• Өнөөдөр 2024-05-07

ЖИЛИЙН ӨМНӨ 10 САЯ ТӨГРӨГ БАЙСАН “ПРИУС-20” АВТОМАШИН 23 САЯ ТӨГРӨГ БОЛЖЭЭ

2022-04-15,   987

     ...Ноолуурын мөнгөө авсан малчид машин худалдаж авахаар “Да хүрээ” автомашины захад бужигнаж байна. Улаан өнгийн дээлтэй, 30 орчим насны залуу машины үнэ асуугаад “Пээ, ямар аймар нэмэгдээ вэ. Өнгөрсөн жил таван сая төгрөг байсан шүү дээ” гээд толгойгоо сэгсрээд ченж рүү гайхсан харцаар харлаа. Тэгснээ энгэрээ ухаад, утсаа байн байн товчлуур дээр нь дарж үзэж байна. Төд удалгүй чанга хоолойгоор “Таван сая төгрөгтэй ирэхэд хөл дүүжлэх унаатай болчихдог байсан. Тэр ч үлгэрийн далай болжээ” гээд утсаар ярьж эхлэв. Түүний урдаас ченж нар “Тэр үнэ чинь хоёр жилийн өмнөх. Одоо чиний асууж байгаа мөнгөнд машин битгий хэл мотоцикл ч худалдаж авахгүй байх” гээд л инээлдэх.

     Өчигдөр их үдийн алдад автомашины үнэ ханш сурвалжилхаар “Да хүрээ” автомашины захад очихдоо дээрх үйл явдлыг, толгойгоо маажиж, дээлнийхээ энгэрийг хэдэнтээ ухаж зогссон улаан дээлтэй, 30 орчим насны залуу шиг хүмүүстэй таарсан юм. Эл захад автомашин худалдаж авахаар ирсэн хүмүүсийн амны уншлага нь “Машины үнэ тэнгэрт ханджээ” гэх үг болжээ. Бүгд л машин үнэтэй байгааг гайхаж, шогширч явна. Байгаа хэдэн автомашины зогсоолыг хөлийнхөө улийг эргэтэл тойрч, үнэ гайгүй тэрэг олж авах гээд хичээж байгаа бололтой харагдлаа.  

Prius 20" 20-23 сая, "Aqua" 17-19,“Probox” 12-21 сая, “Harrier” 36-93 сая төгрөгийн үнэтэй болжээ

        Иргэдийн хамгийн их худалдан авдаг, автомашины захаас талх шиг зарагддаг “Приус-20”, "Aqua” ,“Probox” Портер, Бонго загварын автомашины үнэ хэд байгааг эхлээд асууж, сураглав. Өнгөрсөн жил орж ирсэн “Приус-20" 13-14 сая, "Aqua" 10-12 сая,“Probox” 5-14 сая, “Harrier” 29-86 сая төгрөгийн үнэтэй байжээ. Харин одоогийн байдлаар орж ирсэн  “Приус-20" 20-23 сая, "Aqua" 17-19, “Probox” 12-21 сая, “Harrier” 36-93 сая төгрөгийн үнээр зарагдаж байна. Өөрөөр хэлбэл, “Приус-20” гэхэд л 10 сая төгрөгөөр буюу 50 хувь нэмэгджээ.

         Энэ талаар Өвөрхангай аймгаас ирсэн малчин залуу ярихдаа “Өнгөрсөн жил машин худалдаж авсан. Манай 2020 онд орж ирсэн “Probox” 10 сая төгрөгөөр авч байлаа. Гэтэл энэ жил үнэ нь хоёр дахин нэмэгдээд 21 сая төгрөг болжээ. Он хуучин машин ч өнгөрсөн жилийн үнэ ханшаар худалдаж авах боломжгүй болсон байна. Хуучин машины үнэ ч шинээсээ ялгагдах зүйлгүй өссөн бололтой. Энэ жил нэг тэвштэй тэрэгтэй болох санаатай ноолуурын мөнгөө өвөртлөөд ирсэн чинь барахгүй нь. Хаанаа ч хүрэхгүй янзтай шүү. Нутаг руугаа буцаад, малчин зээл авч ирдэг юм уу л гэж бодож зогсоно. Өглөөнөөс хойш энэ хавиар эргэлдлээ. Олигтой машин таарсангүй. Хэзээ мөдгүй салж унах гэж байгаа машины эзэн хүртэл амандаа орсон, дуртай үнээ хэлж байх юм. Шинэ машины үнийг бүүр асуугаад ч хэрэг алга. Миний сонирхож байгаа тэвштэй машины орж ирсэн үнэ 30 сая төгрөг хол гарчээ. 2015 онд орж ирсэн үнэ нь 23 сая төгрөг болсон байна” гэлээ.

Түүнийг ийн ярьж байх зуур хажуу талд машин үзэж байсан 25 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр наймаагаа хийхээр болжээ. Тэд 2019 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр номероо авсан хар өнгийн “Harrier” машиныг 34 сая төгрөгөөр авах гэж байгаа аж.

      Тэд ярихдаа “Өнгөрөн намраас хойш машин авахаар хайсан. Өдрөөс өдөрт машины үнэ нэмэгдэж, намар 27 сая төгрөгийн үнэтэй байсан машин 34 сая төгрөг болчихлоо. Цаашид ч үнэ нэмэгдэх учир авахаас өөр алга. Яг санаанд таарсан машин олдохгүй байсан учраас бид удаан хугацаанд нухацтай хайсан. Гэвч үнэ нэмэгдсэнээс өөрөөр өөрчлөгдсөн зүйл алга. Арга ядаад үнэтэй ч гэсэн банк бусаар худалдаж авахаар боллоо. Гайгүй аятайхан тэрэг ороод ирэхээр ченж нар үнэ хаялцаж аваад, жаахан янзалж, засаад дээр нь 3-4 сая төгрөг нэмээд зарж байна. Ингэж л машины үнийг хөөргөж байна даа. Угтаа бол хоёр жилийн өмнө орж ирсэн “Harrier” 25-27 сая төгрөг байсан шүү дээ. бүүр цаашилбал, 5-6 жилийн өмнө 16 сая төгрөг гэдэг байлаа. Гэтэл одоо орж ирсэн 3300 мотортой нь 43 сая төгрөгөөс буухгүй байна. Он залуу, сүүлийн үеийн завгарынх нь бүүр 93 сая гэж байна лээ” гэв.

      Хэдийгээр эл захад олон хүн байгаа ч худалдан авалт муу байгаа бололтой. Хүмүүс машины үнэ асууж, ажиглалтын байдалтай байгаа аж.

          Энэ талаар ченж нар ярихдаа “Хил гааль гацаад хэцүү байна шүү дээ. Бид чинь борлуулалт муу байгаа энэ үед талбайн түрээсээ өгөх, дахиад машинаа захиалах гээд тун хэцүү байна. Хил дээр цар тахал  гарахаас өмнө 40 хоноод л чингэлэг ороод ирдэг байсан бол одоо аль есдүгээр сард захиалсан машинууд орж ирээгүй, бид хуучин, борлуулж дуусаагүй машинаа л зарж байна. Саяхнаас мөн долларын үнэ өсчихлөө. Улам л нэмэгдэх байх даа” гэв. Ченж нар үнэ өссөн шалтгааныг тэд хил гаалийн гацалт, долларын үнэтэй холбон тайлбарлаж байлаа.

       Цар тахалтай эдийн засаг элгээрээ мөлхсөн сүүлийн хоёр жилийн хугацаанд "Да хүрээ" захад дөнгөж машины наймаа эрхэлж эхэлж байгаа буюу хоёр, гурван жил болж байгаа хүмүүсийн хувьд тэсэж үлдэхэд хэцүү байсан төдийгүй зарим нь наймаагаа больсон гэнэ. Харин 10-20 жилийн нүүр үзсэн ченжүүдийн хувьд жаахан дархлагдсан болохоор арай ядан тогтож, цар тахлын хүнд нөхцөлийг давж, одоо нэг наймаагаа нээлээ гэтэл борлуулалт муу, нээлттэй л болохоос хаалттайгаас ялгаагүй байгааг дээрх худалдаачид мөн учирлаж байв.

 Биднийг ийн зогсож байх зуур ченж нар "Да хүрээ" захад худалдаа эрхлээд арав гаруй жил болж байгаа. Машины үнэ өссөн шалтгааныг тэр хүн андахгүй мэднэ дээ" гээд махлагдуу бор эрэгтэй рүү заалаа. Түүнийг С.Галбадрах гэдэг бөгөөд ченжүүд дотроо удаан ажилласан нь гэнэ.

        Тэрбээр "Тяньжины боомтод ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор машины үнэ нэмэгдсэн байна. Үнэ өссөн хоёр шалтгаан байгаа юм. Нэгдүгээрт нь, ковид, хоёрдугаарт нь зах зээлийн эрэлт, нийлүүлэлт. Эрэлтийн боомтын хүчин чадлаас болоод ачаалал нэмэгдсэнээс үүдэн машины үнэ Монголын зах зээл дээр нэмэгдэж орж ирж байна.     Түүнээс гадна сая мөн 30 хувийн өсөлттэй байсан автомашины үнэ 50 хувиар өссөн нь долларын ханш савласантай холбоотой. Өөрөөр хэлбэл, ковидын үед долларын үнэ 2000- 2850 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол 3040 хүрсэн. Үүнийгээ дагаад машины үнэ өссөн нь энэ. Тухайлбал, Солонгос портер вонго  автомашин он, даацаасаа хамаараад зах зээлийн үнэ нь өөр. Тухайлбал, 2015 оны машин 15 сая байсан бол одоо 23 сая болж өссөн байна. Мөн бид Солонгос руу вон шилжүүлдэг. Тэгэхээр вонын өсөлт мөн нөлөөлж байгаа юм. Нөгөө талаар ложистик тээврийн компаниуд үнээ нэмсэн гээд олон шалтгааны улмаас автомашины үнэ өссөн" гэв.


     Тэрбээр үргэлжлүүлэн "Машины зах зээлийн бизнес хийхэд бидэнд их хүндрэлтэй болсон. Төр, засаг үнэндээ худалдаачдынхаа нуруун дээр хамаг ачааг үүрүүлж байна. Худалдаачид өнөөдөр төр, засгаас их юм гуйж, мөнгө төгрөг нэхээгүй. Хил гаалиа л чөлөөтэй болгоод өгвөл нийлүүлэлт хэвийн болоод ирэхээр аяндаа юмны үнэ буурч хэвийн байдалдаа орно. Хамгийн гол нь хил гаалийн гацалт байна. Хил дээр чингэлэг удахаар бид хоногийн торгуулийн мөнгө төлнө гээд чанга л байна" гэлээ.

Ийнхүү автомашины үнэ хил гаалийн гацалт, долларын ханш, тээвэр ложистикийн компаниуд үнээ нэмсэн зэрэг гурван үндсэн шалтгаантайгаар 50 хувь нэмэгджээ. Цаашид долларын үнэ өсөж, хил гаалийн гацалд хэвээр удааширвал улам л өсөх магадлалтай байгааг худалдаачид онцолж байлаа.


ЖИЛИЙН ӨМНӨ 10 САЯ ТӨГРӨГ БАЙСАН “ПРИУС-20” АВТОМАШИН 23 САЯ ТӨГРӨГ БОЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188