• Өнөөдөр 2025-12-18

ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн

2025-12-18,   788

           ....2007 оны арваннэгдүгээр сард Төв аймгийн Айдсын даваа орчимд зам тээврийн ноцтой осол болж, автомашинд явж байсан хоёр хүн амиа алдсан гэх харамсалтай хэрэг гарсан. Ийн тухайн  үед автомашинд зорчиж явсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жанлавын Наранцацралт зуурдаар таалал төгсөж, Монголын төрийн нэгэн од тэнгэр харвасан гашуун түүхтэй. Хууль хяналтын байгууллагаас уг хэргийг согтуу жолоочийн хайхрамжгүй үйлдлээс болсон санамсаргүй осол хэмээн хаасан ч, Ерөнхий сайд асан Ж.Наранцацралтыг өнөөдрийг хүртэл учир битүүлгээр насан эцэслэсэн гэдэг итгэж боломгүй эргэлзээ тээнэгэлзэл олон хүний зүрхэнд хадаатай үлджээ...   

  


     “...Би аавыгаа осолд орсон жил ангаахын төгсөх дамжааны оюутан байлаа. Том эр болчихсон юм шиг санаж, бодож явсан надад тэр уйтай мэдээг сонссон цагаас л тэнгэр хөмөрчих шиг болсон. Аавынхаа ослын тухай ярихад одоо ч надад хөндүүртэй байдаг юм. Сайд нарын хоёрдугаар эмнэлгийн бөөрний эмч Жаргалсайхан ах аавын дотнын найз юм л даа.

         Осол болсны дараа над руу залгаад “Аав нь осолд орчихлоо” гэсэн. Би тэр үедээ гайхаж балмагдсан ч “Та адилхан эмч хүн надад үнэнийг хэлээрэй. Аав байна уу, байхгүй юү” гэж асуухад “Байхгүй болсон” гээд утас тасарсан. Осол болсон газар яваад очиход машин нь зам дээр эргэчихсэн харахын аргагүй л байлаа. Хөөрхий ээж минь ухаан нь балартан харж чадахгүй хүндхэн байсан. Ээж, дүү хоёртоо хань бараа болохыг бодож, тайвшруулахаас өөр бодол миний толгойд орж ирэхгүй байсаар хөөрхий аавыгаа нартаас үдчихжээ гэж харуусан боддог. Хожим аав минь төр түмэндээ хүндлэгдсэн, амь ахуйдаа өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн байжээ гэж бодох өдрүүд олон байлаа” хэмээн дурсах хүн бол Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын хүү Соёмбо.

       Аавыгаа амьд ахуйд анагаахын сургуульд суралцаж, эмчийн мэргэжил эзэмшсэн тэрбээр өдгөө улс төрд ороод багагүй хугацааг өнгөрөөсөн байна. Ийн түүнтэй Монгол төрийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан намын лидерүүдийн нэг, Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын амьдрал, улс төрийн замналынх нь талаар үргэлжлэл буландаа урьж ярилцлаа.

    “Тантай аавын тань талаар ярилцах санал тавиад нэлээд удлаа” гэхэд “Цаг зав таарахгүй үе байлаа. Үнэнийг хэлэхэд би аавынхаа талаар яриахаас эмээдэг хүн л дээ. Аавыг минь сайхнаар дурсах хүн олон байгаа ч, аавынхаа нэрийг бариад яриад яваад байх юм гэж шүүмжлэх хүмүүс ч байдаг юм. Сүүлд  надад нэг хүн хэлсэн. “Чи Наранцацралтын хүүхэд шүү гэж дуудуулахаас илүү, Соёмбо гэдэг хүний аав чинь тэр хүн юм билээ гэж дуудуулах нь чухал шүү" гэж захисан нь миний сэтгэлд үлдсэн юм. Тиймээс би аавынхаа тухай ярих нь ч зөв юм байна гэж ойлгосон” хэмээн бидний яриа Үйлдвэрчний эвлэлийн дугаар тоотод эхэллээ.

ЭМЧ ГЭР БҮЛЭЭС ТӨРСӨН ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН

         “Миний аав 1957 онд Улаанбаатар хотод төрсөн. Өвөө, эмээ хоёр минь Дундговь аймгийн Өлзийт сумын хүмүүс. Хоёулаа ангаахын салбарын хүмүүс л дээ. Аавыг төрөх үеэр өвөө анагаахын оюутан, одоогийн Ханддорж Чин вангийн өргөөний хашаанд амьдарч байсан гэсэн.

          Ингээд 1957 оны зургадугаар сарын 10-нд эмээ өвдөөд, тухайн үед одоогийнх шиг түргэн тусламж байхгүй учраас өвөө маань эхнэрээ түшээд, төрөх рүү явж байхдаа нэг их гоё үзүүрлэсэн харандаа олсон гэсэн. Ингээд “Би мундаг эрдэмтэй хүүхэдтэй болох юм байна” гэж их баярлаж мөнөөх харандаагаа хадгалж байснаа хожим надад өгсөн юм. Нээрээ л аав минь төрдөө үнэлэгдсэн, эрдэм боловсролтой хүн байсан. Аавын нэрийг эмээгийн төрсөн дүү, түүхийн ухааны профессор Д.Хүүхэнбаатар ах өгсөн юм билээ. Наранцацралт гэдэг багшийнхаа нэрийг өгсөн гэдэг. Хүний хувь тавилан гэж сонин юм шүү. Сүүлд би нагац ахынхаа Наранцацралт багшийнх нь ач охинтой гэрлэсэн.

        Аав эхээс тавуулаа. Нэг эгч, дөрвөн эрэгтэй дүүтэй. Социализмын үед яг л бусдын адил хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдарч байсан гэдэг. Өвөө минь уг нь сахил хүртсэн лам хүн байсан юм билээ. Хэлмэгдүүлэлтийн үед амьд гарсан ламхай нарын нэг. Насанд хүрээгүй байсан учраас амьд, цөлөгдөлгүй үлдсэн учраас лам гэдгээ нууж цэргийн албанд явсан. Өвөө хэлмэгдүүлэлтийн гашуун түүхийг харсан болоод ч тэр үү үг дуу цөөтэй хүн байлаа. Намайг оюутан байхад өвөөгийн бие өвдөж, би сахидаг байсан юм. Тэр үед өвөө багынхаа зүйлсийг их ярина. “Тийм ном сурч байсан. Сүм хийдийг ингэж шатаадаг байсан. Би нэг бурхан нууж байсан юм. Гэхдээ нуусан бурхнаа эргэж олоогүй” гээд л ярьж байсан.

       Өвөө их сайхан хоол хийдэг хүн байсан. Тогоочийн хоёрдугаар зэрэгтэй. Манай гэрийн эрчүүд ер нь их сайхан хоол хийдэг юм шүү. Эмээ минь хүний бага эмч. Эмээ, өвөө хоёр хоёулаа л эмчээр ажилладаг учраас тун завгүй. Өвөө, эмээ хоёр “Манай таван хүүхдүүдээс бага хүү Ж.Билэгтхүү их толгой сайтай, юм дуулгах хүүхэд” шүү гэж ярьдаг байсан гэсэн. Харин манай аав их хичээнгүй, даруу төлөв, хөдөлмөрч, үнэнч, шударга хүүхэд байсан гэдэг.

      Аав Дундговь аймагтаа арван жилийн сургууль дүүргэж, ОХУ-д газар зохион байгуулалтын мэргэжлээр суралцахаар явсан. Өвөө үг дуу цөөтэй хүн учраас хүүхдүүддээ их зүйл хэлдэггүй байсан гэсэн. Аав, өвөөгийн хоёр үгийг дагасны нэг нь ОХУ руу сургуульд явсан. Нөгөө нь Ерөнхий сайд болсон. Тэр үед өвөө “Ерөнхий сайд болно гэдэг чинь хэр баргийн хүний хийгээд байдаг ажил биш шүү дээ, хүү минь” гэж хэлснээр аав Ерөнхий сайд болох саналд зөвшөөрсөн болсон юм билээ.

ТАВАН ХАНАТАЙ ГЭРЭЭС АМЬДРАЛАА БОСГОСОН ТҮҮХ

        Үргэлжлүүлэн “ОХУ-д сурч байхдаа ээжтэй тань танилцсан гэдэг байх аа” гэхэд “Тийм ээ, ээж, аав хоёр сургуульд явж байгаад галт тэргэнд танилцсан. Галт тэргэнд явж байхдаа ээжийн гар дээр “ЯТОЛ” гэж бичээд л үерхэж эхэлсэн гэдэг юм. Бид эхээс хоёулаа. Уг нь миний дээр нэг эгч байсан юм билээ. Харамсалтай нь, төрөөд удаагүй байхад нь алдчихсан гэсэн. Ээж минь сүүний үйлдвэрийн технологич, зайрмагийн үйлдвэрт ажилладаг байлаа. Тухайн үеийн гоё зайрмагийг идэж өслөө, би. Аав ОХУ-д газар зохион байгуулалтын инженер гэх ховорхон мэргэжлээр суралцаж төгссөн. Тиймдээ ч Монгол орноо бүтэн тав тойрсон газар зүйн байрлалыг хамгийн сайн мэддэг хүн байлаа. Хаана, ямар газар байдаг, ямар замаар явдаг гэдгийг бүгдийг нь андахгүй сайн мэднэ. Ингээд сургуулиа төгсөж ирээд тухайн үеийн Хөдөө аж ахуйн яамны Газар зохион байгуулалтын институтэд инженерээр ажиллаж эхэлсэн. Хөдөө, гадаа их явдаг. Одны байршил сайн мэднэ. Газрын зураг дээр заагаад төлөвлөсөн газартаа тэдэн цагт очно гэхэд яг л очдог байлаа.

        Аав сургуулиа төгсөж ирээд Сэлбийн ойролцоо таван ханатай гэр бариад ээжийг хүлээж авсан гэдэг. Ээж оюутан байхдаа жирэмсэн болсон учраас ааваас хоёр жилийн дараа төгссөн юм билээ. Тэд ганц төмөр орноос өөр эд хогшилгүй таван ханатай гэрт амьдарлаа эхэлж байсан гэж ярьдаг юм. Манайх үртсэн зуухтай байсныг би бүүр түүрхэн санадаг. Багадаа би даараад үхэх шахсан гэсэн. Хашааны эзэн, хөрш айлын Санжаа гэдэг эмч миний амийг аварсан гэж ээж аав хоёр хэлдэг юм. Ингээд Газар зохион байгуулах институтэд аав нэлээн олон жил ажилласан. Сүүлд Л.Энэбиш дарга дуудаад “Би чамд байр өгье. Миний дэргэд ажиллаач гэж” хэлсэн гэдэг.

        Тухайн үед газар зохион байгуулалтын инженерийн цалин өндөр. Хотын захиргааны цалин бага ч аав байртай болох сонголтыг хийснээр манайх гэдэг айл анх байранд орж байлаа. Манайх байранд ч орсон, аав ч улс төрд орсон. 1996 онд аав Нийслэлийн газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албаны даргаар ажиллаж байгаад Нийслэлийн Засаг дарга болсон юм. 1996 онд Ардчилсан нам нийслэлд олонх болж чадаагүй шүү дээ. Гэхдээ аав ажил албандаа сайн, хүмүүстээ яриа тохироо их сайн хийдэг, нөлөөтэй хүн байсан юм. Ингээд Нийслэлд МАН олонх болсон ч АН-аас аав Хотын дарга болж байсан түүхтэй.  Хамт өрсөлдсөн хүн нь намынхнаасаа дэмжлэг авч чадаагүй их уурласан гэнэ лээ. Аав минь хүн ойлгодог, зөөлөн хүн байсан гэж нөхөд нь ярина. Ардчиллын анхны гишүүдийн нэг Дундговийн МоАХ-ын тэргүүн н.Батжаргал ах “Аав чинь хүнтэй учир зүйгээ сайн олдог хүн байлаа. Бидний үед хөдөө орон нутагт нам засгийн талцал нэлээд байсан. Ингээд сонгуулийн үеэр уулзалт хийгээд аавтай чинь уулзасны дараа эсрэг намын хүн байсан ч санаа бодлыг нь эргүүлчихдэг байсан юм” гэж дурсаж байсан. Миний аав Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа Улаанбаатар хотын газар зохион байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан хүн” гэлээ. 

1990 ОНЫ СОНГУУЛЬД ЭМЭГТЭЙ ХҮН ГЭЭД ЯЛАГДАЖ БАЙЛАА

        ..."Аавын минь улс төрийн замнал түүх дандаа дардан байгаагүй. 1990 оны Ардын их хурлын депатутадаар аав нутагтаа нэр дэвших гээд Өлзийт рүү томилолтоор явах болсон юм байна. Ингээд л Ардчилсан намынхан чүдэнзний хайрцаг дээр бурхны зураг хэвлүүлээд, сонгуулиар тараахаар унаанд хувиарлаад тал тал тийш гарсан гэсэн. Тухайн үед аав минь Өлзийт сумаас нэр дэвших эрхээ өвөртлөөд байсан ч замын зардлын мөнгө байгаагүй, зам харгуй нь ч хэцүүхэн үе байсан. Ингээд аав унааны зардалгүй, сурталчилгаагаа хийхээр явж чадахгүй сонгуульд ялагдаж байсан гэсэн. Тэр үед хамаатан садан нь хүртэл "Ж.Наранцацралт гэдэг чинь эмэгтэй хүн гэсэн шүү дээ" гээд саналаа өгөөгүй гэсэн гээд инээж байсан юм.

       "Аав тань утга уран зохиолд дуртай, их дэмждэг хүн байсан гэдэг" гэхэд "Аав яруу найрагч Р.Чойномын Сүмтэй бударын чулуу гэдэг шүлэгт жигтэйхэн дуртай байсан. Яруу найрагчид манайхаар орж гардаг байсан. Ардын уран зохиолч, П.Бадарч, Д.Пүрэвдорж гуайтай найз. Тэр тусмаа яруу найрагч Ц.Хулан эгч аавтай минь их ойр. Би ч хүндэлж явдаг. УИХ-ын гишүүн асан  Л.Одончимэд гуай “Яруу найрагчдыг би нэг цуглуулна, эсвэл Нааяа цуглуулж чадна” гэж ярьдаг байсан юм.

ЕРӨНХИЙ САЙДААС УЛС ТӨРИЙН  ШАХАЛТАНД ОРООД БУУСАН ГЭЖ БОДДОГ

      Намынхны шахалт, өвөөгийн захиасаар аав минь 1998 онд Ерөнхий сайдаар томилогдсон. Гэхдээ аавын минь Ерөнхий сайдаар ажилласан он цаг хугацаа амар байгаагүй. Жилийн хугацаанд улсыг улс шиг болгох замналд хөтөлсөн. Тэгээд жилийн дараа ОХУ руу "Эрдэнэт үйлдвэр"-тэй холбоотой нууц захиа явуулсан гэдэг шалтгаанаар Ерөнхий сайдын суудлаас унаж байв. Би одоо ч гайхдаг юм. Сүүлд судалж үзэхэд  аав тухайн үедээ ОХУ руу “Эрдэнэт үйлдвэр"-ийн хувиа та нар зарах гэж байгаа бол манай талд зараарай” гэсэн утга бүхий захидал явуулсан юм билээ. Гэхдээ тэр захидал нь нөгөө талд очиж чадсан юм уу, үгүй юү гэдэг нь ч тодорхойгүй. Түүнийг нь тухайн үеийн МАХН одоогийн МАН-ынхан улстөржүүлсэн юм болов уу гэж боддог. Аавыг Ерөнхий сайдын суудлаас шахаж буулгасан гэж би боддог. Тухайн үед Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын казиногийн хэрэг олны дунд дуулиан тарьчихсан байсан. Түүнийг нь дарах гэж аавыг минь Ерөнхий сайдаас нь буулгасан юм болов уу гэж бодсон. Харин тэр үед яруу найрагч Ц.Хулан МАХН-д өндөр албан тушаал хашдаг байсан хэрнээ "Болор цом"-д аавд зориулж шүлэг уншиж байсныг олон хүн мэднэ. Аавыг Ерөнхий сайдаас буухад нь би эзгүй байж таарсан юм. АНУ-д сургуульд сурч байх хугацаанд аав Ерөнхий сайд болоод буцаж ирэхээс өмнө уначихсан юм. Сүүлд аав надад “Чи над руу миний аав наад хүмүүсээ битгий царай алдаарай” гэж хэлсэн. Тэр үг чинь надад их хүрч, миний сэтгэл амарсан гэж байсан юм. Тэр үед би 10 хэдхэн настай хүүхэд байлаа шүү дээ.  Аав минь Ерөнхий Сайдын албыг хашиж байх үедээ Монгол Улсын газрын тухай хуулийг батлалцаж, Иргэнд газар өмчлүүлэх үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохицуулах, хэрэгжүүлэх үйлсэд гар бие оролцож, хүч чадлаа дайчилж явсныг Монголын ард түмэн мартаагүй.

        Миний аав улс төрд тод дүр болж, улстөрчдөд стандарт тогтоосон гэж боддог. Сүүлд аавын үлдээсэн бичиг баримтыг цэглэж байгаад харсан юм. Сонгуульд оролцох схемээ хүртэл нарийн боловсруулсан байлаа. 2000-2004 онд Ардчилсан намаас ганцаараа сонгогдож, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Аав “Би мөнгөтэй болох гэж улс төрд ороогүй” гэж хэлдэг байсан юм.

         Миний аав газар зохион байгуулалтын интитутэд мэргэжилтнээс эхлээд хотын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд гээд төрийн өндөр дээд албан тушаал хашиж,  он цаг хугацаандаа өөрийгөө бүтээсэн” хэмээн аавыгаа дурслаа. 

ОСОЛ БОЛСОН ГАЗРААС БУУНЫ СУМ, НҮҮРС ГЭЭД СЭЖИГТЭЙ ЭД МӨРИЙН БАРИМТ ОЛДСОН Ч СОГТУУ ЖОЛООЧИЙН БУРУУ ГЭЭД ХЭРГИЙГ НЬ ХААЧИХСАН

        "Аав тань цаг зуураар хорвоогийн мөнх бусыг үзсэн. Тухайн ослын талаар олон эргэлзээ байдаг. Та аавынхаа ослын талаар дахин судалсан уу" хэмээн асуухад “Тэр үедээ хэрэг үүсээд л хаагдсан. Хаагдсан шалтгаан нь зам тээврийн осол, согтуу жолооч барьж явсан гэдэг дүгнэлт гарсан. Би дараа нь осол болсон газар очсон юм. Тэр зам нь машин хурдан осолдчихоор хэцүү зам биш. Огцом биш, алсуур тойрдог зам байсан. Ослын газарт, бууны сум, нүүрс гээд сэжигтэй эд мөрийн баримтууд байсан. Аавын машинд ямар ч буу байгаагүй. Би тухайн үед хэнд итгэж хандахаа ч мэдээгүй. Цагдаагийн байгууллагад хандсан. Би аавыгаа цаг зуураар алдсанаас хойш харуусал дүүрэн өдрүүдийг туулсан. Гэхдээ одоо би хохирогчийн дүрд тоглоод гундуухан байж болохгүй.

               "Аав тань хүүхдүүддээ юуг захиж сургадаг байсан бэ" гэхэд “Аав надад битгий хог цуглуулаарай. Амьдрал тэр чигтээ хоосон чанар дээр тогтдог. Өнөөдөр чамд чухал санагддаг байсан зүйл маргааш хэрэггүй болж болно. Тэгэхээр үнэ цэнтэй зүйл бүтээхийн төлөө амьдраарай. Хүн битгий царай алдаарай" гэж хэлдэг байсан.  Аав чөлөөт зах зээлийг их дэмждэг хүн байсан. Аавтай мэтгэлцдэг байсан нэг зүйл нь эрүүл мэндийн салбар. Аав эмнэлгийн байгууллагын чөлөөт зах зээлийн зарчмаар өрсөлдөөнд оруулах ёстой. Эрүүл мэнд бол хүний өмч. Хүн өөрийнхөө өмчийг хайрлана. Түүнд нь эмч нар дэмжлэг үзүүлдэг байх хэрэгтэй. Тэгэхээр хүмүүс сайн эмнэлэгт очиж үйлчлүүлж, эмнэлгүүд сайн эмчийг авахын тулд өндөр цалин амалдаг байх ёстой” гэж ярьдаг байсан.

     "Таныг эмчийн мэргэжил сонгоход аав тань нөлөөлсөн үү" гэхэд “Би багаасаа эмч болно гэж ярьдаг, мөрөөддөг хүүхэд байлаа. Аав минь гэхдээ сүүлд хэлж байсан юм. “Би аавынхаа мэргэжлийг өвөлж чадаагүй учраас чамайг эмч болоосой гэж бодсон” гэж. Тэгэхээр нөлөөлсөн байж ч магадгүй юм. Би эмчээр сурч байхдаа сургуулиасаа гарна гэж аавтайгаа маргаж байсан. Гэхдээ аав хүнд диплом хэрэгтэй сураад төгсчих. Төгсөөд яах нь чиний дур гэж бид хоёр тохирсон юм. Би улс төрд орсон ч анагаахын салбараа ор тас орхиогүй. Одоо эмч, хуульч найз нартайгаа нийлээд эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх хөтөлбөр боловсруулж байгаа. Болж өгвөл 2028 оны сонгуулиар Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт багтаана" гэлээ.

        "Аавыг тань одоо ч хүмүүс сайхнаар дурсаж, хүндэлж хайрладаг. Тантай аавынх нь тухай хүмүүс ярьж байна уу"  хэмээн асуухад “Миний аав их олонтой хүн байсан. Би хөдөө гадаа явж байхдаа аавынхаа тухай олон сайхан түүхийг сонсож байлаа. Хүмүүс ч аавыг минь хүндэлж хайрладаг байсан. Аав хүнд урам өгдөг, залуусыг дэмжиж ажиллаж чаддаг хүн байсан.

      Манай найз сүүлд надад дурсаж байсан юм. МУИС-ийн Солонгос хэлний оюутан болоод удаагүй хөдөө орон нутагт томилолтоор явж. Дөнгөж суралцаж байсан шинэхэн оюутан орчуулга хийхэд амаргүй. Хэл мэдэхгүй гэж нутгийн хөгшид дургүйцнэ. Ингэж явсаар нэг хүн дээр орсон “Миний дүү  эхлээд бал цаасаа гаргаад ир, дараа нь мэдэхгүй үгээ бич. Тэгээд миний хэлснийг орчуулаарай” гэж захисан гэсэн. Найзыг маань бал, цаасаа гаргаад бичээрэй гэж найрсгаар зөвлөсөн хүн нь миний аав байсан юм билээ. Хожим бид нөхөрлөж, энэ тухай ярих боломж олдсон. Тэгээд "Танай аав надад маш том урам өгсөн. Тэгж хэлснээс нь хойш би хэлээ бичиж тэмдэглээд өөртөө итгэлтэй болж эхэлсэн" гээд баярлаж байсан юм. Үнэндээ аавыг амьд ахуйд хажууд нь салахгүй дагаж, ижилдсэн хүмүүс нь нас эцэслэснээс нь хойш ор сураггүй алга болж, нүүр буруулах нь буруулсан. Гэхдээ огт танихгүй хүмүүс аав тань надад тусалсан гээд баярлаж, талархаж яваагаа илэрхийлдэг байлаа.

     Энэ мэтчлэн аавын минь амьдралын зам мөр дардан байсан учраас үр хүүхдүүд биднийхээ хувь заяаг тэгшилсээр яваа гэж боддог. Аавынхаа гэгээн дурсалд зориулан хөшөөг нь босгож, амьд ахуйдаа үүсгэн байгуулсан Ж.Наранцацралт сангийнх нь үйл ажиллагааг үргэлжлүүлсээр байна” хэмээн бидний яриа өндөрлөсөн юм.  

        Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Жанлавын Наранцацралт гэх ийм нэгэн ардчиллын алтан хараацай саяхныг хүртэл бидний дунд даруухнаар нисэж явлаа. Тэр улс орныг удирдан чиглүүлэх үйлсээ ухааны хүчээр туулж, төр нийгмийн зүтгэлтэн болтлоо хүмүүний орчлонд гэгээн түүхээ бичиж, үргэлжлэлээ үүрд үлдээжээ. Түүнд дуусгаагүй, эхлүүлж амжаагүй олон ажил, олон ололт байсан. Аавыгаа Ерөнхий сайдын суудлаас буухад нь “Наад хүмүүсээ битгий царай алдаарай” гэж хэлж, хүч нэмсэн арав гаруйхан настай байсан Соёмбо хүү нь өдгөө Ардчиллын алтан хараацайнуудын нэг болоод нисэж явна. Цаг эргэжээ, харамсал ч үгүй, харуусал ч үгүй орчлонгоос буцсан Ж.Наранцацралт агсны үргэлжлэл цадиг түүхээ бичсээр сууна.


ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-12-18 09:37:16
    Иргэн: Сайд агсан 10 жил төгсөх үед ээж нь гайгүй төгслөө,олон сургууль байна. Манай энэ Газрын сургууль гэж хачин сургууль авна гэсээр авлаа. Ёстой мэдэхгүй юм. Их хэрэгтэй мэргэжил гэх юм,өөрөө л мэдэг гэж байсан даа. Аав ээж эгч нарыг нь танина,хамт ажиллаж байв. Хүмүүстэй эвтэй дуу цөөнтэй, маш ажилсаг улс. Жанлав эмч станцын дарга болж гэнэ,өгч гэнэ гэх. Даргад дургүй хүн байсан байх,байнга лабораторид сууж Дуран шагайсан эмч байв.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188