• Өнөөдөр 2024-05-02

ГОГЦОО ГАНХУЯГУУД

2023-10-08,   2271

Ганхуягуудын суудал нь өнцөгдөж, мэнгэ нь голлочихсон бололтой. Ганхуяггүй зүйл алга, Монгол Улсад. Гэхдээ харамсалтай нь, дандаа хар түүх тэдний нэрний урд заларч байна.

Өнгөрсөн өвөлжин УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Хөгжлийн банкнаас 33 тэрбумын төгрөгийн зээл авч, эрх мэдлээ ашигласан, зээлээ зориулалтын бусаар ашигласан, бусдад давуу байдал олгосон гээд цоллуулж байлаа. Дараа нь “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн захирал асан Б.Ганхуяг нүүрсний хулгайн “автор” болж, арван сар хоригдлоо. Оймстойгоо ачигдах нь холгүй явсан нүүрсний “автор” Б.Ганхуягийн хэрэг өнөөдөр ч шийдэгдээгүй, хорих ангид “хашхирч” байна. Энэ хэргээс хойш тун удалгүй койн гаргаж, ард түмнийг мунхруулж, хөрөнгийг нь шамшигдуулж, залилан хийсэн гэх шүүмжлэлд өртөөд байсан “Ард”-ын Ч.Ганхуяг эмэгтэй хүн зодож, танхайрч, яллагдагчаар татагдсан мэдээлэл хөвөрлөө. Хамгийн сүүлд, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн А.Ганхуягийн хулхи ногоон автобусны хэрэг хоёр ч сайдыг суудлаас нь буулгаж, өөрийг нь хорих руу ачууллаа. Ганхуяггүй орон зай, цаг хугацаа сүүлийн хоёр жилийн хугацаанд байсангүй. Хошигновол, Ганхуяг гэж нэр сонссон бор халзан хонь ч майлахаар хэмжээнд очтолоо танигдлаа даа, тэд.

33 ТЭРБУМЫН Х.ГАНХУЯГ

       Ганхуяг гэх нэрийг дуулиантайгаар таниулсан хүн бол яах аргагүй УИХ-ын гишүүн Х.Ганхуяг. Яг үнэндээ, түүнийг УИХ-ын гишүүн болоод хоёр жил болоход нь хүн бараг мэддэггүй байлаа. Хийсэн ажил, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, санаачилсан хууль, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ гээд автор болгочих зүйлгүй байсан түүнийг тойргийн иргэдээс нь өөр таних хүн ховор байсан гэвэл хилсдэхгүй болов уу. Харин “Хөгжлийн банк”-ны хэргээс хойш “33 тэрбумын Ганхуяг” гэвэл танихгүй хүнгүй болжээ.

  Хөгжлийн банкнаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий компанидаа давуу байдал олгож, зээл авсан хэрэгт хэд хэдэн УИХ-ын гишүүний нэр холбогдож, хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирал байхдаа эрх мэдлээ ашиглаж, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Д.Дамдинням нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгон, 33 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. УИХ-ын гишүүн Х.Амартүвшинийг эрх мэдлээ ашиглаж, бусдад давуу байдал үүсгэж, их хэмжээний зээл олгосон үндэслэлээр яллагдагчаар татах хүсэлт АТГ-аас прокурорт хүргүүлсэн билээ. Мөн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өөрийн хамаарал бүхий компанид хуурамч бичиг баримтаар зээл авахад нөлөөлсөн, эрх мэдлээ урвуулан ашигласан үндэслэлээр яллагдагчаар татах хүсэлт хүргүүлж байлаа.

        Харин эцэст нь, УИХ-ын гишүүн Х.Ганхуягт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Тодруулбал, Хөгжлийн банкны шүүх хурлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нартай холбоотой 33 тэрбум төгрөгийн зээлтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ. Хэдийгээр түүний хэрэг хэрэгсэхгүй болсон ч ард түмэн “33 тэрбумын Ганхуяг” гэвэл андахгүй болжээ.

НҮҮРСНИЙ “АВТОР” Б.ГАНХУЯГ

       Мэнгэ нь голлож, суудал нь өнцөгдсөн Ганхуягуудын жагсаалтыг “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн захирал асан Б.Ганхуяг үргэлжлүүлж байна. Засгийн газар өнгөрөгч оны аравдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг баривчилснаар нийгэмд “Нүүрсний хулгай”-н дуулиан албан ёсоор эхэлсэн. Улмаар АТГ-аас Б.Ганхуягийн хамаарал бүхий этгээдүүд, авлигын сүлжээнийхнийг нь баривчлан цагдан хорьж, авлигын мөнгөөр санхүүжүүлсэн, худалдаж авсан хаус хотхон, орон сууц, оффисуудыг нь битүүмжилж, өдгөө мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй. Мөн Б.Ганхуягтай нүүрсээр холбогдсон нэр бүхий гишүүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн. Товчхондоо, өнгөрөгч намар, өвлийн турш Б.Ганхуяг “гол дүр” болж тодорсон.

         Монголын шүүх Б.Ганхуягийг гэм буруутай эсэхийг шүүхээр хэд хэдэн удаа хурал зарлаж, нээлттэйгээр явуулаад байна. Шүүх хурлын үеэр Б.Ганхуяг “Нөгөө нүүрсний хэрэг хаана байна, 40, 50 их наяд төгрөг хаана байна вэ. Энд зүгээр тендер тойрсон хэрүүл, хашаа хороо ярьж байна. Намайг арав дахь сардаа хорьж байна. Энэ хугацаанд шалгаагүй, байцаагаагүй, барьж хориогүй, эрүүдэн шүүгээгүй хамаатан садан, найз нөхөд үлдээгүй, 68 хүнийг аваачиж хийсэн. Надад жорлонгийн хэрэг үүрүүлээд араас нь жагсаал, нүүрс, офтейкийн хэрэг гээд орж ирэх гэж байгаа бол би өнөөдөр 100 жилийн ял авах гэж байна. Энэ бол маш муу найруулсан жүжиг. "Нүүрс" гэж маш том асуудлыг иргэдэд харуулчхаад өчнөөн олон их наядаар ярьж байгаа. Гэтэл энд 11 хүнд холбогдох хэрэг 40 гаруй тэрбум хүрэхтэй үгүйтэй, дандаа зохиомол, хэлмэгдүүлэлт явагдаж байна” гэж хамгийн чангаараа “хашхирч” байгаа билээ.

Монголчууд ямартай ч нүүрсний хэргийн гол тоглогч, толгойлогч нь Б.Ганхуяг гэдгийг ойлгосон, мэдсэн. Түүн шиг муу хүн Монгол Улсад өнгөрсөн нэг жилийн хугацаанд байсангүй.

ХҮЧИРХИЙЛЭГЧ Ч.ГАНХУЯГ

Гогцоо Ганхуягуудын жагсаалтад хамгийн жижигхэн хэрнээ хар түүхээр бичигдэж байгаа нь “Ард даатгал”, “Ард менежмент”, “Ард койн”, “Ард кредит”, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн үүсгэн байгуулагч “Хас”-ын Ч.Ганхуяг. Монголчуудыг түүнийг хүчирхийлэгч, залилагч гэж тодотгож байна. Яг үнэндээ, Ч.Ганхуяг койны хэргээр намжмал байлаа. Харин хүчирхийлэл үйлдсэн нь олонд хүрснээр нь шүүмжлэлд өртөөд байна.

Ч.Ганхуягийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, яллагдагчаар татаад байгаа. Тодруулбал, Ч.Ганхуяг хэдэн сарын өмнө олон нийтийн газар танхайрч, нэгэн эмэгтэйг зодсон байдаг. Зодуулсан эмэгтэй Н нь гомдол гаргаж, хууль хяналтын байгууллагад өргөдөл өгсөн юм. Түүний гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Ч.Ганхуягт хэрэг бүртгэл нээн шалгаж, хэргийг прокурорт шилжүүлсэн байна.

         Эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Ч.Ганхуяг хамаарал бүхий этгээдүүдтэйгээ байхдаа олон нийтийн газар танхайрсан. Тухайн үед нэгэн эмэгтэйг зодож, хүн харахын аргагүй болгосон гэсэн. Маш хүнд бэртэж, гэмтсэн эмэгтэй, түүний ар гэрийнхэн хуулийн байгууллагад гомдол гаргасан байдаг юм билээ. Ч.Ганхуягийг энэ хэрэгтэй холбоотойгоор яллагчаар татан шалгаж байгаа ч хэргийг нь хэрэгсэхгүй болгох бололтой. Учир нь, Ч.Ганхуяг хэргээ хаалгаж, хэрэгсэхгүй болгуулахын тулд Улсын Ерөнхий прокурорт хандсан гэх яриа гарсан. Өөрөөр хэлбэл, тохиролцоо хийсэн байж болзошгүй гэсэн үг. Танхайн хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй” гэлээ.

Шүүх шинжилгээний дүгнэлтээр хохирогч эмэгтэйн дүгнэлт хүндэвтэр гэмтэлтэй гэж гарчээ. Мөн энэ хэрэгт Ч.Ганхуягаас гадна түүний хүү, дүү нар оролцоотой гэх. Мөн уг мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс баталж, түүнийг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлээд байгаа гэсэн юм. Харин хачирхалтай нь, Ч.Ганхуяг “Би эмэгтэйчүүдэд зодуулсан. Би хохирогч” гэх тайлбарыг манай сайтад өгөөд байгаа билээ. Ямартай ч тун удахгүй Ч.Ганхуягийн хүчирхийлэл, танхайрлын хэрэг шийдэгдэх нь тодорхой биз ээ. Харин тэр үед түүний нэрний урдаас “Хүчирхийлэгч Ганхуяг” гэдэг нь салахгүй л болов уу.

НОГООН АВТОБУСНЫ А.ГАНХУЯГ

“Тэнүүн-Огоо”-гийн А.Ганхуягийн араас ямар Ганхуяг гарч ирж, гогцоо үүсгэхийг таашгүй. Одоогийн байдлаар Ганхуягуудын балагтай хар жагсаалтыг “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг удаалж байна.

  “Ногоон автобус”-ны “но” илэрсэнтэй холбоотойгоор хууль хяналтынхан “Тэнүүн-Огоо” ХХК-ийн удирдлагуудыг шалгаж эхлээд буй. Тодруулбал, ногоон автобусны хэрэгт холбогдуулж, "Тэнүүн-Огоо" компанийн А.Ганхуяг, компанийн захирал асан Ж.Эрдэнэбат, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарын дөрвөн хүнийг хуулийн байгууллагаас саатуулаад байгаа билээ.

Саатуулагдсан хүмүүсээс мэдүүлэг, байцаалт авч эхлээд байна. Зарим нь үнэнээ хүлээж, зарим нь “Тэнүүн-Огоо” ХХК-ийн удирдлагуудыг хууль бус ажиллагааг илчлээд эхэлжээ. Харин “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг мэдүүлэг өгөхөөс татгалзаж, гэдийж байгаа гэх. Тэр бүү хэл парк шинэчлэл хийхээр олгосон урьдчилгаа 130 гаруй тэрбум төгрөгийн 70 тэрбумыг нь БНСУ-ын тал руу шилжүүлсэн нь тогтоогдоод байна. Харин үлдэгдэл 60 тэрбум төгрөгийг хаана нуусан, хадгалсан, байршуулсан гэдгээ хэлэхгүй байгаа гэх. Хуулийнхан шалгалтын ажиллагааг эрчимтэйгээр үргэлжлүүлж байна. Мөн тэрбээр зохион байгуулалттайгаар Евро-2 стандартыг автобусыг Евро-5 гэсэн бичиг наалгасан нь илрээд, баларч байгаа сурагтай.

Үнэндээ, Ганхуягуудын орооцолдуулсан гогцоо Монгол Улсад хохирол амсуулж байгаа нь харамсалтай. Гэхдээ тэдний гогцоо аль хүртэл хөвөрдөхийг, хэчнээн Ганхуягаар дамжихыг харах л үлдлээ. 

 


ГОГЦОО ГАНХУЯГУУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-10-08 21:15:22
    Зочин: Уг нь сайхан дотно нэр юмсан Та нар ч ёстой өлөгчин юм даа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188