• Өнөөдөр 2026-10-22

СЭТГЭЛИЙН ХҮЧ

2026-10-22,   57

     Пара спортын Ази тивийн тав дахь удаагийн наадам энэ өдрүүдэд  Япон Улсын Айчи-Нагоя хотод үргэлжилж байна. Манай улсаас Хөдөлмөрийн баатар , МУГТ Уламбаярын Сүрэнжав, Лхайжавын Туруунаа, МУГТ Ганбатын Болор-Эрдэнэ нар Азийн наадмын аварга боллоо. Д.Сэлэнгэ Азийн наадмын алтан медалийн төлөө аравдугаар сарын 24-ний өдөр өрсөлдөх гэж байна.

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрүүл саруул хүмүүсээс дутуу заяанд төрсөндөө гутарч, нийгмийн харилцаанаас өөрийгөө тусгаарлан, хувь заяатайгаа эвлэрч, гэрээс гарахгүй амьдрах нь цөөнгүй бий. Гэтэл спортоор хичээллэж, өөрийгөө хөгжүүлж, цагийг үр ашигтай, өгөөжтэйгээр хөдөлмөрлөж, бусдад зөв үлгэр дуурайл болж яваа пара спортын тамирчид цөөнгүй бий.

   Тэд сэтгэлийн тэнхээ, амжилт, авьяас, ур чадвараа тив, дэлхий, парлимпын наадамд бэлээхэн харуулж яваа. Паралимпын тамирчид амьдралд тохиолдох бие махбод, нийгэм, сэтгэл зүйн асар их сорилт бэрхшээлийг даван туулж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлж байгаа. Тэдний сэтгэлийн тэнхээ нь зөвхөн хувь хүний тэвчээр төдийгүй, нийгэмд эерэг өөрчлөлт авчирдаг агуу хүч  болж байна.

Пара спортын тамирчид хөгжлийн бэрхшээлтэй бусад хүмүүсийг бие даан амьдрах, амьдралын бүхий л зүйлд бүрэн дүүрэн оролцох боломжийг нээж, үлгэрлэх болсон. Тэдний нэг нь тив, дэлхий түвшинд Монгол хүний тэсвэр тэвчээр хүч чадлыг харуулсан, “Парис-2024” паралимпын мөнгөн медальт, дэлхийн таван удаагийн аварга, Ази тивийн таван удаагийн аварга, Азийн наадмын хошой аварга, МУГТ Ганбатын Болор-Эрдэнэ билээ. 

    Дэлхийн аварга, Азийн наадмын хошой аварга, МУГТ Ганбатын Болор-Эрдэнийн бага нас Сүхбаатар аймагт өнгөрсөн юм билээ. Багадаа их хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байжээ. Г.Болор-Эрдэнийн гарын бэртэл олдмол гэмтэл юм билээ.  2005 онд мориноос унаж, гараа гэмтээж, насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэйгээр амьдрах хувь тавилантай нүүр тулжээ. Гэхдээ тэрбээр хэзээ ч хөгжлийн бэрхшээлтэй болчихлоо гэж гутарч байгаагүй гэсэн.

    Таеквондо-гийн спорт Г.Болор-Эрдэнийг асар их урам, эрч хүч, хүсэл мөрөөдөл, зорилго, тэмүүлэлтэй болгосон гэдэг. Тэрбээр “Би дэлхийн аварга, олимпын аварга болж чадна. Тэр зорилт, зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөж, хичээж, зүтгэх ёстой” гэсэн бодолтойгоор бэлтгэл, сургуулилалтаа хийж эхэлсэн юм билээ.

    Г.Болор-Эрдэнэ таеквондо-гоор хичээллэхээс өмнө байнга л багш нарынхаа чихийг “халууцуулдаг” хөдөлгөөнтэй хүүхэд байж. Нэг өдөр “Таеквондо-гийн секцэнд хүүхэд бүртгэж байна” гэсэн зарыг олж уншсан байна. Тэгээд л зарын дагуу Сүхбаатар аймгийн БТСГ-ын таеквондо-гийн заал руу очтол тэнд маш олон хүүхэд бэлтгэл хийж байгааг  хараад, сэтгэл нь догдолжээ.

   Олон улсын таеквондо-гийн Монголын холбооны дасгалжуулагч ОУХМ Н.Нэргүй багшид бүртгүүлэн таеквондо-гийн спорттой амьдралаа холбох эхлэлээ тавьжээ. Секцэнд ороод долоо хоноод  аймгийн аварга шалгаруулах тэмцээнд орж мөнгөн медаль хүртсэн нь түүний амжилтын эхлэлийн цэг байв.

    Г.Болор-Эрдэнэ таеквондо-гийн спортоор хичээллэх болсон үеэс хойш томоожиж, зодоон, цохион хийж явахаа больсон гэдэг. Таеквондо-гийн спорт түүнийг зөв чиглүүлэн, хүмүүжүүлж, төлөвшүүлсэн байна. Олон улсын таеквондо-гоор зургаан жил хичээллэжээ. 2014 онд ОУХМ Н.Нэргүй багш пара таеквондо-гийн клуб байдгийг олж мэдээд Г.Болор-Эрдэнийг хичээллэхийг санал болгож. Харин Г.Болор-Эрдэнэ эхэндээ тийм дуртай хүлээж аваагүй гэдэг. Хэсэг хугацааны дараа багшийнхаа үгэнд орж, пара таеквондо-гоор хичээллэж эхэлжээ.

  Г.Болор-Эрдэнэ 360 хэмийн эргэлттэй, үсрэлттэй хөлийн цохилт болон 180 хэмийн эргэлттэй өшиглөлтийг гол төлөв хийдэг. Дадамгай хийдэг хөлийн энэ хоёр цохилтоороо Азийн аварга, Азийн наадмын аварга, дэлхийн аварга болж, парлимпын мөнгөн медалийг хүртсэн юм. Таеквондо-гоор хичээллэсэн 18 жилийн турш өдөр болгон энэ хоёр хөлийн цохилтын техникийг олон мянган удаа давтан, хийж байгаа гэсэн.

Энэ хоёр цохилтын үр шимийг хүртэж, өнөөдрийн их амжилтын оргилд хүрчээ. Дархан мэх шиг хэн ч хорьсон шууд хийж, оноо авч чаддаг хэмжээнд хүрсэн. Энэ хоёр цохилтоор оноо авах үед түүнд их гоё, тааламжтай мэдрэмж төрдөг аж. Хүний сурсан зүйлийг сураар боож болохгүй гэдэг шиг өрсөлдөгч яаж ч хамгаалж, хорьсон ч энэ хоёр цохилтыг хийж чаддаг юм.  

   Анх түүнийг олон улс, тив, дэлхийн уралдаан, тэмцээнд  явах үед аав, ээж хоёр нь өр, зээл тавьж, замын зардлыг нь дааж явуулдаг байж. Харин тэр аав, ээж хоёрынхоо тэр их хичээл, зүтгэлийг амжилтаараа хариулахын тулд  илүү хичээж тулалддаг байсан гэдэг. Тэгээд л тэр дэлхийд таван удаа, Ази тивд таван удаа түрүүлж чаджээ. Улмаар Азийн наадмын хошой аварга боллоо. Олон улсын тэмцээнээс авч үзээгүй медаль гэж түүнд огт байхгүй.

   Ази, Европ,  Австрали тив, далайн орнууд, Пан Америк гээд таван тивийн дөрвөн тивд нь түрүүлж үзжээ. Ганцхан Африк тивийн аваргад оролцож үзээгүй байгаа гэнэ лээ. Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, таван тивийн аваргад түрүүлсэн гэдэг бас нэг өвөрмөц, сонин , содон амжилтыг гаргахыг хүсдэг гэсэн. Мэдээж түүнд “Лос Анжелес-2028” паралимпын наадамд дутуугаа гүйцээж, алтан медаль хүртэх том зорилго бий.

 

 

 

 

 

 


 

 


СЭТГЭЛИЙН ХҮЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188