• Өнөөдөр 2024-05-07

ГИТАР БАРЬСАН НЭГЭН ЕРТӨНЦ

      Хэзээ ч билээ дээ, санамсаргүйгээр

"Өө, өнөөдөр би уйтгартай байна

 Өрвийсөн үсээ самнамааргүй байна
Өөрөөсөө юу ч асуулгүйгээр
Өдөржингөө гиюүрмээр байна" гэх  үгтэй дуу сонссон юм. Хааяа юу ч хиймээргүй хачин өдөр гэж бий. Магад тийм нэг өдрөө би энэ дууг сонссон байх.
 
                 Богино үстэй, дулаахан төрхтэй эмэгтэй гэрийнхээ буйдан дээр суугаад гитар тоглон эл дууг дуулангаа үсээ урагш хойш "шидэх" нь цаанаа нэг сонирхол татна. Түүнийг би гэртээ хүүхдээ харж суугаа ээж болов уу гэж таамагласан. Цахим орчин хөгжсөн өнөө цагт гитар бариад дуулах хүний алийг тэр гэвч шинэ танил минь бусдаас нэг л өөр, сонин нэгэн байв. Дууг өөрийн өнгө аясаар дуулах түүнтэй анх ингэж танилцсан юм. Түүнээс хойш хаа нэг сахилгагүйтмээр, бүр дэмийрмээр, өдөржин өрөөний буланд суугаад нуугдмаар дотоод ертөнцийн минь хөрш ч юм шиг түүний ертөнцийг таних эрэлд гарсан юм. Тэр эрэл 2019 онд эхэлж, өдгөө гурван жил үргэлжилж байна. Үл ялим ярвайж, нүдээ аниж ирээд л орчноо мэдэрч, ахуйгаас тасрах түүний дуу хоолойг сонсоогүй хүн цөөн. Гэхдээ тэр хоолойгоороо биш зүрх сэтгэлээсээ дуулагч. Зүрх сэтгэл, мэдрэмж хоёрыг илэрхийлж байгаа хэлбэрээрээ тэр хэдийнэ өөрийн дүр төрхийг бүрдүүлсэн. Сэтгэл л сэтгэлд хүрдэг. Гэхдээ тэр юунд хичээгээгүй, өөрийгөө хүчлээгүй. Микрофаны ард, гитарын өмнө өөрийгөө сул тавихад л түүний дуу хоолой хамгийн дотноор эгшиглэдэг. Ердөө л энэ.
 

               
-ШУУД УРСАГЧ-
 
   Хүмүүс нэгэнтэйгээ ив ижилхэн болоод буй орчин цагт ховордож байгаа өөрийнхөөрөө, энгийн даруу чанар, дотоод өгөгдөл түүнд бий. Энэ тухай тэрбээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Гутарч байгаа бол гутрах ёстой юм байна. Гомдож байгаа бол гомдох ёстой юм байна. Уйлмаар, хэнд ч хамаагүй гээд орхих ёстой бол бүхнийг тоомжиргүй байх ёстой юм байна. Зүрх сэтгэл дотор мэдэрч байгаа бүх мэдрэмжээ тултал мэдрэх ёстой юм байна. Түүнээс хичээх тусам худлаа санагддаг" гэж ярьсан байдаг.  Үнэхээр тэр ийм л байх болов уу гэсэн таамаглалд минь дээрх яриа яв цав нийцэж, үзэл санаа нь биднийхээс өөр гэдгийг баталж байх шиг. Өөрөөр хэлбэл, тэр бодож, ямар нэгэн зүйлд тулахгүйгээр дуу хөгжимд өөрийгөө бүрэн зориулж, шууд урсагч, хөгжмөөр хөглөгдөгч. Магад дуулахгүй бол давчдаж, ганцаардаж, зэврэх байсан байж мэднэ. Түүнийг сэрээж, дуудаж, басхүү хөглөгдөг хамтлаг "Камертон", "Люмино" гэсэн. Түүнээс гадна "Эмо үүрд", Чүкинбүүрийбаа" зэрэг хөгжилтэй үгтэй хөнгөн дуунд тэр ая хийж, дуулна. Шүлгийг нь бидний эчнээ таних Лантуун дохио төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан бичсэн байдаг. Тэр хоёр бол уран бүтээлийн хамгийн сайн түншүүд.
                    
              -ТЭР ХЭН БЭ-
 
       Хөгжмийн ертөнцөөс тэс хол хүний их эмч мэргэжилтэй юм билээ, тэр. Гэвч хүсэл мөрөөдөл нь түүнийг үндсэн мэргэжлээс нь өөр зам руу хөтөлсөн. Гэхдээ түүний хувьд ганц хүсэл сонирхол бус хувь заяа гэхэд буруудахгүй болов уу. Учир нь, түүний аав Д.Энхнасан Ардын армийн дуу бүжгийн чуулгын бүжигчнээр ажиллалаг хүн байж. Харин ээж нь дуучин нэгэн байжээ. Бүр хачирхалтай нь түүний өвөө. "Энэ хүүхнүүд үү", "Улаанбаатарт байгаа миний аав" зэрэг киноны туслах дүрд тоглосон найруулагч, жүжигчин Д.Дэлэгням аж. Тэгэхээр удмын авьяас, өгөгдөлтэй нь дээр дуу хөгжимд дуртай нэгэн болж таарлаа. Түүний өөрөөрөө байх, өөрийн үзэл бодолдоо "нисдэг" ганц орон зай нь дуу хөгжим. Гэрэл асаж, хөгжим эхлэхэд тэр бүрэн утгаараа амьсгалж, хамгийн цэнгэг агаарыг мэдэрдэг нэгэн. Түүний дуулах авьяасыг  сурагч байхад нь Жайко олон улсын сургалтын Япон хэлний багш олж нээн, дууны тэмцээнд хүртэл оруулж байжээ. Энэ бол дуу хөгжимтэй холбогдсон үе. Харин дараа нь Христийн сүмд явж магтаал дуулах болсноор дууны ертөнц рүү эргэлт, буцалтгүй гүн оржээ. 
               
                       -ХРИСТ БАЙЖ МЭДНЭ-
 
       Өөр ертөнц гээд тодорхойлоод байгаа тэр зүйл нь Христ байж мэднэ. Учир нь тэр бурханд итгэж, бурхны номлолыг сонссон нь нэг зүйлд хүчтэйгээр автах суурь болдог гэмээр. Түүний энэ байдлыг илэрхийлэх нэгэн уран бүтээл бол "Чөтгөрийн бясалгал". "Хүний сайхан хорвоод чөтгөр болон ирээд..." гэж эхэлдэг энэ дууны орчин, өнгө аяс, төрх байдал түүний итгэл үнэмшил, үзэл санааны нэгэн илрэл. Тууштай, үнэнч, итгэсэн бол урвахгүй байх түүний өөр нэг ертөнц нь Христийн сүм. Тэгэхээр бидний, түүний, христийн гэх гурван ертөнцийг тэр дамжиж уран бүтээлээ туурвидаг гэмээр. Тайзан дээр гитар барин зогсох мөчдөө дэндүү эрх чөлөөтэй, бүр харагдахгүй ч далавчтай, хамгаас хөдөлгөөнтэй, сахилгагүй нэгэн болон хувирч, тайзнаас бууж, гитараа тавихаараа бодит амьдралтай нүүр тулж, хоёр жаахан үрийнхээ хайрт ээж, хүний хань болж, ахуйн ажилдаа шамдан ордог оо, тэр.

              Энэ бол түүний амьдарч байгаа бидний ертөнц. Ерөөс түүн шиг өөр ертөнцийг эгэл жирийн, элдэв маяггүй, эв ижилхэн бидний нийгэм бүдгэрүүлдэг байж ч магадгүй. Таван ижил өнгийн шоо байхад нэг нь өөр өнгө байх сонголттой амьдрах түүний ертөнц, үзэл санаа биднээс өөр. Тэр өөрөө үгүй ээ, гэсэн  ч түүний үйлдэл, түүний эмоци, эморол өөр гэдгийг ямагт илэрхийлнэ. Өрвөгөр үстэй шавилхан биетэй эмэгтэй яг одоо гитараа бариад 
"Шүүр унаад нисмээр байна
 Шүдгүй чавганц болмоор байна" гээд  хамгийн жаргалтайгаар дуулж суугаа. Түүнийг Анук гэнэ. Жинхэнэ нэр нь Э.Ануударь. 
 

ГИТАР БАРЬСАН НЭГЭН ЕРТӨНЦ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188