• Өнөөдөр 2025-04-28

Монгол, БНСУ-ын гааль ЖДҮ-ийн экспортыг дэмжин ажиллана

2023-04-06,   401

       “Барааг дотоод, гадаадад түр хугацаагаар боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горимын тусламжтай ЖДҮ-ийн экспортыг дэмжих” төслийн анхны уулзалт боллоо. Дээрх хөтөлбөрт төслийг БНСУ-ын Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн холбоо, БНСУ-ын Мөрөөдлийн гаалийн алба, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн БНХАУ дахь салбар, Их түмэн санаачилгын Нарийн бичгийн даргын газар болон Монголын гаалийн байгууллага хамтран хэрэгжүүлж байна.

       Барааг дотоод, гадаадад боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горим гэдэг нь бүтээгдэхүүнийг хилээр түр оруулж, гаргах тухай ойлголт аж. Тодруулбал, гадаадад боловсруулах горимоор гаргасан барааг боловсруулалт хийгээд буцаад оруулж ирэхэд зөвхөн боловсруулалтын зардалд татвар төлнө. Жишээ нь, 1000 төгрөгийн нэхмэлийн утас гаргаад 1500 төгрөгийн даавуу болгож оруулахад боловсруулалтын зардал болох 500 төгрөгөөс л татвар төлөх юм. Харин гаалийн нутаг дэвсгэрт боловсруулах горимоор улсын хилээр оруулахад тухайн бараанд ногдох татварыг тусгай дансанд байршуулаад, горимын дагуу боловсруулаад буцаан гаргахад тусгай дансанд байршуулсан татварыг буцаан олгоно.

       Энэхүү гаалийн горимыг ашиглаж жижиг дунд үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнээ гаргаж боловсруулаад буцааж оруулах, эсвэл гаднаас бүтээгдэхүүн оруулаад боловсруулж өгөх байдлаар үйлдвэрлэл эрхлэхэд дэмжлэг үзүүлэх татварын таатай нөхцөлийг санал болгодог давуу талтай юм. Уулзалтаар гишүүн орны гаалийн байгууллагууд “Барааг дотоод, гадаадад боловсруулах горим”-ыг хэрэгжүүлж буй туршлагаа солилцон, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Мөн БНСУ-ын Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн холбоо, Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын төлөөлөл хоёр орны гаалийн байгууллагын хооронд байгуулсан “ИААН-ийг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах талаар хэлэлцлээ. Хөтөлбөрийн үр нөлөөг сайжруулах замаар эдийн засгийн өрсөлдөх чадварыг дэмжих чиглэлээр цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов. 
 
        Монгол Улсын Гаалийн байгууллагаас “Барааг дотоодод болон гадаадад түр хугацаагаар боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горимын тусламжтай жижиг дунд үйлдвэрлэлийн экспортыг дэмжих” төслийг 2019 онд санаачилсан бөгөөд уг санаачилга биеллээ олох анхны уулзалт Улаанбаатар хотноо цахим болон биет хэлбэрээр ийнхүү зохион байгууллаа.Ташрамд мэдээлэхэд, Зүүн хойд Азийн болон Түмэн голын их сав газрын бүс нутгийн, ялангуяа ХАА, эрчим хүч, байгаль орчин, аялал жуулчлал, худалдаа, хөрөнгө оруулалт, тээврийн салбарын интеграц, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжих зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс анх 1991 онд Их түмэн санаачилга нэгдлийг санаачилсан юм.
Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Их түмэн санаачилга нэгдэл нь одоогийн байдлаар БНХАУ, БНСУ, Монгол Улс, ОХУ гэсэн дөрвөн гишүүн оронтой үйл ажиллагаа явуулж байна.

Монгол, БНСУ-ын гааль ЖДҮ-ийн экспортыг дэмжин ажиллана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188