Боинг 737 ачааны онгоц хөдөлгүүр нь гэмтсний дараа Хавайн эргийн ойролцоо осолдсон байна. Холбооны нисэхийн ерөнхий газрын (FAA) мэдээлснээр эргийн хамгаалалтынхан онгоцонд байсан хоёр нисгэгчийг аварчээ. Тус онгоц Хонолулугаас Мауи арал руу явж байсан боловч хөөрснийхөө дараахан Калаелоа нисэх онгоцны буудлаас гурван км зайд усанд унасан байна. Холбооны нисэхийн ерөнхий газар, Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлтэй хамтран ослын талаар мөрдөн шалгах аж.
ABC News сувгийн сэтгүүлч Алекс Стоуны мэдээлснээр нэг нисгэгч нь хүнд гэмтэж, эрчимт эмчилгээ хийлгэж байгаа бол хөнгөн шархдсан нөгөө нисгэгчийг эргийн хамгаалалтынхан далайн эрэгт гаргажээ.
Нислэгийг хянах Flightradar24 вэбсайт твиттертээ “Энэ бол 2014 оноос хойш Трансэйр агаарын тээврийн компаний ашиглаж байсан 737-200 ачаа тээврийн онгоц. Тус онгоцыг 1975 онд үйлдвэрлэсэн бөгөөд анх Pacific Western Airlines компанийх байсан” гэжээ. Мөн Трансэйрийн 810 дахь нислэг Хонолулугаас Хахулай руу орон нутгийн цагаар 01:33-т хөдөлсөн ч хурдтайгаар буцаж эргээд, агаараас хэдхэн минутын дотор усанд осолдсон гэж мэдээлжээ. Трансэйр нь Хавайн хамгийн том ачаа тээврийн компани бөгөөд Боинг-737 ачаа тээврийн таван онгоцтой аж.
Эх сурвалж: BBC News
Б.Бадамзул
Боинг 737 ачааны тийрэлтэт онгоц Хавай арлын ойролцоо далайд осолджээ |
|