
-Яруу найрагчид онгодоор хөглөгдөнө гэж ярьдаг. Онгод гэдэг ер нь хаанаас төрдөг юм бэ?
-Найрагчдын онгод гэдэг тэнгэрийн хишиг юм уу даа. Шүлэг, яруу найраг бичих тэр торгон агшин, сэтгэл рүү урсах үгийн урсгалыг онгод гэж яриад байгаа. Яруу найрагч хүн нандин шижир үгийг сэтгэлийн гүн дэх уурхайгаас олборлогч юм.

Олсон эрдэнээ тордож өнгөлнө, эвлүүлж өрнө гээд ажил их бий. Сайхан шүлэг тэрлэсэн өдөр сэтгэл, зүрх нэг л гэгээлэг байдаг. Бас хэн нэгэнд хурдхан уншиж өгмөөр ч санагддаг.

-Бүсгүй хүний шүлэг арай л өөр юм шиг санагддаг. Тийм нэг цаанаа л зөөлөн уянгалаг байх юм аа?
-Магадгүй ээ. Би шүлгийн цомгийнхоо бүтээлийг уншуулах гээд эрэгтэй хөтлөгчдөөс гуйсан. Тэд уншиж үзээд “Миний хоолой арай л хатуудах юм байна. Их л зөөлөн илж уншихаар шүлгүүд байна шүү” гээд байж билээ.

-Таны нэг шүлгэнд эрчүүдэд зориулсан болов уу даа “Тааралдсан бүсгүйгээс чинь би өөр, тааралдаагүй бүсгүйгээс чинь би өөр” гэсэн нэг мөр байдаг даа?

-Хүн бүхэн өөр, хэзээ ч давтагдахгүй шинж чанартай байдаг. Гэхдээ тэнд би өөрийгөө л илэрхийлэх гэж оролдсон юм. Орчлонгийн өдөр бүхэнд хүн шинэдэж, гэнэдэж байдаг. Надад тохиосон учрал бүхэн шинэ. Ингэж ойлгосноор би амьдралыг улам үнэ цэнтэй болгож байна гэж боддог.

-Хайр сэтгэлийн тухай бодол хүний насны байдлаас болоод үзэл бодол нь өөр болдог уу. Нас ахих тусам хайрын гэгээн үнэлэмж буурдаг шиг санагдах юм?
-Яруу найрагчдын сэтгэл зүрх мөнхийн залуугаараа байдаг. Тийм ч байж бусдад утга ярууг бэлэглэж чадна. Хүн сэтгэлдээ гэгээтэй байж л хүнийг хайрлаж чаддаг. Хардалт, сэрдлэг их байвал итгэл, сэтгэл, хайр мөхнө. Итгэл, сэтгэлгүй бол яаж хайрлах билээ дээ. Хэт болгоомжлол, харам сэтгэл алдаа гаргуулдаг гэдэг үг байдаг байх аа. Яруу найрагчид гэдэг дэвэрсэн сэтгэлийн эрчээрээ л орчлонгийн хар бараан сүүдрийг үргээж бусдад үгийн гэгээ хайрлахыг хичээдэг.

-Таны залбирч сүсэглэдэг бурхан тань юу вэ?
-Би гайхуулмаар сүншиг аравнайтай Ноён хутагтын нутгийн хүн болохоор Гэгээн багшдаа л сүслэн явдаг. Дэлхийн эрдэмтэн судлаачид хутагтын ид шид, бүтээлийн их далай руу, оюуны охь дээж рүү хүчээ хандуулж байна. Энэ үлгэр, домог биш. Ноён хутагт бидний амьдарч буй эрин цагт хамгийн ойрхон байсан бодит хүн.

-Амьдрал гэдэг утгагүй зүйл гэж зарим хүмүүс гутранг сэтгэлээр ярьдаг. Таны хувьд амьдрал гэж юу вэ?
-Орчлонгийн мөн чанар нь хоосон биз дээ. Гэхдээ хоосон дотор чанар бий. Тэр чанар нь магадгүй амьдрал байх. Тиймээс хүн өөрөө л амьдралыг утга учиртай болгон, зохиож, заяа тавилангаа зөв залж, залуурдах ёстой.

Хором бүхэн нь алтан юм бол
Хорвоо өөр ямар юм бэ
Холдох бүхэн нь үнэтэй юм бол
Олдох юм нь ямар юм бэ... гэсэн асуултаар л өөрийнхөө сэтгэлийг хөтөлж бас залуурдана.
Хорвоог би бүтэн гэж санаж байсан
Ховорхон бүхнээсээ хичнээн ч хагацав даа
Орчлонг би цагаан гэж бодсон ч
Омголон зүрх минь хичнээн тоосров доо гэж халагласан ч
Дахиад л би бүтэн гэж санаж
Давилуухнаар бас цагаан гэж бодож
Итгэл, сэтгэлийн тэнхээ авч явна даа.
-Яруу найрагчдын амьдралын зам ихэнхдээ л бартаатай байх шиг харагдах юм. Амьдралын ээдрээ, нугачаан дунд уусаж, бүдгэрсэн найрагчид цөөнгүй байх шиг?
-Тийм шүү. Бурхан ухаарал, сэхээрлийн тэнхэл өгөх гэж тэгдэг ч байж магадгүй. Миний хувьд өвөө, эмээ, аав, ээж, дүү нараасаа салж чамгүй л хагацлын зовлон эдэлсэн. Хүн зовлонд улам зөөлөрч, ухаажих нь бий. Эсрэгээр хугарч, нугарах нь ч байдаг.

Бусдыг хайрлах, уучлах нь ихэссэн мэт санагдах үе ч бий. Хаанаас ч эрээд олдохгүй үзүүргүй эрэлд сэтгэл сөгдөхөд өөрөө дотроосоо л тэнхэл авч босдог юм. Гэхдээ би хагацал, зовлон, уйтгар гунигтай шүлгийг бусдад өгөхөөсөө эмээдэг. Мэдээж сэтгэлийн их хөдлөл, эмзэглэлээс бүтээл төрөлгүй яах вэ. Тэр мөчийг их л ухаж, тунгаан бодож, урлах хэрэгтэй юм шиг санагддаг. Угаасаа хүн бүхэнд зовлон, жаргал хэзээ нэгэн цагт тохиох нь орчлонгийн жам. Би ганцаараа зовлон туулж байгаа биш дээ. Харин ч би эсрэгээрээ хорвоогийн зовлон дундаас гэрэл, гэгээ хайхдаг болсон.
-Орчлонгийн үндэс суурь нь зовлон гэдэг. Тэгэхээр хүний хорвоод жаргалтай амьдрахад юу хэрэгтэй вэ?
-Сэтгэлийн их хүч чадал, ухаан л хэрэгтэй. Хүн хүсэл сэтгэлээ цатгана гэж хэзээ ч байхгүй. Аливаа зүйлд шунах тусам зовлонгоо л нэмнэ. Хүн байгаадаа л сэтгэл хангалуун амьдарч сурах хэрэгтэй. Гэхдээ мэдээж зөв зүйлд тэмүүлж, тэмцэн амьдрах ёстой. Бурхнаас олдсон хувиа чамлаад яах вэ дээ.
-Яруу найрагчид хайрыг гэгээн сайхнаар илэрхийлж, бусдад хүргэдэг. Танд ч мөн хайрын сэдэвтэй сайхан дууны шүлгүүд бий. Дуу болоогүй хайрын шүлэг хэр олон байгаа вэ?
-Хайрын шүлэг надад олон бий. Хүн гэдэг хайр түшиж амьдардаг юм шүү дээ. Хайраар дутна гэдэг хамгийн аймшигтай. Хайр гэдэг өөрөө өргөн утга, агууламжтай тэнгэрлэг зүйл.
-Яруу найрагчдыг дурламтгай гэдэг байх аа?
-Хүнийг хайрлана гэдэг сэтгэлдээ гэрэлтэй бас итгэлийн их галтай байгаагийн илрэл. Харин одоо хүмүүс өнгө, мөнгөнд хууртаж, зүрх сэтгэлийнхээ нандин мэдрэмжийг анзаархаа больжээ. Ашиг хонжоо, мөнгө, эд хөрөнгө, албан тушаал гээд нэг л их завгүй хүмүүс. Хаашаа, юунд ч юм ухаангүй яарсан, тэмцэлдсэн, нэгнээ ч бүтэн харах сөхөөгүй цаг үе байна даа. Ер нь зүрхээ биш, тархиа илүү мөнгө, хөрөнгө рүү чиглүүлдэг болжээ. Бүх зүйлийг техник, технологийн хүчээр хийж байна. Өөрсдөө ч техник шиг хүйтэн хөндий “Төмөр” мэт хатуу сэтгэлтэй болоод байгаад эмзэглэх үе гардаг.
-Яг одоо таны сэтгэлд хайрын гал асаж байна уу?
-Сэтгэл зүрхэндээ би цаглашгүй эрх чөлөөтэй хүн. Нэгэн сайхан сайхан хүнийг сэтгэлийнхээ хойморт залаад шүлгэн тахил өргөж сууна. Үүнийг хэнд ч хэлэхгүй байх нь миний эрх.
-Тийм нууц гэж үү?
-Тийм ээ, өөрөөс нь ч нууна. Хайр нууцлаг байх тусмаа хамгийн нандин сайхан шүү дээ.
-Нууна гэхээс нууц амрагийн тухай юу гэж боддог вэ?
-Нууц амрагтай байх нь “Буруу юу, зөв үү гэхээр бурхан хүртэл хариулдаггүй” гэж Б.Лхагвасүрэн гуай хэлсэн байдаг. Тэгээд ч “Амраг сэтгэлийн аясыг эд яаж мэдэх вэ” гэж манай Ноён хутагтын ч үг байдаг. Иймээс мэргэдийн үгнээс миний бодол давахгүй байх аа.
-Үгийн урлаачид үгэнд их эмзэг л биз дээ?
-Эмзэг шүү. Ертөнц хурамч гэдгийг мэддэг хэдий ч, үнэн үгийг л горьдож суудаг. “Сайн үг сарын хүнс гэдэг”. Сайхан үг хүнээс дуулахад сэтгэл цэлмээд нэг л их баяр төрж хөл хөнгөрдөг. Яруу найрагч, уран бүтээлчид гэдэг үгийн тэжээлтэн. Гэхдээ хуурмаг сэтгэл худал “Манж” үгийг мэдрэмжээрээ ялгах нь бусдаас ч илүү байх.
-Орчлон ертөнцийн юмс үзэгдлийг хамгийн товчоор илэрхийл гэвэл юу гэх вэ?
-Тоймгүй олон дүрс дууны агууламж. Сансар болоод газрын их хөг аяыг бид өөр өөрсдийн хэрээрээ л авч мэдэрдэг.
| А.БАЙГАЛМАА: Сайхан шүлэг тэрлэсэн өдөр сэтгэл нэг л гэгээлэг байдаг |
|
Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана
2026-10-15 16:44:32
Пешавар хотын дунд сургуулийн дээвэр нурж, 27 хүүхэд, нэг багш амиа алджээ
2026-10-15 16:12:51
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ
2026-10-15 14:46:03
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
2026-10-15 14:14:25
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: 2027 оны улсын төсвийн төсөлд орж ирсэн нэг их наядын орлого, зарлага нь ирэх сонгуулиудыг угтаж бэлэн мөнгө тараах, нууцаар зохион байгуулах гэж байгаа Засгийн газрын үйлдэл гэж хардаж байна
2026-10-15 13:46:46
ЗӨВЛӨГӨӨ: ЯВЦЫН СОРИЛД ӨНДӨР ОНОО АВАХАД ТУСЛАХ ШИНЖЛЭХ УХААНЫ ДӨРВӨН АРГА
2026-10-15 13:00:00
Цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэх “ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” –ын шав тавих ёслол боллоо
2026-10-15 12:32:43
НАМРЫН ТАЙЗНАА ХАЙР, ЭРХ ЧӨЛӨӨ, ГАНЦААРДАЛ...
2026-10-15 12:32:13
НӨМРӨГИЙГ НӨМӨРСӨН ТҮЙМРИЙН ДАРАА АР, АРААСАА ГАРСАН “АРЬСАА ХАМГААЛСАН” МЭДЭГДЛҮҮД
2026-10-15 12:02:18
ДУУЧИН Г.МӨНХБАЯРЫН ЭГЧ Г.ЭНХ-АМГАЛАН: ДҮҮ МИНЬ БАЙЛДАГЧ БАЙХДАА БҮХ АРД ТҮМНИЙ УРЛАГИЙН ИХ НААДАМД ТҮРҮҮЛЖ, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУГААРАА МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД ХОНОГШСОН
2026-10-15 10:11:20
Венецийн комиссын ерөнхийлөгчийг нарыг хүлээн авч уулзав
2026-10-15 09:47:47
Өнөөдөр “Дэлхийн гар угаах өдөр”
2026-10-15 09:00:00
Дэлхийн оюутны өвлийн спортын наадмын бамбарын галыг угтах ёслол боллоо
2026-10-15 08:54:32
Б.Хабул Испани Улсын “Hércules CF” хөл бөмбөгийн клубтэй гэрээ байгууллаа
2026-10-15 07:40:00
Турк Улсын Залуучууд спортын яамны Ахмет Тэмүржитэй уулзжээ
2026-10-15 07:30:00
“НҮБ”-ын Суурин төлөөлөгч Лионел Лороныг хүлээн авч уулзав
2026-10-15 07:20:00
“BACCP” төслийн дараагийн үе шатыг эхлүүлнэ
2026-10-15 07:10:00
ТӨРИЙН ОРДОНД САЙД, ТҮШЭЭД “БАГТАХ”-АА БОЛЬЖ, “ШУВУУ АЖИЛЛАГАА”-НЫ ЭЗЭД ӨӨРСДӨӨ “ШУВУУ” БОЛОХ ЦАГААР...
2026-10-15 07:00:00
Б.СОЛОНГЫН МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭХ ХУРД
2026-10-15 07:00:00
ТӨСВӨӨ ТОДОТГОХ ГЭЖ ДУНШСААР ИРЭХ ОНЫ ТӨСӨВТЭЙ ЗОЛГОЛОО
2026-10-15 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна
2026-10-15 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |