• Өнөөдөр 2026-10-22

У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар

2026-10-22,   68

        МУГЖ У.Уранчимэгтэй ярилцлаа. Тэрбээр Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байгаа бөгөөд “Валентин, Валентина” жүжгийн ээжийн дүрийг бүтээсэн юм.

-Михаил Рощины “Валентин, Валентина” жүжигт та Валентинагийн ээжийн дүрд тоглосон. Энэ дүрийнх нь талаар яриагаа эхэлье?

        -Энэ жил манай Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой, Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохиож байгаа. Дээрээс нь “Валентин,Валентина” жүжиг маань УДЭТ-н өвөл цагийн анхны жүжиг болж байгаагааг хүмүүс их мэдэж байгаа. Гурав дахь нэгэн онцлог нь УДЭТ-ын тайзнаа өмнө нь туршиж үзэж байгаагүй төрөл жанр болох саунд драма төрлийг туршиж үзсэнээрээ их онцлог юм. Хөгжим нь өөрөө нэгэн дүр болдог гэдгээрээ онцлог ийм нэг урсгал жанрын жүжгийг туршиж үзлээ. Дөрөвт, дэлхийн түвшний театр урлагт толгой цохидог газрын нэг бол ОХУ. Тэр дундаа хамгийн нэр хүндтэй ГИТИС гээд театр урлагийн сургуулийн саун драмын найруулагчаар төгсөж ирсэн залуухан найруулагч ажилласан байгаа. Найруулагч маань залуу хүн мөртлөө саун драма мэргэжлийнхээ анхны уран бүтээлийг эрдмийн театрт нээж толилуулж байгаагаараа мөн нэгэн онцлог байгаа юм.

Зохиол нь өөрөө алдартай. Юугаараа хүмүүс энэ зохиолоор жүжиг хийгээд байдаг гэхээр хайрыг олон өнцгөөс, олон үзэл бодлоор харуулснаараа хүний анхаарлыг татсан зохиол. Тэр дундаа миний тоглосон ээж бол надаас ондоо дүр. Эерэг дүр байгаад нь би их баярлаж байгаа. Мөн жүжигчин хүнд тоглох, хийх юм ихтэй дүр. Тоглох, хийх юм ихтэй дүр гэдэг жүжигчний чансааг дээшлүүлж байдаг.

-Таны хувь театртаа буцаж ирээд тайзнаа тоглож байгаа дүр шүү дээ?

   -Тийм ээ. Миний хувьд театраасаа 14 жил завсарласан.  2013 оноос хойш “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кино бүтээл рүү орсноороо чөлөөт уран бүтээл хийж эхэлсэн. Ингээд эргээл энэ жилийн өнгөрсөн хоёрдугаар сард театртаа орж ажиллаж байна. Мэдээж миний хувьд тайзны буюу драмын урлагтаа үнэхээр дуртай, хайртай. Жүжигчин хүн цаг хугацааны эрхээр надад аль нь илүү тохирох юм, аль нь өөрт илүү таашаалтай байна, алин дээр нь илүү би мэргэшиж чадсан байна гэдэг бол мэдрэгддэг. Тэр ч утгаараа тайзнаа тоглох сайхан байдаг юм. Одоогийн байдлаар УДЭТ-ын үндсэн боловсон хүчнээр ажиллаж байна. Мэдээж “Хувьсал” продакшны маань ажил, уран бүтээл явдгаараа явна.  

Ер нь бол урлагийн хүн чинь карерын хувьд хэр удаан үргэлжлүүлэх үү, олон сайхан уран бүтээлийг ямар ч салбарт хийнэ гэсэн бодолтой байгаа. Хамгийн гол нь аль алиныг нь цалгардуулахгүйгээр өөрөө бүгдийг амжуулах нь миний хувийн зохион байгуулалтын л ажил шүү дээ. Тэгэхээр Урнаа гэдэг хүний хувьд УДЭТ, “Хувьсал” продакшн гэх хоёр байгууллага бол салшгүй холбоотой.

-Таны өмнө нь ажиллаж байсан театр, одоо залуучууд түлхүү болсон театр хоёрын ялгаа их харагдаж байгаа болов уу?

       -Хүмүүс аливаа үе үеийнхээ цаг хугацаанд ажиллаж, амьдарч, тэр цаг үедээ үнэмшиж амьдардаг гэх юм уу. Мэдээж театраас 14 жилийн дараа завсарлаад орж ирэхэд бүх зүйл шинэ. Бүх юм өөр, бүх юм танихгүй санагдсан яг үнэндээ. Эхний гурав, дөрвөн сар бол “Арав гаруй жил зоргоороо явсан хүн, улсын театрт яг ингэж ажиллаж чадах болов уу” гэж өөрөөсөө асуусан. Ингээд найман сарын хугацаанд ажиллахад хамт олондоо дасаж байна. Шалтгаан нь болохоор би залуу уран бүтээлчиддээ өөрийгөө илүү нөлөөлөөсэй гэж хүсэж байгаа. Илүү үлгэр дуурайлал болох юм сан гэж хичээж байгаа. Яагаад гэхээр тайзны урлаг гэдэг хэний ч өмнө итгэлтэйгээр ам бардам хэлэхэд миний мэддэг салбар. Тиймээс миний мэддэг юмыг залуучууд суралцаасай гэж бодож байгаа. Тийм болохоор одоо бол би их бэлтгэлтэйгээр, бие цэгнэж, хянаж залуучууддаа нөлөөлөх юм сан гэсэн сэтгэл зүйтэй байж байгаа.

Энэ нь зөвхөн Урнаагийн асуудал биш. Бүхэл бүтэн драмын театрын дотоод асуудал буюу залуучуудад ахмад жүжигчид хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг том харах нь чухал гэж бодож байгаа.

-“Валентин Валентина” жүжиг залуу найруулагчийнх учир зөвлөсөн, санал бодлоо хуваалцсан зүйл бий байх?

   -Жүжигчин хүн бол гүйцэтгэгч. Найруулагчтай нэг зүгт харах ёстой байдаг. Түүнээс найруулагчид жүжигчин хүн заана гэж байхгүй. Хоёулаа оюун бодол, мэдрэмж нэгдэж, хоёр талаасаа тухайн дүрийг баяжуулж харж зөвлөлдөх тохиолдол байна. Аливаа уран бүтээлийн хаан бол найруулагч байдаг. Яагаад гэвэл, найруулагч өөрийн хараа, мэдрэмж, үзэл бодлоор уран бүтээлийн багаа бүрдүүлдэг. Харин найруулагчдаа өөрт оногдсон дүрийнхээ үзэл бодол, яаж хэрхэн хийх аргачлал дээр зөвлөлддөг. Мэдээж сайн найруулагч бол жүжигчинд тоглох арга барилд нь их нэмэр болж, нөлөөлж чаддаг. Сайн жүжигчин ч гэсэн найруулагчийг хөглөдөг. Тэгэхээр энэ хоёр талын арга барил нийлээд, найруулагч, жүжигчин хоёр нэг зүгт харж чадвал тухайн бүтээл сайн болох магадлал нь өсдөг.

-Э.Билгүүн найруулагчийг уран бүтээлчийнхээ хувьд та түүний ажиллагааг хэрхэн харж байна вэ?

    -Миний хувьд залуучуудтай их ажилладаг. Тиймдээ ч өөрийгөө залуустай ойлголцчихдог гэж боддог. “Валентин Валентина” жүжгийн ерөнхий найруулагч Э.Билгүүнийг яг үнэндээ гайхаж байгаа. Ер нь бол ийм залуугаараа, айхтар сэтгэлзүйтэй, ажлаа мэддэг, өөрийн гэсэн үзэл бодолтой ийм залуу хүнийг би ховорхон харсан шүү.  Бид чинь тайзнаа олон жил гарчихсан болохоор найруулагчдыг сайн мэднэ. Ганцхан найруулагчид л жүжигчдийг мэддэг юм бол биш. Гадны, дотны олон ч найруулагчидтай ажиллаж үзсэн. Энэ хүү бол юм дуулгана шүү. Магадгүй ёс зүйтэйгээр, зөв голдирлоор театр маань залуу найруулагчаа залах юм бол энэ хүүхэд цаашид олон ч гайхалтай уран бүтээл хийх байх. Одоогоор би анхны бүтээлд нь л хамтарч байгаа болохоор миний хувьд ирээдүйд олон уран бүтээл хийнэ гэдэгт нь итгэж байгаа. Дараагийн уран бүтээлүүдэд нь амжилт хүсье. “Валентин Валентина” жүжгийн хувьд амжилттай үзэгчдэд хүрч байгаа.

-Театрт жүжигчин хэрхэн ажиллаж, театр ямар зарчим, дүрэмтэй байдгийг ахмад үеийнхнээсээ харж, та өөрөө ч ажиллаж сурсан хүний хувьд театр гэж таныхаар ямар зүйл вэ?

      -Театрыг юутай ч зүйрлэшгүй. Энэ бол дэлхийн хэмжээний хамгийн өндөр түвшний амьд урлаг. Энд бүхэл бүтэн баг хамт олон бүрэлдэж хийдэг. Урлаг урлагийн дотроос сонгодог урлагтай адилхан их боловсорсон үзэгчдийг шаарддаг, жүжигчнээс асар ур чадвар, өндөр амьд мэдрэмж шаарддаг төрөл. Тэгэхээр драмын төрөлд орох гэж байгаа хүн нэлээд цензуртэй шат руу алхаж байгаа гэсэн үг. Нэг ёсондоо асар их мэрийлт чармайлт, форм, стандарт шаардлагыг хангаж байж академик түвшинд очно гэсэн үг. Мөн нэгэн зүйл онцолж хэлэхэд, аливаа юм монополь байж болдоггүй. Олон өрсөлдөгч байж олон баг хамт олон зэрэг ажиллаж байж энэ салбар өөрөө хөгждөг. Ер нь Монголд, театрын урлагт нэртэй төртэй ажиллаж байгаа, чөлөөт уран бүтээл дээр ч мөн амжилт үзүүлээд явж байгаа бүх уран бүтээлчид ер нь бол УДЭТ- аас гарсан байдаг гэдгийг хэлэхийг хүсэж байна. Энэ бол эцэг театр. 95 жилийн түүхтэй өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа драмын театраа энд байсан хүмүүс үгүйсгэх эрх байхгүй. Яагаад гэвэл бүгд энд жүжигчнийхээ карерыг эхэлж, сурч боловсорч, тодорхой цаг хугацаанд туршлагажсан. Зөвхөн СУИС-ийн дөрвөн жилийг дүүргээд жүжигчин болдог зүйл биш шүү дээ. Иймээс театраас урган дэлгэрч, драмын урлагт хайртай, элэгтэй бүх хүнд 95 жилийн ойн мэнд хүргэе.

-Дүр бүтээх, дүрд ажиллах арга барилын хувьд залуу уран бүтээлчид таниас суралцаж байгаа байх?

      -Залуу байхад дүрд ажиллахад эрэл хайгуул хийсэн ч гэсэн ойлгохгүй юм аягүй гарна. Ойлгохгүй зүйлдээ их стресдэнэ, шанална. Одоо бол тэгэхгүй шүү дээ. Жүжигчнээр ажиллаад тодорхой цаг хугацааг элээчихсэн болохоор илүү бодож боловсруулж, нарийн деталны ажиллана гэсэн үг. Тэгээд өөртөө байгаа ажиллагаагаа залуу жүжигчдээс шаардахаар бас ойлгохгүй. Тэгэхээр ойлгуулахын тулд үйлдлээрээ хандлагаараа ил харуулах нь аягүй чухал. Манай театрын залуу жүжигчид миний хэсгийг тоглож байхад урдаас ажиглаж байх жишээтэй. Тийм хоорондын нөлөөлөх хандлага, ажлын арга барил гэж байна. Тиймдээ ч миний хувьд тоглолтоос тоглолтод илүү сайжруулах юм сан, автомат байхгүй юм сан, өдөр болгон анхны тоглолт тоглож байгаа юм шиг жүжгээ шинээр мэдрэх юм сан гэж хүсдэг. Эвгүй байгаа зүйлээ шигшиж, усыг нь шүүж, эвтэй, үзэгчдэд хүрч байгаа хэсгээ өөртөө дурлахгүйгээр хэтрүүлэхгүйгээр дамжуулах юм сан гэж боддог. Жүжигчин хүний нэг сайхан юм бол байгалийн өгөгдөл, харизм гэж байдаг. Дээрээс нь зогсолтгүй хөдөлмөрлөх ёстой. Манай ахмад уран бүтээлчдийн сайхан үгс бий. Аливаад авах гээхийн ухаанаар хандах ёстой. Дээрээс нь чамд эвтэйхэн бол үзэгчдэд эвтэйхэн. Хийж чаддаг хүний хувьд амархан явагдах ёстой, чадахгүй байгаа хүний хувьд хэцүү явагдах ёстой мэргэжил гэж хэлдэг.

“Хувьсал” продакшны сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас та дуулгавал?

      -Одоогийн байдлаар хоёр уран бүтээлийн ард гараад, өнгөрсөн хавар “Сэтгэлийн уяа” кино үзэгчдэд хүрсэн. Одоо нэг бүтээл зураг авалтыг нь хийж дуусгаад гаргахаар бэлдсэн байна. Бид киног үйлдвэрлэхгүй гэсэн бодолтой байдаг. Манай продакшн бол ашгийн төлөө ажилладаг биш, хоёр жилд нэг уран бүтээл хийдэг. Миний хувьд театрт ажиллаж байгаа учир киноны ажлаас өөрийгөө жаахан завсарлуулаад театр руугаа анхаарна. Жүжигчний хувьд театр гэдэг маш чухал зүйл. Харин продакшныхаа хувьд багаа цуглуулж, залуу уран бүтээлчдээ дэмжих бодлого барьж байгаа.

-Продакшныхаа дэргэд та драмын сургалт явуулдаг. Тэндээ багшилдаг байх. Сургуулиудаас багшлах санал ирдэг үү?

    -Багшлах санал ирдэг. Ер хүнд юм заана гэдэг хэцүү шүү дээ. Тэр дундаа заах арга зүй гэдэг өөрөө тусдаа зүйл. Хэчнээн би жүжигчин байлаа гэдээ жүжиглэхийг заана гэсэн үг биш. Заах арга зүй, жүжигчин бэлдэнэ гэдэг асар нарийн торгон ажил байдаг. Тэгэхээр ер нь бол заана гэж боддоггүй. “Хувьсал” продакшны 45x45 сургалт явагддаг. Сургалтандаа л цагийн багшаар хичээл ордог.

-Тэгвэл та театрт жүжиг тавих, театрын найруулагчаар ажиллах бодол байдаг уу?

      -Өөрийгөө би жүжигчин, тэр тусмаа тайзны жүжигчин гэж хардаг. Кино, жүжигтээ л тоглоно. Түүнээс өөрөө найруулна гэж бодож байгаагүй юм байна.  Тайзны найруулагч гэдэг чинь дуртай болгоны хийдэг ажил биш шүү дээ. Энэ бол тусдаа авьяас, мэдрэмж шаарддаг зүйл.


У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188