• Өнөөдөр 2025-03-07

ЗАЛУУ ХҮЧТЭН Б.ОРХОНБАЯР БУЮУ ЭР БОР ХАРЦАГА

2022-07-13,   3055

        Манай сэтгүүлч Д.Бямбасүрэн өдгөөгөөс дөрвөн сарын өмнө өнөөдрийн улсын арслан, тэр үеийн улсын харцага Б.Орхонбаярын тухай ийн бичиж байсныг сэргээн сануулъя. 

        Монголын үндэсний бөхийн ертөнцөд, ирмэг зоригт, эрс шулуун хүчит, халуун залуу бөх цойлж, давж, дэвэн дүүлж байгааг уншигч та анзаарч байгаа болов уу. Хорь гаруйхан настай улсын харцага, зоригт дайчин, эгэл даруухан тэр бол Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спортын хороо, “Хос түрүү” ХХК, “Атар трейд” ХХК, “Таван Хан” дэвжээний бөх, улсын харцага Баярсайханы Орхонбаяр.

 

    Аварга, арслан, заан, начин цолтнуудын дэргэд насны хувьд “балчир” тэр, хүч, мэхний хувьд “том” байгааг олон ч барилдаанаар батлан харуулж, эрслэн үзүүлж байна. Хурд хүч, цовоо цойлгон байдал, өнгө төрхөөрөө эрхгүй манлайлж, залуу хүчтэнүүдийн хүчтэй төлөөлөл болон тодорсоор байгаа түүний барилдаан онцгой содон, оргилуун байгааг бөх сонирхогч, бөхийн хорхойтнууд ам уралдан ярьж, “Энэ хүү юм дуулгана аа, иртэй байна даа” гэж түүнийг хэдийн хараандаа авчихсан сууна. Онцлон дурдахад, тэр ерээд оныхны сүүл үед мэндэлсэн, бидний үеийн залуу хүчтэн. Манай үеийнхнээс "төрсөн" ганцхан залуу улсын харцага. Харин аав, ээжийнхээ хувьд, “жаахан” хүү нь. Монгол Улсад бол энэ цагийн “Эр бор харцага”.Тэрбээр өнөөдөр амжилт, авьяас, төрөлхийн хурд хүч, аархлаараа насандаа баймгүйгээр цойлж, түрж, дүүлж, хүч, ааг, аархал, авьяасандаа багтаж ядан байна. Дэндүү дэврүүн, халгиж, цалгисан их хүчтэн, ирээдүйн улсын аварга түүнийг уншигч танд бахдан өгүүлье.

  Түүнийг бичихдээ хүртэл барилдааны түрүү авч байгаа мэтээр огшиж, омогшиж байгааг ч нуулгүй дурдая. Үнэхээр халгиж, цалгисан нэгэн тэр мөн болохоор уншигч танд ч мөн хүлээлт, их горидлого үлдэнэ гэдэгт итгэлтэй байна. Дахин танилцуулья. Тэр бол Улсын харцага Баярсайханы Орхонбаяр.

-21 НАСТАЙ УЛСЫН НАЧИН -

    Бөхөд нас хамаардаггүй, зөвхөн хүч байдаг гэх үгийг хаа нэгтээ дуулаад сонин санагдадгүй байв. Тэгвэл тэр үгийг баталсан, баталж яваа нэгэн бол Б.Орхонбаяр. Түүний амжилт, давалт, ааг, омог, хүч зоригийг хараад эрхгүй дээрх үг санаанд буусан юм. Мэдээж шууд л залуу бөх улсын цолтой бөхийн барилдаанаас эхлэхгүй. Монгол бөхийн жудаг, намба, дүрэм ёсоор сумын наадмаас эхэлж, аймаг, улс гэж дарааллах ёстой. Б.Орхонбаяр ч мөн тэр ёсоор явж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын наадамд түрүүлж, сумын заан цол хүртсэнээр аймаг, улс руу цойлж, хүч бяраа гайхуулж эхэлсэн байдаг. Бөх удам дагадаг гэдэг. Түүний ээжийн талд сум орон нутагтаа барилддаг хүмүүс байдаг байж. Тийн хоосонгүй удмын хүү түүнд тэдний хүч бяр өвлөгдөж, залуу насныхаа ир, хүсэл тэмүүллээр жигүүрлэн барилдаж эхэлсэн юм билээ.

    Энэ талаар тэрбээр хэвлэлд “Ээжийн талынхан барилддаг хүмүүс байсан юм билээ. Гэхдээ миний хувьд 13 настай байхад Н.Түвшинбаяр тамирчин олимпын аварга болж байсан нь санаанд тод үлдэж, барилдах хүсэл төрсөн. Түүнээс хойш барилдах сонирхолдоо хөтлөгдөн бөхөөр хичээллэж эхэлсэн” хэмээн даруухан өгүүлсэн байдаг. Бөх хүний даруу төлөв, бүдүүн бараг, уужуу тайван, гүндүүгүй гүдэсхэн чанар түүнд бүрэн цогц оршдог. Мэдээж дан ганц хүч бөхөд байдаггүй. Тогтнуухан, намуун, ихэд амар амгалан чанар хүч бяр дээр тогтнон оршиж гэмээнэ  бөх хүн сая давж, олноо баясгаж, хүч тэнхээгээ бусдад гайхуулдаг болов уу. Б.Орхонбаяр залуу мөртлөө бөхөд байх шинж чанарыг барьж, баримталдаг нэгэн гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Түүний залуу хүчтэн байгаа нь ч үүнтэй холбоотой болов уу. Үргэлжлүүлэн амжилтаас нь дурдвал, 2018 онд сумын заан цолтойдоо Сэлэнгэ аймгийн наадамд анх удаа зодоглохдоо наймын даваанд Н.Энхжаргалыг өвдөг шороодуулан, түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн түүхтэй. Дараагийн томоохон амжилт буюу илүү өндөрт томхон цойлж чадсан нь 2019 оны улсын наадмаас улсын цолны болзол хангаж, том цолтой, аварга бөхчүүдийн хараанд өртөж, хэзээ ч цахиур хагалж, давж, шидэж, өвдөг шороодуулж мэдэх залуу хүчтэн төрж байгаа шүү гэдгээ харуулсан явдал юм.

Ингэж тэр 21 насандаа улсын начин болж, улсдаа дархлагдаж, урагш ахисан амжилтын эзэн болсон юм.

-ХАЛУУН ЗАЛУУ ХАРЦАГА-

Эр бор харцага

Жигүүрэндээ хүчтэй л байна уу даа

Идэрхэн залуу насандаа

Ажиг ч үгүй явлаа шүү дээ...хэмээн Монгол ардын уртын дуу “Эр бор харцага” дуунд өгүүлдэг. Эрхгүй өнөө цагийн залуу хүчтэн “Эр бор харцага” бол Б.Орхонбаяр мөнөөс мөн. Үүнийгээ тэр өнгөрсөн жилийн улс тунхагласны баярын барилдаанд түрүүлж баталсан бөгөөд зургаа давж, улсын харцага цол хүртсэн. Ингэж тэр ердөө гурван жилийн дотор сум, аймаг, улсын цолтон бөх болж, нас залуу хүчтэнгээр тодорсон. Улсын начин цол аваад ердөө хоёр жилийн дараа л харцага цол хүртсэн. Бөхийн барилдаан шүүгч, бөх сонирхогчдын ярьж байгаагаар бол түүний хамгийн гол зэвсэг, давуу тал нь хурд аж. Энэ талаар өөрөө ч өгүүлж байв. Тэрбээр “Миний хамгийн гол давуу тал бол хурд болов уу. Яагаад ч юм хурдан барилдчихаад байдаг юм. Мөн аль болох үзэгчдийн сэтгэл хөдөлгөсөн барилдаан хийхийг боддог” гэж байв. Залуу, дээрээс нь давах чин халуун хүслийн жигүүр л түүнийг дэвжээний голд “нисгэж”, дүүлэхэд нөлөөлж байгаа болов уу. Гэхдээ хий хоосон сэтгэлийн хөөрлөөр давж, түрүүлж байна гэвэл өрөөсгөл. Мэдээж түүнд давах, өрсөлдөгчөө өвдөг шороодуулах ухаан ч мөн байгаа. Хурдтай давуу талаа ухаантайгаа хослуулж барилдсан нь түүний амжилтыг гол нууц байх.

    Дээр өгүүлсэнчлэн залуу хүчтэн Б.Орхонбаяр хорь гаруйхан насан дээрээ яваа ч ухаан сууж, буурь суусан хүчтэн. Хөнгөн хуумгай, гүжир барилдаан түүнээс гардаггүй. Энэ байдал бөх сонирхогч, бөхийн томчуулын хайрыг татаж, анхааралд нь байдаг нь нууц биш. Энэ нь ганц бөхийн хүрээнийхэн ч биш үзэгч түмэнд ч илт байдаг. Нөгөө талаар унтаа, унхигар, сулбагар барилдаан гэдэг иргүй мохоо, хийморьгүй, үзэж байгаа үзэгчдийг залхаах талтай. Харин иртэй, уртай, ухаантай, жудагтай, хурд хүчтэй барилдаан бол эрхгүй олныг шуугиулж, хийморийг нь сэргээж, омогшуулдаг. Энэ журмыг ч тэр баримталж, залуу хүчтэнгүүдийн дундаас ир бяраараа цойлж яваа.

-УРАН УНШИГЧ БӨХ-

   Б.Орхонбаяр харцага барилдахаас гадна шүлгийг их сайхан уран уншдаг юм билээ. Энэ нь ээжээс нь улбаатай гэнэ. Ээж нь түүнийг ахтай нь хамт багаас нь урлагийн олон тэмцээн уралдаанд оруулж, шүлэг уншуулж, бүжиг бүжиглүүлж, олон талаар нээж, хөгжүүлдэг байж. Бөх гэхээр бүдүүн бараг, дуу цөөтэй гэсэн ойлголтыг залуу бөх эвдэж, хаана ч дугараа өргөж, шүлэг яруу найраг уншиж, юунд ч эвлэг, эвтэй, дөртэй нэгэн нь түүний онцлог байна. Түүнээс гадна багаасаа цагдаагийн хүн болно гэж боддог тэрбээр сонирхолдоо хөтлөгдөн, бөхийн ертөнц рүү оржээ. Учир нь, багаасаа Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын хэсгийн төлөөлөгч аавыгаа дагаж, сум, сум гэссээр цагдаа болох битүүхэн хүсэлтэй байж байгаад, олимпын аварга Н.Түвүшинбаярыг Бээжингийн олимпид түрүүлдэг үеэс хойш бөхөд хорхойсч, цагдаагаас бөх рүү хүслээ урвуулжээ. Өөрөөр хэлбэл, тэр хэрэв хүчний салбарт байсан бол бид өнөөдөр Б.Орхонбаяр гэж залуу улсын харцагатай байж, нүд, сэтгэлээ баясгахгүй байж. Сайхан бөх, тэгээд залуу хүчтэн гэдэг бөх сонирхогч хэн бүхний хувьд яах аргагүй нүд, сэтгэлээ баясгаж, омогшлоо хөглөх өнгө төрх шүү дээ.

-ТҮҮНД ТОМ ИРЭЭДҮЙ БИЙ-

    Залуу хүчтэн, энэ цагийн эр бор харцага Б.Орхонбаярт том ирээдүй, том нөөц бололцоо, залуугаараа аваргын болзол ханга их хүч бяр бий гэдгийг амтай бүхэн хэлж, харж буй. Ирэх улсын наадамд ч түүнийг хүлээж байгаа. Үүнийг хэдхэн хоногийн өмнө болсон Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ойд зориулсан “Сонгинохайрхан уулын хишиг” улс аймгийн алдар цолтой, эрэмбэ чансаатай хүчит бөхийн 128 бөхийн барилдааны түрүүг авахдаа тэр баталж, олон түмэн ч бодолдоо улам итгэл тавих болов. Бөхөд хайртай, сайхан залуу бөх тэрбээр “Бөхийн дэвжээн дээр гарахад үгээр хэлэмгүй сайхан. Тэр дундаа нэрээ дуудуулах мөчид цаг хугацаа зогсчихсон юм шиг, шуранхайлах шиг гоё ссонсогддог” гэж өгүүлсэн байдаг. Үнэхээр бөхийн дэвжээн дээр гарахдаа тэр хэчнээн омголон, оргилуун, цойлсон, цоролзсон, гэрэлтэн гийж, жигүүрлэн дүүлж байдгийг үзэгч түмэн андахгүй. Түүний дэвжээн дээрх өнгө нэг л өөр, ирээдүйн зүг чигийг, аваргын түрүүг тодорхой зааж байдгийг өгүүлэхэд хэтийдэхгүй болов уу.

    Тэр хэвлэлд өгсөн яриандаа “Спорт бол залуу насны зүйл. Залуу болохоор спортоосоо гарч магадгүй” гэж байсан нь магад түүнд найддаг,  түүнийг хүлээж буй олон ч үзэгчдийг гонсойлгосон яриа болов уу. Учир нь, бид сүүлийн жилүүдэд бөхөд чин халуун сэтгэлтэй, дэвжээнд гараад л хурд хүч, эр зориг, авхаалж самбаагаараа илт давуу залуу хүчтэнг хараагүй удсан, тийм хүчтэнгээр дутагдаж, цангаж ирсэн. Харин Б.Орхонбаяр гарч ирснээр үзэгчдийн, бөх сонирхогчдын цангааг тайлж, баяр сэтгэлд нь гал асаасан шүү дээ. Ийм байхад  бөхийн дэвжээнээс бууна гэвэл бөхөд хайртай олон хүн үгүйлж, хоосрох болов уу. Тэгэхээр битгий бөхийн ногоон дэвжээнээс буугаарай, битгий зодог тайлаарай. Үргэлжийн ирмэг, эрэлхэг, эр зориг, хурд хүчээрээ олон түрүүг авч, үзэгчдийг бахархуулан, цэнгүүлээсэй гэж хүсэж байна.


ЗАЛУУ ХҮЧТЭН Б.ОРХОНБАЯР БУЮУ ЭР БОР ХАРЦАГА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-17 08:43:16
    Санагддаггүй : Санагдадгүй гэж бичээд байхдаа яахав дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-13 02:40:36
    П.Билэгбадрах: Сэтгүүлч Бямбасүрэн энэ мундаг хүү шүү гэдгийг ямар эрт мэдэрч бичсэн юм бэ? Энэ нийтлэл тэр цэл залуу арсланд 3 хан сарын өмнө сэтгэлийн их дэм өгсөн б.а. Сэтгүүлч хүний өндөр мэдрэмж түүнд ийм сайхан өндөр амжилт авчирэхэд 3 сарын өмнө ч гэсэн сэтгэлзүйн дэм өгсөн б.а. та 2 т их баярлалаа. Монгол Түмний Өмнөөс Улсын арслан Б.Орхонбаярт халуун баяр хүргэе!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188