• Өнөөдөр 2024-05-17

БӨХЧҮҮД БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ, ТЕНДЕР БУДИЛААНТУУЛЖ, АВЛИГАД АВТЖЭЭ

2022-07-31,   746

         Монгол бөхийн хүрээллээс олигтой юм дуулдахаа болилоо. “Бурхан мартсан заяа” гэдэг шиг хамаг муу муухай, бүрхэг, бараан бүхэн бөхөөс л дуулддаг болж. Тэдний тухай ёстой л нөгөө "Ном уншуулж, хийморийн сан тавиулаасай" гэмээр л хар бараан зүйлс сонсогдох юм.  Бөхчүүд авлига, шунал, допинг, найраа, шударга бус өрсөлдөөн, дээрэм, тендер гээд буруу булхай бүхний үүр уурхай болоод дууслаа.

Ур, хүчний биш, мөнгөний мэхэнд худлаа унаж, барилдаж байгаа дүр эсгэх нь ихэссэн

     Бөх худлаа барилдана гэдэг бидний ёс заншил, үндэсний бахархал нуран унаж байгаагийн илрэл. Түүнээс жинхэнэ эр бяраа үзэж, мэх, урнаа шалгаж, ухаан бодлоо уралдуулахаа ч больж, хэн хэдэн төгрөгөөр унах вэ гэдэг бодол л толгойд нь эргэлдэж, барилдахаасаа таахалзах нь ихсэх болсон. Ингэсээр бөхчүүдээс жудаг, хүндлэл, шударга өрсөлдөөний “үнэр” ч гарахаа байлаа. Үүний нэг ичих булчирхайгүй, эрээ цээр нь дэндсэн жишээг бид өнгөрсөн наадмаар ханатал үзлээ.

            Начны найраа гэж байдаг ч ил цагаан ийм найраа, булхиа ховор. Харин улайм, цайм наадмын хүрээлэнд нэгэнтэйгээ утсаар наймаалцаж, авах үнэ өртгийнхөө тоог асууж сууна гэдэг бөхийн спорт болоод бөх шимтэн үзэж, бөхөө хайрлан дээдэлдэг монголчуудын итгэл, сэтгэлийг эвдсэн үйлдэл болсон. Хэнийг, юуг яриад байгааг уншигч та ч гадарлаж, толгой дохих биз. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын начин Н.Жаргалбаярын наадмаар үзүүлсэн бөх хүнд, тэр тусмаа улсын цолтой бөхөд баймгүй ёс жудаггүй үйлдлийг хамаг олноороо сонсож, үзэж жигшсэн. Улсын баяр наадмын тавын давааны өмнө ам авах үеэр тэрбээр Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбаттай утсаар ярьж байгаа бичлэг дүрс цахим орчинд цацагдсныг санаж байгаа байх.

     Тус бичлэгт “Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат байна. Манай аймгийн арслан Э.Нямааг авчих, тоогоо хэл” хэмээн хээв нэг хэлээд бөхийн ам авах асрыг эзэлж суусан түүнд монгол бөхөд байх шинж чанар, эрхэмлэх жудаг байгаагүй нь даанч өрөвдмөөр байсан. Түүний уйваагүй байдал үүгээр ч дуусаагүй. Авлигатай тэмцэх газраас шалгаж байна гэсэн мэдээллийн дагуу түүнээс хэвлэлийнхэн нөхцөл байдлыг асуусан байна лээ. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Намайг Авлигатай тэмцэх газраас шалгасан юм алга байна. Намайг яасан гэж шалгах юм бол доо. Намайг ам авах гээд сууж байхад над руу танихгүй хүн залгасан. Би утсаа авсан. Утсыг нь таслаад, түүнтэй яриагүй. Тэгээд амаа аваад барилдсан” гэсэн  гэсэн хариултыг өгөөд, биеэ өмөөрч суух. Түүнд хэрэв жаахан ч бөхийн ёс жудаг бий бол тэр өөрийгөө  ядаж өмөөрөхгүйгээр үлдэх байсан байх. Гэвч эцсээ хүртэл  биеэ өмөөрч, бөхийн ёс жудгыг уландаа гишгэж, дэвсэлсэн. Түүний энэ үйлдэл Монгол бөхийн жудаг, үнэ цэн, нэр алдрыг хамаг бүхэнтэй нь нураан унагаж, сүүлийн жилд хүчээ авч, хэрээс хэтэрсэн бөхийн найраа, хувилдаан, шударга бус барилдааны том үлгэр болсон.

        Ингээд, энэ жилийн наадмын бөхийн будлиан, дуулиан намжаагүй, халуунаараа шахуу байхад араас нь Багахангай дүүргийн наадам залгалаа. Улсын баяр наадам өндөрлөв үү, үгүй юү өнөө хэдэн бөхчүүд маань аймаг, сум хошуу хэсэж, дэвжээнд гарч, хэл ам таталж, хэрүүл маргаанаа хийсээр л яваа бололтой. Тухайлбал, энэ сарын 21-нд Багахангай дүүргийн наадам болсон. Улсын цолтой бөхчүүд өнөө л янзаараа нэрээ өгч, цолоо дудуулаад, эхнээсээ барилдахаа больсон гэнэ. Ингэхдээ улсын харцага Б.Зоригтбаатар, Э.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Серик нар барилдахгүй гэдгээ мэдэгдсэн аж. Энэ байдал мөн л ард иргэдийн дунд төөрөгдөл үүсгэж, хардалтыг төрүүлдэг.  Энэ бол бидэнд мэдэгдэж байгаа ил нэгэн жишээ болохоос далд бол хэзээний хэв болоод тогтсон зүйл. Бараг бөхчүүд нь дэвжээн дээрээ гарч байгаад наймаагаа хийчихээд, барилдах нь холгүй байна гэхэд хэтийдэхгүй.

      Сумын наадамд гэхэд гаднын сумын хүчтэнд түрүүгээ өгөхгүй гэж юу болдог билээ дээ. Улайм цайм хүч илүү байхад л хотол хошуугаараа дарж, бөөрөлхөж, хүчтэй ч үзүүрт үлдээд л буцдаг жишээг бид үй олноор нь мэднэ. Ийм нэг бөхийн жудаг, үнэ цэнийг унагасан бөхийн цолтнуудтай байхаа больмоор байна. Бөх гэдэг дэг соёл, хүндлэл эрэмбийн түүчээ байхаас авлига, шунал, мөнгөний наймаа болох ёсгүй. Мөн бөх хүн хамгийн жудагтай, нуруутай, хэр баргийн зүйлд эв зангаа алддаггүй хүмүүс байтал харин ч эсэргээрээ бөхчүүдээс л муу муухай, элдэв янзын зүйл нь гарах боллоо. Бөхчүүд маань гандан орж ном уншуулах ёстой болов уу, ааш зан, ая төрхөө эргэн нэг харах хэрэгтэй болов уу.

  -АЙМГИЙН ЦОЛТОЙ БӨХЧҮҮД НАЧИН БОЛГОХ БАГЦ ҮЙЛЧИЛГЭЭ АВДАГ-

        Наймаа найрааны асуудал бүр багц болсон тухай ч яриа гарсан. Аймаг, сум, нутгаасаа бөх түрүүлүүлэх гээд өнөө хэдэн бизнесмэн, улс төрчид байдгаа барж, хамаг арга мэх, хороо найруулах гэж  харин ч нэг үзэж тарж, үсэр наалдана. Ингэхдээ бөхчүүд хоёрын даваанаас эхлэн мөнгө төлж, улсын цол авах нь бүр моод болчихсон юм билээ. Тэгээд үүнийгээ начин болох багц үйлчилгээ ч гэдэг аж. Монголчууд бид аль нэг бараа бүтээгдэхүүн, хоолны багц үйлчилгээ л гэж сонсож байснаас начин цолны багц гэж мэдэхгүй. Гэвч өнгө шид нь бүрдсэн өнөө нийгэмд бол бөхийн багц хүртэл байдаг болох нь. Ер бөхийн эхний таван даваа дотроо бол хэдийн идэж, урд өдөр нь л хамаг найраа, тохиролцоогоо хийгээд эхэлчихсэн, бөөн бэлтгэлтэй бөхчүүд зодоглож, худал унаж, улайм цайм өвдөг шорооддог. Унааны мөнгө ч жил ирэх бүр нэмэгдэж, тэр хэрээр найраа наймааны тохиролцоо тэлж, өргөжиж, газар авч байгаа.

-МОНГОЛ БӨХИЙН ДЭВЖЭЭ ДОПИНГОД "БУЗАРТЧИХСАН"-

       Бөхийн хүрээ ганц найраа, наймаагаар зогсохгүй. Допинг, гэмт хэрэг, мөнгөтэй хүмүүсийн хамгаалагч гээд хөвөрнө. Ер бөх хаана л бол хаана явах болжээ. Тэр дундаа допинг бол монгол бөхийн босоо цагаан заяаг жинхэнэ гутааж, унагааж байгаа зүйл. Улсын арслан Э.Оюунболд, даян аварга Н.Батсуурь, улсын гарьд Ө.Бат-Орших, аймгийн арслан Н.Батсайхан,Б.Хадбаатар тэргүүтэй бөхчүүдээс сүүлийн жилүүдэд допингийн асуудал салахаа больж, нисэх нь холгүй допинг хэрэглэгчид болоод байгааг бид сонссоор хэдийн дөжирсөн. Ер улсын баяр наадмаас хойш шуугиан тарьж, допингийн асуудалд орооцолдсоор бүтэн жил хэрүүл маргаан дагуулна. Угтаа бол бөхчүүд маань ханхайж, аль нэг баяр наадамд шударгаар хүч бяраа үзчихээд, унавал унаад, давбал даваад явах ёстой атал допингтой, допингүйг илрүүлэх шинжилгээнд орж, нэр, цолоо дуудуулдаг нь даанч ичмээр.

     Бөх бол унаган хүч бяр, ухаан бодол, мэхтэй байх учиртай. Тэгж гэмээнэ бөх байдаг.  Харин хүч бяраа сэргээдэг сэргээш, ямар нэгэн эмийн бодис хэрэглээд барилддаггүй. Магад анхнаасаа сэргээш хэрэглэдэг байсан бол хэн ч барилдаж, хүч бяраа үзэх байсан байх. Энэ бол бөхийн хамгийн ядмагхан, үндэсний бөхөө гутаан доромжилсон үйлдэл. Монгол бөхийн дэвжээн дээр жинхэнэ хүч бяраа үзэхээр гардаг болохоос ямар ч хамаагүй аргаар давах гэсэн, давахын төлөө юу ч хийхээс буцахгүй улайрах нь зохимжгүй юм.

  -БӨХЧҮҮД УУЛ УУРХАЙ БОЛОН МӨНГӨТЭЙ ХҮМҮҮСИЙН ХАМГААЛАГЧ ХИЙХ БОЛСОН-

   Бөхчүүдийн дараагийн нэг зүйл бол уул уурхай болон мөнгөтэй хүмүүсийн хамгаалагч хийх болсон байдал. Монгол бөхийн бяр хүч, эр зоригийг мөнгөтэй дарга нарын хамгаалагч төдийгөөр ашиглаж байгаа нь мөн л ичмээр байдал. Монгол бөх бол монголчуудын хийморь лундаа болохоос аль нэг даргын хамгаалагч хийгээд зогсох зүйл биш. Гэвч мөнгөний эрхээр эрхгүй томчуудын халхавч, хамгаалагч, авран хамгаалагч болох. Үүнээс үүдэн бусдыг дарамтлах байдал газар авч, монгол бөх нэг дарга өмөөрч хүн ардаа дээрэлхэх, дээрэмдэх асуудал дэлгэрсэн. Хамгийн ойрын жишээ гэхэд, Дорноговь аймгийн Мандах сумын Богдын хошуун хонд гэх газарт “Түмэн айл инвест” гэх компани нүүрс олборлохоор ажлаа эхлүүлэх болсноо зарласан. Гэвч нутгийн иргэд тус компанийн үйл ажиллагааг эсэргүүцэхэд, тус компанийн ажилчдаас гадна мөн л бөхчүүдийг дайчилж байсныг мэднэ байх. Ядарсан, хүчгүй ард иргэдийг өргөж шидээд л, муу муудаа дээрэлхүү гэдэг шиг мөн ч аархуу харагдаж байна лээ. Ер эгэл жирийн ард иргэдэд хү бяраа үзүүлэхээс цаашгүй. Энэ мэтээс эхлэн бөхчүүд хамгаалагч, дарамтлагч болж энд тэндгүй ажиллаж байх боллоо. Бөх очдоггүй газар ч гэж үгүй болжээ. Уул уурхай, газрын наймаа, тендер авах гээд бөх л юм бүхэнд оролцдог болж. Тэгээд болохгүй бол хүчээр шийдэж, дээрэлхэж байгаад бүхнийг эзэлж, эзэн суух жишиг тогтчихсон. Бөх ер бүхний манлайлагч, атгагч, гартаа авагч болжээ. Хөрөнгөтэй хэн нь ч бөх хөлсөлж, хамаг наймаа хэлэлцээрээ хийж, хатуу хүтүүд нь эр бяр, хүчийг нь ашиглаж, гарынхаа үзүүрээр хөдөлгөдөг болсон.

-БӨХЧҮҮД ГЭМТ ХЭРЭГТ Ч ОРООЦОЛДОЖ БАЙГАА-

         Бөхийн буруу, булхай байдал даамжирсаар сүүлдээ бүр гэмт хэрэг рүү хүртэл ороод байгаа. Хамгийн ойрын жишээ гэхэд Олимпын аварга Н.Түвшинбаяр, найз болох улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулж, улмаар нас барж, Н.Түвшинбаяр аварга одоо ялаа эдэлж байгааг хэн бүхэн мэднэ. Энэ бол бөхийн спортод гарсан хамгийн том жишээ. Одоо бөхчүүд хүний наймаа хийж байна л гэж дуулдахгүй юм даа. Бусдаар бол бүх л муу муухай, буруу булхайтай бөх холбогдож, монгол бөхийн ёс жудаг, нэр төр унахын дээдээр унаж байгаа. Ер бөхчүүд  мөнгөний мэхэд хуйгаараа унаж, хүч бяраа мөнгөнд үрж байгааг дээр өгүүлсэн жишээнээс харж болох. Монгол бөх мөнгө төгрөг амласан бүхний манлайд явж байна. Өөрсдөө ч компанитай болж, хөлжиж, баяжиж, тэр хэрээр бөхийн дэвжээн дээр томорч байна. Монгол Улсын нэртэй аваргын хүү гэхэд төрийн үйлчилгээ үзүүлдэг компанитай болсон. Утас цохиод л олон мянган бөхчүүдийг нэг дор цуглуулж, бизнесээ толгой өвдөхгүй топ хийтэл аваад явж байгаа. 

-ТЕНДЕР АВСАН БӨХЧҮҮД Ч БИЙ-

     Дан хүч бяраа ашигласан зүйлсэд бөхчүүд яваад байна гэвэл бас үгүй юм. Төр түшилцэж, бизнест орж тендер хүртэл хүртэх нь ч бий аж. Тухайлбал, улсын аварга П.Бүрэнтөгс  машин механизм, сэлбэг тоног төхөөрөмж худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Арцат ямаат" гэх компанитай юм билээ. Мөн тэрбээр төрийн өмчит "Тавантолгой түлш" компанийн тендерт хүртэл оролцсон байна. Мөн улсын заан Ж.Ганболд, улсын заан Д.Бумбаяр, гарьд Б.Гантогтох гээд бөхчүүд ч мөн тендерт оролцож байгааг бид өмнө нь мэдээлсэн. Тэгэхээр бөхчүүдэд хүрэхгүй газар, гараа хүргэхгүй зүйл ч үгүй болжээ. Авхаалж самбаа, арга заль нь ихдэж, хөрөнгө мөнгөнд нүд нь сохорсноор монгол бөхийн ёс жудаг, эрэмбэ дараа, шударга барилдаан л үгүй болж байх шиг байна. Цаашид ч хэчнээн ч бөх дээрэм хийж, нэгнээ зодож, тендер будилаантуулж, авлигад идэгдэхийг мэдэхгүй ч эрт дээрээ ухаан сууж, монгол бөхийн жудаг мартагдаж, устахгүй байгаасай л гэж хүсэж байна.

Монгол бөхөд бардамнал ч гэж алга. Мөнгөтэй бүхэнд бөхөлзөж, мөнгөнд хүч бяраа унтраасан бөх нэрнээс өөр зүйлгүй л болох нь уу гэмээр


БӨХЧҮҮД БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭЖ, ТЕНДЕР БУДИЛААНТУУЛЖ, АВЛИГАД АВТЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-27 08:11:48
    Би: Бүгд мэддэг мөртлөө хэзээ ч ил болдоггүй бөхийн найраа хэзээ ч арилахгүй ээ. Монгол өв соёл, уламжлал энэ тэр гээд бид өөрсдөө бөхчүүдийг давраагаад байна. Хэн үнэн хүчээрээ барилдав, хэн найраа хийв гэдгийг нэг их ярьдаггүй л болохоос ард түмэн бараг мэднэ дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-25 14:05:54
    иргэн: ЦЭРЭНПУНЦАГ, СУМЬЯАБАЗАР, БАТЗОРИГ, ӨСӨХБАЯР ......
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188