Дорнод аймгийн Халх гол, Матад сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хэмжээнд гарч буй тал хээрийн түймрийн улмаас гурван айл өрх орон гэргүй болж, тодорхой тооны мал амьтад өртсөн байна. Хээрийн түймрийг унтраахаар Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчид сумын иргэд дайчлагдан нийт 260 гаруй хүн ажиллаж байна.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан салхины хурд секундэд 12-19 метр хүрч ширүүсэн, салхины чиг өөрчлөгдөж байгаа тул галын тархац нэмэгдэж, хүчтэй салхины улмаас байгалийн аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн гэдгийг албаныхан мэдээллээ.
Иймд Дорнод,Сүхбаатар аймгийн Онцгой комиссоос хүсэлт гаргасны дагуу Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадаас нисдэг тэргээр 30 аврагчийг Халхгол сум руу тээвэрлэж байна. Мөн Хэнтий аймгийн Онцгой байдлын аврах, гал унтраах ангийн алба хаагчид хүч нэмэгдүүлэх бэлтгэл хангасан байна.
Иргэд, малчид, тээвэрчдийг сонор сэрэмжтэй байж, үнс нурмыг ил задгай хаяхгүй, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Дорнод, Сүхбаатар аймагт гарсан тал, хээрийн түймэрт гурван айлын гэр шатаж, олон тооны мал хорогджээ |
|