• Өнөөдөр 2025-04-30

ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН АНХНЫ 35 СУРАГЧИЙН ГУНИГТ ТҮҮХ

2025-02-21,   5247

             Хэрэв тэд идэр залуу насандаа барууныг зориогүй байсан бол, сургуулиа төгсөж ирээд соёлын үрийг Монголд дэлгэрүүлэн тарьж, оюун санааны гэрэл цацарсан бүтээлүүдийг ар араас нь хийгээгүй cэн бол их хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртөхгүй байх байлаа. Их зохиолч Д.Нацагдоржоос эхлээд гадаадын тагнуулч гэж адлуулж, ид залуу насандаа ясаа цайтал шоронд хоригдож, эцэс сүүлд нь хэн ч тоохгүй гудамжны архичин болж шавар шалбааг дунд амь тавихгүй байлаа. Зөвхөн их зохиолч биш, түүний хайрт гэргий Д.Пагмадулам хятад шавар дагзанд арайхийн амьдарч, хар тамхинд донтож, тэр хоёртой үй зайгүй нөхөрлөж явсан сод зохиолч, сэтгэгч Д.Намдаг өлсөж үхэхгүйн тулд хуруугаараа жонхуу гогдон амь зогоож, “Германы тагнуул” гээд ногоон малгайтнуудад цус нөжтэйгөө холилдтол зодуулж, хэлмэгдэхгүй байлаа. Тэдний зарим нь “Тагнуулч гээд цаазын ял сонсчихоод буудуулах гээд зогсож байхдаа юу бодож байсан бол” гэх эмзэглэл хэд хоног сэтгэл холголоо.

       Тэд барууны соёлыг Монголд нэвтрүүлж чадсан. Бүр XX зууны Монгол Улс оюун санааны хувьд тэсрэлт хийж, дэлхийтэй эн зэрэгцсэн гэхэд хилсдэхгүй. Эх орондоо театр, кино урлагийг үүсгэж, аж үйлдвэр, хэвлэх үйлдвэр, холбоо, арьс шир, хими зэрэг нарийн мэргэжлийн анхдагчид болж, хүний нутагт эзэмшсэн эрдмээ өөр өөрийнхөөрөө үлдээж, соёлын үр тарьж чадсан. Даанч тэд эцэстээ хилс хэрэгт гүтгэгдэж, зүрх шимширч, сэтгэл шархирмаар гунигт амьдралыг туулжээ. Эх орон нь эрдмийн аянд мордуулсан үр дүнг нь гаргаж чадаагүй, гаргуулаагүй ч өөр өөрийн чадахаараа хийхээ хийж, үлдээхээ үлдээж, шинэ эриний шанг татсан анхдагч 35 сурагчийн үнэн бөгөөд гунигт түүхийг дэлгэж байна.

            Эх орондоо соёлын үр тарих эрмэлзэл дүүрэн Өрнөдийг зорьсон анхны 35 хүүхдийн түүх төгсгөл шигээ гунигтай бус, харин ч бахдам сайхан эхэлжээ. Цагийн урсгалд цаг хугацаа хэрхэхийг хэн хэлж чадах билээ. Харин ч хөрөнгөтний орон руу эрдмийн мөр хөөж, эх орондоо анхдагч болно гэхээс хөл нь газар хүрэхгүй баярлаж, хөл хөөр болж байсан биз. Бүгд л баяр хөөртэйгөөр машины тэвшин дээр нуруу нуруугаа налж суугаад эрдмийн аянд гарсан байдаг. Ийн баяр хөөртэй эхэлсэн түүх орвонгоороо эргэхийг дөнгөж 14 насны голцуу тэд яаж мэдэх билээ дээ.

1926 оны дөрөвдүгээр сарын 27.

            Ардын хувьсгал ялснаас хойш гадаад бодлогоо тэлж, гуравдагч хөрш хайж байсан монголчууд нэгэн шинэ алхам, гарц олсон нь хүүхэд, залуусаа барууны оронд сургаж, боловсролын үр шимийг нь хүртэх байв. Улмаар өрнөд рүү хүүхдүүд сургахаар явуулах саналыг Ардын засгийн газар 1925 оны 42 дугаар хуралдаанаараа баталж, дэмжсэнээр эхний ээлжинд хөрөнгөтөн орныг зорих 35 хүүхдийн эрэлд гарсан түүхтэй. Сонгон шалгаруулалтыг Нийслэл хүрээний анхны дунд сургуулиас эхлэн мэргэжлийн, их  дээд сургуулиар ч явуулсан байдаг. Улмаар сурлага, сахилга сайтай хэдэн зуун хүүхдээс Р.Аюурзана, Ц.Баатарсэнгэ, С.Бавуу, Ц.Бадарч, Г.Базарням, Г.Батсүх, Б.Гомбо, Л.Гомбожав, Б.Доржсүрэн, Дугаржав, Лувсан, С.Лувсандамдин, М.Лувсаннамжил, Ц.Лувсанцэнд, Н.Наваан-Юндэн, Д.Намдаг, Л.Намхайцэрэн, Т.Нацагдорж, Н.Пүрэвдорж, Б.Содном, Д.Содном, Сумади, Сумьяа, Д.Сурмаажав, Б.Сэдэд, Г.Хаалаа, Ш.Цэвэг, Г.Цэвээн, Д.Цэрэнханд, Х.Юмбүү, Б.Юмхүү, Т.Аюурзана, Ж.Дүгэрсүрэн, Л.Намсрай, Л.Уртнасан нарын 14 насны голцуу 35 хүүхдийг шалгаруулсан байна. Бүр тус шалгаруулалтад их жанжин Д.Сүхбаатарын ганц хүү Галсан, хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн хүү Юндэн нар орсон ч тэнцэж чадаагүй гэдэг. Түүнээс харахад л хүүхдүүдийг маш нарийн, няхуур хяналт тавьж, танил тал, арын хаалга, эрх, нөлөө бүхий хүний хүүхэд гэж үзэлгүй ардын олон хүүхдэд ижил, тэнцүү боломж олгосон санагдана.

        Олон аавын хүү, ээжийн охин дундаас эрдэм авьяасаараа шалгарсан анхны 35 хүүхдийг МАХН-ын Төв хорооны дарга Ц.Дамбадорж, Цэргийн яамны сайд Хатанбаатар Магжаржав нарын нам, засгийн төлөөлөгчид Ардыг гэгээрүүлэх яамны гадна талбайд цайлж, нэгдсэн байдлаар үдэж өгчээ. Аав, ижийнхээ нэрийг дуудуулж, алс газар эх орныхоо нэрийг өргөх том үүрэг үүрч, машины тэвшин дээр нэгэн рүүгээ харц шидэн инээмсэглэж суусан тэр өсвөр настнуудын дунд ирээдүйд Монголын театр урлагийн гол төлөөлөгч болох Д.Намдаг, эх орныхоо анхны кино найруулагч болж, анхны Ардын уран зохиолч шагналтан болох Т.Нацагдорж, анхны малзүйч Т.Аюурзана нарын Монголын соёл, нарийн мэргэшлийн анхдагчид байв. Тэд хайртай аав, ээждээ үнсүүлээд баадагнаж бэлдсэн хувцсыг нь  тэврээд, эсгий гудас, нимгэн даавуунаас өөр зүйл дэвсээгүй төмөр тэвшин дээр суугаад их зохиолч Д.Нацагдоржийн нэгэнтээ бичиж байсны адилаар хээрийн галуу нисэн үл хүрэх газар руу эрдмийн аянд морджээ.

АНХНЫ 35 ДЭЭР НАЙМАН СУРАГЧ НЭМЭГДЭЖ ОЧООД УДААГҮЙ БАЙХАД НЭГ СУРАГЧ ГЕРМАНД НАС БАРЖЭЭ

          Анхны 35-ыг үдэн гаргахдаа эрдэмтэн Ж.Цэвээн “Тэртээ 700 жилийн өмнө монгол цэрэг Германыг байлдан дагуулахаар очиж байтал Чингис хаан нас нөгчсөн учир байлдахаа больж, Балтын далайгаас морьдоо услаад эргэсэн түүхтэй. Харин одоо та нар тэр улсын эрдмийг нь уугаад ирээрэй” хэмээн захисан талаар Монголын орчин цагийн уран зохиолын сод төлөөлөгчдийн нэг Д.Намдаг дурсан бичсэн нь бий. Тиймээс ч 700 жилийн тэртээд хүлэг морьд, хүчит цэргүүд нь хүрээгүй орны эрдэм мэдлэгийг “дайлаар мордох”-оор 35 хүүхэд ийн хөдөлжээ. Хүүхдүүд Ардыг гэгээрүүлэх яамны гаднаас хөдөлсөн өдөртөө Алтанбулагт хүрч, тэндээ гурав хоножээ. Улмаар цааш нь Алтанбулаг-Улаан-Үд, Москва-Ленинград гэсэн маршрутаар машин, галт тэрэг, усан онгоцоор явсан гэдэг. Талын монгол нутагт төрж, таван хошуу малтайгаа тоглож өссөн сурагчдад 30 хоног хэртээ үргэлжилсэн энэ аян хачин сонин, хайрламаар сайхан байж.  Эрдмийн аяныхаа эхлэлийн талаар анхны 35-ын нэг, Гавьяат багш С.Бавуу “Бидэнд чемодан гэх юм байсангүй. Жаал зуул юмаа баадагнаад сураар баглаж тогтоогоод бариул гаргаж билээ. Хиртэй хувцастай явах ёсгүй. Усан онгоц хүлээж Ленинградад долоо хонохдоо Германд очоод өмсөх хиргүй, цэвэрхэн хувцсаа бэлдэж билээ” хэмээн дурсамж номондоо тэмдэглэсэн байдаг. Хүүхдүүд Улаанбаатараас Берлин хүрэх 30 хоногийн аялалдаа латин үсэг сурч, герман хэлээр үг эвлүүлдэг болоод очжээ. Тэднийг Ардыг гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатханаас гадна Нийслэлийн хүрээний анхны дунд сургуулийн багш Г.Буддари, Г.Далай, Б.Авирмэд гэсэн багш нар дагалдаж явсан гэдэг. Харин Г.Далай багш нь 20-оодхон настай боловч япон, хятад, орос хэлийг эх хэл шигээ сурсан эрдэмтэй залуу байж. Тиймдээ ч галт тэргэнд олон хоног нухуулж явахдаа дагуулж яваа 35 хүүхдэдээ латин үсэг зааж, сурах газраа очоод ашиглах ойр зуурын үгийг нь мэдүүлжээ.

           Ленинградад бичиг цаасны ажил хөөцөлдөж долоо хоносон эрдмийн эрэлчид усан онгоцоор хоёр хоног яваад зорьсон Берлин хотдоо хүрсэн байдаг. Берлинд очоод сурагчдыг Герман, Францад сурахаар нь ангилж, харьяа сургууль руу нь шилжүүлсэн бөгөөд 31 нь Германд, үлдсэн дөрөв нь Францад сурахаар болжээ. Хөрөнгөтний оронд очсон анхны 35 монгол хүүхдийн 30 нь эрэгтэй, тав нь эмэгтэй. Хамгийн бага нь 13, ахмад нь 19 настай байв. Хүүхдүүдийг эхний жилд хэлний бэлтгэл хийлгэж, сургуулийн байранд байлгажээ. Тэдний цагаан хэрэглэл, хоол ундыг улсын сангаас даадаг байсан байна. 14 насны голцуу хүүхдүүд хэлний бэлтгэл, хичээл, хүмүүнлэгийн ажил гээд тун завгүй суралцаж байж. Хэлний бэлтгэл дуусахад сурагчдыг байрнаас гаргаж, тус тусад нь айлд суулгахаар болжээ. Ингээд эх хэлээрээ ярих нь багасаж, зөвхөн германаар ярих шаардлага үүссэн бөгөөд энэ тухайд “Хүүхдүүд удалгүй германаар сайн ярьж, эх хэл шигээ л ашигладаг болсны зэрэгцээ англи хэл сурч байсан” хэмээн 35 сурагчийн нэг Б.Содном дурсан тэмдэглэсэн байдаг. Баруунд сурсан хүүхдүүдэд өдрийн хоол өгдөг байсан бөгөөд хэл, хичээлийн зэрэгцээ сонгодог дуу хөгжим сонсгож, хүүхдүүдийг өөр өөрийнхөөрөө хөгжих, боловсроход анхаарсан гэдэг. Ирэх намар нь Д.Нацагдорж, Д.Пагмадулам, Д.Санжаа, Н.Бат-Очир, Баваасан, Б.Цэдэндамба, М.Гомбожав, Ц.Бадамжав нарын найман сурагч, оюутан нэмэгдэж очсоноос М.Гомбожав, Ц.Бадамжав Францад суралцахаар болж, бусад нь Германд үлджээ. Анхны 35 дээр найман сурагч, оюутан нэмэгдэж, Монголоос Герман, Францад суралцагчдын тоо 43 хүрсэн бөгөөд сурагч, оюутнуудыг их, дээд, нарийн мэргэшлийн сургуулиудад хуваан суралцуулахаар болсон байдаг. Ингэснээр өрнөдөд сурсан анхны сурагчид зөвхөн соёл, сэтгэлгээний талаараа ч бус нөөц, боломждоо тааруулан аж ахуйн мэргэжилтэн, холбоочин, токарьч гээд улсдаа хэрэгтэй алтнаас үнэтэй нарийн мэргэшлийн эзэд болох боломж бүрджээ.

              Гэвч анхны 35 дээр найман оюутан нэмэгдэж очоод удаагүй байтал Берлин хотын мэргэшлийн сургуульд сурч байсан Дугаржав хүү нас баржээ. Дугаржав хүүгийн бие 1926 оны арваннэгдүгээр сард гэнэт өвдсөн байна. Эмчид үзүүлтэл “Салхинд цохиулсан, эмчийн хэрэггүй” гэсэн ч удалгүй өндөр хэмтэй халуурсан аж. Улмаар Дугаржавыг яаралтай эмнэлэгт хүргэн эмчид үзүүлэхэд “Тархины үрэвсэл” гэсэн онош гарчээ. Харамсалтай нь, өвчнийг зөв оношилж, эмчилгээ хийж эхлээд байсан ч хүү өвчнөө даалгүй нас барсан юм. Бусдынхаа л адил сайхан мэргэжил эзэмшиж, эх орондоо эргэж очоод сурсан эрдмээ чадлаараа үзүүлэх хүсэлтэй өсвөр насны хүү Берлинд ийнхүү амьсгал хураажээ. Түүнийг Берлин хотын нийтийн оршуулгын газарт оршуулсан гэдэг.

БАРУУНД СУРЧ БАЙСАН СУРАГЧ, ОЮУТНУУДЫГ ЭГҮҮЛЭН ТАТСАН НЬ БУЮУ “ТАЙЖ НАЦАГДОРЖИЙН БАНКЕТ”-ЫГ ДАГАСАН БАРИВЧИЛГАА, ЭРҮҮДЭН ШҮҮЛТ

            1930-аад оны сүүлчээр Европ даяар улс төрийн нөхцөл байдал хүндэрч, шинэ фашист үзэлтнүүд давамгайлсан. Үүнтэй зэрэгцэн Адольф Гитлерийн Үндэсний социалист нам засгийн эрхэнд гарсан байдаг. Харин энэ үед тухайн үеийн нам, төрийн эрхийг давхар атгаж байсан Олон улсын коммунист элчингийн байгууллага, ЗХУ-ын зүгээс нууц тогтоолоор “Монголын 42 хүүхэд баруунд суралцаж байгаа нь ЗХУ-ын хувьд тэвчиж болшгүй зүйл. Тиймээс хөрөнгөтний онол, үзлээр зэвсэглэгдэж байгаа тэр хүүхдүүдийг эргүүлэн тат” гэсэн шийдвэр гаргаж, Монголын нам, засгийн удирдлагуудад тулгажээ. Улмаар Монголын талаас хөрөнгөтний үзэлд автаж болзошгүй гээд эхний ээлжинд тайж угсааны гэдгээр нь Д.Нацагдорж, Н.Наваан-Юндэн, Д.Пагмадулам, Г.Хаалаа, Д.Цэрэнханд нарын сурагч, оюутныг 1929 онд эгүүлэн татсан байна. Харин үүнээс жилийн дараа буюу 1930 оны зунаас Герман, Францад сурч байсан оюутан, сурагчдыг бүгдийг нь татжээ. Эх орондоо барууны боловсролын “үр”-ийг тарих, дэлхийтэй хөл нийлүүлэх том зорилготой Өрнөдийг зорьсон тэд эрдмийн аянаасаа эх орондоо ирээд л хүүхэд, нохойн доог болж эхэлж. Хаа явсан газартаа “Хөрөнгөтний газар сургууль хийсэн. Хөрөнгөтний үзэлтэй цагаан захтнууд” гэж шоовдорлуулж, доромжлуулдаг байж. Бүр Герман, Францад сурсан, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, хөдөлмөрлөе гэхэд төр, засгаас үл зөвшөөрнө. Энэ тухай гавьяат багш С.Бавуу “Хүрээний түшмэлүүд баруунд сурсан хүүхдүүдэд ажил хийх боломж олгодоггүй, цалин цагаа сайтай ажилд оруулдаггүй байсан” хэмээн дурссан байдаг. Хаа хол хүний нутагт эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах нь бүү хэл элгээ эмтэртэл доромжлуулж байж. Тэгсэн ч эмэгтэй нь бичээч, зарим нь санитараар ажиллаж, хөвгүүд нь ар гэрээ тэжээх, хоол, ундтай нь золгуулахын тулд хар ажил хийж, тал талд аж төрж байжээ.

            Гэтэл гай газар дороос гэгчээр их зохиолч Д.Нацагдорж Германд хамт сурч байсан нөхдийн хамт шинэ жил тэмдэглэж буй гэрэл зураг До яамныханд хүрч. Тухайлбал, 1931-1932 онд шилжих шөнө их зохиолч Д.Нацагдорж Германд хамт сурч байсан Д.Намдаг, Н.Наваан-Юндэн, Б.Гомбо, Ч.Хурлаат нөхдийн хамт ширээ засаж, оргилуун дарс буудуулж, шинэ жилийн баяр тэмдэглэжээ. Ийнхүү баяр тэмдэглэж байсан тэдний зургийг хилийн чанадад хамт сурсан “Берлин” хочит Н.Бат-Очир авч, “Тайж Нацагдоржийн банкет” гэж ард нь тодотгон тэмдэглээд, До яаманд өгч, алтан хошуу өргөсөн байдаг. Тэр үед монголчуудын хувьд шинэ жил гэдэг шинэ зүйл байсан хэдий ч баруунд сурч байсан нөхөд Германд сурсан ёсоороо он солигдох мөчийг тэмдэглэснийг гуйвуулж, матсан нь хөрөнгөтний оронд сурсан анхны монгол хүүхдүүд амьдралын дийлэнх хугацаагаа шоронгоор өнгөрүүлэх эхлэл болсон байдаг. “Тайж Нацагдоржийн банкет”-ын хэрэгтэй холбоотойгоор 1932 оны тавдугаар сараас их зохиолч Д.Нацагдоржийг нөхдийн хамт До яамныхан дуудан байцааж, эрүү шүүлтэд оруулжээ. Хориход хоолыг нь хэд хоногоор тасалж, ганц үг унагах гэж хормын төдий ч амраалгүй өдөр, шөнөгүй байцаан хамаг биеийг нь хөх няц, булуу болтол нь зодчихоод дусал ч ус амсуулахгүй тарчилгах юу ч биш байсан гэдэг.

ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН СУРАГЧ, ОЮУТНУУДЫН ГУНИГТ ТӨГСГӨЛ БУЮУ ГУРАВ НЬ ЦААЗААР АВАХУУЛЖ, ЗУРГАА НЬ УЧИР БИТҮҮЛГЭЭР НАС БАРАВ

              “Тайж Нацагдоржийн банкет”-ын хэрэг дуусаа ч үгүй байхад Дотоод явдлын яамнаас баруунд сурсан залуусыг дийлэнхийг нь дуудаж, эрүүдэн шүүж, хорих ял ногдуулжээ. Шалтгаан нь, Герман Зөвлөлттэй дайтаж, Франц түүний холбоотон болсонд байв. Ердөө энэ л шалтгааны улмаас барууны оронд өндөр боловсрол эзэмшсэн залуусыг тагнуулын хэрэгт буруутгаж, харгис эрүүдэн шүүлт хийж эхэлжээ. Тухайлбал, 1941 онд Өрнөдөд сурсан оюутнуудыг буруутган баривчилсны дараа “Баривчилсан хүмүүсийн аминд ноцтой аюул учруулалгүй эрүүдэн шүүхийг зөвшөөрсөн” тусгай комиссын шийдвэр гарсан байна. Ингэснээр До яамны гүйцэтгэх ажилтнууд өөр өөрийн дурын, харгис эрүүдэн шүүх аргууд ашиглаж, хүнийг “амьд туршилт” болгож байжээ. Баруунд сурсан залуусыг “Хувьсгалын эсэргүү”, “Японы тагнуул” хэмээхээс гадна “Улсын мөнгө шамшигдуулсан”, “Өр, зээл тавьсан” зэрэг хилс хэрэгт буруутгаж, Дотоод явдлын яаманд удаан хорьж, эрүүдэн шүүжээ. Яргаллыг нь даахаа болиод ядарч унаад, бие нь татаж байхад ч “Хэргээ өөрөө хүлээчихвэл хорих ялаас хэлтрүүлнэ гэж Маршал хэлсэн” гээд Маршал Х.Чойбалсангийн гарын үсгийг дуурайлган бичсэн цаас хүртэл үзүүлж байсан гэдэг. Хатуу цагийн золиос болж, гашуун тавилан эдэлсэн анхны 35 амьдралынхаа дийлэнх хугацааг До яамны хяналт дор, дуудагдаж, байцаагдаж, эрүүдэн шүүлгэж өнгөрөөсөн байдаг. “Тайж Нацагдоржийн банкет”-аас байцаагдаж, До яамны хорихоос эхлэн олон гяндан дамжиж, амьдралынхаа дийлэнх хугацааг өнгөрүүлсэн “бага” Т.Нацагдорж “Баривчлагдсан өдөр би ижийнхээ гарын хоолыг сүүлийн удаа амсах, царай зүсийг нь эцсийн удаа харах хувьтай байсан юм билээ. Намайг шоронд гүжир хэргээр шийтгэгдэн цөхөж байх зуур хөөрхий ижий минь нас барсан. Ганц хүү нь гэлээ ч ижийгээ амьсгаа хураахад толгойг нь түшиж чадаагүй юм. Чадаагүй ч гэж тэр цаг үе чадуулаагүй юм” хэмээн хоолой зангируулан хэлж байсан талаар Төрийн шагналт зохиолч С.Дашдооров тэмдэглэн үлдээсэн буй. Удтал үргэлжилсэн эрүүдэн шүүлт, яргаллын дараа тэдний наймд нь 3-25 жилийн хорих ял, гуравт нь цаазын ял оноосон байна.

            Тодруулбал, Улсын хэвлэх үйлдвэрийн тулгын чулууг тавьж, анхны инженер нь болсон Ц.Баатарсэнгэд тагнуулын хэргээр цаазын ял ногдуулсан байдаг. Мөн тухайн үед Цэмбэний фабрикийн орлогч даргаар ажиллаж байсан Л.Гомбожавт комбинатыг шатаасан хэргээр цаазын ял өгчээ. Энэ үед Маршал Х.Чойбалсан “Монголд Баргуудын үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна. Тухайлбал, Л.Гомбожав нарын хүмүүсийн” гэж онцлон улсаасаа урвасан хэргээр яллажээ. Түүнчлэн анхны 35-ын нэг, Францад сурч ирээд “Улаан-Од” сонин, Цэргийн театрын зохиолч, найруулагчаар ажиллаж байсан Л.Намсрайг Япон, Герман, Франц гурван орны тагнуул гэж үзэн цаазаар авсан байна. Эх орондоо эрдэм өвөртөлж ирэн соёлын үр тарих мөрөөдлөөр Өрнөдийг зорьж сурсан залуусыг хөрөнгөтний үзлээр зэвсэглэгдсэн хэмээн буруушааж, эх орон нь нүүр буруулж байхад цаазын ял сонссон залуус хүйтэн бууны овоо харааны өмнө зогсохдоо юу бодож байсан бол...

           Тэдний гунигт түүх ингээд төгсөөгүй. Тэдэнтэй холбогдсон, багшилсан, тэдэнтэй найз нөхөд байсан хүмүүсийг ч Дотоод явдлын яамнаас яллаж, зарим нь учир битүүлгээр амиа алдаж байжээ. Тухайлбал, хүүхдүүдийг Герман, Франц руу явуулж сургах ажлыг санаачилсан МАХН-ын Төв хорооны дарга Ц.Дамбадорж, хүүхдүүдтэй хамт Германд очиж, суралцаж байх хугацаанд нь эргэж, тойрч сурлагын ахиц, амжилтыг нь шалгаж байсан Ардыг гэгээрүүлэн яамны сайд Эрдэнэбатхан хоёрыг “Хүүхдүүдийг Герман, Франц руу буюу хөрөнгөтний орон руу сургахаар явуулсан” хэрэгт буруутгаж, Герман, Японы тагнуул гэж үзэн Зөвлөлт рүү цөлжээ. Түүнчлэн анхны 35-ыг дагалдаж, Улаанбаатараас Берлин хүртэл явсан Нийслэл хүрээний анхны дунд сургуулийн багш Д.Буддари Нийслэл хүрээний анхны дунд сургуулийн захирал Б.Ишдорж нарыг  цаазаар авсан архивын баримт хүртэл байдаг. Мөн анхны 35-д хатуу галт тэрэгний явдал дунд герман хэлний анхны А үсгийг нь зааж байсан Г.Далай багш Германаас Монгол руу эгүүлэн татагдаж байхдаа Москвад учир битүүлгээр нас баржээ. Ердөө 21-хэн насласан түүний тухай албан мэдээгээр “Зүрх нь зогссон”  ч “Москвагийн зочид буудлын өрөөнөөс тамлуулж, хоолойгоо хэрчүүлсэн байдалтай цогцос нь олдсон” тухай яриа томчуудын дунд гарч байсан гэдэг.

            Барууныг зорьж, эх орондоо соёлын шинэ үр тарихаар явсан монгол сурагчдын түүхийн төгсгөл эхлэл шигээ бахдам сайхан биш. Амьдралынхаа дийлэнх хугацааг шоронгоос шорон дамжиж, цөллөгт олон жилийг өнгөрөөсөн байдаг. “Цагаан захтан” хэмээн олонд шоовдорлуулж, “Хувьсгалын эсэргүү” нэр зүүж амьдарсан тэднийг хайртай хань, халуун гэр бүл нь ч хүлээгээгүй гэдэг. Анхны 35-ын нэг, сод зохиолч Д.Намдаг шоронгоос суллагдаж, хайртай хань, хоёр хүүхэд рүүгээ яаран яаран ирэхэд гал голомт нь үгүй, хайртай гэр бүл нь хүнийх болоод явсан байдаг. Амьдрахын тулд, өлдөж үхэхгүйн тулд жонхуу гогдон амь зогоож байсан гэгддэг тэрбээр тэр жилүүддээ хамгийн сод бүтээлүүдээ бичсэн байдаг. Цагтаа хэн хүнд хүндлэгдэж, улсынхаа ганц урдаа барих тайж, сэхээтэн, том бичгийн хүн байсан их зохиолч Д.Нацагдорж идэр залуу насаа шорон дамжин өнгөрөөж, эцэстээ хэний ч танихгүй нэгэн болж амиа алдсан. Хайртай хань Д.Пагмадулам нь хаана ч ханиа өмөөрч, итгэн хайрладгаа хэлснийхээ төлөө нам, төрийн удирдлагуудад хөөгдөж, амьдралын сүүлийн он жилүүдээ хятад дүүргийн шавар дагзанд үдсэн гэдэг.

БАРУУНД СУРСАН СУРАГЧ, ОЮУТНУУДЫН  ТАРЬСАН “ҮР” БУЮУ МОНГОЛЧУУД ОЮУН САНААНЫ ТОМ ТЭСРЭЛТ ХИЙЖ, ДЭЛХИЙТЭЙ ЭН ЗЭРЭГЦЭЖ БАЙВ

             Өрнөдийг зорьсон анхны сурагч, оюутнуудын Герман, Францад сурч, боловсрох хугацаа удаан үргэлжлээгүй ч тэд өөрсдөд нь оногдсон богино хугацаанд сурсан, мэдсэн зүйлээ эх орондоо “тарьж”, ургуулсан нь үлэмж байв. “Их” Д.Нацагдорж эгүүлэн татагдаж ирснээсээ ердөө хоёр жилийн дараа үеийн үед Монголын хамгийн сод бүтээл хэмээн яригддаг “Учиртай гурван толгой” дууриа бичиж дуусган түүнийг нь мөн л барууныг зорьсон анхны 35-ын нэг, театрын урлагийн анхлагчдын нэг Д.Намдаг найруулсан байдаг. Бүр эл жүжгийн гол дүрийн Юндэнгийн дүрд Германд сурсан нөхөр Н.Наваан-Юндэнг тоглуулахаар тохирсон байсан ч нам, засгийн удирдлагуудын маргааны улмаас өөрчилж байсан гэнэ. Харин “бага” Т.Нацагдорж нь Монголын кино урлагийн анхны найруулагч болсон бөгөөд “Норжмаагийн зам”, “Анхдугаар хичээл”, “Сүрэг чоно”, “Сүхбаатар” зэрэг олон кино зохиож, найруулан үзэгч, уншигч түмэндээ хүндлэгдэн 26 насандаа Монголын хамгийн анхны Ардын уран зохиолч болсон гайхалтай авьяаслаг залуу байж.

            Монголын театрын анхдагчдын нэг Л.Намхайцэрэн Ардын зураач болж, Төрийн шагнал хүрттэлээ шилдэг бүтээлүүдээ төрүүлэн уран зургийн мастер болж, Францад сурсан Т.Аюурзана Монголын анхны малзүйч болж, Орхон үүлдрийн хонийг бий болгон Төрийн шагнал хүртэж, Хараагийн баатар ван Н.Наваан-Юндэн, Монголын орчин үеийн уран зохиолд зохиол, бүтээлээрээ үнэтэй хувь нэмэр оруулахын сацуу Орос-Монгол толь бичиг, Монгол хэлний товч тайлбар толийг зохиоход оролцсон байдаг. Эгэл токарьчнаар ажиллаж байсан Б.Сэдэд улсын аж үйлдвэрийн босгыг тавьж, хоёр удаа Алтангадас одон хүртэж, Ж.Дүгэрсүрэн Монголын анхны геологийн ухааны доктор болж, Берлинд сурсан Б.Содном хамт сурсан нөхөр, их зохиолч Д.Нацагдорж судлалын шанг татжээ. Харин С.Бавуу, Б.Цэдэндамба, Г.Батсүх, Б.Содном нар боловсролын салбарт бүх амьдралаа зориулж, түүхэнд үлдсэн гайхамшигтай багш нар болсон байдаг. Самуун цаг төрийн золиос болж дууссан барууныг зорьсон анхны сурагч, оюутнуудын ухаан мэдлэгийн хэргийг улс нь гаргаж чадаагүй, гаргуулахыг хүсээгүй ч тэд хийхээ хийж, эх орондоо үлдээхээ үлдээсэн, соёлын “үр” таригчид байлаа. Улсын бахархал болж өрнөдийг зориод ирэхдээ урвагчаараа дуудуулж байсан ч тэд эх орондоо “өр”-өө төлж, монголчууд XX зуунд дэлхийтэй хөл нийлүүлэн алхах, дэлхийн хэмжээнд сэтгэх, үйлдвэрүүдийн анхны “шат”-ыг нь тавьж өгсөн байдаг. Тэд эх орныхоо, шинэ цагийн аж үйлдвэр, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухааны тэргүүлэх сэхээтэн болж, монголчуудын дунд оюун санаа, аж үйлдвэрийн их тэсрэлт хийж чадсан. Гэсэн ч баруунд сурснаараа бахархах бус, баруунд сурснаа нууж хаан, нам, төр, ногоон малгайтнуудаас зугтаан амьдралынхаа дийлэнх хугацааг өнгөрүүлсэн тэдний сүүлч 1990-ээд он хүртэл амьдраад амьсгал хураажээ. Өрнөдөд сурсан сурагч, оюутнуудын энэ түүх Ардчилсан хувьсгал гарах хүртэл олны өмнө ярихаас цэрвэдэг нууц түүх байсан билээ.

 


 

 


ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН АНХНЫ 35 СУРАГЧИЙН ГУНИГТ ТҮҮХ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 21
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-23 22:41:10
    Залуу сэтгүүлч: Азсайхан найзаа, арай ч дэндүү хуулждээ,чи ! Тэрний оронд Ч.Болдын ном ноос гээд эх сурвалжаа заачихсан бол нэрэнд чинь цэвэр ш дээ. Хэдхэн өг үүлбэр өмнө нь хийхдээ бас "их, дээд сургууль" нтр гэж учир утгагүй юм донгоссон байх юмдаа, ингэн байж сэтгүүлч сэтэр зүүгээд яахавдээ,чааваас Боль боль, мэрэгжлээ соль !
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-23 22:38:16
    Залуу сэтгүүлч: Азсайхан найзаа, арай ч дэндүү хуулждээ,чи ! Тэрний оронд Ч.Болдын ном ноос гээд эх сурвалжаа заачихсан бол нэрэнд чинь цэвэр ш дээ. Хэдхэн өг үүлбэр өмнө хийхдээ бас "их, дээд сургууль" нтр гэж учир утгагүй юм донго ссон байх юмдаа, ингэн байж сэтгүүлч схтэр үүүгээд яахавдээ, чааваас.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-22 23:32:10
    Ахмадруугаа хандаж яваа сэтгүүлч: 35 хүүхдийг анх сонгохдоо " Сонгоншалгаруулалтыг Нийслэлийн анхны дунд сургуулиас эхлээд мэрэгж лийн, их дээд сургуулиарч явуулсан байдаг" гэж наасан байхымаа. Тэр цагт ямар элэнцгийн их дээд сургууль байхав дээ Ухаан санаа чинь эрүүл үү хөөе, жаахан багцаатай тууж байгаач ээ ! Бас тэгээд эх сурвалжаа нэрлээч, дэндүү бүдүүлэг бна шүү !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-22 23:29:34
    Ахмадруугаа хандаж яваа сэтгүүлч: 35 хүүхдийг анх сонгохдоо " Сонгоншалгаруулалтыг Нийслэлийн анхны дунд сургуулиас эхлээд мэрэгж лийн, их дээд сургуулиарч явуулсан байдаг" гэж наасан байхымаа. Тэр цагт ямар элэнцгийн их дээд сургууль байхав дээ Ухаан санаа чинь эрүүл үү хөөе, жаахан багцаатай тууж байгаач ээ ! Бас тэгээд эх сурвалжаа нэрлээч, дэндүү бүдүүлэг бна шүү !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-22 20:28:26
    Зочин: Германд сурсан 5залуу Япон орныг үсрэнгүй хөгжилд хүргэсэн гэдэг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-21 15:56:45
    Судлаач: Туух бол туух. Терийн дарангуйлал орсон енее уед Сургамж л авах естой!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-21 13:00:13
    Zochin: өөр сонинд гарсан энэ нийтлэлийг байнга тавих юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-21 10:41:09
    БИД: Эетэй бээлийн хошууны Засагт туслагч, тэргүүн зэргийн тайж Лагнаадоржийн отгон хүү Намсрайн талаар онцлон дурьджээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-21 10:22:52
    zochin: aluurchin bol Mongol Ardiin Chuvsgalt Nam ! , er n bol Mongoliin ard tumnees uuchlalt guich estoi ! , ye yeiin aluurchin namiig uter turgen tatan buulgaj bugdeg n chariuuchlaga toochoch estoi ! , odoo uu n oroitov gej ! , chariuugaa avnaa bugdeeree !
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-21 16:55:56
    Зочин: Эх сурвалж Ч.Болд "Алс газар сурахаар одогсод" номноос гээд дурдвал зүгээр дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-20 18:09:11
    Бодхүү: Энэхүү бичлэгийн санаа бөгөөд түүхийн үнэнг эрэлхийлсэн нь туйлын сайшаалтай зөв. Харин бичээч маань зарим нэг он, сар, цаг хугацааны алдаа гарсан байгааг нягтлан залруулбал сайн байна. Мөн Ч. Болдын номноос эх сурвалж авсан бол тэр тухайгаа дурьдаж байвал цаашдын судалгаанд хэрэгтэй байдаг шүү. Амжилт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-20 14:48:20
    Зочин: Буддари гэж аав ээжийн маань дунд сургуулийн багш байсан гэж их ярьдаг байсан даа Хурлаат гэж яаны шувууг дуулдаг доголон Томорийн ээж гэдэг Хоорхий залуучууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-14 23:31:23
    Зочин: Залуу хүмүүсийг алдаг л буруу байж дэ цөллөгт гээд тараагаад хөдөө явуулчихгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-13 13:21:52
    Зочин: Хүүхдүүдийн үдэлт цайллага дээр Дамбадорж хэлэхдээ - Япон улс Мэйжийн хувьсгалын дараа 100 000 залуусаа гадаадад явуулан сургасаны үр дүнд одоо Ази тивдээ айхтар хөгжилтэй улс болсон. Бидний буурай Монголчууд бусадтайгаа эн зэрэгцэн хөгжиж явахын тулд барууны бусад хүчирхэг улсд хойшид ч 100, 100-р нь дахин явуулах болно. Та бүхэн тэдгээр хүүхэд залуусын маань түрүүч шүү - гэж хэлж байсан. Энэ бүхэн эцэстээ Оросуудын явуулгаар нуран зогссон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-13 13:05:38
    Зочин: Оросууд биднийг бусдад алдахгүй гартаа чанга атгаж байхын тулд л Хятадтай нийлэн биднийг 100 жил ( 1921-оноос эхлэн) ертөнцөөс тусгаарласан. Тэд биднийг - Та нарыг биднээс өөр хэн ч ингэж сайнаар харж хандаж явахгүй шүү, За юу - гэж байгаад л биднийг ёстой хядах шиг л болсон.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-13 12:58:36
    Оросын явуулгаар л хядсан: Tэр үед Монголчууд 3 дагч орноос зэвсэг авах, 3 дагч орнуудад оюутан сургах нь Оросуудын хувьд тэвчиж болошгүй зүйл байж дээ.. Урд ч тийм байсан, одоо ч тийм .. хойшид ч тийм л геополитиктой л байх болно доо.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-13 11:33:37
    ок: энэ цаазлуулсан залуусыг арав хорин жилээр ч хамаагүй хориод амьд үлдээчихгүй дээ гэж боддог л юм.. тэр гурван хүний нэг нь миний эмээгийн ах.. эмээ минь ахыгаа аавыгаа алуулахад 7хон настай байсан даа.. хөгийн новшнууд аав ахыг нь алчихаад 7хон настай охиныг зүгээр амар тайван амьдруулаагүй.. гашуун хувь тавиланг туулуулсан даа..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-13 10:43:20
    DR. PRADHAN: IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000.00 CONTACT THIS HOSPITAL EMAIL: [email protected]
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-12 15:52:14
    ард : тэгээд хэн буруутай вэ. энэ олон хүний амьдралыг үрэн таран хийчихээд монголд бус өөр оронд болсон юмшиг гайхшираад бичээд байх юм. энэ хүмүүс чинь өөрөө өөрсдийгөө тамлаагүй амиа хорлож үхээгүй юм байгаа биздээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-12 13:13:36
    Зочин: Эх сурвалжаа дурдвал зүгээр юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-12 13:13:10
    Зочин: Эх сурвалжаа дурдвал зүгээр юм
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188