Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцүүлж эхэлснээс хойш одоогийн Ерөнхийлөгч ирэх оны сонгуульд нэр дэвших боломжтой эсэх маргаан гарч эхэлсэн. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдэлд тодорхой өөрчлөлт ороод буй. Хуучин Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр удаа, нийт найман жилээр сонгогдож болох байв. Харин Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2-т Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн өөрчлөлт орсон. Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх жилийн сонгуульд өрсөлдөх боломжтой эсэх талаар өмгөөлөгч Б.Мэргэнээс тодрууллаа.
-Үндсэн хуулийн шинэчлэлээр ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшиж болно, болохгүй гэх маргаан үүсээд байгаа. Та хуульч хүний хувьд энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Өмнөх парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, энэ хууль өнгөрсөн тавдугаар сарын 25-наас мөрдөгдөж эхэлсэн. Ердийн хууль гэж Үндсэн хуулийн тайлбар хэсэг байдаг. Үндсэн хуульд зарчмуудаа зааж өгөөд, зарчмаа яаж хэрэглэхийг ердийн хуулиар зохицуулдаг. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхэлсэнтэй холбоотой дээрх асуудал сөхөгдөж байна. Ердийн хуульдаа хэрхэн, яаж тусгах вэ гэдгээс шалтгаалж Ерөнхийлөгч ирэх жил нэр дэвших эсэх нь тодорхой болно. Үндсэн хуульд Ерөнхийлөгч нэг удаа зургаан жилээр сонгогдоно гэж зааж өгснийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгаж, эцэслэнэ гэж ойлгож байгаа. Үндсэн хуулийн тайлбар нь өөрөө онолын маргаантай байдаг. Тэгэхээр бүх хуульч, эрдэмтэд нэг саналтай байх боломжгүй
.
-Та хуульч хүний хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?
-Миний харж байгаагаар Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх жилийн сонгуульд нэр дэвших боломжгүй.
Үндсэн хуулийг хэлэлцэх явцад Ерөнхийлөгч хэд хэдэн санал оруулсан. Энэ үеэр Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэг удаа сонгогдоно гэсэн заалтыг 2025 оноос хэрэгжүүлнэ гэсэн санал оруулсан юм. Төслийн хэлэлцүүлгийн явцад энэ заалт явж байсан. Харин батлах үед энэ санал хасагдаж, Ерөнхийлөгчтэй холбоотой бүх заалтыг 2020 оны тавдугаар сарын 25-наас мөрдүүлэхээр болчихсон. Үүнээс л маргаантай асуудал үүсээд байна.
-Үндсэн хуулийг Ерөнхийлөгч өөрөө гарын үсэг зурж, ёсчилдог. Үүнийг мэдсээр байж гарын үсэг зурчихсан юм уу?
-Үндсэн хуулийг Ерөнхийлөгч ёсчлон гарын үсгээ зурсан байх ёстой. Зарим хуульчийн тайлбарлаж байгаагаар Үндсэн хуулийг батлахдаа хэн нь Ерөнхийлөгч байхаас үл хамаарч баталсан. Тиймээс Ерөнхийлөгч нэр дэвшиж болно гэж үзээд байгаа юм билээ. Үндсэн хуулийг яг энэ заалтаар тайлбарлана гэж болохгүй. Янз бүрийн аргаар тайлбарлаж болно. Үгчлэх, системчлэх гэхчлэн арга бий.
Б.МЭРГЭН: Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх сонгуульд нэр дэвших боломжгүй |
|