• Өнөөдөр 2025-06-11

ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ НОХОЙНЫ ҮҮЛДРҮҮД

2025-06-10,   400

    Нохой эртнээс хүний сайн нөхөр байж ирсэн. Анх ахуйн шаардлагаар нохойг тэжээж гаршуулдаг байсан бол цаг хугацаа өнгөрсөөр нохойны угсаа гарлыг хүртэл чухалчилж эд хөрөнгө мэт үзэх “Үнэтэй нохойны моод” хүртэл гараад байгаа билээ. Тэгвэл одоогоор хамгийн өндрөөр үнэлэгдээд байгаа таван нохойн үүлдрийг танилцуулж байна.

 
Тибетийн Мастиф(Tibetan Mastiff)
Дэлхийн хамгийн өндөр үнэтэй нохдын жагсаалтын нэгдүгээр байрт Тибетийн мастиф үүлдрийн нохой ордог. Энэхүү нохой нь Хималайн нуруунаас гаралтай ба биеийн хэмжээ, хүч чадал, өтгөн зулзаган ноосон үсээрээ арслан шиг сүртэй харагддаг. Хийдэд харуулын үүрэгтэйгээр өсгөсөн мастиф ноход  өндөр үнэд хүрдэг бөгөөд Азийн чинээлэг хүмүүсийн дунд нэр хүндийн бэлгэ тэмдэгт тооцогддог. Хэдхэн жилийн өмнө Мастиф нохойг нь 1.4 сая ам.доллараар худалдан авсан тохиолдол байдаг.
 
Фараоны анч нохой(Pharaoh Hound)
Малтагаас гаралтай энэхүү анч нохой нь Египетийн Анубис бурхны дүрийг санагдуулам төрхтэй. Испанийн Поденко үүлдрийн өвөг гэж тооцогддог бөгөөд адилхан анч нохой юм. Богино улаан шаргал өнгийн үстэй, цайвар арьстай, хурц босоо чих, өндөр хамартай бөгөөд маш хурдтай. Цэвэр үүлдвэр нь тун ховор байдаг тул дунджаар 6000 ам.долларын үнэ хүрдэг.
 
Кавалер Кинг Чарльз Спаниел (Cavalier King Charles Spaniel)
30 инч өндөртэй энэ нохой нь жагсаалтын хамгийн жижиг нохой юм. Ихэвчлэн сургахад амархан, гэрийн тэжээвэр нохой болгоход тохиромжтой. Гэвч сүүлийн хэдэн зуун жилийн турш зөвхөн хөөрхөн төрхийг нь хадгалах гэж үржүүлсний улмаас олон удамшлын өвчинтэй болсон. Энэхүү үүлдрийн нохойн үнэ 1500 ам.доллараас эхэлдэг. Гэхдээ удамшлын эмгэгтэй нохой авах эрсдэлтэй учир баталгаатай  үржүүлэгчээс авах нь чухал болжээ. Эрүүл мэндийн нарийн шинжилгээ өгч аливаа өвчлөлгүй нохой авах хэрэгтэй. Тус нохойны үнэ 14,000 ам.доллар хүрсэн тохиолдол бий. Кавалер Кинг Чарльз Спаниел үүлдрийн нохойг Пүүдлтэй (“Кавапоо”) хольсон нь сүүлийн үед эрэлт ихтэй, өндөр үнэтэй нохдын тоонд багтаж байна. Гэхдээ ийм хольцуудыг жинхэнэ үүлдэр гэж үзэх боломжгүй бөгөөд энэ төрлийн  нохдыг ихэвчлэн холимог үүлдвэр гэж нэрлэдэг.
 
Салуки (Saluki)
Салуки үүлдэр нь Персээс гаралтай (мөн Африкийн Азавак гэх тусгай анч нохойн үүлдэртэй төстэй) ба хамгийн үнэтэй нохдын нэг юм. Хурдан хөдөлгөөнтэй анч нохой бөгөөд тайван, мэдрэг,  эрхэмсэг төрхтэй гэж тооцогддог. Үржүүлэгчээс авсан гөлөг нь 2500 ам.доллараас эхэлдэг. Хэрвээ гөлөг нь алдартай Араб үүлдрээс гаралтай бол 10,000 ам.доллар ба түүнээс дээш үнэд хүрдэг.
 
Эскимо нохой (Eskimo dog)
Эскимо бол чарганы нохдын нэг үүлдрийн юм. Тэдний төрөлх нутаг болох Инуитад ан агнуур, хамгаалалт зэрэг өөр олон зориулалтаар ашигладаг байсан. Эдгээр ноход маш ховор, олоход хэцүү бөгөөд үүнийгээ дагаад үнэ нь ч өндөр юм. Арктикийн уур амьсгалд дасан зохицсон, байнга хөдөлгөөн шаарддаг учраас гэрийн тэжээмэл энгийн нохой болгон өсгөхөд тохиромжгүй.
Х.ТЭМҮҮЛЭН
 

ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ НОХОЙНЫ ҮҮЛДРҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188