• Өнөөдөр 2024-05-13

Т.САНЧИР, Б.БИЛГҮҮН ХОЁРЫН ХОРШИЛ ЯМАР ГОЁ БАЙВ АА

2022-11-16,   365

          Ар Монголын алдарт сагчин Т.Санчир, Б.Билгүүн нар Азийн аваргын эрхийн төлөөх тэмцээнд ёстой чиг аархлаа даа. Магад хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням агсан тэдний тоглолтыг үзсэн бол “Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол. Өөр юуг гайхамшиг гэх юм бэ гэдэг алдарт үгээ гарцаагүй хэлэх байсан болов уу. Үнэхээр чиг гайхамшигтай байлаа. Багийн зохион байгуулалт, нэгдэлт, талбайд гараад нэг хүн мэт бат бөх хамтарч, ойлголцож байгаатай бол ярих юм алга.

 

       Эхний тоглолтоосоо л Малайзын багийг сандаргасаар хожсон. Дараа нь Тайтигийн багтай тоглохдоо толгой өвдөх юмгүй багийн гишүүд авсан, авсан үүргээ сайн гүйцэтгээд л дайраад дуусгасан. Үндсэндээ өрсөлдөгч багуудаа манай тамирчид үзэхгүйгээр “арчаад” өнгөрч байгааг үзэгчид бэлхнээ харсан байх. Багийн эв нэгдэл, эрч хүч, багийн ахлагч нарын сонгодог хоршлоор бол гайхуулах шиг л боллоо. Т.Санчирын ирэмгий довтлолт, Б.Билгүүний тайван мөртлөө голыг нь олж орох, тоглолтын эгзэгтэй үед бөмбөг таслалт хийж, бусдыгаа удирдаж, хувиарлаж, амжилттайгаар үүргээ биелүүлэх боломжоор нь хангаж байгаа нь хожих гол гогцоо болж харагдана. За, тэгээд тэдний уран ганган шидэлт, хаалт, гоол оруулах мөчийг алдахгүй анаж байгаа нь аанай л сонгодог юмаа, сонгодог юм. Ийм л болохоор, ингэж л тоглолтыг үзүүлсэн болохоор монголчууд хоёр өдөр шидэлт бүрд нь хашгирч, судлаасаа босон өндөлзөж, омогшиж, бахархлаа. Тэдний тоглолтоор дүүрэн сайхан амьсгаллаа.

-САГСНЫ МАГНАТ Т.САНЧИР-

           Тэр үнэхээр сагсан бөмбөгийн орой нь юм. Түүний довтлолт, гэтэлт, харайлт, үсрэлт, шилжүүлэлт, шидэлтэд хязгаар алга. Сагсны талбайд гараад л хамаг байдгаараа асан дүрэлзэж, яаран адгаж, тэр хэрээр хурдан шаламгай, авхаалж самбаатай хөдөлж байгаа нь төрмөл сагчны шинжтэй. Төрмөл гэдэг нь нэг тийм авьяастай гэхэд хилсдэхгүй болов уу. Тэрбээр бага наснаасаа эхлэн сагсан бөмбөг сонирхож, Баянгол дүүргийн 40 дүгээр сургуульд суралцаж байхдаа сагсан бөмбөгийн спортыг сонирхон суралцаж эхэлжээ. Тэгээд л наймдугаар ангиасаа эхлэн сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багт тоглон, гадаад, дотоодын тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн байдаг. Дараа нь харин Отгонтэнгэр их сургуулийн сагсан бөмбөгийн багт орж, тэр үеэс л Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч  Ц.Цэвэрбалын удирдлагад орж, сагсан бөмбөгийн Лигийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсоноор түүний замнал эхэлсэн байдаг. Товчхондоо түүний сагсан бөмбөгт дурлаж эхэлсэн түүх энэ. Үүнээс хойш тэр тэмцээн, уралдаанд алгасахгүй орж, хаана сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж байна, тэнд л шилдэг тоглолтуудыг үзүүлсээр үндсэндээ сагсны магнат болсон нэгэн.  Ёстой л нэг сагсны төлөө төрж, сагсны талбайд цойлж, дүүлж, ноёлох үүрэгтэй ирсэн гэмээр л тоглолтыг үзүүлнэ. Гэхдээ хүмүүс Б.Билгүүн тэр хоёрыг “Одоо болсон, дараагийн үе нь гарч ирж байна” гэж насны хувьд голох тохиолдол байсан ч тэр сая болсон Азийн аваргын эрхийн төлөөх тэмцээнд ч тэр мөн “Би хариагүй шүү, миний асах үе дуусаагүй байна” гэдгийг бардам харуулж, муулсан олны амыг ёстой ч нэг алгадах шиг боллоо.

Тийм ээ, тэр хариагүй. Харин нь жигдэрч, илүү чамбайрч, идэлж, илүүрхэж тоглох нь үе нь ирж. Ид ч байна, ирэмгий байна. Олон тэмцээн, олон амжилт, олон шидэлт түүнийг хүлээж байна.

-ТАЙВАН ДӨЛГӨӨН МӨРТЛӨӨ ЭГЗЭГТЭЙ ҮЕИЙГ АНАГЧ Б.БИЛГҮҮН-

       Б.Билгүүн харин их тайван юмаа. Ёстой юу ч болоогүй юм шиг байж байгаад л дайрна гээч. Багаа бол хачин сайхан зохион байгуулж, нэгдүүлнэ. Бүр нэг хүн шиг болгож, талбайд гараад багийн тоглолтын хувьд ч ямар ч асуудалгүй бэлтгэж, чадаж байна. Үндсэндээ Б.Билгүүн ахлагч багийнхаа тайван дөлгөөн нэгэн боловч эгзэгтэй, ээдрээтэй үеийг анаж, гарцаагүй мухардалд оруулдаг нэгэн гэдэг нь Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх тоглолтод тод харууллаа. Арга, билиг гэдэг шиг Т.Санчиртай гарамгай сайхан хоршиж, арга, билгийг ч хослууллаа.

Уурхайчид,  Хүлэгүүд гээд хоёр багийг ахалж, ана мана, ач, тач үздэг хоёр маань хэрхэн нэгдэж харийн тамирчдын эсрэг баг болж, бат нэгдэн тоглосныг монголчууд хоёр өдөр ханатал харж, хачин ч бахархлаа.

      Тэд бол Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг сүүлийн арван жилийн хугацаанд хөтөлж, нуруун дээрээ үүрч, дүүрч яваа. Хэн нь ч хэнээсээ илүүрхэх юмгүй ижил тэнцүү өрсөлдөгчид гэдгийг монголчууд,тэр дундаа сагс сонирхогчид андахгүй. Гэхдээ нидэр дээрээ бол нэгдэж, нэг цул баг болж, хэзээнээс бэлтгэгдэж ирсэн мэт тоглож чаддаг гэдгээ тод илэрхийллээ. Б.Билгүүн шиг алсын хараатай, холч ухаантай, тайван мөртлөө бодож, боловсруулж чаддаг тамирчин Т.Санчирт хэрэгтэй. Т.Санчир шиг ирэмгий, зоригт, эгнэшгүй дайчин тоглогч түүнд ч хэрэгтэй. Яг л ертөнцийн хоёр туйл шиг сагсан бөмбөг гэх энэ хурд хүч, хөдөлгөөний шандас сорьсон спортод, тэр дундаа бат баг байж хождог энэ төрөлд тэр хоёр тун зохицож, яг таарчээ.

-ТЭД ХАМТДАА-

     Жаахан хөвгүүд байхаасаа л сагс тоглож, бөмбөгтэй нөхөрлөж ирснээс хойш тэд багийн ажиллагаа, нөхөрлөлийн үнэ цэн, хүсэл сонирхлоороо нэгдэж, өдгөө хүртэл алхаж, Монголын нэгэн үеийн  он цагийн сагсны ирийг хурцалж, хүчийг бэхэлж, өрсөлдөгч баг болон тамирчнаа сандаргаж, айлгаж, эрслэн босож, ирлэн хурдалж, өнөөд ч байр сууриа, баг хамт олноо, Монголын сагсан бөмбөг гэх ертөнцийг эзэгнэсээр байна. Тэдний хамтдаа гаргасан, шуугиулсан, үзэгчдийн нүдийг орой дээр нь гаргасан тоглолтуудыг уншигч та санаж байгаа байх. 2013 онд ОХУ-ын Казань хотод зохиогдсон тэмцээний үеэр Санчир, Билгүүн, Сэргэлэн, Азбаяр гэсэн залуус Японы шигшээ багийг анх удаа хожиж байсан нь саяхан мэт. Дараа жил нь БНСУ-д зохиогдсон тэмцээний үеэр дэлхийн ранк 25-д бичигддэг Йордан улсын багийг бас л тэд хожиж, уухай өргүүлэн байлаа. Энэ дунд Сагсан бөмбөгийн холбооны удирдлагын түвшний маргаан гэх асуудлаас үүдэн тэмцээн, уралдаанд орох олон боломжоо алдаж, хүч, хурд, авхаалж, самбаагаа хумиулж байсан нь тэдний олон амжилтыг хулгайлсан харамсалтай үйл явдал болсон. Гэвч тэд нисээд хэрэггүй ээ гээд жигүүрийг нь хумихад нисдэггүй шувууд биш. Харин ч улам элин халин нисэх шонхор шувуу  мэт дүүлдгээ харууллаа.

      Дахиад улам өндөрт нисээрэй, дүүлээрэй, шонхоруудаа. Та хоёрын хүч, багийн залуусынх нь итгэл, сэтгэл, хүсэл мөрөөдөл, үргэлжийн сагсан бөмбөгийн талбайд гал мэт асаж, үзэгчдийг омогшуулж, ангайлгаж, гайхамшгийг бүтээгээрэй. Бүр илүү гал гарсан, гайхамшгийг харуулсан тоглолтыг хүлээж байгаа шүү. Та нарын эрин үе дуусах болоогүй байна.


Т.САНЧИР, Б.БИЛГҮҮН ХОЁРЫН ХОРШИЛ ЯМАР ГОЁ БАЙВ АА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188