• Өнөөдөр 2024-04-25

Иргэдийн сонирхдоггүй хөрөнгийн биржээс шинэ цагийнхан “хөлждөг” болжээ

2020-09-01,   502

Хөрөнгийн зах зээл, хувьцаа, үнэт цаасны арилжаа зэргийг бид мөнгөтэй хүний сонирхдог зүйл хэмээн ойлгодог. Гэтэл энэ санхүүгийн зах зээлд тэгш эрхтэй оролцдог, хамгийн нээлттэй харилцаа нь энэ аж. Нэг ёсондоо энд их хөрөнгө, мөнгө шаардлагагүй юм байна. Энэ талаар сурвалжлахаар Монголын Хөрөнгийн биржийг зорилоо. Хотын төв хэсэгт байрлах гурван давхар саарал байшингийн гадуур хүн, машин тасралтгүй холхино. Дотогш орвол албаны хувцастай ахимаг насны хамгаалагч “Ямар асуудлаар явж байна” хэмээн лавлан асуулаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашиг олгохтой холбоотой иргэд Хөрөнгийн биржийг зорих нь ихэсжээ. Биднийг очсоноос хойш тус газар хүмүүс тасарсангүй. Тэд “Хувьцааны дансаа нээлгэх гэсэн юм, яаж бүртгүүлэх вэ” хэмээн асууж байлаа.
 
Энэ бүхэнд харуул “Манайд данс нээхгүй. Брокерийн компаниуд дээр данснээнэ. Гадаа үүдний хэсэгт компаниудын мэдээллийг гаргасан байгаа” хэмээн тайлбарлав. Үүнээс ажиглахад манайд Хөрөнгийн зах зээл, хувьцааны мэдээлэл хомс байдаг нь илт. Иргэд хувьцаа эзэмшигч болохын тулд эхлээд хувьцааны данс нээлгэх хэрэгтэй юм байна. Ингэхдээ заавал хөрөнгийн биржийг зорих шаардлагагүй гэнэ. Тус биржид арилжаа хийдэг брокер дилерийн компаниудаас нэгийг нь сонгож тухайн компаниараа зуучлуулан данс нээлгэж, хөрөнгийн зах зээлд оролцох боломжтой аж.
 
Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй байх үед өмч хувьчлалыг зохион байгуулах, Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилготой Монголын хөрөнгийн бирж үйл ажиллагаагаа эхэлсэн гэдэг. 1992 оны хоёрдугаар сард өмч хувьчлалын эрхийн бичиг буюу “цэнхэр тасалбар”-ыг олгож эхэлснээр иргэд хувьцаатай болсон аж. Тухайн үед 475 улсын үйлдвэрийн газар Монголын Хөрөнгийн биржид бүртгүүлж, цэнхэр тасалбараар компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлсэн байна. Үүнээс хойш 1995 оноос иргэд өөрийн хөрөнгийг эргэлтэд оруулж, зарж, худалдаж авах эрх нь нээлттэй болжээ.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ БУЙ 10 МЯНГАН ИРГЭН БИЙ

Энэ талаар Монголын Хөрөнгийн биржийн Зах зээлийн хөгжлийн албаны мэргэжилтэн П.Нямдорж “Монголд хөрөнгийн зах зээлд оролцох иргэдийн тоо харьцангуй бага байдаг. Одоогийн байдлаар идэвхтэй оролцдог 10 мянга гаруй хүн бий. Хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл бага учир оролцоо сул байна. Уг нь иргэн 10, 20 төгрөгтэй байхад хөрөнгийн зах зээлд оролцох боломжтой. Өөрөөр хэлбэл, ийм үнийн дүнтэй компанийн хувьцааг худалдаж аваад тухайн компанийнхаа эзэн, эзэмшигч нь болно гэсэн үг. Үүнийг иргэд төдийлөн мэддэггүй. Хөрөнгийн бирж дээр хямд үнэтэй Монголын томоохон компанийн хувьцаа олон бий.
 
Тухайлбал, Сүү, Говь компанийн нэг ширхэг хувьцаа одоогийн байдлаар 200 төрөг, АПУ компанийн хувьцаа 540 төгрөгөөр арилжаалагдаж байна. Энэ мөнгөөр хөрөнгө оруулалт хийж, компанийнхаа ашгийг хүртэх боломж нь нээлттэй байна. Хөрөнгийн зах зээлд оролцоход маш хялбар болчихсон. Монголын хөрөнгийн бирж 2012 онд хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэхээр Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтын ажиллагааны мастер гэрээ байгуулсан юм. Энэ хүрээнд дэд бүтцээ шинэчилж, хууль эрх зүйн орчноо сайжруулсан. Энэ үеэр Лондонгийн хөрөнгийн биржид ашигладаг MIT системийг биржийн үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр иргэд, брокерын компаниуд алсаас арилжаанд оролцох боломжтой болсон.
 
Өөрөөр хэлбэл, иргэн гар утсаараа цахимаар холбогдож, брокерын компанид бүртгүүлж, Монголын Хөрөнгийн биржийн арилжаанд шууд оролцох боломжтой болсон гэсэн үг. Манай санхүүгийн зах зээлд арилжааны банкууд голлох байр суурь эзэлдэг. Уг нь хөрөнгийн зах зээлд нэг өдөр нэгж хувьцааны ханш 15 хувиар хөдлөх боломжтой байдаг” гэлээ.

ТАВАН ТӨГРӨГӨӨР АРИЛЖААЛАГДАЖ БАЙСАН КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ ӨССӨӨР 500 МЯНГАН ТӨГРӨГТ ХҮРСЭН

Иргэд хөрөнгийн зах зээлд оролцсоноор компаниас ногдол ашиг, ханшийн зөрүүний ашиг хүртэх, хувийн өмчтэй болох зэрэг давуу талтай. Хувьцаа худалдаж авах нь хадгаламжинд мөнгө хийхээс илүү ашигтай гэх нь бий. Гэхдээ эрсдэлээ тооцоолохыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Монголын Хөрөнгийн биржид өндөр өсөлттэй буюу хувьцаа нь хамгийн өндөр үнээр арилжаалагдаж байгаа нь орон нутгийн Тавантолгой компани аж.
 
Анх 1992 онд тус компанийн нэгж хувьцаа 100 төгрөгөөр арилжаалагдаж эхэлсэн бол 1995 онд хувьцааны ханш унаж таван төгрөгт хүрч байжээ. 2006 оноос үйл ажиллагаа нь эрчимжиж, тус компанийн хувьцааны үнэ өнөөдөр 572 мянган төгрөгт хүрсэн байна. Мөн түүний араас Лэнд.мн компанийн хувьцаа өндөр өсөлттэй байгаа. Тухайн компани анх хувьцаагаа 25 төгрөгөөр арилжаалж эхэлжээ. Хувьцаагаа арилжаалж эхэлсэн зургаан сарын хугацаанд 75 төгрөг болж хувьцааны үнэ гурав дахин өссөн байна. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй 199 компани байдаг аж. Хөрөнгийн зах зээлд компани хувьцаагаа арилжаалах нь ямар ашигтай вэ гэх асуултад тэрбээр “Компаниуд хөрөнгийн зах зээлд IPO хийх нь үйл ажиллагаагаа тогтвортой явуулах, богино хугацаанд өргөжин тэлэх боломжийг нь нээж өгч байгаа юм.
 
Ихэнх компани IPO хийх үйл ажиллагааг мэдээгүйгээсээ болж, банкнаас өндөр хүүтэй зээл авчихдаг. Энэ нь компанид буцаагаад маш их дарамт бий болгодог. Банкнаас зээл авч, үйл ажиллагаагаа эхлүүлээгүй шахам зээлийн эргэн төлөлт хийх болдог. Жижиг бизнес эрхлэгчдийн дампуурлаа зарлах гол шалтгаан нь энэ. Харин компанийнхаа хувьцааг зарснаар олон эзэмшигчтэй болж, олуулаа компанийн үйл ажиллагаанд анхаардаг болно” хэмээлээ.

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ЗАЛУУС СОНИРХОХ НЬ ИХ БАЙНА”

Хөрөнгийн зах зээлд иргэн, компани хоёрыг зуучилдаг гол байгууллага нь үнэт цаасны буюу броккер, дилерийн компаниуд. Манайд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 54 компани байдаг. Үнэт цаасны компаниар зуучлуулан хувьцааны дансаа нээлгэсэн иргэд хувьцаа худалдан авах, зарах захиалгаа өгнө. Үнэт цаасны компаниуд харилцагчийн арилжааны мэдээллийг Монголын Хөрөнгийн биржийн программ руу оруулснаар хөрөнгийн зах зээл дэх арилжаа явагддаг аж. Энэ талаар Ард капитал үнэт цаас, хөрөнгө оруулалтын компанийн ахлах менежер Ч.Раднаадагваас мэдээлэл авсан юм.
 
Тэрбээр “Манайх броккер, дилер, андеррайтерын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, харилцагчийг үнэт цаасны арилжаанд зуучлах, өөрийн мөнгөн хөрөнгөөрөө арилжаанд оролцох, хаалттай компанийг хөрөнгийн биржид нээлттэй болгон жуулчлах үйлчилгээ үзүүлдэг. Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлийг залуус их сонирхох болсон. Хөрөнгийн биржийн арилжаанд цахимаар шууд оролцох болсон нь энэ зах зээлийг залуучууд сонирхоход багагүй түлхэц болж байгаа юм. Харин хөрөнгө оруулалтын бүтцээрээ буюу их мөнгөөр оролцдог нь нас тогтсон хүмүүс байгаа нь ажиглагдаж байна.
 
Манайд үнэт цаасны дансаа 10 мянган төгрөгөөр нээлгэнэ. Арилжааны шимтгэл нь нэг хувьтай байдаг. Үнэт цаасны арилжаанд бүх хүн оролцох боломжтой. Хүүхдүүдэд үнэт цаасны данс нээж, захиран зарцуулагч 16 нас хүртэл эцэг, эх асран хамгаалагч нь байдаг. Манай компаниар дамжуулан 2018 онд гурван компани IPO хийсэн. Өөрөөр хэлбэл, хаалттай байсан компани олон нийтэд өөрийн хувьцааг санал болгож, төвлөрүүлсэн хөрөнгөөрөө компаниа санхүүжүүлж үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн үг. Аливаа компани зах зээлд оролцож, хөрөнгө төвлөрүүлэх гэж байгаа бол хөрөнгө оруулагчдын сонирхлыг түрүүлдэг, ирээдүйгээ харсан үйл ажиллагааг явуулах нь чухал” гэлээ. Мөн хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцож буй иргэдийн байр суурийг сонслоо.
Иргэн н.Тумбааш: Анх 1072 хувьцааны дансаа нээлгэхээр үнэт цаасны компанид хандаж байсан юм. Тухайн үед үнэт цаасны компаниас хөрөнгийн зах зээлд оролцох санал тавьсан юм. Ингээд л хувьцаагаа авч, худалдаж эргэлтэд оруулдаг болсон. Би том хөрөнгө оруулагч биш. Гэхдээ хувьцаа нь хэсэг бүлэг хүн дээр төвлөрчихөөд бага хөрөнгө оруулагчид ашиг муутай байх шиг байна. Уг нь энэ төвлөрсөн хувьцааг задалчихвал хөрөнгийн биржийн үйл ажиллагаа сайжрах байх.
 
Иргэн Ү.Батмагнай: Намайг 13 настай байхад ээж Хувьцааны цагаан толгой гэдэг ном авч өгсөн юм. Ингээд хөрөнгийн зах зээлийн мэдлэгтэй болж үнэт цаасны компанид бүртгүүлэхээр болсон юм. Гэтэл тухайн үед насанд хүрээгүй байсан учир эцэг эхийнхээ зөвшөөрөлтэй данс нээлгэж, арилжаанд оруулахдаа ч өөрийн дураар шийдэж болохооргүй байсан. Тухайн үед надад хувьцаа худалдан авах мөнгө байгаагүй. Тиймээс хувьцаагаа арилжаалах эрхтэй болох хүртлээ хүлээж, энэ талаарх мэдээллийг цуглуулсан юм. Энэ хугацаанд өөрийн гэсэн хөрөнгөтэй ч болсон.
 
Анхны хувьцаагаа хоёр сая төгрөгөөр худалдаж авч байв. АПУ, Говь зэрэг томоохон компанийн хувьцааг анх авч байсан. Дараа нь ITools, Лэнд.мн зэрэг компанийн хувьцааг худалдан авч, хөрөнгөө эргэлтэд оруулах болсон. Одоо бол хувьцаагаа нэг их хөдөлгөөгүй байна. Мөн би санхүүгийн чиглэлээр суралцаж байгаа. Хүмүүс үнэт цаасны талаар мэдээлэл багатай байх шиг байна. Энэ нь 1072 хувьцааны данс нээлгэх зэрэгт тодорхой харагдаж байгаа. Жишээлбэл, дансаа нээлгэхэд тодорхой хураамж төлдөг. Үүнийг маш их шүүмжилж байгаа харагдсан.
 

Иргэдийн сонирхдоггүй хөрөнгийн биржээс шинэ цагийнхан “хөлждөг” болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188