-Бүх ард түмний XVI-р их наадмаас медаль хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй?
-Аан за. Юуны өмнө “Эргэлт.мн” сайтыг уншин суугаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Бат- Эрдэнийн Сувд- Эрдэнэ гэдэг. Одоо МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд, Биеийн тамирын багш, дасгалжуулагчаар сурч байгаа.
-Одоо ямар клуб, байгууллагын тамирчин бэ?
-Одоогоор харьяалагдаж байгаа клуб, байгууллага байхгүй байгаа. Б.Энхбаатар багш дээрээ бэлтгэл сургуулилалтаа хийж байгаад тэмцээнд ордог.
-Спортын ямар зэрэг, цолтой тамирчин бэ?
-Хөнгөн атлетикийн спортын 1-р зэрэгтэй тамирчин.
-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Архангай аймгийн Хотонт суманд төрж, өссөн.
-Бага нас нь хаана өнгөрөв ?
-Хүүхэд нас минь Архангай аймгийн Хотонт суманд, хөдөөний уудам тал нутагт дурсамж дүүрэн өнгөрсөн. Хоёр ах болон үеэлүүдтэйгээ л тоглон, наадаж өссөн дөө.
-Хөнгөн атлетикийн спортыг сонгож хичээллэх шалтгаан юу байсан бэ?
-Багаасаа гүйх, харайх дуртай, байгалиасаа заяасан эрч хүчтэй хүүхэд байсан. Сургуулийнхаа гүйлтийн тэмцээнүүдэд орж амжилт гаргаснаар энэ спортод илүү дурлах болсон. Өөрийгөө сорих хүсэл, мэдрэмж л намайг хөнгөн атлетикийн спортыг жинхэнэ утгаар нь сонгоход хүргэсэн.
Аан бас яг хэдэн оны дэлхийн аварга гэдгийг нь сайн санахгүй байна. Тэр үед би нилээн жаахан байсан. Зурагтаар юм уу, хоёр ахынхаа гар утаснаас ч билүү нэг бичлэг үзсэн. Тэр бичлэгээр Mondo Duplantis -ийн тулгууртай харайлтыг анх үзсэн юм. Түүний дараа өвөлжөөнийхөө хашаан дээгүүр аавын уургыг барьж гүйгээд л тулж харайдаг байлаа.
-Хэд дэх жилдээ хөнгөн атлетикаар хичээллэж байгаа вэ?
-Дунд сургуулийн 6, 7 дугаар ангиасаа л хичээллэж эхэлсэн. Тэгэхээр бараг 8-9 жил хөнгөн атлетикаар хичээллэсэн болж байна.
-Хөнгөн атлетикийн анхны багш нь хэн бэ?
-Миний анхны багш маань Архангай аймгийн Хотонт сумын ЕБС-ийн биеийн тамирын багш Г. Баярмагнай болон Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р сургуулийн Биеийн тамирын Б. Хүрэлбаатар багш нар маань байгаа.
-Ер нь өөрөө анх ойрын зайн гүйлтийн тамирчин байсан уу?
-Тиймээ. Ер нь анхандаа олон төрөлтөд бүгдэнд нь ордог байсан. Тэгээд зурга дугаар ангид байхдаа аймгийн аварга шалгаруулах тэмцээний уртын харайлтад харайчихаад сууж байсан чинь Хүрэлээ багш ирээд “Чи байгалиас заяасан унаган хөлийн тэсрэлт сайтай хүүхэд юм аа. Уртын харайлтаар хичээллэх үү” гэж асуусан. Тэгээд л харайлтаар хичээллэж эхэлсэн дээ.
-Хөнгөн атлетикаар хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтуудаасаа сонирхуулахгүй юу?
-Өсвөр насандаа 2-3 удаа улсын аварга болж байсан. Мэргэжлийн тамирчин болоод 2022 оны МБАТС-ын гурвын харайлтын төрөлд мөнгөн медаль, “WSE” Зүүн Азийн хөнгөн атлетикийн лигийн тэмцээнээс алт, мөнгөн медаль авч байсан. Тэгээд одоо 2025 оны МБАТС-ын медалиуд байна.
-МБАТС-д урт, өндрийн харайлт, буухиа гүйлт гээд хэдэн төрөлд оролцож, хэдэн медаль хүртэв ээ?
-Уртын харайлтанд мөнгө, өндрийн харайлтад хүрэл, 4х100 буухиа гүйлтэд мөнгөн медаль хүртсэн.
-Монголын бүх ард түмний спартакиадын өндрийн харайлтад хэдэн метр дээгүүр давж, хүрэл медаль хүртэв?
-Өндрийн харайлтад 1 метр 36 сантиметр давж, хүрэл медаль хүртсэн. Өмнө нь энэ төрлөөр огт хичээллэж байгаагүй ч тэмцээнд оролцоход маш сонирхолтой, шинэ мэдрэмж авсан.
-Өндрийн харайлтын ямар техникээр харайдаг вэ?
-Өндрийн харайлтад хайчилж харайх техникийг ашигладаг. Энэ нь надад илүү тохиромжтой, биеийн хөдөлгөөнөө сайн мэдэрч чаддаг арга юм шиг санагддаг.
-Хувийн дээд рекорд амжилт тань хэд байгаа вэ?
-Хувийн амжилт маань 1м, 45 см, 16 мм байгаа.
-МБАТС-ын уртын харайлтын төрөлд хэдэн метр хол харайж мөнгөн медаль хүртсэн бэ?
- 2025 оны Монгол бүх ард түмний спартакиадад 5м,03 см харайсан.
-Уртад харайдаг юм чинь гурвын харайлтаар хичээллэдэг үү?
-Өмнө нь идэвхтэй хичээллэдэг байсан ч нуруундаа бэртэл авч, хичээллэхээ түр завсарласан байгаа. Бэртлээсээ болоод бэлтгэлдээ их хожуу орсон бараг тэмцээн болохоос сарын өмнө л дахин дасгал хийж эхэлсэн. Тэр үед бэртчихээд спортоор хичээллэхээ больмоор санагдаж байсан шүү. Ер нь хүндхэн үе олон байсан ч Burii ахын подкаст, “Bonbone” эмнэлгийн хамт олон надад маш их тус болсон. Бас манай Ариундэлгэр найзын хэлсэн үг зүрх рүү орж, урам өгсөн нь одоо хүртэл бодогддог.
-МБАТС-ын 4х100 м-ийн буухиа гүйлтэд хэн, хэнтэй нэг баг болон гүйж мөнгөн медаль хүртсэн бэ?
-Орхон аймгийн Эрдэнэт хотын эгч нартайгаа нэг баг болж гүйсэн. ОУХМ Мөнхтүмэн, Дунгаамаа эгч , Сарангуа эгчтэй 4х100 м-ийн буухиад гүйж мөнгөн медаль хүртсэн.
-Нэг тэмцээнд олон төрөл, ангилалд өрсөлдөх амаргүй байдаг биз?
-Тийм ээ, бие махбодь, сэтгэл зүйн хүчээ зэрэг удирдаж, аль алинд нь сайн байх шаардлагатай. Гэхдээ олон төрөлд оролцож, амжилт гаргах нь тамирчны хувьд үнэхээр сайхан мэдрэмж төрдөг.
-Аль төрөлд илүү амжилт гаргах боломжтой вэ?
-Би хамгийн амжилт гаргах боломжтой төрлийг уртын харайлтыг юм болов уу гэж боддог. Энэ төрөлд харайхад өөрийгөө илүү сайн мэдэрдэг.
-Хамгийн сайхан дурсамж үлдээсэн ямар тэмцээн байдаг вэ?
-2022 оны МБАТС-д гурвын харайлтын төрөлд мөнгөн медаль авсан тэмцээн хамгийн түрүүнд санаанд орж ирж байна. Хүрэлээ багштайгаа хамт явсан сүүлчийн тэмцээн байсан. Багш бид хоёр тэр зунжингаа 7м-ээс түлхэж харайлтаа бэлдэж байсан. Тэгтэл яг тэмцээний техникийн зөвлөгөөн дээр эмэгтэй 9 м- ээс түлхэнэ гэдэг байгаа. Багш бид хоёр ёстой нэг “Шок”-ийн байдалд орж, их айсан шүү. Тэгээд “За уртдаа ороод гурвынхаа харайлтыг болъё доо” гэж ярилцаад яг тэмцээний өдөр харайсан чинь хоёр биенийхээ бодож байснаас илүү харайж багш минь маш их баярласан. Багш над руу хараад, баярлаад инээж байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цагаараа дууны үг бичиж, ая хийж, хийсэн ая эсвэл “random beat” дээр бичсэн үгээ холбож дуулж, үглэж үздэг. Бичсэн үг бараг одоо 3-4 тэмдэглэлийн дэвтэр болж байна. Мөн бас зураг зурах дуртай.
-Одоо дараагийн оролцох ямар тэмцээнүүд байгаа вэ?
-Одоо дараагийн оролцох тэмцээн гэвэл Хятад, Малайз Улс руу тэмцээн төлөвлөж байгаа.
-Хөнгөн атлетикаас өөр ямар спортын төрлийг сонирхдог вэ?
-Хөнгөн атлетикаас гадна би сагсан бөмбөг, волейболд сонирхолтой. Мөн орчин үеийн “esport”-ыг ч сонирхдог, тэндээс ч шинэ мэдрэмж авдаг.
Б.СУВД-ЭРДЭНЭ: Өөрийгөө сорих хүсэл, мэдрэмж л намайг хөнгөн атлетикийг сонгоход хүргэсэн |
|
2025-10-10 11:17:29
2025-10-10 10:09:26
2025-10-10 09:49:27
2025-10-10 09:41:43
2025-10-10 08:56:38
2025-10-10 08:31:05
2025-10-10 07:48:10
2025-10-10 07:30:00
2025-10-10 07:20:00
2025-10-10 07:10:00
2025-10-10 07:00:31
2025-10-10 07:00:00
2025-10-10 07:00:00
2025-10-10 07:00:00
2025-10-10 07:00:00
2025-10-10 06:59:00
2025-10-09 17:46:33
2025-10-09 16:06:42
2025-10-09 15:59:55
2025-10-09 15:56:44
2025-10-09 14:51:36
2025-10-09 14:26:14
2025-10-09 13:21:41
2025-10-09 12:08:49
2025-10-09 11:54:12
2025-10-09 11:51:00
2025-10-09 11:48:46
2025-10-09 11:34:20
2025-10-09 11:04:00
2025-10-09 10:55:41
2025-10-09 09:55:32
2025-10-09 09:53:15
2025-10-09 09:32:29
2025-10-09 09:17:36
2025-10-09 09:03:22
2025-10-09 08:41:19
2025-10-09 08:00:59
2025-10-09 07:21:00
2025-10-09 07:10:00
2025-10-09 07:00:00
2025-10-09 07:00:00
2025-10-09 07:00:00
2025-10-09 07:00:00
2025-10-09 07:00:00
2025-10-09 07:00:00
2025-10-09 06:00:00
2025-10-09 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |