• Өнөөдөр 2025-10-01

“ЧИНДАО ГРАН ПРИ”-ИЙГ ЧИМСЭН МОНГОЛЫН ХОС АЛТАН МЕДАЛЬ

2025-09-30,   319

Хятадын Чиндао хотод Олон улсын жүдо бөхийн холбоо, “IJF”-ийн цуврал “Чиндао-2025” гран при тэмцээн есдүгээр сарын  26-28-ны өдрүүдэд болж өндөрлөв. Энэ удаагийн “Чиндао-2025” гран при-д 26 орны эрэгтэй 117, эмэгтэй 83, нийт 200 жүдочин өрсөлдөв. Тус “Гран при”-д Монгол Улсаас нийт 15 тамирчин оролцож, хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, шагналт тавдугаар байр дөрөв, шагналт долдугаар байрт нэг тамирчин шалгарч, багийн дүнгээр 26 улсаас хоёрдугаар байрт шалгарсан амжилтыг үзүүллээ. Багийн дүнгээр Япон Улс таван алт, гурван хүрэл медальтайгаар тэргүүн байрт, Монгол Улс хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар хоёрдугаар байрт, Франц Улс хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар гуравдугаар байрт шалгарлаа.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ Б.СҮХБАТ ХҮРЭЛ МЕДАЛЬ

     Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 18 тамирчин барилдсан.  Манай улсаас ОУХМ Бямбасүрэнгийн Сүхбат “А” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт Хятадын 18 настай залуу тамирчин Jiahao SUN-ыг ялсан. “А” хэсгийн аваргын төлөө барилдаанд Японы Taiki NAKAMURA-г ялж, шөвгийн дөрөвт үлдсэн.

Хагас шигшээ барилдаанд Японы Hayato KONDO-д хожигдож, хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.  Хүрэл медалийн төлөөх барилдаанд Унгарын Csanad FECZKO-г ялж, “Гран при”-гээс хүрэл медаль хүртсэн. Монгол Улсын дөрвөн удаагийн аварга, Б.Сүхбат “Улаанбаатар-2025 Гранд слам”-аас медаль хүртсэн нь түүний сэтгэл зүйд том түлхэц болжээ. Тэрбээр үнэхээр боломжийн барилдаж медаль хүртлээ. Үүнээс ч илүү амжилт гаргах нөөц, боломж Б.Сүхбатад бий.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 60 КГ Т.ТҮМЭНЖАРГАЛ  V БАЙР

Дэлхийн оюутны спортын зуны XXXII "Универсиад-2025" наадмын хүрэл медальт, залуу тамирчин Түвшинтөрийн Түмэнжаргал “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Хятадын Yuantao WANG-ыг ялсан. Хоёрдугаар тойрогт Тажикстаны Mehrzod SUFIEV-ийг буулган авсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Унгарын Marton ANDRASI-ыг ялж, шөвгийн дөрөвт шалгарсан юм.

Хагас шигшээ барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт Өмнөд Солонгосын LEE Harim-д хожигдсон. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Б.Сүхбатад ялагдсан Японы Taiki NAKAMURA-д ялагдаж, тавдугаар байрт орлоо. Т.Түмэнжаргал дэлхийн шилдгүүдтэй сайн л барилдлаа. Илүү сайжирч, алдаагаа засаж, дутуу зүйлээ сайжруулах юм бол амжилт гаргах боломж байна.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 66 КГ Б.БАСХҮҮ АЛТАН МЕДАЛЬ

       Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 14 тамирчин барилдлаа. Манай улсаас ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, МУГТ Ёндонпэрэнлэйгийн Басхүү “D” хэсгийг тэргүүлэн нэгдүгээр тойрогт Казахстаны Yerdaulet BOZSHA-г ялсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Тайванийн LIN Chong-You-г  ялж, шөвгийн дөрөв шалгарч үлдсэн. Хагас шигшээ барилдаанд Ази тивийн аварга, “Баку Гранд слам”-ын мөнгө, “Токио Гранд слам”-ын хүрэл медальт Японы Ryoma TANAKA-г цэвэр ялсан юм. Финалын барилдаан ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аваргын хүрэл медальт, “Душанбе Гранд слам”-ын мөнгөн медальт Тажикстаны Obid DZHEBOV-ыг ялж, алтан медаль хүртлээ.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 73 КГ-ЫН ЖИНД:

     Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 25 тамирчин байлаа. Манай улсаас Дамдинсүрэнгийн Будсүрэн “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Казахстаны Kuan  BARYS-д ялагдсан. Энэ жинд Лхамаагийн Энхдөл “С” хэсгийн нэгдүгээр тойрогт Туркийн  Ejder TOKTAY-д ялагдлаа. Д.Будсүрэнгийн хувьд туршлага болох тэмцээн байсан болов уу. Харин Л.Энхдөл шинээр гарч ирж буй Туркийн сайн тамирчинд хожигдлоо. Ер нь Л.Энхдөлд 66 кг-ын жин нь илүү амжилт гаргах,  тохиромжтой жин байж магадгүй.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 81 КГ-ЫН ЖИНД:

      Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд 17 тамирчин байв. Манай улсаас Оюунчимэгийн Шинэбаяр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан юм. Хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын LEE Junseong-д хожигдлоо. МУГТ О.Ууганбаатар, ОУХМ Н.Дагвасүрэн нараас хойш дэлхийн хэмжээнд өрсөлдөөн өрнүүлэх бөх 81 кг-д гарч ирэхгүй л байна. Г.Болор-Очирт итгэл найдвар хүлээлгэж байсан хэдий ч тэрбээр бэлтгэл хийхгүй байгаа. Хамгийн сүүлд  жин өгсөн 90 кг-д барилдсан. Манай улсын 81, 90, -100 кг-ын жингийн залуу бөхчүүдийн амжилт өсөхгүй хэвээр л байна.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН +100 КГ Б.ГОНЧИГСҮРЭН АЛТАН МЕДАЛЬ

     Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд 14 тамирчин байлаа. Манай улсаас ОУХМ Батхуягийн Гончигсүрэн “С” хэсгийг тэргүүлэн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт хэсгийн аваргын төлөөх барилдаанд Бахрейн Улсын нэр дээр барилдаж буй Азийн нээлттэй тэмцээний аварга, ОХУ-ын Azamat CHOTCHAEV-ыг ялж, шөвгийн дөрөвт үлдсэн. Хагас шигшээ барилдаанд Ази тивийн аварга, “Парис Гранд слам”-ын мөнгөн медальт, Өмнөд Солонгосын LEE Seungyeob-ыг буулган авсан.  Финалын барилдаанд, Европын аваргын хүрэл медальт, Словакийн Marius FIZEL-ийг ялж, алтан медаль хүртлээ.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН +100 КГ О.ЦЭЦЭНЦЭНГЭЛ V БАЙР

    Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жингийн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт  ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл, Хятадын Houding WEI-ийг ялсан. Улмаар “D” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Өмнөд Солонгосын LEE Seungyeob-д ялагдсан. Дагах тойрогт Бахрейны Azamat CHOTCHAEV-ыг ялж хүрэл медалийн төлөө барилдах боломжтой болсон.  Хүрэл медалийн төлөөх барилдаанд Хятадын LI Haiyang-д нэмэлт цагийн барилдаанд гурван торгуулиар ялагдаж V байрт орлоо. Дэвжээний шүүгч Хятадын бөхөд гурав дахь торгуулийг өгөх санал оруулсан ч хяналтын шүүгч дэмжээгүй.  Харин О.Цэцэнцэнгэл жаахан тэсвэр алдан яарч, мэх хийхдээ барьцаа алдаж гурав дахь торгуулийг авлаа. О.Цэцэнцэнгэлийн хувьд дэлхийн хэмжээнд өндөр амжилт гаргах нөөцтэй тамирчин. Түүний өвдөгний бэртэл бүрэн эдгээгүй байж магадгүй. Тулгуур хөл нь бэртэлтэй болохоор хүч гаргаж болохгүй байх шиг байлаа. Гэхдээ О.Цэцэнцэнгэлийн жин нэмэгдэж, хурд нь багассан байна. Барьцаа зөв олж чадахгүй, мэхний гүйцэтгэл дутуу байх шиг харагдав.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48 КГ Г.НАРАНЦЭЦЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬ :

      Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд  долоон тамирчин байлаа. Манай улсаас ОУХМ Ганбаатарын Наранцэцэг “С” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Хятадын 18 настай залуу тамирчинг ялж, шөвгийн дөрөвт шалгарч үлдсэн. Хагас шигшээ барилдаанд Пан Америкийн аваргын хүрэл медальт, Чилийн Mary Dee VARGAS LEY-д ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй үлдсэн.  Улмаар финалын барилдаанд Тайванийн Chen-Hao LIN-ийг ялж хүрэл медаль хүртсэн. Г.Наранцэцэгийн хувьд сүүлийн нэг жилийн хугацаанд  барилдаан нь жаахан суларсан. Тэрбээр жин их хасдаг байж магадгүй юм.  Их амархан, цуцдаг болсон байна лээ. Жаахан эрэмгий дайчин шинж, чанар түүнд дутагдаад байгаа. Эсвэл ямар нэгэн бэртэл, гэмтлээс болоод барилдаанаа бүрэн гаргаж чадахгүй байж ч магадгүй юм.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ Б.УРАНЗАЯА V БАЙР

     Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 10 тамирчин барилдсан. Манай улсаас Энэ жингийн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт  Баянмөнхийн Уранзаяа гоц мөргөн ялалт авсан. Хэсгийн аваргын төлөөх барилдааныг Хятадын Xiuzhi JIANG-ыг ялж, шөвгийн дөрөвт шалгарч үлдсэн. Хагас шигшээ барилдаанд Азийн залуучуудын аварга, Өмнөд Солонгосын KIM Minjeong-д хожигдсон. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдааныг Азийн залуучуудын наадмын хүрэл медальт, “Баку Гранд слам”-ын хүрэл медальт, Өмнөд Солонгосын HWANG Suryeon-д хожиглож, V байрт орлоо. Ийнхүү тэрбээр чухал шийдвэрлэх барилдаанд Өмнөд Солонгосын хоёр тамирчинд дараалан ялагдсан юм. Залуу тамирчин Баянмөнхийн Уранзаяагийн барилдааны ур чадвар жилээс жилд өсөж яваа, найдлага хүлээлгэж буй тамирчдын нэг.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 52 КГ Ц.ГАЛ-ОД

     Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Цэрэнтогтохын Гал-Од “А” хэсгийн нэгдүгээр тойрог БНАСАУ-ын KIM Won Gum-тай таарч ялагдсан. Тэрбээр барилдааны арга барилаа өөрчлөхгүй бол амжилт нь ахихгүй хэвээр л байх бололтой. Анх 52 кг-д гарч ирэхдээ ур чадвар үнэхээр сайн байсан. Одоо харин түүний араас гарч ирсэн залуу охидын ур чадвар түүнээс илүү гараад ирлээ.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ Л.СОСОРБАРАМ ХҮРЭЛ МЕДАЛЬ

      Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд 15 тамирчин барилдсан. Манай улсаас залуучуудын дэлхийн аварга, залуучуудын олимпын мөнгөн медальт ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам жин өгсөн барилдлаа. Тэрбээр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын NAM Yuri-ийг ялсан. Улмаар  “D” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Польшийн Arleta PODOLAK-ыг ялж шөвгийн дөрөвт үлдсэн.

    Хагас шигшээ барилдаанд Азийн нээлттэй тэмцээний аварга, Хятадын Jia ZHOU-д хожигдож, хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.  Финалын барилдаанд Хятадын “Ханжоу-2025” нээлттэй тэмцээний мөнгөн медальт, 19 настай залуу тамирчин LIU Shuang-ийг ялж, хүрэл медаль хүртсэн. Л.Сосорбарамын хувьд 57 кг-д жижигдэж, бярдуулаад байх зүйл алга байна. Цаашид энэ жинд барилдах бүрэн боломжтой нь харагдлаа.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 63 КГ-ЫН Л.ЭНХРИЙЛЭН МӨНГӨН МЕДАЛЬ

     Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд 15 тамирчин барилдлаа. Манай улсаас ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, МУГТ Лхагватогоогийн .Энхрийлэн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын SHIN Chaewon-ыг ялсан. Улмаар “D” хэсгийн аваргын төлөөх барилдаанд Словенийн “Австри-2025 Гран при”-гийн аварга, Европын залуучуудын аваргын мөнгөн медальт,  Kaja KAJZER-ыг буулган авч, шөвгийн дөрөвт шалгарч үлдсэн. Хагас шигшээ барилдаанд БНАСАУ-ын Азийн аваргын хүрэл медальт, KIM Ji Hye-ийг ялж, финалдсан. Алтан медалийн төлөөх барилдаанд “Тбилис-2025 Гранд слам”-ын мөнгө, “Парис-2025 Гранд слам”-ын мөнгөн медальт, Францын Manon DEKETER-д ялагдаж мөнгөн медаль хүртэв.  Л.Энхрийлэнгийн ДАШТ-ээс авсан тохойны бэртэл бүрэн эдгэсэн, үгүйг мэдэхгүй. Торгуулиар ялагдахгүй гэсэнд түрүүлж мэх хийж, өрсөлдөгчөө торгууль гэж хэт яарч, ороож үүрэх мэхийг дутуу, их л хөндий  хийв. Түүний алдааг анаж байсан Manon DEKETER-д үүнийг нь ашиглаж ялалт авлаа.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН +78 КГ А.АДЪЯАСҮРЭН V БАЙР

    Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд 12 тамирчин барилдав. Манай улсаас ОУХМ Амарсайханы Адъяасүрэн “В” хэсгийн нэгдүгээр тойрогт Тайванийн Sin-Yi YU-г ялсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Ази тивийн аварга, “Улаанбаатар-2025 Гран слам”-ын мөнгөн медальт, Хятадын “Залуу од” AYIMAN Jinesinuer-т ялагдсан.  Дагах тойргийн барилдаанд Хятадын 18 настай SUN Shaohan-ыг ялж, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Финалд Хорватын Helena VUKOVIC-д ялагдаж V байрт орлоо.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН +78 КГ Д.НОМИНЗУЛ VII БАЙР

   Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жингийн “С” хэсгийн нэгдүгээр тойрогт  ОУХМ Дамбадаржаагийн Номинзул, Хятадын залуу тамирчин Xiaohan SHANG-ыг ялсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд, “Улаанбаатар-2025 Гран слам”-ын аварга, Европын нээлттэй тэмцээний аварга, Францын Lea FONTAINE-д ялагдсан. Дагах тойргийн барилдаанд  “Душанбэ-2025 Гран слам”-ын мөнгөн медальт, Хятадын LIANG Ye-д ялагдаж, VII байраар тэмцээнээ өндөрлүүлэв.

 


“ЧИНДАО ГРАН ПРИ”-ИЙГ ЧИМСЭН МОНГОЛЫН ХОС АЛТАН МЕДАЛЬ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-30 20:19:26
    Зочин: Ямар ёлкны мод биш дээ, чимээд байхдаа ч яах вэ дээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188