• Өнөөдөр 2024-05-07

Хөлөө алдсан ч хайраар тэтгэгдсэн эмэгтэй

2022-01-18,   2367

   Ургаж, цэцэглэж яваа цэл залуу насандаа гэнэтийн осолд орж нугарч, гундаж яваа хүн бидний дунд олон. Гэхдээ тэд биедээ авсан бэртэл, гэмтлээрээ нугарахаас сэтгэлээрээ хэзээ ч бөхийдөггүй. Үүнийг өөрийн туулж яваа амьдралаараа батлан харуулж буй нэгэн бол Б.Мөнгөнцэцэг. Тэрбээр тэргэнцэртэй туялзуур сэлэмний улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, наймдугаар байрт шалгарсан юм. Түүний энэ хүртэл туулж ирсэн эгэл амьдралыг уншигч таны өмнө дэлгэж байна.

-Өсөх ирээдүйтэй загвар өмсөгч-

    Б.Мөнгөнцэцэг унаган Улаанбаатарынх. Цементэн дээр шохойгоор зурж, үеийн охидтойгоо чирта тоглон, эрэгтэй хүүхэд шиг хашаа давж, турникнээс зүүгдсэн түүний бага нас нэгдүгээр хороололд өнгөрчээ. Багаасаа загварт сонирхолтой тэрбээр арван жилдээ загварын дамжаанд явж, загвар өмсөгчдийн улсын уралдаанд оролцон, өдөр тутмын сонины нүүрийг чимж, өсөх ирээдүйтэй загвар өмсөгч хэмээн үнэлэгддэг байжээ. Мөн их сургуулийн хуулийн ангид орох мөрөөдөл ч түүнд байсан. Гэвч түүний загварын замнал үүгээр төгсөж, хуульч болох мөрөөдөл нь биелээгүй юм. Хүсэхэд хясна гэдэг хатуу дүрэм түүнд үйлчилж, гэнэтийн ослоор тэр тэргэнцэр дээр суух болсон.

-ХЭНД ГОМДОХОО МЭДЭХГҮЙ ГЭНЭТИЙН ОСОЛ-

    2003 оны долдугаар сарын 12. Б.Мөнгөнцэцэг тэр үед солонгос барааны дэлгүүрт худалдагч хийдэг байжээ. Баяр наадмын амралтаар зугаалганд явах санал ажлынх нь түүнд тавихад, гэрийнхэнтэйгээ баярлана хэмээн татгалзсан байна. Энэ үед тэр нөхөртэйгээ дөнгөж танилцаж байсан бөгөөд түүнээс зугаалгаар явах эсэхийг нь асуухад мөн л гэрийнхэнтэйгээ баярлана гэсэн хариултыг өгч байж. Тэрбээр нөхрөө анх ажлынхантайгаа зааланд сагс тоглох үед харж, “Энэ залууг би заавал нөхрөө болгоно” хэмээн бодож байснаас хойш дөнгөж мэдэж эхлээд буй нь энэ. Тэдний харилцааг найзууд нь ч анзаарчээ. Зугаалгаар явахгүй гэсэн хоёрыг нэгийг нь нөгөөд нь явахаар болсон хэмээн хэлж дуудсанаар тэд хамт зугаалганд явжээ. Дөнгөж танилцаж, нэгнээ мэдэлцэж байгаа хоёрын илүү дотно танилцах боломж нь найзуудын зохион байгуулж байгаа зугаалга.  Зугаалгын үеэр хоёр биедээ хэдийн хайртай болсон ч түүнийгээ илэрхийлж чадахгүй, ичингүйрч, сандарсан тэр хоёр ганц зураг даруулсан нь Б.Мөнгөнцэцэгийн сүүлийн зогсож авахуулсан зураг. Буцаж явахдаа тэд авто осолд орж, хэдхэн мөчийн өмнө алхаж явсан Б.Мөнгөнцэцэг бүсэлхийнээсээ доош мэдээгүй болжээ. “Эмчлүүлээд, хагалгаанд орвол босно” гэсэн эмч нарыг үг түүнд урам өгч, мөдхөн босно гэж итгэсэн ч тэр босож чадахгүй л байв.

-ТҮҮНИЙ ЖИГҮҮР-

   Хорь дөнгөж гарч яваа залуу охинд биеэ өөрөө удирдаж чадахгүй байх нь хүнд цохилт болж, сэтгэлээр унаж, амьдрах жигүүрээ хугалсан ч түүнд жигүүр болж, итгэл хайрласан нэгэн хажууд нь хэдийн ирчихсэн байсан. Тэр бол түүний хань Д.Мөнхжаргал. Осол болж, эмнэлэгт хүргэж ирснээс хойш тэр түүнээс салахаа больж, байнга л эргэж, тойрч, зарим шөнө сахиж хонодог байжээ. Тэр хоёр шөнөжин юм ярьж, Б.Мөнгөнцэцэгийн уйтгар гуниг, өвдөлтийг нь мартуулдаг байжээ. Товчхондоо хөл нь хөдлөхгүй болсон ч Б.Мөнгөнцэцэг сайхан ханьтай учирсан. Амьдрал түүнийг энэ үед зовоохын хажуугаар том шагнал хүртээжээ. Ерөөс тэр хөлөө алдсан ч хайраар тэтгэгдсэн эмэгтэй. Түүний хань түүний амьдралын жигүүр нь юм. Дараа нь хүүгээ төрүүлснээр тэр амьдралд улам дурлах болсон. Бүсэлхийнээсээ доош мэдээгүй болсон болохоор хүүхэд тээж чадахгүй гэж байсан тэр хүүхэдтэй болж, төрсөн нь гайхамшиг байжээ. Ингэж тэр гэнэтийн ослоор явж чадахгүй болсон ч амьдрал түүнийг сайхан бүхнээр шагнасаар, гундаж, нугарч явсан тэр өдөр өдрөөр ургаж байв.

 

Б.Мөнгөнцэцэг сайхан ханьтай учирсан. Амьдрал түүнийг энэ үед зовоохын хажуугаар том шагнал хүртээжээ. Ерөөс тэр хөлөө алдсан ч хайраар тэтгэгдсэн эмэгтэй. Түүний хань түүний амьдралын жигүүр нь юм. Дараа нь хүүгээ төрүүлснээр тэр амьдралд улам дурлах болсон.

-Нөхөртэйгээ наймаа хийсэн ба “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” тэмцээнд орсон нь

   Гэртээ удаан суухаар хүн нийгмийн хөгжлөөс хоцорно. Энэ ч утгаар Б.Мөнгөнцэцэг өөрийн хийх сонирхолтой ажлаа нөхөртэйгээ эхлүүлж, түүнд тусалж, дэмжихээр нөхөр нь ажлаасаа гарч хоёул хорооллын “Ачлал” их дэлгүүрт лангуу ажиллуулж, хоёр  жил шахам наймаа хийжээ. Энэ нь түүнд гэртээ суухаас илүү олныхоо дунд байж, халуун дулаан яриа өрнүүлэх талбар болдог байжээ. Түүнийг ямар нэгэн уралдаан, тэмцээнд ороход нь дэмжиж, түүний ард ямагт бат зогсдог хүн бол түүний хань. Тэр 2019 онд “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” тэмцээнд орж, тавдугаар байр эзэлжээ. Тэрбээр энэ тухай “Аливаа тэмцээн, уралдаан гэдэг бол заавал түрүүлэхдээ гол нь биш, оролцож, өөрийгөө сорих нь чухал. Нэг тэмцээнд ороход олон зүйлийг сурч мэддэг” гэнэ. Ингээд өөртэйгээ тэмцсэн, ажилласан, өөрийгөө ялсан он жилүүд өнгөрч, Б.Мөнгөнцэцэг хоёр дахь хүүгээ төрүүлжээ. Тэр өөрт тохиолдсон бүхэндээ шаналж суух биш, түүнийгээ даван туулж, хором мөч бүхэнд тэмцсээр, амьдрал түүнийг шагнасаар.

-ТЭРГЭНЦЭРТЭЙ СЭЛЭМНИЙ ТАМИРЧИН-

   Түүний дараагийн өөрөө өөртэйгээ тэмцсэн нүүдэл бол спорт. Б.Мөнгөнцэцэг тэргэнцэртэй туялзуур сэлэмний спортыг олимпоос анх үзэж байжээ. Тэгтэл 2018 онд Монголд анх удаа тэргэнцэртэй хүмүүст зориулагдсан туялзуур сэлэмний клуб нээгдэж байна гэсэн зарын дагуу очсоноор анх хичээллэх болжээ. Тэгээд бүр анхны тэмцээнээсээ хүрэл медаль хүртсэнээр урам авч, улам гүн дурлах болсон байна. Энэ тухай тэр ярихдаа “Туялзуур сэлэмний спорт яг шатар шиг. Өрсөлдөгч над руу яаж хатгах нь уу гэдгийг толгойдоо нүүдэл хийж боддог. Өөрөөр хэлбэл тархиндаа шатар тоглодог. Тэгэхээр их авхаалж, самбаа шаарддаг” гэж өгүүлэв. Туялзуур сэлмээр хичээллэх болсноос хойших хамгийн том амжилт нь Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа улсын аварга тэмцээнд орж наймдугаар байр эзэлсэн  нь юм. Учир нь бусад хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг бодоход түүний гар нь сул. Үүний улмаас тэр компьютерийн товчлуур удаан дарж чаддаггүй болохоор ямар нэгэн ажил хийдэггүй. Гэсэн ч туялзуур сэлмээр хичээллэснээс хойш гар нь овоо чангарч, тодорхой өөрчлөлтийг түүнд өгчээ. Энэ ч утгаараа түүний хувьд шилдэг наймдугаар байрт шалгарсан нь том амжилт. Мөн түүний хүү нь тус тэмцээний байт харвааны төрөлд багаараа оролцож амжилт үзүүлсэн юм. Амьдрал болон өөрийнхөө төлөө тэмцэж байгаа тэр мөн сайн ээж. Хүүгийнхээ хүсэл мөрөөдлийг сонсож, сонирхож дурласан байт харваагаар нь хичээллүүлж, хүнийг цэгц төлөв болгодог спортын ертөнцөд хүүгээ хөтөлжээ. “Хүүхэд дуртай спортоороо хичээллэхээр цагийг зөв ашиглаж, хичээл, сургуулиа зохицуулж сурдаг юм байна” тэр гэж ярих бөгөөд спорт бол хүүхдийн хамгийн том зөв хүмүүжил гэдгийг ч гярхай ажиглажээ.

Амьдрал болон өөрийнхөө төлөө тэмцэж байгаа тэр мөн сайн ээж. Хүүгийнхээ хүсэл мөрөөдлийг сонсож, сонирхож дурласан байт харваагаар нь хичээллүүлж, хүнийг цэгц төлөв болгодог спортын ертөнцөд хүүгээ хөтөлжээ. 

    Энэ амьдралд тэр гэнэтийн осолтой учирсан ч түүний амьдралаас хожсон зүйл их. Загварын салбарт нэрээ мандуулж, нэртэй хуульч болоогүй ч тэр хоёр хөөрхөн хүүгийн ээж, хүний сайн хань, туялзуур сэлэмний тамирчин гэсэн тодотголтой эгэл амьдралын эзэн. Тэр тухайн үед осол гаргасан найзууддаа гомддоггүй бөгөөд харин ч илүү дотно дулаан яриа өрнүүлж, илүү гүн бат найзалж нөхөрлөхийг хүсдэг гэх түүнийг хүслийг бичвэрийнхээ төгсгөлдөө уламжилъя.


Хөлөө алдсан ч хайраар тэтгэгдсэн эмэгтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188