"Эргэлт.мн" мэдээллийн сайт өнгөрсөн долоо хоногт Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд өрнөсөн томоохон үйл явдлуудыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрч буй долоо хоногт манай улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 24 цагийн хугацаанд анх удаа хамгийн олон буюу нэг өдөрт 57-гоор нэмэгдэж, үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ сарын 23-наас ирэх нэгдүгээр сарын 6 хүртэл нийслэлд хатуу хөл хорио тогтоов. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх жилийн сонгуульд өрсөлдөх боломжтой эсэх талаарх маргаан олон нийтийг багагүй талцуулсан. Түүнчлэн Ерөнхийлөгч маань оффшор бүсэд нууц компанитай нь ил боллоо. Тэгвэл металлын зах зээлд зэсийн үнийн өөдрөг таамаглалууд найдвар төрүүлж, нэг тонн нь 8000 ам.доллар давлаа.
Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч нэгдэл”-ээс Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшорт байгуулсан “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн мэдээллийг ил болголоо. Монгол Улсын хуулиар оффшор бүс гэж тодорхойлсон Сингапур Улсад бүртгэлтэй “Женко Холдинг Пи-Ти-И” компанийн 50 хувийг Х.Баттулгын охин Б.Намуун, үлдсэн 50 хувийг түүний бизнесийн хамтрагч, Сингапурын хятад иргэн Билли Лимын хүү Деннис Лим нар эзэмшдэг аж. “Женко Холдинг Пи-Ти-И” гэх компанийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анх оффшор бүсэд байгуулсан гэх бөгөөд өөрөө захирлаар 2007 оны долдугаар сарын 31-нийг хүртэл ажиллаад, охин Б.Намуундаа шилжүүлжээ. Түүнчлэн “Женко Холдинг Пи-Ти-И” компанийг нэг сая ам.долларын хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байгуулжээ. “Женко Холдинг Пи-Ти-И” компани нь Ерөнхийлөгч Х.Баттулгын гадагшаа гаргасан хууль бус мөнгийг угаадаг компани байж болзошгүй хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр зам барих нэрээр зарцуулсан 440 сая ам.доллароос 55 тэрбум төгрөг гадаад руу гарсан гэдэг. Жишээ нь, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүхтэй холбоотой гэгддэг “Монгол бетон дэр” ХХК л гэхэд 10 сая ам.доллар гадагшаа гаргасан гэх бөгөөд нэг ширхэг ч бетон дэр нийлүүлээгүй байсныг хууль хяналтынхан тогтоосон байдаг. Энэ асуудлаар 2016 онд Х.Баттулга нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн замхарсан.
Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн үүсгэн байгуулсан “Камекс” компаниараа дамжуулан Монголын стратегийн ордуудын нэг Төгрөг нуурын ордыг Кайманы арлын оффшор бүсэд бүртгэлтэй, хятад эзэнтэй Мин Шин Уотервокс Лимитед компанид 250 сая ам.доллароор зарсан гэх мэдээлэл гарч байсан. Тодруулбал, Х.Баттулга “Камекс” ХХК-ийг үүсгэн байгуулж, тус компанийнхаа нэр дээрээ нүүрс, зэсийн 17 лиценз авсны нэг нь Төгрөг нуурын орд байсан гэдэг. Тухайн үедээ тус компанийн 90 хувийг Х.Баттулга өөрөө эзэмшиж, Ядамсүрэнгийн Батсүх 10 хувийг нь эзэмшиж байсан. Улмаар Төгрөг нуурын ордыг зарсан ул мөрөө далдлахын тулд “Камекс” ХХК-ийн дээр толгой компани болгож, “Камекс Пи-Ти-И”нэртэй Сингапурт бүртгэлтэй компанийг байгуулсан гэдэг. Тэгвэл “Камекс Пи-Ти-И” компани нь одоо ил болоод байгаа “Женко Холдинг Пи-Ти-И” компаниас оффис түрээслэж нэг дор үйл ажиллагаа явуулдаг гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.
Үүнээс гадна Ерөнхийлөгч ирэх сонгуульд нэр дэвших боломжтой эсэх нь өнгөрч буй долоо хоногийн халуун сэдвүүдийн нэг байлаа. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдэлд тодорхой өөрчлөлт ороод буй. Хуучин Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр удаа, нийт найман жилээр сонгогдож болох байв. Харин Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2-т Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн өөрчлөлт орсон. Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх жилийн сонгуульд өрсөлдөх боломжтой эсэх талаар өмгөөлөгч Б.Мэргэнээс тодруулахад "Миний харж байгаагаар Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх жилийн сонгуульд нэр дэвших боломжгүй" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс эхтэй халдварын голомт нэлээн том, өргөн хүрээтэй болохыг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлсэн байдаг. Тус дүүрэгт энэ сарын 16-нд нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, тухайн иргэн хаанаас халдвар авсан нь тодорхойгүй болсноор шинэ голомт үүссэн болохыг ЭМЯ-наас мэдээлсэн. Тэгвэл энэ сарын 23-нд ЭМЯ-наас 57 иргэнээс коронавирусийн халдвар илэрснийг хэлсэн. Үүний 55 нь тус дүүргийн голомтоос эхтэй юм. Энэ нь манай улсын хувьд 24 цагт батлагдаж буй хамгийн олон тохиолдол болоод байгаа юм. Одоогоор тус дүүргийн голомтод батлагдсан тохиолдол 136 болоод байна. Харин улсын хэмжээнд одоогийн байдлаар 1075, Улаанбаатарт 285 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-оос арванхоёрдугаар сарын 23-наас ирэх нэгдүгээр сарын 6 хүртэл нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорио тогтоох санал гаргаж, Засгийн газар дэмжиж, нийслэлчүүд хоёр дахь удаагаа хөл хорионд оров.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
“Ковид-19” цар тахлын улмаас манай улсын эдийн засаг 2020 оны эхний хагаст 9.7 хувиар унасан. Энэ нь сүүлийн 20 жил дэх хамгийн том уналт болсон. Гэсэн ч Азийн хөгжлийн банк (АХБ) болон төвбанкнаас гадаад орчны сэргэлтээс шалтгаалан эдийн засаг аажмаар сэргэх төлөвтэй гэж үзэж байгаа. Тухайлбал, АХБ өнгөрсөн есдүгээр сарын 15-нд гаргасан Монголын эдийн засгийн чиг хандлагын тайландаа “Эдийн засгийн уналт энэ оны эцсээр 2.6 хувьд хүрч, 2021 онд 5.1 хувиар өсөх төлөвтэй. БНХАУ-ын эдийн засагт сэргэлтийн зарим шинж тэмдэг ажиглагдаж, зэс, алтны үнэ мэдэгдэхүйц өсөж байгаа нь энэ оны хоёрдугаар хагаст уул уурхайн салбарын үйлдвэрлэл, экспорт эхний хагас жилтэй харьцуулахад сайжрахад нөлөөлнө” гэж тусгасан.
Харин төвбанкнаас өнгөрсөн есдүгээр сард гаргасан Инфляцийн тайландаа “Ирэх 2021 онд гадаад эрэлт сэргэж, зэс, нүүрс, газрын тос зэрэг голлох түүхий эдүүдийн олборлолт нэмэгдэж, Оюутолгойн зэсийн баяжмал дахь металлын агууламж сайжрах нь уул уурхайн салбарын өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ гэж онцолсон. Тэгвэл манай улсын экспортын голлох түүхийн эдийн нэг, аж үйлдвэрийн гол металл болох зэсийн үнэ 8000 ам.доллар давж, дэлхийн тэргүүлэх биржүүдийн анхаарлын төвд байдаг гол агуулахууд дахь зэсийн нөөц буурсан байна. Энэ нь 2013 оны хоёрдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт аж.
Зэсийн үнийн өсөлтөд дэлхий даяар олборлож буй зэсийн тал хувийг хэрэглэдэг Хятад Улс "Ковид-19"-өөс үүдэлтэй хямралаас хурдан сэргэж байгаа нь хүчтэй нөлөө үзүүлж буй юм. Түүнчлэн "Ковид-19"-ийн эсрэг вакцинууд гарч эхэлсэн эерэг мэдээлэл зэсийн үнийн өсөлтөд нөлөөлж байна гэж шинжээчид үзжээ.
"ЭРГЭЛТ"-ИЙН ТОЙМ: Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд нууц компанитай нь ил болж, нийслэлчүүд дахин хөл хориулсан долоо хоног |
|
2025-03-18 07:00:46
2025-03-18 07:00:38
2025-03-18 07:00:23
2025-03-18 07:00:17
2025-03-18 07:00:16
2025-03-18 07:00:02
2025-03-17 17:55:24
2025-03-17 17:43:21
2025-03-17 17:43:03
2025-03-17 12:54:33
2025-03-17 12:25:09
2025-03-17 12:15:18
2025-03-17 12:09:08
2025-03-17 11:26:17
2025-03-17 11:25:39
2025-03-17 11:16:33
2025-03-17 11:13:30
2025-03-17 10:27:21
2025-03-17 09:32:19
2025-03-17 09:15:25
2025-03-17 07:39:20
2025-03-17 07:00:00
2025-03-17 07:00:00
2025-03-17 07:00:00
2025-03-17 07:00:00
2025-03-17 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |