• Өнөөдөр 2024-05-19

Багууд ямар тоглогчийг онилох вэ

2020-11-04,   957

Коронавирусийн хөл хорионы улмаас хоригдоод байсан АҮСБХ-ны тоглолтууд АНУ-ын Орландо хотод байрлах лагерт улирлын тоглолтуудаа үргэлжлүүлж, Лос Анжелес Лейкерс баг аваргын цом хүртсэн билээ. Үүний дараа багийн менежерүүд нүүдлээ түргэн хийж, чөлөөт агент болох шилдэг тоглогчидтой хэдий нь холбогдоод эхэлсэн юм. АҮСБХ-ноос энэ сарын 18-нд драфт эхлэхийг албан ёсоор мэдэгдсэн. Улмаар драфт эхлэхтэй зэрэгцэн чөлөөт агентын зах зээл эхлэх юм. “Эргэлт.мн” сайтаас АҮСБХ-ны багуудын онилоод буй 30 тоглогчийг танилцуулж байна.

1.Атланта Хавкс баг, хамгаалан тоглогч Деррик Уайт

Сайн бөмбөг эзэмшилтийн чадвараараа багтаа довтолгооны нэмэлт сонголт гаргадаг түүний тухай багийнх нь дасгалжуулагч Грег Попович дурдаж байсан удаатай. Мөн хамгаалалтын потенциал сайтай хэмээн сайшаагддаг түүнийг Атланта Хавкс багийн ерөнхий менежер Травис Шленк хэдий нь анхааралдаа авчээ.

2.Бостон Селтикс баг, төвийн тоглогч Майлз Тернер

Дорнод бүсийн финалын тоглолтоос хойш Майлз Тернерийн ур чадвар Бостон Селтикс багийн ерөнхий менежер Дэнни Эйнгийг гайхшруулаад байгаа аж. Тэрбээр будагтай талбайд идэвхтэй тоглодог түүнийг багтаа хамгийн хэрэгтэй тоглогч хэмээжээ.

3.Бруклин Нетс баг, хамгаалан тоглогч Си Жэй Макколум

Түүнийг олонх судлаач бүх багийн бүрэлдэхүүн, хэмнэлд таарч тоглож чадна гэдэг. Харин Бруклин Нетс багийн ахлах дасгалжуулагч Стив Неш түүнийг багтаа элсүүлж, Кевин Дюрант болон Кайри Өрвин гэх бүх одод тоглогчдын хамтаар аваргын цом руу зүтгэнэ хэмээжээ.

4.Шарлотт Хорнетс баг, төвийн тоглогч Монтрезл Харрелл

Хүчирхэг бүрэлдэхүүн бүрдүүлэн аваргын цом руу дайрсан Лос Анжелес Клипперс баг хожигдсоноос хойш багийн гишүүд дундаа их маргаантай байгаа аж. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэдний амжилтад хүрч чадаагүй нь төвийн тоглогч Монтрезл Харреллын буруу ч хэмээсэн байна. Энэ их үймээнийг ашиглан Шарлотт Хорнетс баг түүнийг бага хэмжээний цалингийн төсвөөр авах санаатай байгаа юм.

5.Чикаго Бүллс баг, довтлон тоглогч Дануэл Хаус Жуниор

Тус багийн довтлогч Отто Портер Жуниор ирэх улиралд 25.8 сая ам.долларын цалин авах ч бэртлийн улмаас тоглолтод оролцохгүй. Багийн удирдлагуудын зүгээс түүнийг орлуулахаар хамгаалалтад хурдтай Дануэл Хаус Жуниорыг сонирхож байгаа гэнэ.

6.Кливлэнд Кавальерс баг, довтлон тоглогч Деррик Жонес Жуниор

Өмнөх улирлын төгсгөлд Деррик Жонес Жуниор болон Кливлэнд Кавальерс багийн удирдлагууд хэдий нь холбогдож тохиролцжээ. Түүний цагираг дээрээс довтлох ур чадвар болон өнгөрсөн улирлын оновчтой шидэлтийн хувь нь 67.7 байсан нь анхаарлын төвд ороход нь нөлөөлсөн юм.

7.Даллас Маверикс баг, холбон тоглогч Горан Драгич

Ирэх жил чөлөөт агент болох учир Майами Хит баг цалингийн цэсээ сайжруулахын тулд түүнийг солилцохоор болжээ. Өнгөрсөн жил бүтэлгүйтсэн дээрх хоёр багийн дундах солилцоо биелэх өндөр боломжтой юм.

8.Денвер Наггетс баг, хамгаалан тоглогч Брэдли Бийл

Өрнөд бүсийн шигшээ тоглолтуудад чамгүй амжилттай тоглосон Денвер Наггетс баг шилдэг залуу тоглогчид дээрээ туршлагатай шидэгч Брэдли Бийлийг нэгтгэн ирэх улиралд илүү амжилт зүтгэх аж.

9.Детройт Пистонс баг, төвийн тоглогч Кристиан Вуд

Детройт Пистонс баг түүнийг солилцоогоор Кливлэнд Кавальерс баг руу явуулсны дараах түүний үзүүлэлт сайжирсан юм. Харин багийн удирдлагууд түүнийг эргэн багтаа урих саналтай байгаа ажээ.

10.Голден Стэйт Уарриорс баг, довтлон тоглогч Пол Миллсап

Голден Стэйт Уарриорсын гол тоглогчдын бэртэл багийн амжилтад асар их сөрөг нөлөө үзүүлсэн билээ. Харин багийн ахлах дасгалжуулагч Стив Керр ирэх улиралд тоглолтын системээ өөрчлөн тоглож үзнэ гэжээ.

11.Хьюстон Рокетс баг, төвийн тоглогч Нерлэнс Ноел

Өнгөрсөн жилийн чөлөөт агентын зах зээл дуусахтай зэрэгцэн Хьюстон Рокетс баг Нерлэнс Ноелыг солилцоогоор явуулсан. Түүнээс хойш багийн довтолгоо илт сайжирсан ч хамгаалалт муу байгаа юм. Энэ тал дээр хурдтай будагтай талбайн тоглогчоо эргүүлэн авчрах тухай багийн ерөнхий менежер Рафаэл Стоун “Яагаад түүнд дахин болгомж олгож болохгүй гэж” хэмээсэн юм.

12.Индиана Пэйсерс баг, төвийн тоглогч Крис Баучер

Тус багийн одоогийн бүрэлдэхүүнд байгаа Майлз Тернер, Домантас Сабонис будагтай талбайд яг ч тохирсон тоглогчид биш гэж багийн удирдлагууд үзжээ. Иймээс будагтай талбайн хана болж чадахуйц залуу тоглогч Крис Баучерийг сонгож байгаа юм.

13.Лос Анжелес Клипперс баг, төвийн тоглогч Стивен Адамс

Хуучин ахлагч асан Крис Пол багаа орхисноос хойш Лос Анжелес Клипперс баг урьд өмнөхөөсөө илүү хамгаалалтад тулгуурлаж тоглох болсон. Энэ удаад “Чадвартай хамгаалагчид дээрээ хүчтэй, том залуусыг нэгтгэн ирэх жил урьд өмнө нь байгаагүй шинэ системээр тоглоно” хэмээн тус багийн ахлах дасгалжуулагч Тайрон Лю мэдээлсэн юм.

14. Лос Анжелес Лейкерс баг, холбон тоглогч Деррик Роуз

17 дахь аваргын цомоо хүртээд удаагүй байгаа ч Лос Анжелес Лейкерс баг дараагийн нүүдлээ идэвхтэй хийж эхэлсэн. Чөлөөт агент болж буй тоглогч Энтони Дэвисийн шийдвэрээс хамааран холбон тоглогч Деррик Роузыг авчрах талаар зөвлөлдөх аж.

15.Мемфис Гриззлис баг, хамгаалан тоглогч Де Антони Мелтон

Өнгөрсөн жилийн драфтын хулгай болсон шинэ тоглогч Жа Морантын хамтаар тус баг өмнөх улиралд чамгүй амжилт үзүүлсэн билээ. Энэ удаад гадна талбайд түүнд туслуулахаар хурдтай холбон тоглогч Де Антони Мелтоныг авчрахаар зэхээд буй юм.

16.Майами Хит баг, холбон тоглогч Жрю Холидэй

Багийн ерөнхийлөгч Пат Райли “Тодорхой амжилтыг хүсэж байгаа” тухайгаа дурдаж байсан юм. Тийм ч учраас тус багийн зүгээс сайн тоглогчид хайж буй эрэлдээ өдгөө 30 нас хүрч буй чадварлаг холбон тоглогч Жрю Холидэйг сонирхож байгаа аж.

17.Милуоки Бакс баг, хамгаалан тоглогч Виктор Оладипо

Аваргын төлөөх өрсөлдөөнд дээгүүр яригдсан ч тэр хүртэл амжилт үзүүлж чадаагүй Милуоки Бакс баг ирэх жилийн бүрэлдэхүүндээ Виктор Оладипог нэгтгэхийг хүсэж байгаа юм. Ингэснээр өмнөх улирлаасаа илүү амжилтад хүрэх боломжтой тухай багийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлээд байна.

18.Миннесота Тимбервулвз баг, хамгаалан тоглогч Малик Биасли

Удахгүй болох драфтын дээгүүр сонголтуудаас горилоод буй Миннесота Тимбервулвз баг чөлөөт агент болох хамгаалан тоглогч Малик Биаслигийн гэрээг сунгах талаар мэдээлжээ. Улирал дуусахаас өмнөх 14 тоглолт дахь түүний үзүүлсэн амжилтыг багийн туслах дасгалжуулагчид сайшааж байгаа аж.

19.Нью Орлеан Пеликанс баг, довтлон тоглогч Брэндон Инграм

Урьд өмнөх жилүүдийн драфтын сонголтуудаас дээгүүр сонголтыг хийгээд буй Нью Орлеан Пеликанс багаас Брэндон Инграмын гэрээг сунгах хүсэлтэй байгаа юм. Багийн удирдлагуудын зүгээс түүнийг бүх одод тоглогч болж чадахуйц потенциалтай хэмээн үзжээ.

20.Нью Йорк Никс баг, холбон тоглогч Крис Пол

Багийн удирдлагуудын зүгээс жил бүр шилдэг холбон тоглогчдын нэг Крис Полыг сонирхож, хүсэлт тавьсаар иржээ. Энэ удаад ч мөн санал тавиад амжсан гэнэ. Харин тус багийн хөгжөөн дэмжигчдийн хувьд өдгөө 35 настай Крис Полыг багтаа нэгтгэх дургүй байгаа юм.

21.Оклахома Сити Тандер баг, драфтын сонголтууд

Шигшээ тоглолтоо дуусгаснаас хойш багийн удирдлагууд дунд багаа тараах тухай яригдсан. Тус яриа биеллээ олж, багийн ерөнхий менежер одоо байгаа чадварлаг тоглогчдоо солилцоогоор явуулж, драфтын хэд хэдэн дээгүүр сонголтыг хүсэж байгаа гэнэ.

22.Орландо Мэжик баг, хамгаалан тоглогч ДеМар ДеРозан

Орландо Мэжик баг төвийн тоглогч Дуайт Ховардын үеэс хойш сайн амжилт үзүүлж чадаагүй байгаа. Ирэх наймаагаараа чадварлаг тоглогч ДеМар ДеРозаныг авчрахыг төлөвлөгөөтэй аж.

23.Филадельфи 76-чууд баг, хамгаалан тоглогч Бадди Хьелд

Тус багийн ерөнхий менежер Дэрил Мори багийн шилдэг залуу тоглогч Жоэл Эмбиид, Бен Симмонс нарын аль нэгийг нь өөр баг руу солилцоогоор явуулах тухай мэдээлсэн. Харин шидэлт болон хамгаалалтыг хослуулсан залуу тоглогч Бадди Хьелдийг сонирхож байгаа юм.

24.Финикс Санс баг, довтлон тоглогч Жерами Грант

Финикс Санс багийн өмнөх жилийн драфтын дээгүүр сонголтуудыг өнгөрсөн улирлаас харахад багийн ирээдүй болсон сайн тоглогчид болсон нь харагдсан. Энэ удаад багийн зүгээс “Чадварлаг тоглогч Жерами Грантыг багтаа нэгтгэн илүү том амжилт руу хүч үзнэ” гэжээ.

25.Портлэнд Трэйл Блэйзерс баг, довтлон тоглогч Данило Галлинари

Өдгөө 32 настай довтлогч Данило Галлинари өмнөх улиралд 14 хоногийн гэрээтэй Оклахома Сити Тандер багт тоглосон үеийн амжилт нь Портлэнд Трэйл Блэйзерс багийн удирдлагуудын анхаарлыг татжээ. Энэ удаад үндсэн гэрээт тус багийн зүгээс Данило Галлинариг солилцоонд оруулахгүй, багтаа авч үлдэх талаараа мэдээлээд байна.

26.Сакраменто Кингс баг, хамгаалан тоглогч Богдан Богданович

Багийн удирдлагууд Богдан Богданович болон Бадди Хьелд зэрэг шилдэг залуусаа өөр баг руу явуулах сонирхолгүй байгаагаа мэдээлсэн. Өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-ын сенаторын гишүүн Кевин О'Коннор түүний талаар “Тэрбээр маш сайн тоглогч. Одоо буйгаасаа илүү ч болж чадна гэж итгэж байна. Харин энэ тал дээр багийн зүгээс түүнд туслах үүргийн тоглогчид авчрах хэрэгтэй” хэмээсэн юм.

27.Сан Антонио Спөрс баг, довтлон тоглогч Аарон Гордон

Хамгаалан тоглогч ДеМар ДеРозанд төвлөрсөн довтолгооны сонголттой Спөрс багийнхан энэ удаад Аарон Гордоныг анхааралдаа авчээ. Түүний хүчирхэг бие болон хамгаалалт чадвар нь багт хэрэгтэй хэмээн багийн ахлах дасгалжуулагч Грег Попович үзсэн гэнэ.

28.Торонто Рэпторс баг, холбон тоглогч Фред ВанВлит

Тус багийн гарааны гол тоглогчид болох Марк Газол, Серж Ибака, Кайл Лоури нар чөлөөт агент болох юм. Багийн удирдлагууд тэднээс илүүтэй шилдэг залуу тоглогч Фред ВанВлитыг авч үлдэх сонирхолтой байгаа ажээ. Хоёр жилийн өмнө Рэпторс баг анхныхаа аваргын цомыг өргөхөд тэрбээр том туслалцаа үзүүлсэн билээ.

29.Юта Жазз баг, хамгаалан тоглогч Жастин Холидэй

Өнгөрсөн шигшээ тоглолтуудад Юта Жазз баг Денвер Наггетс багийн эсрэг долоон дахь тоглолтдоо ялагдал хүлээсэн билээ. Тус багийн дасгалжуулагчдын зүгээс хүнд, хэцүү шигшээ тоглолтуудад Жастин Холидэй шиг тоглогч маш хэрэгтэй хэмээн үзжээ.

30. Вашингтон Визардс баг, довтлон тоглогч Дэвис Бертанс

“Вашингтон Визардс баг ирэх улирлын шигшээ тоглолтуудад өндөр өрсөлдөөн үзүүлбэл зөвхөн хамгаалалтаараа биш шүү” хэмээн багийн удирдлагууд мэдээлж, довтолгоонд анхаарах тухай зарласан. Довтолгооны системд тус багт тохирсон хурдтай довтлогч Дэвис Бертанс хэмээн үзэж, ирэх чөлөөт агентаас түүнтэй гэрээ байгуулах тухай ярилцана хэмээжээ.

 


Багууд ямар тоглогчийг онилох вэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188