• Өнөөдөр 2026-10-22

АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...

     Ардчилсан намынхан арай гэж нэгдэж, учраа олсон гэдэг ч алгын чинээ хэвээрэй байна. Тэд фракцын засаглалтай, дотоод ардчилалтай гэж өөрсдийгөө өнөөдрийг хүртэл өргөмжилж байгаа ч, үнэндээ босоо удирдлагатай МАН-ынхнаас ялгараад байх гойд зүйлгүй боллоо, сүүлийн үед.


   Намын дотоод сунгаан нь лидерүүдийн өрсөлдөөн гэхээсээ илүү мөнгөтэй, фракцын дэмжлэгтэй улстөрчдийнх нь тулаан болох хүртлээ намын дотоод ардчиллаа  гээж эхэлсэн. Уг нь Ардчилсан намынхан цагтаа эрх баригчдын өмнө хүчтэй сөрөг хүчин байв. Гэтэл сүүлийн үед МАН-ын намынхны “БЭТ”-чдөөр дүүрч, дотоод хагарлыг нь улам бүр хурцатгах болов. Ёстой л зуд болоход нохой зоолно гэгчээр АН-ыг удирдах манлайлагчид төрөхөөс илүүтэй мөнгөтэй, хөрөнгөтэй гишүүд нь даргын албан тушаалд шургалж, мэдлэг боловсролтой улстөрчдөөс илүү даргад ойр байсан нь улс төрд улам бүр шат ахих болсон үнэнтэй нүүр тулж байна.

   Тухайлбал, 2016 сонгуулийн дараа С.Эрдэнэ намын даргаар сонгогдож, “Шонхор таур”-таа Ардчисан намыг дөвхнүүлж байлаа. Тэр үедээ л АН-ынхныг толгой хорогдуулах байраар хангасныхаа хариуд С.Эрдэнэ дарга болж “даам” гарсан. Цаашлаад Ардчилсан намыг удирдах хугацаанд эрх баригч намтайгаа “ханцуйн дотроо” наймаалцаж, хоёр сонгуульд дараалсан ялагдал хүлээх хүртэл нь “шороотой” нь хутгаж байлаа.  Ийн С.Эрдэнэ намын даргаас буусны дараа тарж, бутарсан Ардчилсан нам тал нь “Шонхор таурт” тал нь “Бодь таур”-ын түрээслэн толгой хорогдож байсан удаатай.

Харин 2024 оны сонгуулиар Ардчилсан намынхан арай гэж УИХ-д сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх 52 суудлыг авсан. Гэвч удалгүй МАН-ын мэхэнд унаж, намын дарга Лу.Гантөмөр хамтарсан Засгийн газарт ажиллах урилгыг хүлээн авснаар нэр нүүрээ барж, өнөөдөр ч иргэдийн итгэл, үнэмшлийг бүрэн дүүрэн хүлээж авч чадаагүй байна.

      Гэвч өнөөдөр Ардчилсан намын даргаар намдаа толой баячуудын тэргүүн эгнээнд бичгдэх “Тэсо”-гийн гэх тодотголтой О.Цогтгэрэлд арслантай тамгаа атгуулаад байна. Олон нийт О.Цогтгэрэл болон түүний ах дүүсийн бизнесийг “Бамбар” зайрмаг, “Милко” сүү, “Зөв” аарцны ундаа, “Сакура” будаа, “Лапша” гоймонгоор төсөөлдөг. Гэвч О.Цогтгэрэл, түүний ах, дүү нарын бизнес өдгөө уул уурхай, барилгын салбарт хүчээ авсан. Зөвхөн нийслэлд барьсан барилгыг авч үзэхэд, “Тэсо констракшн” ХХК, “Грийн групп” ХХК, “Бэгдү пропертиз” ХХК тэргүүтэй барилгын компаниуд нь нийслэлийн 21 дүгээр хороололд “Содон” хороолол, “Маршал таун”-ы хажууд “Скай гарден”, Нисэхийн тойргийн хажууд “Актив гарден”, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно “Alpha zone” хотхон зэрэг олон мянган айлын хотхон, хороолол барьж, зах зээлийн үнээр борлуулсан байдаг. Сонирхуулахад, “Скай гарден” хотхоны газар Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын гараар дамжин нэг үгээр бол “дээрэм”-ийн замаар О.Цогтгэрэлд ирсэн гэлцдэг. Түүнчлэн, О.Цогтгэрэлийн “Экспокс” ХХК нь Дархан цаазат Богдхан уулын Жаргалантын аманд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат нарын хаус, хотхонуудтай айлсуулан 45 айлын тансаг зэрэглэлийн “Palm Springs Resort and Villa” хотхон барьж буй. О.Цогтгэрэлийн “Palm Springs Resort and Villa” хотхоны хамгийн жижиг буюу 126 м2 талбайтай хаус нь л гэхэд 700 сая төгрөгөөр зарагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, санхүүгийн энэ сүлжээг нь Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав гарган өгч, хамгаалж, ашгаас нь хуваалцдаг бололтой. Ингээд зогсохгүй хамгийн сүүлд гэхэд л О.Цогтгэрэлийн мэдлийн компанийн Дархан цаазат Богдхан уулын Жаргалантын аманд барьж буй “Palm Springs Resort and Villa” хотхон руу улсын төсвөөр цахилгаан, авто зам татсан байж болзошгүй ноцтой мэдээлэл бий.

     Цаашлаад саяхан намдаа “давхар” дээлтэй удаан суусан О.Цогтгэрэл Бүлгийн даргын байр сууриа тавьж өгч, УИХ-ын гишүүнд Б.Түвшинд Бүлгийн гишүүдээ хариуцуулсан.

     УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар сонгогдоод байгаа Б.Түвшингийн хувьд мөн л Ардчилсан намын толгой баян гишүүдийн нэг. Түүний хөрөнгө эрх баригч намын толгой баячуудтай эн түйх хөрөнгөлөг нэгэн. Гол нь, УИХ-ын гишүүн Б.Түвшин түшээдээ тэргүүлэх хэмжээнд түрийвчээ яаж зузаалж чадсан бэ гэхээр доор дурдах компаниудаар төсвийн санхүүжилттэй төрийн тендерүүдийг түүдэг нэгэн.

    Түүний толгой эргэм олон компаниас тендерийн арвин түүхтэй компаниудыг нь түүж танилцуулъя.

     УИХ-ын гишүүн Б.Түвшингийн “Хаан даатгал” ХХК нь 2017 оноос хойш төрийн 114 тендерт шалгараад байгаа. Өнгөрөгч 2024 онд л гэхэд төрийн 34 тендерт шалгарсан. Жишээ нь,

“Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн тээврийн хэрэгслийн даатгал- 350 сая төгрөгийн тендер

“ИНЕГ” ТӨҮГ-ын барилга, байгууламжийн даатгал- 100 сая төгрөгийн тендер

“Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн эд хөрөнгийн даатгал- 317 сая төгрөгийн тендер

ЦЕГ-ын алба хаагчдын гэнэтийн ослын болон тээврийн хэрэгслийн даатгал 243 сая төгрөгийн тендер гэх мэтээр “халааслажээ”.

Сонирхуулахад, Б.Түвшин өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиас яг сарын өмнө өөрийн “Хаан даатгал” ХХК-ийг Ж.Баярсайхан гэгчид шилжүүлсэн. Учир нь, УИХ-ын гишүүн төрөөс тендер авдаг компанитай байж болохгүй хуультай. “Хаан даатгал” ХХК-ийг эзэмшигч болсон Ж.Баярсайхан нь үнэндээ УИХ-ын гишүүн Б.Түвшингийн аавынх нь төрсөн дүүгийн хүү буюу үеэл нь. Тэгэхээр төрөөс 114 тендер авсан “Хаан даатгал” ХХК нь одоо ч УИХ-ын гишүүн Б.Түвшинд хамааралтай хэвээр гэж болно.

УИХ-ын гишүүн Б.Түвшин эхнэр Х.Хандсүрэнтэйгээ “Миг даатгал” ХХК-ийг 2018 оноос хойш эзэмшиж буй. Тэгвэл “Миг даатгал” ХХК нь 2018 оноос хойш төрийн 32 тендерт шалгарсан. Зөвхөн өнгөрөгч 2024 онд зургаан тендерт шалгарсан байна. Жишээ нь,

“МИАТ” ТӨХК-ийн нисэх бүрэлдэхүүний амь нас, гэнэтийн ослын даатгал- 366 сая төгрөгийн тендер

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчдийн амь нас, эрүүл мэндийн даатгал- 1.5 тэрбум төгрөгийн тендер гэх мэтээр шалгарсан байна.

УИХ-ын гишүүн Б.Түвшин “Мултипак” ХХК-ийг дээр дурдсан үеэл Ж.Баярсайхантайгаа хамтран эзэмшдэг. “Мултипак” ХХК нь 2019 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Цанхийн баруун уурхайн нүүрс ачилтын гүйцэтгэгчийг шалгаруулах 9.3 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан. Тухайн үед Б.Түвшин НИТХ-ын төлөөлөгч сэтэртэй байлаа.

      Ийн сөрөг хүчний үүрэг хүлээсэн Ардчилсан намаас улс төрийн намын манлайлал үзүүлэхээс илүү хөрөнгө чинээтэй гишүүдээрээ удирдуулж, тэдний эрх ашгийг нь хангах боллоо.

  Уг нь өдийд хүчтэйхэн сөрөг хүчин байсан бол Ардын намын алдаан дээр дөрөөлөөд Засгийн газрыг унагааж, эрх баригч намын гишүүдээс өнгөрсөн гурван удаагийн сонгуульд үнэмлэхүй болсон мөрийн хөтөлбөр, амлалтыг нь нэгт нэггүй шаардаад зогсож байх  байв. Харамсалтай нь, Ардчилсан намын удирдлагуудаас тийм иргэний зориг гарахгүй байна аа, үнэндээ. 

 

 


АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188