• Өнөөдөр 2026-09-30

Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хэлэлцжээ

     Улсын онцгой комиссын II хуралдаан өчигдөр /2026.09.29/ болж, эрчим хүч, хөдөө аж ахуй, хот нийтийн аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл болон гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлыг хэлэлцжээ.

     Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгаврын хүрээнд 21 аймагт ажилласан. Энэ үеэр орон нутагт тулгамдсан 205 асуудлыг эрэмбэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар шийдвэрлэлтийн явц 60 орчим хувьтай байгааг мэдээлжээ. Мөн улсын хэмжээнд мал тооллогыг технологийн дэвшилд тулгуурлан бодитой зохион байгуулж, мал аж ахуйн салбарын эдийн засгийн бодит тооцоог гарган эдийн засгийн эргэлтэд оруулах, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх шаардлагатайг онцолсон байна.

     Цаг уурын урьдчилсан төлөв мэдээллээр хүйтний улирлын ихэнх сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас харьцангуй дулаан байх боловч хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна. Түүнчлэн шүлхий өвчний улмаас Баян-Өлгий аймагт 2764 толгой, Ховд аймагт 1391 толгой мал зориудаар устгажээ. Үүний улмаас Баян-Өлгий аймагт 4.7 тэрбум, Ховд аймагт 1.9 тэрбум төгрөгийн хохирол тооцож, нийт 6 орчим тэрбум төгрөгийн нөхөн олговор олгосон байна.

Хуралдааны үеэр Шадар сайд Н.Номтойбаяр холбогдох байгууллагуудад дараах чиглэлээр үүрэг даалгавар өгчээ. Үүнд:

  • Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих сантай холбоотой нэгдсэн мэдээлэл гаргах;
  • Мал тооллогын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх;
  • Орон нутгийн дулааны станцуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц, шийдэл болон санхүүжилтийн эх үүсвэрийг судлах;
  • 2027 онд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өөрчлөн, шинэчлэн хэрэгжүүлэхэд шаардлагатай зээлийн мэдээлэл, санхүүжилтийн судалгаа, нэгдсэн үнэлгээ гаргаж танилцуулах;
  • Цас, мөс тогтох, гэнэтийн дулаарал, хүйтрэлтэй холбоотой эрсдэлийн үед бэлэн байдлыг хангах;
  • Гамшиг, цаг агаарын аюулт үзэгдлийн үед хариу арга хэмжээ авах, иргэдийн аюулгүй байдлыг хангах бэлэн байдлыг сайжруулах;
  • Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгаа гаргаж, санхүүжилтийн эх үүсвэрийг судлах;
  • Иргэд, хүүхэд, олон нийтэд учирч болзошгүй стандартын бус нөхцөл, эрсдэлийг бууруулах, нэн шуурхай шийдвэрлэх нэгдсэн аян зохион байгуулах бэлтгэлийг хангах;
  • Эрчим хүч, дулааны найдвартай үйл ажиллагааг хангах чиглэлээр тус тус үүрэг даалгавар өгсөн байна.

Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хэлэлцжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188