• Өнөөдөр 2026-09-27

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЖЭЭ

   Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2026.09.27/ эх орноосоо мордлоо. Айлчлал есдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд үргэлжилнэ.

   Ерөнхий сайд Н.Учралыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үдэв. Энэхүү айлчлал нь Ерөнхий сайд Н.Учралын гадаад улсад хийж буй анхны албан ёсны айлчлал болж байна.

   Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн хөгжүүлэх, хүн төвтэй харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болон бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцоно. Мөн Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн болон Төлөөлөгчдийн танхимын дарга нарт бараалхаж, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага /ЖЕТРО/-ын удирдлага, Япон, Монголын Эдийн засгийн хороо болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзана. Түүнчлэн Япон Улсад оршин сууж буй монгол иргэдтэй уулзахаар төлөвлөжээ.

   Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой 2027 онд тохиох бөгөөд айлчлалын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх юм. 

 
 
 

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188