг хүний сэтгэлийг уяруулж хөглөж бас эрч хүчийг өгдөг . Янзтай үзнэ ээээ!!! монголын энэ муухай стресснээс ядаж нэг өдөр салж амар амгаланг мэдэрье. Олон олон тоглолтууд хийж байгаарай
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188