• Өнөөдөр 2024-04-26

ХАНХҮҮ ХАРРИ: 12 настайдаа ээжээсээ хагацахад аав минь намайг тэврээ ч үгүй

2023-01-20,   713

                      Британийн ханхүү Харри 2020 онд хатан хааны гэр бүлийн гишүүний эрх үүргээсээ татгалзсан ч түүний эхнэр, Сассексийн гүнгийн ахайтан Меган хоёр олны анхаарлаас холдсонгүй. Өнгөрсөн онд ханхүү Харри, Меган нарын гэр бүлийн түүхийн талаар зургаан ангит баримтат кино гарч, шинэ он гарснаас хойш ханхүү өөрийн амьдралаас намтарчилсан “Нөөц” номоо гаргаж, дэлхийн анхаарлыг татаад байна.  Намтарчилсан номыг “Нөөц” гэж нэрлэсэн нь ханхүү Харри Британийн залгамжийг үргэлжлүүлэх үүрэг, мөн номондоо “Намайг ханхүү Уильямын донор болгохоор төрүүлсэн” гэж бичсэнтэй ч холбоотой байж болох. Өөрийн түүхээр намтарчилсан шинэхэн номоо өлгийдөөд байгаа ханхүү Харри “60 минут” нэвтрүүлэг оролцож, хөтлөгч Андерсон Купертэй ээж Диана гүнжийг нас барснаас хойших уй гуниг, аав Чарльз хаан, хойд эх Камилла, ах Уильям ханхүүтэй таарамжгүй харилцаатай болсон тухайгаа дэлгэрэнгүй ярьжээ.  

 

-Та шинэ номондоо ханхүү Уильямтай маргалдсан талаараа бичжээ. Номонд “Би Уилли руу харав. Магад хөвгүүд байснаасаа хойш анх удаа түүн рүү харсан нь тэр. Өөдөөс минь харах танил царайг би дотроо харсан. Цаг хугацаа өнгөрөх тусам, Уилли нас ахих тусмаа бидний ээжтэй улам адилхан болж байсан юм” гэжээ?

                      -Чи мэднэ дээ, ах бид хоёр нэгэндээ хайртай. Би түүнийг гүнээ хүндэлдэг. Ах бидэнд сүүлийн зургаан жилд хоёрын хооронд зовлон их тохиолдсон. Миний бичсэн, хэлсэн бүхэн маань гэр бүлээ гомдоох зорилготой байгаагүй. Гэвч энэ бидний өсөж торнисон үеийн дүр зургийг бүрэн гаргаж өгсөн. Бас ямар нэгэн байдлаар ах бид хоёрын харилцааг миний эхнэр сүйтгэсэн байж болно гэсэн бодол тээж явдаг.

-Олон нийт хоёр ханхүүг нэгэндээ хайртай, маш дотно, салшгүй холбоотойг мэддэг. Гэсэн ч та хоёр ээжийгээ нас барснаас хойш тусдаа амьдарч, өөр өөрийн замаа хөөх болсон...

-(санаа алдав)

-Бүр нэг ахлах сургуульд байхдаа ч нэгэнтэйгээ хөндий байсан гэдэг?

-Ах дүүсийн өрсөлдөөн.

-Ах дүүсийн өрсөлдөөн ч гэсэн ханхүү Уильям танд “Нэгнээ танихгүй юм шиг дүр эсгэ” гэж хэлсэн гэдэг байх аа?

                      -Тэр үед хэцүү байсан. Би түүнийг ойлгоогүй аль эсвэл ойлгохыг ч хүсээгүй. Тэгэхэд би “Юу гэсэн үг вэ. Бид одоо нэг сургуульд байсан. Хоёулаа олон жил уулзаагүй. Одоо хамт зугаалж ч болох юм байна шүү дээ” гэхэд Уильям “Үгүй ээ, сургуульд дээр нэгнээ танихгүй юм шиг байгаарай” гэсэн. Ахын хэлснийг би үнэхээр хүндээр хүлээж авсан. Бид нэгэнтэйгээ маш төстэй сэтгэлийн шархтай байсан. Харин дараа нь үүнийгээ хоёр өөр аргаар шийдсэн. 

-Ханхүү Уильям тантай Диана гүнжийн талаар ярихыг оролдоход хүүхэд байсан болоод ч тэр үү хариулж чаддаггүй байсан гэсэн?

                      -“Чамтай энэ тухай ярихыг хүсэхгүй байна” гэж хэзээ ч хэлж байгаагүй. Би зүгээр л энэ тухай яаж ярихаа мэддэггүй байсан. Тэр үед ахтайгаа эсвэл өөр хэн нэгэнтэй энэ тухай ярих нь сэтгэл гутралын эмчилгээ болно гэж бодож байгаагүй юм.

 

1997 оны наймдугаар сарын 31-нд Диана гүнж Парист автомашины осолд орж нас барсан юм. Тэр үед ханхүү Харри 12 настай, ханхүү Уильям 15 настай байсан бөгөөд хөвгүүд аавтайгаа хамт Шотландад амарч байжээ.

 

-Диана гүнжийг нас барахад их уйлсан уу?

                      -Үгүй дээ, тэр үед ганц ч дусал нулимс унагаж чадаагүй. Би гэнэтийн цочролд орсон. 12 настай, өглөө эрт ч байсан. Аав гэнэт өрөө рүү маань орж ирээд “Осол гарлаа” гэсэн. Үнэндээ би итгэж чадаагүй.

-Та номондоо “Аав минь намайг тэврээгүй. Тийм нөхцөлд ч энгийн, сэтгэл хөдлөлөө харуулаагүй” гэж бичжээ. Энэ талаараа ярихгүй юу?

-Юу ч биш ээ, юу ч болоогүй.

-Диана гүнжийн оршуулга. Одоо тэр үеийн бичлэгнүүдийг харахаар юу бодогддог вэ. Ямар мэдрэмж төрдөг юм бэ?

                      -Уильям бид хоёр хоёул зэрэгцэж зогсоод инээмсэглэж байгааг харах хачирхалтай санагддаг. Бас өөрийгөө гэм буруутай гэдгээ санадаг.

-Гэм буруу гэж?

-Бидний уулзсан хүмүүс ах бид хоёроос ч илүү сэтгэл хөдлөл үзүүлж байсан юм.

-Гүнжийн оршуулгад очсон бүх л хүн уйлж байсан шүү дээ. Харин чи?

                      -Олон хүн нулимс унагасан. Тэнд очсон бүх хүний ханцуй нойтон байсныг санаж байна. Би ч эхэндээ ойлгоогүй л дээ.

 

1997 оны есдүгээр сарын нэгэн өглөө болсон Диана гүнжийн оршуулгыг дэлхий даяар 2.5 тэрбум хүн үзсэн байдаг. Гүнжийг сүүлчийн замд нь үдэхээр Вестминстерийн сүм рүү хөдлөхөд ханүү Харри, Уильям хоёрын араас нь гундуухан алхаж явсан юм.

 

-Ээжийгээ сүүлчийн замд нь үдэхээр Вестминстерийн сүм рүү алхаж байсан талаараа ярихгүй юу?

                      -Үнэхээр нам гүм байсан. Тэр нам гүмийг эвдэж хэн нэгний уйлах, мэгших дуу санаанд ордог. Би замд явсан моринуудын туурайг ч мартдаггүй. Морины хазаар, тэрэгний дугуй, зам дээрх хайргануудыг ч. Гэсэн ч хамгийн мартдаггүй зүйл нь нам гүм байдал.

 

Уг ёслолын дараа Диана гүнжийг гэр бүлийнх өвөг дээдсийн эдлэн Альпортод оршуулсан юм.

 

-Ээжийг оршуулах үед л би анх удаа уйлсан. Тэр цагаас өмнө хэзээ ч уйлж байгаагүй.

-Хэзээ ч үү. Хүүхэд байхдаа ч гэсэн үү?

-Уйлаагүй ээ.

-Та Диана гүнжийг нас барсан гэдэгт итгээгүй байх...

                      - (санаа алдав) Би маш удаан ээжийг байхгүй болсон гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. "Тэр хэзээ ч бидэнд ийм зүйл хийхгүй. Энэ төлөвлөгөөний нэг хэсэг ч байж магад" гэсэн бодол толгойноос минь салаагүй.

-Ээжийгээ хэсэг хугацаанд алга болоод буцаад гараад ирнэ гэдэгт итгэдэг байсан гэж үү?

                      -Хэсэг хугацааны дараа ээж бидэн рүү залгаж, дуудна даа гэж итгэдэг байсан.

-Тэр итгэл тань хэр удаан үргэлжлэв?

-Олон жил. Уильям бид хоёр ч энэ тухай ярилцаж байсан. Тэр ижил итгэл тээж явсан байх.

-Номондоо "Өглөө сэрээд л өөртөө "Магадгүй энэ өдөр. Энэ өдөр тэр эргэн гарч ирэх өдөр байх" гэж хэлдэг байсан" тухайгаа хүртэл бичжээ...

-Тийм ээ, үнэхээр их итгэлтэй байдаг байлаа.

 

Ханхүү Харри насанд хүрсэн ч тэр итгэлээ алдаагүй байх. Тэрбээр 20 нас хүрээд ээж, Диана гүнжийн Парист амиа алдсан ослын талаар цагдаагийн газраас мэдүүлэг авахыг хүссэн юм.

 

-Ослын талаарх баримт бичигт гэрэл зургууд байсан. Түүнийг харахад сэтгэл тань өвдөх байтал яагаад тэгтлээ харахыг хүссэн юм бэ?

                      -Нотлох баримтыг л хүссэн. Ээж тэр машинд байсан гэдгийн нотлох баримт. Осол гарсны дараа ээжийг амьсгал хураагаагүй хагас үхлүүт хэвтэж байхад нь ч папараццичид зураг дарж байсныг нотлох баримтыг л хүссэн.

-Та номондоо "Ээжийн энэ дэлхийн хамгийн сүүлд харсан зүйл нь гэрэл зургийн камер байсныг би тэр мөчөөс өмнө мэддэггүй байсан" гэж бичжээ. Ослын зургуудыг та өөрөө харсан уу?

-Тийм ээ.

-Зургуудаас юуг илүү онцолж харав?

-Зурагт гарснаас толины тусгалд папараццичид байсан.

 

Ханхүү Харри Диана гүнжийн ослын үеийн зургуудаас тодорхой хэмжээнд үзсэн бөгөөд түүний хувийн Нарийн бичгийн дарга, зөвлөх нь зарим зургийг үзэхгүй байхыг зөвлөсөн аж.

 

-Би зургаас ээжийгээ ар талаас нь харсан. Машины арын суудал дээр уначихсан... 

 

Ханхүү 23 нас хүртлээ Диана гүнжийг амьд байгаа гэдэгт итгэдэг байжээ. Харри 23 нас хүрээд Парист очсон юм.

 

-Таныг Парис очоод хамгийн түрүүнд ээжийнхээ ослын газар очихыг хүссэн талаар сонссон?

                      -Жолооч хэвийнээс илүү хурдан явж, жолоодлогоо алдаж, багана мөргөхөд хүн амиа алдах боломжтой эсэхийг харахыг хүссэн. Би явах хэрэгтэй байсан. Нэгэн цагт ээжийн явж, амиа алдсан тэр замаар, ижил аргаар.

-Хонгилын замд, ижил хурдаар уу?

                      -Тийм. Уильям бид хоёрт ээжийн нас барсан осолтой холбоотой хэрэг яг л унадаг дугуйны гинж шиг санагддаг байлаа. Тэр гинжнээс аль нэгийг нь л салгачихвал эцсийн дүн гарахгүй. 

 

2006 онд Лондон хотын цагдаагийн газраас мөрдлөгийн ажиллагаа явуулж Диана гүнжийн жолооч Анри Пол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг тогтоосон.

 

                      -Уильям бид хоёр мөрдөн байцаалтыг дахин эхлүүлэх талаар бодож үзсэн. Учир нь, ээжийн ослын хэрэгт маш олон цоорхой байсан юм. Гэхдээ бид саналаа нэгтгэж чадаагүй, утгагүй байсан.

-Та одоо ч ээжийнхээ ослын хэргийн мөрдөн байцаалтыг дахин эхлүүлмээр байна уу?

                      -Одоо сонголт байгаа эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ үгүй байх. "Үүнийг хиймээр байна уу" гэж өөрөөсөө асуух асуулт л аймшигтай санагдаж байна.

 

Улмаар ханхүү Харри Британийн армид элсэж Афганистанд тулалдах хүртлээ сэтгэл санааны хувьд хэвийн болж, зорилгоо олсноо хэлсэн юм.

 

-Цэргийн хүчин намайг олно талаар аварсан.

-Жишээ нь, яаж?

                      -Намайг Британийн хэвлэлүүдийг анхаарлын төвд орхисон. Бусадтай ижил дүрэмт хувцас өмсөж, амьдралдаа анх удаа энгийн мэдрэмжийг олж авсан. Урьд өмнө нь өөртөө тулгарч байсан том сорилтуудыг давж, илүү том зорилгод анхаарлаа төвлөрүүлэх болсон.

-Та номондоо "Дайн Афганистанд эхлээгүй. 1977 оны наймдугаар сард эхэлсэн" гэж Диана гүнжийн нас барсан өдөр дайн эхэлсэн тухай бичсэн байсан. Үүгээрээ юуг илэрхийлэхийг хүссэн юм бэ?

-Миний хувьд ээжийг нас барсан өдрөөс л дайн эхэлсэн.

-Тэгээд та хэнтэй тулалдана гэж?

-Өөртэйгөө.

 

Ханхүү Харри 20 гаруйхан насандаа хар тамхинд донтож, өөрийгөө "найдваргүй" гэж цоллож байснаа номондоо бичжээ.

                      -Цээжний гүнд маш хүнд юм тулчихаад олон жилийн турш уйлж чаддаггүй байсан. Би тэр бүх хугацаандаа уйлах арга хайдаг байлаа. Ээжийн буйдан дээр суугаад чадахаараа л ээжтэйгээ өнгөрүүлсэн дурсамжаа санана. Заримдаа онлайнаар ч ээжийн бичлэгүүдийг үздэг байсан.

-Уйлах байх гэж найдаад л уу?

-Тийм ээ.

-Гэхдээ та чадаагүй...

-Би чадаагүй.

 

Тэрбээр долоон жилийн өмнө анх удаа хар тамхины эсрэг эмчилгээ хүсжээ. Энгийн нэг эмчилгээ биш хар тамхины эсрэг олон туршилтын эмчилгээнд оролцохыг хүсэж, туршсан гэнэ.

 

-Та номондоо мансууруулах бодисны тухай бичсэн байсан?

                      -Би хүмүүст аз жаргалаа хиймлээр үйлдэж, сэтгэцэд нөлөөт бодис ашиглахыг зөвлөгүй. Гэхдээ асар их хохирол, уй гашуу, сэтгэл гутралын үед зарим сэтгэцэд нөлөөт бодисыг эм болгож ашиглах нь ч бий.

-Эмч нар танд тусалж чадсан уу. Тэд ямар туршилт хийсэн бэ?

                      -Миний сэтгэлийг цэвэрлэсэн. Толгойд минь байсан бодлыг, ээжийгээ санасан, түүнийг санаж байгаа гэдгээ батлахын тулд уйлах ёстой гэсэн бодлыг арилгасан. Үнэндээ ээж минь намайг аз жаргалтай байгаасай гэж хүсдэг байсан.

 

Ханхүү Харри 2020 онд хатан хааны гэр бүлийн гишүүний эрх үүргээсээ татгалзаж, гэр бүлийн хамт АНУ-д аж төрөх болсон. Гэсэн ч "Нөөц" дурсамж номондоо хааны гэр бүл, хойд эх Камилла, хатан хаан II Элизабет эмээгийнхээ тухай ч өөрийнхөөрөө бичжээ. Ялангуяа хойд эх Камиллаг. Камилла Диана гүнж нас барснаас найман жилийн дараа буюу 2005 онд тухайн үеийн хунтайж Чарльзтай гэрлэсэн байдаг.

 

-Миний бодлоор Камилла бол муу талын дүр. Тэр аав, ээж хоёрын гэрлэлтийн гурав дахь хүн байсан.

-Ханхүү Уильям та хоёр ааваасаа Камиллатай гэрлэхгүй байхыг асуугаагүй юм уу?

-Үгүй ээ.

-Яагаад?

                      -Шаардлагагүй гэж бодсон болохоороо л. Хэрэв тийм зүйл болсон бол сайнаас илүү хор хөнөөл учруулах байсан. Ах бид хоёр аавыг аз жаргалтай байгаасай л гэж хүссэн. Тэгээд л Камиллатай гэрлэсний дараа л ямар их баяртай байгааг нь харсан юм. 

"Нөөц" номонд ханхүү Харри 2016 онд эхнэр Меган Марклыг гэр бүлийнхэнтэйгээ танилцуулахад аав нь бэрдээ сайн байсан ч ханхүү Уильям эргэлзэж, Меганыг "Америкийн жүжигчин" хэмээн үл тоомсорлож байсан тухай бичжээ. Мөн ханхүү Харри номондоо нэрийг нь тодотгоогүй ч хааны гэр бүлийн бусад гишүүн ч Меган Марклд дурамжхан байсан гэнэ.

 

-Гэр бүлийнхэн нэгэнтэйгээ үл ойлголцож, үл итгэсэн тэр байдал хэзээнээс эхэлсэн юм бэ?

                      -Меган америк хүн гэдэг нь үнэн. Жүжигчин, өмнө нь гэрлээд салсан, өнгөт арьс ээжтэй гэдэг нь ч үнэн. Британид яригддаг дээрх хэвшмэл ойлголтууд миний эхнэр байсан учир хэвлэлүүд Меганыг "хоол"-оо болгосон юм.

-Гэр бүлийн дотоод уур амьсгал ч гэсэн итгэл хүлээлгээгүйнх байсан байх?

                      -Манай гэр бүлийнхэн шар хэвлэл уншдаг юм билээ. Өглөөний цайны үеэр цуглахад шар хэвлэл дээр гарсан бичвэрээс болж нэгэндээ итгэх, итгэхгүй, эргэлзэх, эргэлзэхгүйг шийднэ. Хүн анхнаасаа л хэвшмэл ойлголттой байсан бол түүнийг даван туулахад хүндрэлтэй. Гэсэн ч хүн өөрчлөлтийг олдог. Би согтуурч, мансууруулах бодис хэрэглэж явсан ч эцэстээ амьдралынхаа хайрыг олж, түүнтэйгээ гэр бүл зохиосон.

 

Ханхүү Харри Меган Маркл хоёр 2018 оны тавдугаар сард хуримаа хийж, Сассексийн гүн, гүнгийн авхай хэргэмийг хүртсэн. Гэтэл энэ үед ханхүү Уильямын Меганд үл итгэх байдал улам бүр нэмэгдсэн тухай ханхүү Харри ярьсан юм.

 

-Та гэр бүлийнхнийгээ эвлэрүүлэхийн тулд ханхүү Уильям болон түүний гэргий Кейттэй уулзсан гэж сонссон. Уулзалт хэрхэн болж өнгөрөв?

-Тийм ч сайн болоогүй ээ.

-Уулзалтын үеэр ахтайгаа муудалцсан гэсэн. Үнэн үү?

                      -Уильямын урам хугарсан гэж боддог. Түүний ярьсан зүйлүүд бодит үндэслэлгүй байсан. Би эхнэрээ өмгөөлөхийг хүссэн. Харин Уильям ундууцаж, гэнэт л над руу хашхирч эхэлсэн. Би ч өмнөөс хашхирсан. Ахынхаа өмнөөс хашхирна гэдэг надад тийм ч таатай байгаагүй. Тэгээд л Уильям намайг түлхээд унагачихсан юм.

-Шалан дээр унасан гэж үү?

                      -Нохойны аяган дээр унаж нуруугаа зүссэн. Эхэндээ тэр тухай мэдээгүй байсан юм. Босож ирээд ахаасаа уучлалт гуйсан. Тэгээд...

-Уильям чамд хэнд ч, Меганд ч битгий хэлээрэй гэж хэлсэн үү?

-Тийм ээ. 

 

Гэр бүл зохиож, салсан Америкийн өнгөт арьс жүжигчин гэх өнгөрсөнтэй Меган Марклыг Британийн бүхий л хэвлэл, бүр хатан хааны гэр бүлийнхэн ч шүүмжилж байлаа. Байнгын шүүмжлэл, дарамт шахалтад байсан Меган 2019 оны өвөл амиа хорлох тухай ч бодож байсан гэнэ.

 

-Ээжийгээ алдсан шиг эхнэрээ ч алдахаас айж байв уу?

                      -12 настайдаа ээжийгээ алдсан харамсалтай явдал дахин давтагдаж эхнэрээ алдах вий гэхээс маш их айж байсан. 

 

2020 оны нэгдүгээр сард ханхүү Харри, Меган нар хааны гэр бүлийн гишүүний эрх үүргээсээ татгалзаж байгаагаа зарласан юм. Энэ мэдэгдлээсээ хойш гурван сарын дараа ханхүү Харригийн гэр бүл АНУ руу нүүв. 

 

-Меган та хоёр Сассексийн гүн, гүнгийн авхайн хэргэмээсээ яагаад татгалзсан талаараа ярихгүй юу?

                      -Үүнийг ямар өөрчлөлт авчирна гэж та бодож байна вэ. Өмнө нь би аливаа юмыг өөрийнхөөрөө хийхийг оролдох бүрд миний болон эхнэрийн минь нэр төрд халдсан мэдээлэл цацагддаг байлаа. Хааны гэр бүлийн уриа бол хэзээ ч гомдоллож, тайлбарлахгүй. Гэхдээ тэр бол ердөө л уриа үг. Намайг барьж чадна гэсэн үг биш.

                      Тиймээс одоо тэдний ойлгодог хэлээр ярихыг хичээж, нэр нь ч үл мэдэгдэх сэтгүүлчийн худал хуурмаг мэдээлэлд сэтгэлээ зовоож суухгүй. Энэ бол миний гэр бүл, эхнэр, хүүхдүүддээ үзүүлэх аюулгүй байдлын баталгаа.

 

Ханхүү Харри АНУ-ыг зорьсноосоо хойш өнгөрсөн оны есдүгээр сард Их Британид эргэн ирсэн. Гэтэл тэр үетэй зэрэгцэн ханхүүгийн эмээ, хатан хаан II Элизабетын бие муудаж, Шотландын Балморал шилтгээнд эмчийн хяналтад байх шийдвэр гарсан юм.

 

                      -Эмээг Балморал шилтгээнд эмчийн хяналтад байх шийдвэр гарах үед би Уильямаас ямар төлөвлөгөөтэй байгааг нь асуусан. Гэтэл надад юу ч хэлээгүй байтал хэдхэн цагийн дараа Виндзор, Аскотод байдаг бүр гэр бүлийн гишүүн хамтдаа Балморал шилтгээн рүү ниссэн.

-Таныг уриагүй юм уу?

-Уриагүй ээ. Би ганцаараа Балморалын шилтгээн рүү явж очиход хатан хаан эмээ минь насан эцэслэсэн байсан.

-Талийгаач хатан хаан хаана байсан юм бэ?

                      -Тэр унтлагын өрөөндөө байсан. Гэсэн ч надад эмээгийн өмнөөс баяр төрсөн юм. Тэр бардам, бахархам амьдарч эцэст нь өвөөтэй уулзахаар явсан. Хатан хаан эмээг өвөөгийн бунханд хамт оршуулсан.

 

Хатан хаан II Элизабетыг насан эцэслэсний дараа ханхүү Харри, Уильям нар 25 жилийн өмнө ээж Диана гүнжийг сүүлчийн замд нь үдэж байсны адил хааны удмын шилтгээн рүү гундуухан алхсан нь энэ.

 

-Уильям та хоёр дахин оршуулгын цуваанд алхахдаа ярилцсан уу?

-Ярилцаагүй ээ, ярилцахыг тэсэн ядан хүлээж байна.

-Аав Чарльз хаантай хэр их ярилцдаг вэ?

-Бид хоорондоо ярилцдаг төрлийн хүн биш ээ. Маш удаан хугацаанд нэгэнтэйгээ яриагүй.

-Та хэзээ нэг өдөр хааны гэр бүлийн гишүүн эрх үүргээ эргэн авна гэж бодож байна уу?

                      -Эхнэр бид хоёр эх орноосоо зугтахад хүртлээ худал хуурмагийн эсрэг тэмцсэн. Дахин тийм зүйл болно гэдэгт итгэлгүй байна.

-Миний бодлоор хэн нэгэн хааны гэр бүлийн хүчийг луугүйгээр төөсөлөхөд хэцүү байдаг...

                      -Би "Хаан ширээний тоглоом"-ыг үздэггүй. Гэхдээ луунууд байгаа нь гарцаагүй. Хааны гэр бүлийн дундах гуравдагч этгээд Британийн хэвлэл байсаар байх болно. Хэвлэлүүд үгүй болсон ч гэр бүлийн дундах асуудал ч хэвээр үлдэнэ. Гэхдээ үүнийг өөрчлөх гол зүйл нь гэр бүлийн чухал, нандин зүйлийг буцаан олох гэж бодож байна. Гэр бүлээ буцааж олохыг хүсэж байна. Ахтайгаа дахин дотно харилцаатай болохыг аавтайгаа, гэр бүлийн бусад гишүүнтэй харилцаа тогтоохыг тэсэн ядан хүлээж байна.

-Үүнийг тийм их хүсдэг гэж үү?

-Энэ бол миний хүссэн бүх зүйл.

 

ХАНХҮҮ ХАРРИ: 12 настайдаа ээжээсээ хагацахад аав минь намайг тэврээ ч үгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-29 20:06:49
    Kuki: Harry ugn ahaasaa tsrailag ym bn shd ugsen baaas zgr
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188