• Өнөөдөр 2024-05-14

Х.Бумхишигийн амийг аварсан уулчин С.Ганхүү, Э.Даваадорж нарт баярлалаа

2022-09-16,   892

      Уулчид уулчныхаа амийг аварлаа. Хаа байсан газрын хол Киргизстан, Тажикистаны нутагт орших Памирын ууланд цаг алдалгүй очиж, хөр цас, мөсөн хавцал гаталж явсаар нэгнийхээ алтан амийг аварч чадлаа. Х.Бумхишиг ус уух хувьтай юм байна. “Цэгц” клубынхэн нэгнийгээ гэсэн сэтгэлтэй юм. Тиймээс Х.Бумхишиг болон Монголын ард түмний өмнөөс баярлалаа гэж чин сэтгэлээсээ хэлмээр байна.
 
        Түүнийг аварсан Монголын уулчдын Үндэсний холбооны Аварга ажиллагаа эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, “Жаргалант” клубийн уулчин Э.Даваадорж нарт ч баярлалаа. Хамгийн гол нь М.Бумхишгийг хөлөө хөлдөөсөн, тусламж хэрэгтэй байгааг мэдээлсэн гаднын уулчдад баярлалаа. Тэд гурван өдөр уулнаас бууж, Монголын Консулын газарт мэдээ дуулгасан юм билээ. Тэгээгүй бол түүнийг хөлөө хөлдөөж, авирах аргагүй болсныг мэдэхгүй өнгөрч, бид нэгэн сайхан зоригт залуухан уулчаа алдах байлаа. 
 
    Хүний нутагт  хөлдүү цасан далайд, 5800 метр өндөрт бэртчихээд хэвтэж байхдаа юу эсийг бодсон бол. Харийн уулчдад үг дайчихаад, хэзээ бууж эх орон руу нь хэл дуулгана гэж бодсон бол. Тэр өөрийг нь халуун сэтгэлт нөхөд нь аварна гэж санаагүй байх. Магад ингээд л дуусах юм байна гэж бодсон ч горидлого тээж, өнөөх л уул өөдөө юунаас ч айлгүй авирсан эр зориг, хатаараа л тэсэж, тэвчиж, хүлээж байсан байх. Залуухан уулчин “Намайг хэн ирж аврах бол. Мөн ч хөл газар болохоор миний араас хүн ирэхгүй байвал яана аа. Тэгвэл эндээ хэвтэж байгаад хөлдөж үхэх байх” гэж бодогдсон нь лавтай. Тийм ээ, тэр ч тэслээ, уулчид ч уулчин хүүгээ аварлаа. Одоо бол уулнаас бууж, айдгаа авдартаа хийсэн. Өөрийнх нь төлөө цохилсон сэтгэл бүхэнд талархаад, улам их эр зоригтой амьдрах үүрэг түүнд оноогдлоо. 
 
       Тэр хүйтнээс хүйтэн ууланд ганцаар авирахдаа, оргилд нь гарах гэж бодож эхэлсэн тэр мөчөөс эхлэн ууланд хөлөө хөлдөөж, цааш явах аргагүй болох хүртлээ оргилд нь гарна, зорьсондоо хүрэх гэж шатаж явсан байх. Бүр бүдрэхдээ ч, хальтраад явах аргагүй болж, уруудаж бууж, буцаж өгсөхдөө ч дээшээ л гарна гэсэн ганц халуун хүсэлтэй явсан.
 
Зөвхөн цээжинд шатаад байгаа энэ халуун хүсэл л түүнийг тийш хөтөлж, өнөөдөр ч элгэн халуун сэтгэлээр өөрийг нь аврахад хүргэсэн болов уу. 
 
    Монголын уулчдын Үндэсний холбооны Аварга ажиллагаа эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү М.Бумхишигийг аврах ажиллагаанд мөнгө хэрэгтэй болсон учир хандивын данс нээж, аврах ажиллагааг эхлүүлсэн байдаг. Одоогийн байдлаар түүний  аврах ажиллагаанд  2.5 сая төгрөг цугларсан байдаг. Ийм л халуун сэтгэл, чинхүү зорьсон хүсэл хоёроор тэр өнөөдөр амьд гарлаа. Олон хүний зориулсан халуун сэтгэлийг бодож, урт удаан, эрүүл энх хүсэл мөрөөдлөө биелүүлээрэй, Х.Буянхишиг ээ.
 
 -Х.БУЯНХИШГИЙГ АВРАХ ҮЕИЙН ФОТО ЗУРАГНААС ХҮРГЭЖ БАЙНА-
 
 
 

Х.Бумхишигийн амийг аварсан уулчин С.Ганхүү, Э.Даваадорж нарт баярлалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-16 22:46:38
    33: Бахархах гэдгээс өөр үг алга. Эр зориг, чадвар, сэтгэл, эх орон гээд бүгдийг багтааж дээ. Жирийн нэг иргэнд төрсөн бодол.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188