• Өнөөдөр 2024-04-27

ДЭЛХИЙН ШИЛДЭГ НИЙТЛЭЛ: АЛДАГДСАН ДУРСАМЖ

2021-08-30,   797

           Латин Америкийн түүх соёлын олдворуудыг АНУ, Европ руу хууль бусаар хил дамнуулан наймаалж, асар их орлого олсон олон этгээдүүдийг илрүүлсэн ч тэднээс цөөн нь шалгагдаж, бусад нь ямар нэгэн байдлаар хуулийн цоорхойг ашиглан хууль шүүхээс зайлсхийсэн аж. Уг хэргийн мөрөөр таван орны сэтгүүлчид хамтарч, өөр өөрсдийн цуглуулсан материалаа нэгтгэснээр хуулиас зайлсхийж, ял шийтгэлгүй өнгөрсөн гэмт хэрэгтнүүдийн талаарх хөдөлшгүй баримт дэлгэжээ. Тэд ингэхдээ сүүлийн 20 жилийн хугацаанд илэрсэн хулгайлах, худалдаалах, хууль бусаар хил дамнуулах, түүхэн соёлын олдворыг хууль бусаар эзэмших хэргүүдэд холбогдсон этгээдүүд ямар нэгэн ял шийтгэл хүлээгээгүй, эрх чөлөөтэй явж байгааг онцолжээ. Сэтгүүлчид уг нийтлэлийг бичихээр эрэн сурвалжилж байгаад 7000 гаруй түүхэн соёлын олдворыг хууль бусаар хил дамнуулсан хэргийн мөрөөр оржээ. Таван орны шилдэг сэтгүүлчдийн хамтарч бүтээсэн “Алдагдсан дурсамж” нэртэй уг эрэн сурвалжлах нийтлэл Олон улсын сэтгүүлчдийн холбооны 2016 оны шилдэг нийтлэлээр шалгарсан юм. Уншигч та бүхэнд уг эрэн сурвалжлах нийтлэлийг бүрэн эхээр нь хөрвүүлэн хүргэж байна.

-СОЁЛЫН ӨВИЙГ ХУУЛЬ БУСААР ХУДАЛДААЛСАН ГЭМТ ХЭРЭГТЭН ОДОО Ч ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ, ХУУЛЬ БУС ХУДАЛДААГАА ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР БАЙНА-

           өАргентин Улсын нийслэл Буэнос-Айрес дахь Сан Телмо зах нь Латин Америкийн хамгийн том соёл урлаг, эртний эдлэлийн дэлгүүр гэгддэг. Тус захад худалдаа эрхэлдэг Уругвай Улсын иргэн Нестор Жанейр Оуд гэгчийг Андын бүс нутгаас хулгайлагдсан гэх археологи, палеонтологийн олдворуудын гол наймаалагчдын нэг гэх. Тэрбээр Сан Телмод худалдаа эрхлэхээс нь өмнө хоёр ч эртний эдлэлийн дэлгүүрийг эзэмшиж байж. Тухайн хоёр дэлгүүрийг цагдаагийн байгууллагаас шалгахад Перу, Эквадор зэрэг орнуудтай холбогдох алдагдсан 4000 гаруй эртний эдлэл, олдворыг илрүүлж, хураан авсан. Түүнээс хурааж авсан олдворуудыг 2016 оны нэгдүгээр сард Перу Улсад буцааж өгсөн юм. Харин Жанейрын эл хэрэг 14 жилийн турш гацаанд орж, маш олон шатны шүүх хурлын дараа хэргийг хааж, Жанейр хэргээс мултарсан байдаг.

       Дөрвөн орны соёлын үнэт олдворуудыг хууль бусаар эзэмшиж, наймаалж байсан хэргийн шүүх хурал дээр Жанейр “Тэд намайг Аль-Кайда” бүлэглэлтэй холбоотой гэж ярьж байна. Тийм биш. Харин ч тэр бүлэглэл наймаг барих гэж оролдож, үргэлж дагаж байдаг” гэж мэдээлж байв. Тэрбээр өнөөг хүртэл Аргентины Калле Дефенсад томоохон харш түрээслэн үнэт эдлэлийн наймаа эрхэлж байгаа юм. Түүний нээсэн эртний эдлэлийн шинэ дэлгүүрт алт сураглаж, тэр хэрээрээ түүний сургийг сонсох санаатай орлоо.

        Жанейрын эртний эдлэлийн дэлгүүрийн үүдэнд Сири гаралтай дилер биднийг хүлээн авав. Тэрбээр үнэт эдлэлийн Сан Телмо захын холбооны гишүүн бус, энэ наймааны төрөлд ч сайн танигдаагүй нэгэн байлаа. Гэсэн хэдий ч түүнтэй холбогдсон соёлын олдвор зарж, борлуулсан хэд хэдэн хэрэг Буэнос-Айрес дахь прокурорын газарт бүртгэгдэж байсан аж. Тэрбээр 2003 оноос палеонтологи, археологийн хэд хэдэн хэрэгт буруутгагдаж, шалгагдаж байсан ч прокуророос хэргүүдэд нь гэмт хэрэгтнээр татаж, хариуцлага хүлээлгэх боломжгүй гэсэн дүгнэлт гарч байж.

Дилерийн хэргийг үргэлжлүүлэн судлахад түүний хэргүүд Перу, Эквадор, Боливи, Колумби зэрэг орнуудтай холбогдож, хамтран ажиллах ёстой байв.

           Нестор Жанейр Оудтай холбогдох хэрэг 2001 оны арван нэгдүгээр сарын 4-ний Аргентин Улсын Нисэхийн цагдаагийн газар, Соёлын өвийн газар нар хамтарч, Эзеизагийн Олон улсын нисэх онгоцны буудалд Латин Америкийн орнуудын сэжигтэй бараа бүтээгдэхүүн ирж байснаар эхэлжээ. Тодруулбал, Эзеизагийн нисэх буудалд ирж байсан сэжиг бүхий үнэт эдлэлүүд Флоридагийн 680 тоотод байрлах Нестор Жанейр Оудын Галерия дел Сол нэртэй эртний  эдлэлийн дэлгүүрт очиж байв. Дараа нь цагдаагийн байгууллагаас түүний дэлгүүрт шалгалтын ажиллагаа явуулж, Карлос Лангаско, Карлос Осона, Энрике Алварес, Хосе Ариас, Аргентинд “Арилжааны ач холбогдол багатай объект” гэсэн шошготой боодол бүхий хууль бусаар хил дамнан орж ирсэн 15 мянга гаруй археологийн олдворыг илрүүлжээ.

Цагдаа нар Жанейраас байцаалт авсныхаа дараа түүний компьютерыг шалгаж, хууль бус үнэт эдлэлүүдээ худалдаалсан үйлчлүүлэгчидтэй харилцсан мэйлүүдийг илрүүлсэн байна. Энэ талаар Аргентин Улсын нийслэл Буэнос-Айрес дахь Холбооны Эрүүгийн болон Засан хүмүүжүүлэх Үндэсний гуравдугаар шүүхийн 42242 тоот файл дээр “Үнэт эдлэлийн худалдааны мөнгөө биечлэн, аль эвсэл зуучлагчаар дамжуулан Ситибанк дахь дансандаа ам.доллароор хадгалдаг байсан” хэмээн дурдсан байдаг.

           Нестор Жанейр Оуд нь Уругвай Улсад төрсөн ч Аргентин Улсын иргэншил авсан. Түүний гэр бүлийн хүн нь Перу Улсын иргэн Мирна Гаразатуа Диас. Дээр дурдсан Галерия дэл Сол дэлгүүртэй холбоотой хэргийн дараа Лима дахь 54 дүгээр эрүүгийн прокуророос Перугийн соёлын өвийг олборлосон гэмт хэрэгт Жанейр болон түүний гэргий, мөн гэр бүлийнх нь гурван гишүүнээс мөрдөн байцаалт авчээ. Мочика, Чавин, Куписник, Чанцай, Инкагийн үеийн соёл иргэншлийн хэдэн мянган шаазан эдлэлийг хууль бусаар эзэмшиж, худалдалж байсан Жанейрын эл хэрэг 2005 онд нотлох баримтгүй гэсэн үндэслэлээр хаагдаж, Перугийн архивт хадгалагдсан. Гэвч хэрэг хаагдсаны дараа нотлох баримт олсон бөгөөд хэргийн явцад Жанейр өөрийгөө эртний эдлэл цуглуулагч гэж бүртгүүлсэн байсан ч өөрийн археологийн бүртгэлд бүртгэгдээгүй нэмэлт хөрөнгө, эртний эдлэл хадгалж байжээ.

-ХУРААЖ АВСАН ТҮҮХЭН СОЁЛЫН ОЛДВОРУУДЫГ ХОЛБОГДОХ ОРНУУДАД НЬ ДИПЛОМАТ ЖУРМААР ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН-

           2009 онд Аргентин Улсад суух Перу Улсын бүрэн эрхт Элчин сайд Нестор Жанейр Оуд болон өөр дөрвөн дилерт “Перу Улсын археологи, палеонтологийн олдворыг хууль бусаар эзэмшиж байна” хэмээн гомдол гаргажээ. Энэ үеэр л Перу Улсад хамаарах 3898 соёлын олдворыг эх оронд нь буцаах “тулаан” эхлэв. Гэсэн хэдий ч Холбооны Эрүүгийн болон Шийтгэх Үндэсний гуравдугаар шүүхэд хураагдсан олдворуудыг буцаах үйл явц зогссон талаар мэдээлж байв. Дээрх хэрэгт холбогдсон этгээдүүдийг шалгаж ажиллагаа гацаанд орж, Жанейр тэргүүтэй таван дилер “Олдворуудыг эзэмшигчийн хувьд бидэнд буцааж өгөх ёстой” хэмээн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Харин үүний эсрэг Перугийн Элчин сайдын яамны хууль зүйн төлөөлөгч Эмилио Ицкович Гриот “Перу Улсын соёл олдвортой холбоотой ноцтой гэмт хэргийн мөрдөн байцаалтыг гацаанд оруулж байна” хэмээн шүүхийн шийдвэрийг давж заалдсан юм. Тэрбээр "Хэрэгт холбогдсон олдворуудын тоо хэмжээ, чанар болон гарал үүслийг нь зөвхөн сэжигтнүүд мэдэж байгаа. Мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэх нь хэргийг шийдэх цор ганц арга зам” хэмээн давж заалдах баримт бичигт дурджээ.

       Аргентины археологи, палеонтологийн өвийг хамгаалах тухай хуульд зааснаар сэжигтнүүд хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял сонсох ёстой байсан ч хэргийг шийдэх ажиллагаа гацаанд орж байсаар хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Харин цагдаагийн байгууллагаас хурааж авсан олдворуудыг сэжигтнүүдэд эргүүлж өгөөгүй. Үүнтэй холбоотойгоор Нестор Жанейр Оуд 2012, 2013 онуудад цагдаагийнхны хураасан түүхэн олдворуудыг буцааж авахаар давж заалдаж байсан юм.

        2015 оны зургаадугаар сард Холбооны Эрүүгийн болон Засан Хүмүүжүүлэх гуравдугаар шүүх олон жилийн турш хадгалж байсан археологи, палеонтологийн олдворуудыг холбогдох орнуудад эргүүлэн өгөх тушаал гаргасан. Энэ шийдвэр нь Жанейрын олдворуудыг буцаан авах олон давж заалдсан үйлдлүүдийг бүрэн няцааж чадсан. Мөн Холбооны Эрүүгийн болон Засан Хүмүүжүүлэх гуравдугаар шүүхийн дээрх шийдвэрт “Яллагдагчаар татагдсан хүмүүст холбогдох археологи, палеонтологийн шинжтэй, шинжлэх ухааны олдворуудыг хэрэгтнүүд өөрийн ашиг сонирхолд ашиглаж байсныг тогтоосон” гэжээ.

Дээрх шийдвэрээр Перу Улсад холбогдох 3000 гаруй, Эквадор Улсад холбогдох 439 олдворыг 2016 оны нэгдүгээр сард Аргентинаас дипломат шугамаар буцаажээ.

Харин Аргентин Улсын Соёлын өвийг хамгаалах газрын захирал Марсело Эль Хайбе “Нестор Жанейр Оудаас 2001, 2007 онуудад хурааж авсан археологи, палеонтологийн олдворуудтай холбогдох хэрэгт эцэслэгдээгүй тул түүнийг Сан Телмо захад эртний эдлэл худалдаалах ажлаа үргэлжлүүлэн эрхэлж болно” гэсэн шийдвэр гаргасан. Харин Жанейр өөрийгөө өнөөг хүртэл “Эртний эдлэлийн худалдаагаа хууль ёсоор дээрэмдүүлж, цагдаагийн байгууллагад хэлмэгдсэн” гэж үздэг байна. Үүгээр ч зогсохгүй Нестор Жанейр Оуд нь “Аргентины Засгийн газар хураан авсан соёлын олдворуудаа холбогдох орнуудад нь бүрэн дүүрэн, бүгдийг нь хүлээлгэн өгсөн гэдэгт эргэлзэж байна” гэж байв. Жанейраас хураан авсан соёлын олдворуудаар 2016 оны зургаадугаар сараас эхлэн есдүгээр сар хүртэлх хугацаанд Аргентины Үндэсний музейд эртний шаазан эдлэл, эртний хүний яс, испани хэл дээр хэвлэгдсэн эртний нэхмэл бичээс зэргээр үзэсгэлэн тавьж байлаа. Энэ талаар Аргентины Соёлын яамны Соёлын өвийг хамгаалах газрын дарга Бланка Алва Герреро “Нестор Жанейр Оудын хэргийг эцэслэвэл манай улсын сэргээн босголтын хамгийн чухал ажил байх болно” хэмээн хэлсэн байдаг.

       Нестор Жанейр Оудын хэргийн хамгийн хачирхалтай нь эл хэргийг мөрдөж байсан Перу Улсын мөрдөн байцаагч Магда Аттод хэргийн талаар ямар ч мэдээлэл өгөөгүй, Жанейртэй уулзуулаагүй гэнэ. Жанейртэй холбогдох хавтаст хэргийн талаар Аргентины Олон улсын хамтын ажиллагаа, хоригдол шилжүүлэх газрын дарга Алонсо Пенья болон тэдний туслахууд л мэдэж байгаа гэх. Дээрх албан тушаалтнуудын илрүүлсэн ч олонд дэлгээгүй мэдээллээр бол Нестор Жанейр Оуд нь соёлын өвийн хэргээр олон жилийн хорих авах боломжтой гэнэ.

-Интерполоос эрэн сурвалжилсан гэмт хэрэгтэн Леонардо Паттерсон-

           Коста Рика Улсын дипломатч Леонардо Паттерсон 2008 оноос хойш Герман Улс руу 6000 гаруй археологийн алдарт цуглуулгыг хууль бусаар хил дамнуулсан байна. Үүнтэй холбоотойгоор түүнийг гурван удаа цагдан хорьж, таван удаагийн шүүх хурлаар хорих ял оноосон байдаг. Түүний хууль бусаар хил дамнуулсан археологийн ховор олдворуудыг өнөөг хүртэл Германы Мюнхен хотын хувийн агуулахад хадгалдаг гэх. Леонардо Паттерсон 2015 оны арваннэгдүгээр сард Баварийн Иргэний хэргийн шүүхэд дуудагдсан. Шүүх хурлын дараа түүнд зөвхөн Мексикт хадгалагдаж байсан хоёр модон Ольмекыг хууль бусаар хил дамнуулсан гэж тогтоосон аж. Түүний хууль бусаар хил дамнуулсан түүхэн олдворуудад Перу, Гватемала, Коста Рика, Колумб, Эквадор зэрэг улсад хамаарах соёлын өвүүд багтсан. Гэвч дээрх улсуудаас алдагдсан соёлын үнэт өвүүдээ эргүүлэн авах хүсэлтийг Германы шүүхэд 10 гаруй жилийн хугацаанд тасралтгүй өгч байсан ч тус шүүхээс ганц хариу өгөөгүй гэнэ. Энэ зэрэг шалтгааны улмаас Леонардо Паттерсоны хэргийн үл харгалзах, шүүхийн шийдвэрийг давж заалдах зэрэг ажиллагаа гацаанд орох болсон байна.

          Дээрх шалтгаануудын улмаас Леонардо Паттерсонд холбогдох хэрэг гацаанд орж, түүнийг эрх чөлөөтэй байхад хүргэсэн аж. Тэрбээр өдгөө 74 настай, Германы Мюнхен хотод бусдын л адил амьдарч байгаа гэнэ. Уг нь түүнд Баваригийн Эрүүгийн шүүхээс гурван сарын хорих ял, хуурамч Ольмек үзмэр худалдаалсан гэх шалтгаанаар 36 мянган еврогийн торгууль ногдуулсан. Паттерсон 1996 оноос Испанид хэд хэдэн хуурамч археологийн олдворын худалдаа эрхэлж байсан бөгөөд үүнтэй холбоотойгоор Интерполоос олон нийтэд анхааруулга хүргэж, эрүүгийн хэрэг үүсгэж байсан юм. Паттерсон уг хэрэгт холбогдсоноосоо хойш буюу 2004 оноос дахин таван оронд хуурамч олдворын худалдаа эрхэлсэн гэх.

Маяагийн, Колумбын, Испанийн өмнөх үед хамаарах археологийн олдворууд болон Паттерсоны цуглуулга

           Леонардо Паттерсоны шуугиан намжсанаас хойш 12 жилийн дараа Мексик Улсаас сураггүй болсон Маяагийн үеийн 691 археологийн олдворыг эргүүлэн татаж авахаар Герман Улсын шүүхэд хандсан. Маяагийн үеийн 691 маш ховор, соёлын өвийг тээсэн олдворуудыг “Паттерсоны цуглуулга” гэж нэрлэдэг. Соёлын үнэт олдворуудаа эргүүлэн татах ажилд Мексикийн Ерөнхий прокурор Роберт Куглер ажиллаж байгаа бөгөөд Мюнхений Антропологийн үндэсний хүрээлэнд хулгайлагдсан олдворуудын нийт мөнгөн дүнг гаргаж өгөх хүсэлт гаргасан байна. Роберт Куглер нь Леонардо Паттерсоны хорих ялыг дэмжиж, өөрийн саналаа шүүхэд хүргэсэн цөөн хүмүүсийн нэг.

          Гэвч Мексик Улс Герман Улсаас соёлын олдворуудаа эргүүлэн авахад нэгэн том саад гарах аж. Энэ нь Германы хуулинд зааснаар соёлын олдворыг буцааж өгөх нь хууль бус болдог гэнэ. Харин Германы парламентаас хэд хэдэн нөхцөл шаардсан бөгөөд тухайн шаардлагыг биелүүлсэн тохиолдолд археологийн олдворуудыг буцаан өгөх боломжтой. Энэ нь археологийн олдворуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг судалж, мэдээллийн сангийн бүх мэдээллийг олон нийтэд дэлгэх ёстой. Мөн зөвхөн 2007 оноос хойш Германд орж очсон олдворуудыг л буцааж өгөх гэжээ. Дээрх нөхцөлүүдийг биелүүлээгүй хэмээн Герман Улсын Захиргааны хэргийн дээд шүүхээс Перу, Мексик, Гватемала, Коста Рика, Колумб орнуудад хамаарах археологийн олдворуудыг эргүүлэн өгөхөөс татгалзсан байна.

Дэлхийд зартай луйварчин Леонардо Паттерсон

           Леонардо Паттерсоны амьдралын эхний он, жилүүд АНУ-д эртний эдлэлийн бизнес эрхэлж, түүнтэй холбоотой цагдан хорих, хөнгөн ял шийтгэлийг олон авсан байдаг. Гэвч түүнийг эртний эдлэлийн зах зээлийн дээд зиндаанд гарах болсон шалтгаан нь АНУ-ын Нью-Йорк хотын алдартай галерейн эзэн Эверетт Рассига байсан гэнэ. Сургууль сураагүй, боловсрол эзэмшээгүй Паттерсоны амьдрал Рассигагийн галерейд худалдагчаар ажиллаж эхэлсэн юм. Тэр цагаас л эхэлж Паттерсон хүмүүсийн танил болж олон улстай холбогджээ. Түүнийг маш ховор эд зүйл цуглуулагч гэхээс гадна алдарт луйварчин гэдгээр мэдэх гэнэ. Леонардо Паттерсоныг 1975 онд Швейцарь Улс залилан, 1984 онд АНУ-ын Даллас муж хот төрийн хамгаалалттай амьтдыг хууль бусаар хил дамнуулсан, 1991 онд Базель Улс Сальвадор Далигийн хэмээн нэрлэсэн хуурамч бүтээлийг худалдсан луйврын гэх зэрэг хэргүүдээр шийтгэж байсан аж.

          Мөн Паттерсоны нэр 1996 онд Перу Улсын үнэт эдлэл цуглуулагч Раул Апестегуаг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт холбогджээ. Гэмт хэрэг гарсан өдөр Колумбын өмнөх үед хамаарах урлагийн түүхэн олдворууд талийгаачийн Лима дахь гэрээс алга болсон. Харин 2006 онд Паттерсоны Их Британи Улсын нийслэл Лондон хот дахь гэрээс Перугийн үнэт эдлэл цуглуулагч Раул Апестегуагийн гэрээс алга болсон соёлын олдворуудыг илрүүлжээ. Перугийн прокурорын газраас Раул Апестегуаг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Леонардо Паттерсоныг холбон шалгаж байгаагүй юм. 2013 онд Перугийн үнэт эдлэл цуглуулагч Раул Апестегуагийн хадгалж байсан үнэт эдлэлүүдийг буцаан авахаар Перу Улсын холбогдох байгууллагаас холбогдсон ч Герман Улсын хуульд зааснаар соёлын үнэт зүйлийг хувийн гарт эзэмшүүлэхгүй, мөн Перу болон Герман улсууд шилжүүлэх гэрээ байгуулаагүй гэх шалтгаанаар соёлын олдворуудын Германы талд үлджээ. Харин үүнээс өмнө Германы Захиргааны шүүхийн шийдвэрийн дагуу Перу Улсаас нэмэмжлэл гаргаж, Сантьяго де Компостела дахь агуулахад хадгалагдаж байсан 273 археологийн олдвороо эргүүлэн авч байсан юм. Гэвч буцааж өгсөн олдворуудад Испани хэлний үеэс өмнөх үеийн есөн алтан эдлэл, 1996 оны үзэсгэлэнгийн каталог байгаагүй гэнэ. Бүртгэлд байгаагүй олдворуудыг авах нэхэмжлэлийг Перу Улсын Соёлын яамнаас гаргасан ч Герман Улсын Захиргааны шүүх буцаасан аж.

Леонардо Паттерсон хууль бус зүйлээс зайлсхийж, тэтгэвэрт гарсан хэдий ч соёлын өв, үнэт эдлэлтэй холбоотой байсаар байх юм

           Леонардо Паттерсонд холбогдох хавтаст хэргийг Лима дахь шүүхийн архивт хадгалсан байдаг. Уг нь Паттерсонд 45 дахь мужийн Эрүүгийн прокуророос хууль бусаар соёлын олдворын худалдаа эрхэлсэн, иргэдэд 300 мянга гаруй ам.доллартой тэмцэх хохирол учруулсан хэрэгт гэм буруутай гэж үзэн таван жилийн хорих ял оноохыг санал болгожээ. Гэвч энэ хүсэлт зогсонги байдалд байсаар дахин сөхөгдөөгүй юм. Мөн үүнтэй холбоотойгоор төрийн алба хаагч, дипломатч нарыг шалгах болсон аж. Улмаар 2001 онд Перугийн дипломатя Делиа Подеста Куадрос Колумбын үеэс өмнө соёлын олдворыг хууль бусаар хил дамнуулах гэж байгаад баривчлагдсан. Делиа Подеста Куадрос уг хэргээ Леонардо Паттерсонтой холбон тайлбарласан мэдүүлэг өгсөн гэдэг. Мөн Паттерсоны цуглуулгаас Гватемал Улс Маяагийн үед хамаарах 369 археологийн үнэт зүйлээ эргүүлэн авах оролдлого хийсээр байсан. Харин тус хэргийн гол прокурор Роландо Роденас “Гватемалл Улс Герман Улсаас тавьсан шаардлагыг хангаагүй тул хэргийг архивлана” хэмээн мэдэгджээ. Археологийн олдворуудад бүрэн бүртгэл хийж, мэдээлээгүйн улмаас дээрх шийдвэрт хүргэсэн аж. Харин Эквадор Улс археологи, Палентеологийн олдвороо эргүүлэн авах хүсэлт гаргаж байсан ч тус хүсэлтээ эргүүлэн татсан байдаг.

          Өдгөө Леонардо Паттерсон Герман Улсын Мюнхен хотод амар тайван амьдрахын тулд хууль бус наймаа, үнэт эдлэлийн цуглуулга, үл хөдлөх хөрөнгийн бизнесээ зогсоосон гэнэ. Харин 2016 оны тавдугаар сард түүний амьдарч буй харшийн тухай сурвалжилга Германы “Der Spigel” сэтгүүлд нийтлэгдсэн байдаг.Тус сурвалжилгын зургуудад Колумб, Испанийн өмнөх үед хамаарах хэд хэдэн ховор зураг, үнэт эдлэл байсныг нэмэн дурдах нь зүйтэй болов уу. Үүнтэй холбоотойгоор Лимагийн мөрдөн байцаагч Леонардо Паттерсон руу түүний одоогийн хадгалж буй үнэт эдлэлийг шалгахтай холбоотой асуултууд явуулсан ч хариу өгөөгүй байгаа юм.

-ДИПЛОМАТИК ХУЛГАЙЧ ПЕДРО ДИАЗ ВАРГАС-

       2000 оны есдүгээр сарын 1-нд Боливи Улсын цагдаа нар Перу Улсаас хулгайлагдсан шашны зургуудын хуулбаруудыг өөрийн улс дахь тухайн үеийн Перу Улсын томоохон соёлын атташе Педро Хулио Диаз Варгасын байрнаас олж илрүүлжээ. Гэвч энэ үйл явдал нь хоёр улсын дундах дипломат харилцааг үгүй болгож, өнөөг хүртэл үл ойлголцсоор ирсэн гэнэ. Боливийн Лас Паз хотод үйл ажиллагаагаа явуулдаг шашны урлагийн бүтээлүүдтэй холбоотой хэрэг шүүхийн танхимд буруугаар эргэж, мухардсан. Улмаар түүхэн соёлын олдворыг хулгайлдаг томоохон эрүүгийн сүлжээг тогтоох ажиллагаа гацсан байна. Үүний дараа Перу Улсын Лима хотын шүүхээс 10 гаруй жилийн өмнөх цаг үед холбогдох дипломат ажилтныг шалгах үндэслэл хангалтгүй гэж үзэн хэргийг архивласан. Харин 2009 онд Боливийн Ла Паз хотын захирагч Педро Диаз Варгасыг үнэт эдлэлийг хулгайлсан, хууль бусаар эзэмшсэн хэргээр есөн жилийн хорих ялаар шийтгэсэн байдаг. Гэвч түүний өмгөөлөгч Боливи Улсын Хууль зүйн дэд сайдын эсрэг Үндсэн хуулийн цэцэд давж заалдаж, хоёр удаагийн шүүх хурлын дараа 2013 онд Педро Диаз Варгасыг ялыг хүчингүй болгожээ.

Харин Педро Диаз Варгас өнөөг хүртэл Перугийн Холбооны дипломат гишүүн хэвээр байгаа төдийгүй 2013 онд өөрт ногдсон ялаа хүчингүй болгосны дараа тушаал дэвшсэн байдаг.

-Перу, Боливи, Эквадор зэрэг улсуудыг дамжуулан, түүхэн соёлын олдворуудыг “хулгайлж” байжээ-

       Педро Диаз Варгас нь 1994 оноос дипломат корпусын бүрэлдэхүүнд багтаж, Их Британид судалгаа хийж байж. Үүний дараа түүнийг 1997 онд Боливи Улс дахь Перугийн Элчин сайдын яаманд илгээсэн байна. Педро Диаз Варгас 2000 оны эцэс хүртэл Элчин сайдын яамны Соёлын нарийн бичгийн даргын алба хашиж байсан. Харин түүнд холбогдох хулгайлагдсан шашны урлагийн түүхэн бүтээлүүдийн дуулианаас болж түүний албан тушаалыг жил гаруйн хугацаанд түдгэлзүүлээд байв. Гэвч түүнтэй холбогдох хэргийн дуулиан намжсаны дараа Перу Улсаас түүний Боливигоос татаж, Эквадор Улсад томилж, 2013 онд ял нь хүчингүй болоход нэгдүгээр Нарийн бичгийн даргад дэвшүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл сүүлийн 20 орчим жилийн хугацаанд Педро Диаз Варгас гэх дипломатик хулгайч Перу, Боливи, Эквадор зэрэг улсаас улс дамжин, түүхэн соёлын олдворуудыг “халаасалж” байсан юм. Түүнд холбогдсон хэргийн талаар ярилцлага авахаар хүсэлт тавьсан ч өнөөг хүртэл бидэнд хариу өгөөгүй байна.

       Түүнд оноосон есөн жилийн ялыг хүчингүй болгосон шийдвэрийн талаар Хууль зүйн дэд сайд Дениз Мостажо Сотелотой холбогдоход “Боливи Улсаас гаргасан шийдвэр нь дипломат ёсноос гажуудсан, хууль бус шийдвэр байсан. Яагаад вэ гэвэл олон улсын гэрээтэй дипломат ажилтнууд жилийн чанадад гэмт хэрэг үйлдсэн ч ялын шийдвэр нь өөрийн улсын харьяалалд байхаар тогтоосон байдаг” гэлээ. Түүний үзэж буйгаар Боливийн Ла Пазын шүүх Педро Диаз Варгаст холбогдох хэргийг шүүж, яллах дүгнэлт үйлдэх боломжгүй хэмээн үзэж байгаа юм.

       Педро Диаз Варгасын хадгалж байсан хууль бус 205 хуулбар соёлын бүтээлийг Боливи Улсаас 2002 онд Перу Улсад буцааж өгсөн. Гэсэн хэдий ч түүний хадгалж байсан гэх Ла Вирген де Сан Лазаро, Кристо Вежадо, Мартирес Кристианос, Сан Франциско Ксавье зэрэг уран зургуудыг буцааж өгөөгүй юм. Энэ талаар Педро Диаз Варгас тухайн үед “El Comercio” сонинд өгсөн ярилцлагадаа “Тус шашны урлагийн бүтээлүүдийг би хоёр сарынхаа цалинг хадгалж байгаад Перугийн өмнөд хэсэгт байрлах сүмээс худалдаж авсан. Надад хэн нэгэнд буцааж өгөх зүйл бий бол би буцааж өгнө. Харин өөрийн юмаа хэнд өгөхгүй” хэмээжээ.

Педро Диаз Варгасын байрнаас олдсон хулгайлагдсан соёлын өвүүдтэй холбоотой шүүх хурлыг Боливи Улсаас 2000 оны арваннэгдүгээр сард нээсэн. Гэвч тэрбээр шүүхийн танхимд шүүгчийн өмнө хэзээ ч өөрийгөө танилцуулж байгаагүй “шазруун” эр гэнэ. Түүнд гурав дахь шатны шүүх хурлаас яллаж, ял оноосон байдаг. Улмаар түүнтэй холбогдсон Перугийн соёлын олдворуудыг буцаахаас гадна Боливи Улстай холбогдох хэд хэдэн бүтээлийг Ла Паз хотын музейд байршуулжээ.

     Педро Диаз Варгастай хамтран Ла Пазад үйл ажиллагаагаа эрхэлдэг түүхч Доминик Скобри Лийсиг түүний хэрэгт хам хэрэгтнээс татан шалгаж, есөн жилийн хорих ял оноосон. Педро Диаз Варгасыг бодвол Доминик Скобри Лийси нь ялаа эдэлсэн байдаг. Гэвч түүнтэй холбогдсон маш олон арван соёлын дурсгалуудыг байцаалтад хэлээгүй, дурдаагүй, алийг нь буцааж өгөөгүй юм.

-Ерөнхийлөгчийн зөвлөхийн музей-

          Музейгээс хулгайлагдсан Аргентины хамгийн чухал археологийн олдворуудын нэг Италийн улс төр судлаач, Ерөнхийлөгч Маурисио Макригийн зөвлөх асан Маттео Горетти Комоллигийн гэрээс олджээ. Мөрдлөгийг цагдаа байгууллагаас удирдаж, шалгахад Маттео Горетти Комолли “Өөрийн хөрөнгөөрөө худалдаж авч байсан” гэж мэдүүлсэн байдаг. Харин 2015 оны наймдугаар сард Кордова Холбооны давж заалдах шүүхээс Маттео Горетти Комоллиг археологийн олдвор хууль бусаар эзэмшиж байгааг тогтоосон хэд хэдэн баримт дээр тулгуурлан мөрдөн байцаах ажиллагааг дахин эхлүүлэх шийдвэр гаргасан юм. Маттео Горетти Комолли шүүхэд гомдол гаргаж, өмнөх тогтоолоо хүчингүй болгож, гаргасан шийдвэрээ хэрэгсэхгүй болгохыг хүссэн аж.

-Гарал үүсэл нь тодорхойгүй 1500 гаруй археологи, палеонтологийн олдвор эзэмшдэг улс төрч-

          Ла Агуада дахь Колумбын өмнөх үеийн 700 гаруй археологийн олдворыг багтаасан Амбатогийн музейн Россо цуглуулга 2008 оны хоёрдугаар сарын сүүлчээр нэг шөнийн дотор бүгдээрээ хулгайлагдсан байна. Гэтэл хулгайлагдсан цагаасаа дөрвөн жилийн дараа Россо цуглуулгын 58 зүйлийн шаазан эдлэлүүд Маттео Горетти Комоллигийн үл хөдлөх хөрөнгө дотроос олдсон байдаг. Энэ тухай тэрбээр өмчлөлийн хуулийн 2543-т зааснаар эд хөрөнгийн бүртгэл хийлгэсэн гэнэ. Харин бүртгэлийг нь 2006 онд прокурорын зөвлөхөөр ажиллаж байсан Буэнос Хони Засгийн газрын өмнөөс хийсэн байна. Маттео Горетти Комолли Буэнос Хонид 800 гаруй археологи, палеонтологийн олдвор бүртгүүлсэн байдаг. Гэтэл түүний хууль бус үйлдлийг Аргентины Интерполын Соёлын өвийг хамгаалах газрын дарга, комиссар Марсело Эль “Маттео Горетти Комолли бусдаас өөр хүн. Тэр маш ухаалаг. Түүнийг археологи, палеонтологийн олдвор хадгалж байгаад би хувьдаа нэг их эргэлзэхгүй байна” гэсэн юм.

          Маттео Горетти Комоллигийн хэрэг шалгагдаж дуусаагүй байхдаа хаагдсан. Хэрэг хаагдсаны дараа түүнийг 5170 ширхэг боть номуудыг Засгийн газарт хандивласан гэнэ. Гарал үүсэл нь тодорхойгүй 1500 гаруй археологи, палеонтологийн олдвор түүнд хадгалагдаж байгаа. Харин түүний хэргийг хааснаас хойш хэн ч энэ талаар ярихаа больж түүнийг мартаж байна.

 


ДЭЛХИЙН ШИЛДЭГ НИЙТЛЭЛ: АЛДАГДСАН ДУРСАМЖ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188