• Өнөөдөр 2024-04-25

М.ТУЛГАТ: Ардчилсан нам энэ ондоо багтаад асуудлаа цэгцлэх шаардлагатай

2021-11-25,   833

-О.Цогтгэрэл, Лу.Гантөмөр зэрэг намын лидер залуучуудтай хамтарч ажиллах төлөвлөгөө бий-

        Ардчилсан намын дарга М.Тулгаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
 
      -Ардчилсан намын удирдлага, тамга тэмдэгтэй холбоотой маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Шүүх дээр маргаантай байгаа энэ асуудал хэзээ эцэслэгдэх вэ гэдэг хүлээлт олны дунд бий. Шүүхийн шийдвэр хэзээ гарах бол. Таны хувьд ямар хүлээлттэй байна вэ?
 
      -Захиргааны ганц нэг хэрэг шүүх дээр маргаантай явж байна. Өөрөөр хэлбэл, намын тамга тэмдгийг хүчингүй болгосон, шинээр үйлдсэнтэй холбоотой маргаан бий. Өнгөрсөн хоёр удаагийн сонгуулиар манай талаас нэр дэвшсэн нэр дэвшигчдийг Сонгуулийн ерөнхий хороо албан ёсны бүртгэлтэй намаас дэвшсэн  гэж бүртгэсэн байдаг. Тодруулбал, төрийн байгууллагууд бүгд  манайхыг хууль ёсны нам гэж үзсэн гэсэн үг. Дээд шүүхээс ч Сонгуулийн ерөнхий хороонд лавлагаа мэдээлэл гаргаж өгсөн. Ер нь Дээд шүүх энэ асуудлыг дотоод маргаан гэж хойшлуулахгүй шийдэж өгөх байхаа гэсэн хүлээлттэй байна.
       -О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намынхан 1300 гаруй намын гишүүд, дэмжигчид оролцсон Их хурлаа хуралдуулчихсан. Харин танай талаас хуралд оролцоогүй. Энэ хурал хүчин төгөлдөр хурал болж чадсан уу?
 
      -Би энэ талаар байр сууриа нэлээн илэрхийлсэн. Ер нь бол хурлаа хийгээд газар газраас төлөөллүүд ирж, тулгамдсан асуудлаа ярилцаж, цаг зав сэтгэлээ гаргаад хуралдсанд би талархалтай байгаа. Харин процессын хувьд хүчин төгөлдөр мөн эсэхэд анхаарах шаардлагатай.
 
       -Та бол намын тамга, тэмдгийг эзэмшиж байгаа нэг дарга нь. Ажлаа аваад багагүй хугацаа өнгөрлөө. Гишүүд, дэмжигчид төдийгүй олон хүн танай намыг нэгдсэн байр сууринд хүрээсэй гэж бодож байгаа. Асуудлыг хурдан шийдвэрлэх талаар та ямар ажил хийж байгаа вэ?
 

      -Улсын дээд шүүх шийдвэрээ гаргаж, албан ёсны даргыг бүртгэвэл маргаан эцэслэгдэнэ. Манай жирийн гишүүд ардчиллын үнэт зүйл, үйл ажиллагааны зорилгоо дагаад явна. Хэн нь дарга болох нь чухал биш гэсэн үг. Миний бодлоор хууль, шүүхийн асуудал явдгаараа явна. Асуудал нэг тийш шийдэгдэх нь цаг хугацааны асуудал. Харин О.Цогтгэрэл, Лу.Гантөмөр зэрэг намын лидер залуучуудтай хамтарсан бодлогын нэгдсэн зөвлөл байгуулах, нэгдсэн судалгаан дээр ажиллах, сөрөг хүчний үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, залуу боловсон хүчнээ бэлтгэх зэрэг ажлуудад хамтарч ажиллах төлөвлөгөө бий.

 
     -Намын бодлогыг тодорхойлж, манлайлал үзүүлж яваа удирдагчдын хувьд та бүхэн нэгдэх хүсэлтэй байгаа гэж ойлголоо. Гэтэл асуудлаа заавал шүүхээр шийдүүлнэ гээд цаг алдаад байгаа юм биш үү. Олон нийт бол та бүхний хэн хэнийх нь ард намын өмнөх дарга нар бий. Фракцын “зодооноос” болоод асуудлаа шийдэж чадахгүй байна гэж шүүмжилж байгаа шүү дээ?
 
      -Манай намын нэг зовлон нь хэд хэдэн намууд нэгдэж, фракц үүсгэсэнд байгаа юм. Нэг хэсэг нь зүүний үзэлт баримтлал дэмждэг бол нөгөө хэсэг нь намаар дамжуулж эрх мэдэлд хүрэх сонирхолтой хүмүүс байгаад байдаг. Үүнээс шалтгаалж өнгөрсөн хугацаанд Ардчилсан нам бодлого, илэрхийлж байгаа байр сууриндаа тууштай байж чадаагүй. 
 
        Ардчилсан нам юм уу, социалист юм уу, эсвэл социал-демократ уу гэдгээ  шийдэж чадахгүй өнөөг хүрсэн. Нэг бол популист амлалт өгдөг. Бизнес эрхлэгч, хувийн хэвшлүүдээ дэмжих ёстой атал эсрэгээрээ тэдэнд хүндрэл учруулах шийдвэр гаргадаг байх жишээтэй. Тэгэхээр бидний өнөөгийн асуудал нэг дарга, нэг тамганы асуудал биш болоод байгаа юм. Олон жил шийдэж чадаагүй асуудлаа цэцлэх боломж ч байж мэдэх юм. Тиймээс энэ боломжоо ашиглаад намын үзэл баримтлалаа нэг болгож, нэг үзэл бодол дээрээ хатуу зогсдог, дотоод ардчилалтай болгох шаардлага бий. Үүнийг нэлээд нухацтай шийдэх цаг болсон. Дотоод асуудлаа хурдан шийдэх хэрэгтэй гээд цалгардуулж болохгүй.
 
      -УИХ-ын ээлжит сонгууль болоход хоёр жил гаруйн хугацаа үлдлээ. Уг нь бол Ардчилсан нам улс төрд хоёрдогч хүчний үүрэг гүйцэтгэж байсан том хүчин. Гэтэл дотоод маргаанаа шийдвэрлэж чадахгүй байсаар сонгуульдаа бэлдэх жил гаруй хугацаагаа алдчихсан. Намууд ээлжит сонгууль дууссаны дараа өдрөөс л дараагийн сонгуульдаа бэлдэж эхэлдэг гэдэг байх аа?
       -Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ардчилсан намын X Их хурал гэж хийсэн. Эндээс л гол маргаан эхэлсэн шүү дээ. Нэг жилийн хугацааг алдах нь алдчихлаа. Бид энэ жилдээ асуудлаа шийдвэрлэх шаардлагатай байгаа. Хэдий хугацаа алдаж байгаа ч Ардчилсан цаашид олон жил зөв замаар явах боломжоо нээлээ. Нэг жил алдчихлаа, сонгууль дөхөж байна гээд ямар ч хамаагүй аргаар нэгдье гээд яаравчилж болохгүй.
 
      -Улс төрд нэг нам үнэмлэхүй олонх болох нь нийгэмд сөрөг үр дагавартай гэдэг нь олон жишээнээс харагдаж байна. Саяхан улсын төсөв хэлэлцэхэд гэхэд л олон асуудал гарсан. Магадгүй дотроо маргаантай, асуудлаа шийдэж чадаагүй намын үгийг эрх баригчид сонсох нь юу л бол. Ардчилсан намынхан сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэх шүүмжүүд бий. Энэ тухайд?
 
       -Ардчилсан нам дотоод асуудлаасаа болоод сөрөг хүчний үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй байх үе байна. Гэхдээ Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа нь одоогийн дотоод асуудал биш. Ер нь өнгөрсөн хугацаанд үзэл баримтлал, бодлогын хувьд нэг байж чадахгүй. Өөр өөрсдийгөө үгүйсгэж ирсэн. Нэг ардчилсан намын лидер нөгөөгөө үгүйсгэдэг, нэгнийхээ шийдвэрийг өөрчилдөг. Хэдийгээр тамга нэг болсон ч үүнийгээ цэгцэлж чадахгүй бол хүчтэй сөрөг хүчин байж чадахгүй. Хүчтэй сөрөг хүчин  байхын тулд барууны бодлогоо ярьдаг байх хэрэгтэй. 
 
       -Та сүүлийн үед бүлгийн гишүүдтэйгээ ямар харилцаатай байгаа вэ. Сайн сөрөг хүчин байлгах чиглэлд анхаарч чадаж байна уу?
 
        -Манай намын хувьд олон даргатай ч юм шиг ойлгомжгүй байдалтай байгаа. Бид хамтарч ажиллах, хамтын удирдлагын систем рүүгээ орох чиглэлээр анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай намын хамтын удирдлагын систем алдагдсан. Ганц дарга бүхнийг шийддэг юм шиг ажиллаж ирсэн. Үндсэндээ дотоод ардчилал алдагдсан гэж ойлгож болно. Би бүх зүйл дүрмийн дагуу явах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Бид хэчнээн гоё систем яриад байгаа ч бүрэн бус, хүчирхийлсэн байвал мордохын хазгай гэгч болно.
 
         -Ардчилсан намын үндэсний анхдугаар чуулганаа хуралдуулах тов гаргасан байна лээ. Энэ чуулганаар ямар асуудал хэлэлцэх юм бэ?
 
       -Өнгөрсөн хугацаанд намаас бүсийн чуулган гэж явуулж байсан. Анх удаа нэгтгэсэн байдлаар явуулах гэж байгаа. Намын сонгуульд гишүүдийнхээ санал бодлыг сонсох зорилготой. Арванхоёрдугаар сарын 6 бол таван нам нэгдэж, нэг нам болсон түүхт өдөр байдаг. Тиймээс энэ өдрийг сонгосон. Мөн Хүний эрхийн үндэсний чуулганыг ирэх сарын 4-нд зохион байгуулахаар төлөвлөсөн. Арванхоёрдугаар сарын 10 бол Хүний эрхийг хамгаалах өдөр байдаг. 1989 оны энэ өдөр тухайн үеийн ардчилсан хөдөлгөөний анхны жагсаал болж байсан. 
 
      -Ардчилсан улсад иргэдийн эрх хэрхэн зөрчигдөж байна вэ?
 
     -Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын нөлөөгөөр хатуу хөл хорио тогтоож, ажил, амьдралыг хязгаарласан. Тэр тусмаа Монголд хүний эрх хамгийн их зөрчигдсөн. Эрүүл мэнд, хил гаалиар нэвтрэх, өвчилсөн хүнийг нийгэмд гадуурхах, хувийн мэдээлэлд халдах зэргээр маш их зөрчлүүд гарсан. Хамгийн гол нь эрх баригчдын бодлогын алдааг шүүмжлэх эрхийг тас хорьсон. Тиймээс манай нам энэ асуудал дээр дуу хоолой болж, ковидтой холбоотой хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Зөвхөн энэ зарчмаар явбал олонхын дарангуйлал болно. Ардчиллыг амьд, үнэ цэнтэй байлгахын тулд хүний эрхийг хамгаалах.
 

М.ТУЛГАТ: Ардчилсан нам энэ ондоо багтаад асуудлаа цэгцлэх шаардлагатай
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-25 13:02:49
    Bi: Худлаа шалтаг тоочоод өөрөө асуудал болсон шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-25 11:15:31
    Ха ха: Чамаас бусад нь цэгцэрчихсэн юм биш үү?
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188