• Өнөөдөр 2026-10-23

ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...

“Ховор ярилцлага” булангийнхаа энэ удаагийн дугаарт 2001 оноос эхлэн 10 жилийн турш дэлхий даяар алдаршиж, өсвөр насны хүүхэд бүрийн баатар болж явсан Их Британийн нэрт жүжигчин Дэниел Рэдклиффийн “The Talks”-ийн нийтлэлч Эмма Робертсонтой ярилцсан яриаг хөрвүүлэн хүргэж байна.

          Тэрбээр 11 настайгаасаа “Харри Поттер” цувралын гол дүрээр жүжигчний карьераа эхлүүлсэн бөгөөд "The Woman in Black", "Swiss Army Man" зэрэг дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн төдийгүй Лондон, Нью-Йоркийн Бродвей театрын урдаа барьдаг гол одуудын нэг. Дэниел Рэдклифф Харригийн дүрд тоглож байхдаа буюу ердөө 20 насандаа хамгийн их ашиг орлоготой жүжигчнээр нэрлэгдэж Гиннесийн номонд хүртэл багтаж байсан нэгэн. Гэсэн ч тайз, дэлгэцийн бүтээлийн том од Дэниелийн замнал тийм ч дардан байсангүй. Хамгийн алдартай “Харри Поттер” цуврал дууссанаас хойш гол дүрийн баатрыг бүтээсэн эл жүжигчин удаан хугацааны турш уран бүтээлээс зайгаа авсан байдаг. Тэр хугацаандаа архи, согтууруулах ундаанд донтож, маш их сэтгэл гутралд орсон байснаа тэрбээр эл ярилцлагадаа дэлгэрэнгүй ярьжээ.

-МӨРӨН ДЭЭРХ АЧАА ХӨНГӨРСӨН ЮМ ШИГ САНАГДАЖ БАЙНА-

- Кино зураг авалт эхлэхийн өмнөх мөчүүдэд нэгэн онцгой догдлол мэдрэгддэг үү?

          - Үгүй дээ, тийм ч их биш. Адреналин гэдэг зүйл аяндаа хүрээд ирдэггүй юм. Магадгүй аюултай үзүүлбэр хийх, эсвэл сэтгэл хөдлөл өндөртэй хэсэгт тоглох үед мэдрэгдэж болох юм. Гэхдээ тайзан дээр гарах үеийн мэдрэмжтэй огт адилгүй. Киноны хувьд нэг хэсгийг хэд хэдэн удаа давтаж авах, заримдаа бүр маш урт үргэлжилсэн нэг удаагийн зураг авалт хийх боломжтой. Тиймээс зарим үед өөрийгөө сэтгэл хөөрөл, адреналины оргилд хүргэж чадна. Гэхдээ ерөнхийдөө кинонд тоглохдоо тайзан дээр гардаг шиг тийм хүчтэй догдлол мэдэрдэггүй.

- Та нэгэнтээ өөрт тань тодорхой төрлийн дүрд тун тохирдог нэгэн тайван, хөдөлгөөн багатай байдал байдаг гэж хэлж байсан. Тэр чанар тань кинонд тоглоход илүү хэрэг болдог уу?

          - “Харри Поттер”-ын дүрийн анхны шалгаруулалтуудынхаа талаар ярихдаа хэлсэн байх. Үнэнийг хэлэхэд, би өөрийгөө хүүхэд жүжигчин байхдаа ч онцгой сайн байсан гэж боддоггүй. Одоо ч тэгж боддоггүй л дээ (инээв).

 

Тэр үеэ эргээд харахад би дүрээ хэтрүүлэн тоглох гэж хичээдэггүй байснаа анзаардаг. Заримдаа арай илүү хэтрүүлж тоглосон бол дээр ч байсан юм бил үү. Гэхдээ залуу үеийнхээ тоглолтыг хараад “За, энэ бол чамайг арай гайгүй хийж чаддаг байсан зүйл байна” гэж өөртөө хэлж болох ганц чанар минь тэр тайван байдал юм шиг санагддаг.

 

          Киноны нэг сайхан нь ч энэ шүү дээ. Та маш бага хөдөлгөөнөөр, өчүүхэн илэрхийллээр дүрийнхээ сэтгэл хөдлөлийг гаргаж болно. Камер түүнийг анзаарч, буулгаж чадна. Мэдээж эсрэгээрээ, тэгж чадахгүй байгааг тань ч бас харуулна. Гэхдээ камер хүний дотоод тайван байдлыг барьж авах онцгой чадвартай.

- Та жүжигчний ажлаас гадуур, өдөр тутмын амьдралдаа ч ийм тайван байдлыг мэдэрдэг үү?

          - Мэдрэх ёстой хэмжээндээ хүртэл биш байх. Аав, ээж хоёр маань бясалгал хийдэг. Харин би тийм удаан, тайван хэмнэлээр амьдарч чаддаг хүн биш. Зүгээр л хурдаа сааруулж, тайвшрахдаа муу.

          Тиймээс би аль болох гүнзгий амьсгалж, амьсгалдаа анхаарлаа төвлөрүүлэхийг хичээдэг. Сонирхолтой нь, “Beast of Burden” кинонд үүнийхээ яг эсрэгээр ажиллах хэрэгтэй болсон. Миний дүр киноны туршид тасралтгүй сандарч, түгшсэн байдалтай байдаг. Тэр сэтгэл хөдлөлийг бүхэл бүтэн киноны турш хадгалах амаргүй. Ийм үед дүрийнхээ сэтгэл зүйг хөгжүүлэх, дараагийн мөчид хаашаа чиглүүлэхээ бодохын тулд өөртөө сэтгэл хөдлөлийн тодорхой орон зай үлдээх шаардлагатай болдог.

- Жүжигчин Кевин Клайн жүжиглэх үедээ өөрийгөө хамгийн амьд байгаагаар мэдэрдэг, яг л аянга цахилгааныг шилэн саванд барьж авахтай адил гэж хэлсэн байдаг...

          - Тайзан дээр гарахдаа үнэхээр хүчтэй адреналин мэдэрдэг. Энэ нь хүмүүсийн өмнө гарч ирэхээс төрдөг айдастай холбоотой. Тэр мэдрэмж маш хурц учраас хэзээ ч бүрмөсөн арилдаггүй байх.

Дуу, бүжиг хосолсон үзүүлбэр хийх үед бүр ч тийм. Би нэг удаа Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр бүжиглэж байсан юм. Тэр үнэхээр аймшигтай санагдсан (инээв). Тийм үед өөртөө “Чи үүнийг хийж чадна. Чи бэлтгэлээ хийсэн. Одоо зүгээр л хий. Битгий хэт их бод” гэж сануулах хэрэгтэй болдог.

          Намайг хамгийн их сандаргадаг мөчүүд бол яг ийм үе. Аймшигтай хэр нь сэтгэл хөдөлгөм. Харин орой бүр тоглолтоо амжилттай дуусгахын мэдрэмж бол театрын урлагийн онцгой зүйл юм.

- Үзэгчдийн өмнө тоглож байгаа үед хоёр дахь дубль гэж байхгүй шүү дээ...

          - Яг үнэн. Тэр мэдрэмж хэзээ ч арилдаггүй. Тайзан дээр гарахын өмнө орой бүр хамгийн түрүүнд бодогддог зүйл бол бүх юм яаж буруугаар эргэж болох тухай (инээв).

          Би жүжиг бүрийнхээ өмнө “Өө, би ер нь яах гэж үүнийг хийдэг байна аа. Ямар аймаар юм бэ” гэж боддог. Гэхдээ тоглож эхэлмэгцээ “Аа, тийм учраас л би үүнийг хийдэг юм байна” гэж ойлгоно. Учир нь бүх зүйл сайхан болоход үнэхээр гайхалтай, хөгжилтэй байдаг шүү дээ.

          Айдсаа даван туулж, тоглолтоо бүхэлд нь амжилттай дуусгачихаад “За, бид чадлаа. Бүгд эсэн мэнд байна” гэж бодох тэр мэдрэмж үнэхээр догдлуулдаг.

- Харин тайзан дээр ямар нэг зүйл буруугаар эргэхэд ч мөн адил догдолдог уу?

          - Үнэндээ, тайзан дээр ямар нэг зүйл үнэхээр буруугаар эргэхийг анх удаа мэдрэхэд нэгэн сонин хүчтэй мэдрэмж төрдөг. Жишээлбэл, хэн нэгэн дүрийн үгээ мартаж, тайзан дээр 10 секунд орчим таг чимээгүй болох үе бий.

          Тэр мөч өнгөрнө. Тэгээд бид цааш тоглолтоо үргэлжлүүлнэ. Харин дараа нь “Өө, бид зүгээр л үргэлжлүүлчихлээ шүү дээ” гэж боддог. Үзэгчид анзаарсан байж болно, гэхдээ анзаараагүй ч байж мэднэ. Ийм зүйл тохиолдох нь ч бас сайн хэрэг юм.

- Таны өмнөх дүрүүдийн ихэнх нь биеийн хүч, хөдөлгөөн шаардсан дүрүүд байсан. Харин сэтгэл зүйн хувьд туйлдуулдаг дүрүүдтэй ажиллах нь хэр ялгаатай вэ? Мөн л адилхан ядардаг уу?

          - Ядарна. Гэхдээ өөр төрлийн ядаргаа. Тийм дүрд тоглосон өдрөө орой нь гэртээ харьчихаад хүмүүстэй уулзаж, чөлөөтэй цагийг өнгөрөөхөд амаргүй. Учир нь оюун санаагаа үргэлж сэргэг байлгах хэрэгтэй. Удаан хугацаанд анхаарлаа төвлөрүүлж ажиллах шаардлагатай болдог.

- Жүжигчний хувьд сэтгэлийн хат, тайван байдал хамгийн чухал чанар мөн үү?

          - Үгүй ээ, би тэгж боддоггүй. Миний хувьд амьдралдаа эзэмшихийг хамгийн их хүсдэг чанар бол өөрийгөө аль болох сайн таньж мэдэх, өөртөө үнэнч байх юм. Хэрэв хүн энэ хоёр чанарыг өөртөө төлөвшүүлж чадвал бусад зүйл аяндаа байрандаа орно гэж боддог.

          20 гаруй насандаа би нэг зүйлийг ойлгосон. Хэрэв өөрийгөө таньж мэдэх нь хүний амьдралын жам ёсны нэг хэсэг болж чадвал тайван байдал ч бас аяндаа бий болдог юм байна.

- Та үүнийгээ жаахан дэлгэрүүлж тайлбарлахгүй юу?

          - Үүнд архинаас гарах шийдвэр маань ихээхэн нөлөөлсөн байх. Би анх архи уухаа больсон ч дараа нь дахин больсон. Харин хоёр дахь удаагийн шийдвэр маань л үнэхээр үр дүнгээ өгсөн юм.

          Архи бол өөрийнхөө мэдрэмж, дотоод мөн чанар, сэтгэлийг зовоож буй асуудлуудтайгаа нүүр тулахгүй байх маш хурдан, амархан арга. Харин архинаас татгалзсанаар би өөртөө зарим асуулт тавьж, тэдгээртээ хариулах шаардлагатай болсон.

 

“Би яг ямар хүн бэ. Би ямар хүн байхыг хүсдэг вэ” гэж өөрөөсөө асууж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд би эдгээр асуултынхаа заримд нь хариулт олж, өөрийгөө илүү сайн ойлгодог болсон гэж боддог. Энэ нь надад сайхан санагддаг.

 

          Зарим үед би бусдын урмыг хугалж, тэдний хүлээлтэд хүрч чадахгүй байна гэж мэдэрдэг байлаа. Харин сүүлийн үед өөрийгөө огт өөр хүн мэт харагдуулах гэж хичээх дарамтаас ихээхэн ангижирсан. Ялангуяа өсвөр насны сүүлч үе, 20 гаруй насны эхэн үедээ би ийм дарамтыг маш их мэдэрдэг байсан.

- Түүнээс хойш өөртөө итгэх итгэл тань нэмэгдсэн үү?

          - Тийм ээ, өөртөө илүү итгэдэг болсон гэж боддог. Гэхдээ би өмнө нь өөртөө итгэж чаддаггүй хүн байгаагүй л дээ. Ер нь зөн совиндоо тулгуурлан шийдвэр гаргадаг байсан.

          Одоо би өөрийгөө хэн болохыг илүү сайн ойлгож, байгаагаараа байхдаа тухтай байдаг болсон. Нас ахихын хэрээр юу хийхийг хүсдэг, юуг хүсдэггүйгээ илүү тодорхой мэддэг болжээ. Мөн жүжигчний карьерынхаа талаар баримтлах зарчим, ямар дүр сонгохоо шийдэх шалгуур маань ч илүү бат бөх болсон.

- Тэгвэл татгалзсан дүрүүдийнхээ талаар харамсдаггүй гэсэн үг үү?

          - Харамсал гэдэг нь хийсэн зүйлээ хийгээгүй байсан ч болоосой гэж бодох, эсвэл цаг хугацааг буцааж чадвал шийдвэрээ өөрчлөхийг хүсэхийг хэлдэг бол би нэг их харамсдаггүй.

Миний хийсэн бүхэн надад ямар нэгэн үнэ цэнтэй зүйл зааж өгсөн. Тиймээс би юу ч өөрчлөхгүй.

          Гэхдээ үүнийг хэлсний дараа татгалзсан дүрүүдийн маань аль нэг нь томоохон шагналуудыг хүртчих вий гэж бодогдож байна (инээв). Гэсэн ч өнөөг хүртэл би татгалзсан кино зохиолуудынхаа талаар зөв шийдвэр гаргаж ирсэн гэж боддог. Одоохондоо бүх зүйл сайхан байна.

 

 

 


ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188