“Самбуугийн хулгар хар шоронгийн хадаас болно” гэх томчуудын ярианаас тэр жигүүрээ дэлгэсэн. Айлын яндан руу чавхаар харваж, цонх хагалж дэггүйтэж гүйхдээ л тэр хэн болохоо аль эрт цоллуулчихсан байв. Гэвч түүнийг элст манхны цэнхэр хязгаар, Алтайн дархан хил эзнээрээ сонгож, хамгаалуулж, хайрлуулж байлаа. Түүнийг ийм баатарлаг, зоримог, энэрэнгүй, амьдралыг зөөллөж явна гэж хэн ч санаагүй биз ээ. Бүр өөрөө ч энэ тухай бодож үзээгүй байв. Алтайн цэргийн ангид байлдагчаас дэд хурандаа хүртэл дэвшсэн цөөхөн хэдийн нэг бол олноо хулгар Сараа хэмээн алдаршсан хилийн цэргийн домог, дэд хурандаа С.Сарангэрэл юм. Дэггүй, шогч зангаасаа болж бусдын дургүй, зэвүү хоёрыг зэрэг хүргэж, амтай бүхний аманд багтаж явсан тэрбээр одоо цэргийнхний хамгийн зөөлөн сэтгэлтэй, уярамтгай нь болжээ. Даалгавраа гүйцэтгэж байгаа, алхаж яваа цэрэг харахаараа л эрхгүй догдолдог тухайгаа тэрбээр “Цэргийн амьдрал, анд нөхөрлөл намайг зөөллөсөн юм байна. Бага, залуу насаа хилийн цэрэг, дархан хилийн манаанд өнгөрүүлсэн болоод ч тэр үү сэтгэл нялхарчихсан байна. Эх орны тухай болоод сайхан киног учир зүггүй уйлаад л үзнэ шүү дээ” хэмээн яриад хөхрөх нь цаанаа л нэг донжтой. Ийнхүү тэрбээр ухамсарт амьдралынхаа талаар хэрхэн дурссаныг уншигч таны өмнө дэлгэж байна.
Тэр Говь-Алтай аймгийн Жаргалант суманд 1964 онд айлын дөрөв дэх хүү болон мэндэлсэн. Аав нь нягтлан бодогч мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн Жаргалантын Цахиуртын уурхай, Төгрөгийн Майнтын уурхай, Чандманийн Зээгтийн уурхайг байгуулалцаж байжээ. Тэрбээр аавыгаа дагаад уурхай хэсээд л явдаг байж. Харин гэртээ байхдаа ээжийгээ хаа явсан газар нь дагаж гүйгээд, шөнөөр үнээ ирэхээр нь тугалыг нь татаж өгөхөөс эхлээд хөдөөгийн хүүхдүүдийн адил, хүмүүжсэн юм. Тэр бага насныхаа тухай “Эцэг, эхээс есүүлээ учир 70 кг гурил цөөхөн хоноод дуусдаг байсан” хэмээн өгүүлсэн юм. Мөн тэрбээр багадаа бараг гутал өмсдөггүй, намрын сэрүүнд үхрийн баас, хад чулуу дамжаад л гүйдэг хүүхэд байж. Ээж нь нэг удаа мөнгө цуглуулж байгаад савхин гутал авч өгсөн гэнэ. Гэтэл ах нь гутал дээр нь лаа барьж, ном уншиж байгаад шатаачихсан юм байна.
Ээжийгээ “Миний хүү гутлаа өмс, даарна” гэхээр нь би “За яах вэ, хадгалж байгаад сургуульд явахдаа өмсөнө” гэж ахыгаа ховлохгүй гэхдээ битүүхэндээ өмөөрч байтал ах маань “Наадах чинь гутлаа шатаачихаад, хээр аваачаад булчихсан” гээд хэлчихсэн байж билээ. Тэгж нэг ахынхаа өмнөөс ээждээ загнуулж байв. “Одоо эргээд дурсахад үнэхээр сайхан байна шүү” хэмээн гүнзгий санаа алдаад “Харамсалтай нь би, бид ээжээсээ дэндүү эрт хагацсан. Миний ээжтэйгээ өнгөрүүлсэн хамгийн нандин дурсамж бол тэр жилийн наадам байлаа. Би наадмын барилдаанд гурав давж, 10 төгрөг авчихаад ээжтэйгээ хамт наадмын хуушуур авч идсэн. Тэр үед ээжийн минь хөлс асгараад л “Миний хүү ид, ид” гэж өмнөө байсан хуушуураа над руу дөхүүлж байсан сан. Тэгээд долдугаар сарын 13-нд ээж минь төрөхийн хүндрэлээр биднийг орхиж, хорвоогоос буцсан. Ах, эгч нар маань сургуульд сурдаг байсан болохоор дөрвөн дүүгээ аавтайгаа хамт өсгөж, гэрийн ажлаа орхигдуулахгүйн тулд их хичээдэг байлаа. Үнээ, малаа саахаас эхлээд гэрийн бүх ажил миний толгой дээр овоордог байсан. Ингэж л би багаасаа хар, бор ажил хийж, амьдралын хатуу хөтүүг мэдэрч, ухаарсан даа. Би 1982 онд Бигэр сумын ЕБС-ийг төгсөж, ЗХУ-д цахилгаанчин мэргэжлээр сурсан. Сургуулиа төгсөж ирээд цэрэгт явсан. Ах минь цэргийн хүн байсан болохоор ахыгаа дууриасан болов уу гэж боддог” гэв.
Ажлын гараа, амжилт, ололт, хамт олныхоо тухай “1984 онд Алтайн цэргийн ангид хуваарилагдаж, гурван жил цэргийн амьдралаар амьдарсан. Цэрэгт очсон эхний өдөр, сар, жилүүдэд хоолондоо цадахгүй, ганц, хоёр шанаа авна, хамар шархирна, гэрээ санана, малгай, гутал, хувцсаа алдана. Түүнийгээ алдсан шигээ олохоос өөр аргагүй. Сайн ч бай, муу ч бай нэг оны цэргүүд бие биедээ дэндүү хайртай байдаг сан. Тамхины иш олохоороо чүдэнзний модоор хавчуулж аваад, хувааж татдаг байсан гээд л бод. Цэрэгт очоод мянган цэргийн анхан шатны мэдлэг дээшлүүлэх сургалтад суудаг юм. Багаасаа ажилсаг, спортлог хүүхэд байсан болохоор дуулж, барилдах дуртай, нийгмийн идэвхтэй байсан болоод ч тэр үү дарга нарын хайрыг татсан даа.
Гурван жилийн цэрэгт байхдаа офицерын охинтой гэр бүл болж, хүүхэдтэй болсон. Тэгээд 1987 онд цэргээс халагдаж, Эрдэнэтэд цахилгаанчнаар хоёр жил ажиллаад эхнэр, хүүхэд дээрээ ирж, хилийн цэрэгт ажилд орсон. Тухайн үед Пүрэвдорж генерал бригадын дарга байсан. Намайг “Чи цэргийн хүн болох уу. Надтай уулзаарай” гэсэн. Тэгээд анх цэргийн ангид гахайн тоорой тэжээж ажилд орж байлаа. Хоёр сарын дараа цэргүүдийн хоол хуваагч, дараа нь аяга, таваг тоологч, цахилгаанчин, ахлагч, 1991-1995 он хүртэл жагсаалын дарга, 1996 онд ахлагч цолтой салаан захирагч, 1997 онд барилга орон сууцны албаны дарга, хороодын захирагч, соёл хүмүүжлийн дарга, заставын дарга, отрядын орлогч болж, 2012 онд дэд хурандаа цолтойгоор тэтгэвэртээ гарсан.
Миний амьдралын хамгийн сайхан он цаг заставын даргаар ажиллаж байх үе. Би хэдий дарга ч гэсэн хэн өвчтэй байна, хэний хүүхэд ядруу байна гээд бүгдийнх нь аж амьдралыг мэддэг, хүн бүхэнтэй тулж ажиллахыг хичээдэг байсан. Тухайн цаг үед хэрэг зөрчил гаргалгүй сайхан хамт олонтой ажиллаж байсандаа үргэлж баярладаг. Тэд намайг бий болгосон. Манай застав аливаа уралдаан тэмцээнд дандаа түрүүлдэг байсан нь бидний нэг баг, хамт олон болж чаддагт байсан юм. Би цэргийн бүх одон, медалийг хүртсэн. Энгэр дүүргээд зүүхэд ч сайхан шүү дээ” хэмээн ярихдаа тэр үедээ очсон мэт баяр хөөрөөр дүүрч байгаа нь мэдрэгдэж байлаа.
Ургахын улаан нар мандаж, цэрэг зэрэг командаар эх орон сэрнэ шүү дээ. Цээж дүүрэн амьсгалаад, үүл нь саатан өнжих Ажийн нуруун дээр хилээ эргэж хөх чулуу, ширхэг шороо, ан амьтнаа бүртгэж сая л нэг сэтгэл уужирна. Даруй хамт яваа цэрэгтээ газар орны байдал болоод энэ энгэрт ийм төрлийн өвс ургана, энэ хойлог нь байна, энэ янгир нь байна. Хэчнээн тооны байх ёстой гэсээр бүр цаашлаад цас, бороо таарвал хаана яаж орогнох тухай хүртэл А, Б-гүй тайлбарлаж өгдөг байв.
“Зуны улиралд Алтайн говь бүр ч янзтай шүү дээ. Хилээ манаж, өндөр сарьдаг оргилууд дунд цэцэг, ногоон дээр дураараа өнхөрч, хөрвөөгөөд эрх чөлөөг мэдэрч, унаж яваа мориндоо шир, шир хийтэл өвс хазлуулаад, сонгинын иш зажлангаа, дурангаа сунгаж байр байрандаа идээшилж байгаа мал, амьтнаа бүртгээд ээ дээ, мөн ч жаргалтай даа” хэмээх түүний яриа сэтгэл баясгана.
Тэрбээр хилийн манаанд гарахдаа Борооны дараах үүл Ажийн нуруун дээр нь тогтсон байхыг харах дуртай гэнэ. Тэр хилийн цэрэгт хийгээгүй ажилгүй юм. Застав дээр гахай, тахиа тэжээж, мод бэлтгэж, цэргийн ангийн барилга, байшингаа тохижуулж, шавар, тоосгоо хүртэл өөрсдөө тохижуулсаар завгүй өдрүүд өнгөрдөг байв хэмээн инээвхийлнэ.
Хилчин хүн байгаль хамгаалагч, багш, жолооч, нарийн бичиг, сувилагч гээд бүх төрлийн мэргэжилтэн шиг байж л эх орноо бүрэн бүтэн хамгаалж чаддаг юм шүү дээ. Намайг цэргийн алба хааж байхад Монгол, Хятадын харилцаа холбоо сайнгүй байлаа. Миний хамгийн баярладаг зүйл бол заставын даргаар ажиллаж байхдаа хил зөрчигч бариулж байсан юм. Заставын хурлаар хилийн баруун талаар манаа тавьмаар санагдаад, тэмээтэй манаа тавьсан юм. Манай манаа хил зөрчигчийг барьж, нүдийг нь боож байтал отрядын дарга таарсан байгаа юм. Цэргүүдээ жагсаагаад бэлтгэл хийж байтал отрядын дарга хүрч ирээд “Танай заставынханд баяр хүргэе. Хил зөрчигч барьлаа” гээд цэргүүд хил зөрчигчийг буулгасан. Тэр нэлээд ядарсан, углааштай, бөөсөндөө баригдсан ядруу хятад байсан. Бид түүнийг шалгах биш, цагдаагийн газар руу нь шилжүүлсэн. Мөн хил рүү мал орж ирэхэд сарын дотор эзэн нь ирж авахгүй бол улсын орлого болгодог дүрэмтэй байсан. Хилчин хүн хил дээрээ л жаргалтай шүү дээ.
С.Сарангэрэл хурандаа шүлэг найраг бичдэг, дууны ая зохиодог, гитар тоглодог, уран цэцэн үгтэй урлагийн хүн. Тэр жүжигчин болох мөрөөдлөө биелүүлээгүй ч, тайзнаасаа холдоогүй нь учиртай. Аймгийн тэргүүний уран сайханч, улсын тэргүүний уран сайханч, 2013 онд отрядын ойн баяраараа СТА цол хүрсэн зэгсэн авьяаслаг нэгэн. Тэрбээр “Шүлэг гэдэг төрдөг болохоос хүчээр үг холбодог эд биш ээ. Би шүлгийнхээ хүрэн бор дэвтрийг хайгаад олохгүй юм. Алдчихсан байж магадгүй. Уг нь залуудаа бичиж байсан төрөл бүрийн сэдэвтэй олон шүлэг бий дээ. Чамд цээжинд байгаа нэг шүлгээ уншиж өгье” гээд хоёр охиндоо зориулж бичсэн “Тонтогнолдоно” хэмээх шүлгээ ийн дуудсан юм.
Аав нь шүлэгч байсан бол шүлэг тэрлэх сэн
Амаржаргал, Ариунжаргал хоёр байжээ гээд үлгэр зохиох сон
Нялх даахины үнэр шингэсэн охиноо тэврээд
Намба суугаад, дөлгөөн болсон эхнэрээ дагуулаад
Удахгүй би та нар дээрээ очно оо
Унаган сэвлэгтэй охид минь төрлөө нь л гэнэ
Тэр үед та нар миний охидыг хараад
Тэр ээ хөөе, аавтайгаа яасан адилхан юм бэ гэж хэлнэ
Тэгэхгүй яах юм бэ эцэг нь би юм чинь гэж
Тэрүүхэндээ би их л маадгар сууна
Алаг нүдтэй, булцгар хацартай миний охидыг
Аашилж чагнаж байсан би дотроо
Арай хэтрүүлчихэв үү гэж өрөвдөж суудаг
Том нь тэрүүхэндээ зөндөө л юм болно
Бага нь эрхлүүлчих сэн болоод ч тэр үү бас ч баахан юм болно
Дүрсгүй хоёр охиноос болж манай гэрт
Дөрвөлжин, гурвалжин маргаан зөндөө гарна
Дөрөв, тавхан минутын дараа бүгд эвлэрчихсэн
Дуулах нь дуулж, инээх нь инээж тонтогнолдоно” хэмээн хамгийн хайртай шүлгээ уншиж буй нь сэтгэлийн болоод хоолойных нь өнгөнөөс мэдрэгдэж байлаа.
Ийнхүү шаггүй зохиолчийг хилийн заставынхан яаж зүгээр явуулах билээ дээ. Алтайн хилийн заставын ойд зориулсан дуу хийж өгөхийг тухайн үеийн заставын дарга нь шаардаж, гуйсан гэдэг. Хилийн цэргийнхээ ойд зориулж уран бүтээл хийхээр болсон тэрбээр багагүй хугацаанд сууж, сэтгэл зүрхээ шингээсэн нь дамжиггүй.
Эр цэргийн хүслийг татсан
Энгүй уудам номингийн говь
Эрдэнийн сүрэг налайсан
Элст манхны цэнхэр хязгаар
Аавын хүүгийн хүслийг татсан
Алтай нурууны сүрлэг уулс
Алтан өлгий торгон хил минь
Аж мянганы цэнхэр хязгаар... “Элст манхны цэнхэр хязгаар” хэмээх уран бүтээл өлгийдөн авч, үзэгч, сонсогчдын сонорыг мялааж, хүүхэд шиг л урмын үг, баярын сэтгэлд бялхаж байжээ. Дуу хуур, шүлэг, найрагт дуртай тэрбээр “Өсөж төрсөн Алтай” хэмээх дуу сонсох дуртай юм билээ. Тэрбээр залуу халуун насандаа барилдаж байсан сумын заан цолтой бөх. Өнөө жил ардын хувьсгалын 100 жилийн ойгоор сэтгэл нь хөөрөөд Алтай сумынхаа наадамд барилдаад өлхөн хоёр даваад гурвын даваанд өгсөн юм байна.
Тэрбээр цэргээс халагдаад Эрдэнэтэд хоёр жил цахилгаанчнаар ажиллаж байхдаа хув болсон түүхтэй юм. Тухайн үед залуухан байсан учир хамт ажилладаг ах нарынхаа “захиасанд” их явдаг байжээ. Нэг удаа дэлгүүрээс пиво авч байхтай нь хэсэг залуус таарч, шар айрагнаасаа өгөхийг шаардсан гэнэ. Тухайн үед тэрбээр “Ах нар захьсан, болохгүй” гэж гүрийж. Гэтэл түүний чихний дэлбээг огтолчихсон гэнэ. Чихээ огтлуулж байхдаа өвдөлт мэдрээгүй тэрбээр шанаагаар нь цус урсахаар нь чихгүй болсноо мэджээ. Эмчээр цэвэрлүүлж, чихээ оёулсан боловч дэлбээ нь хатаж хорчийж унаад, хув болсон гэдэг.
Тэрбээр салаан захирагч, заставын даргаар ажиллаж байхдаа “Хув” нэрээрээ алдаршиж, цэргүүдийг шанаадах үедээ шанаадаж, урамшуулахыг нь урамшуулдаг байсан гэнэ. Энэ тухайгаа “Би хэзээ ч цэрэг буруу юм хийгээгүй байхад нь хатуу хандаж байсангүй. Хүний үрсийг хайрлахдаа ч хайрлана шүү дээ. Зарим нь айлын эрх бацаан, зарим нь доль суучихсан юу ч хийхээс буцахааргүй нөхөд ирнэ шүү дээ. Тэр бүхнийг зохицуулж ажиллах ёстой юм шүү дээ Цэргийн амьдрал өглөө босохоос эхэлж, цэрэг зэрэг гэх командаар үргэлжилдэг. Тэдний бүх ажлыг дарга нар хуваарладаг. Зарим нь малд явна, манаандаа явна, цас цэвэрлэнэ, мод зөөнө гээд аж ахуйн ажил мундахгүй. Амралтаа эдлэхээрээ хувцсаа оёж янзална, ар гэрийнхэндээ захидал бичдэг юм. Хүн бүр адилгүй учир гар, хөл нь цэврүүтэж шантрах нь цөөнгүй. Ороолтыг нь зөв ороолгож сургахын тулд олон давтуулдаг. Дадлага гэдэг бүхнийг эхнээс нь хийж сурахаас эхэлдэг юм шүү дээ. Сурсныхаа дараа ч бусдадаа зааж өгнө. Хүүхдүүдэд бага ангиас нь эх оронч үзлийг төлөвшүүлэх хэрэгтэй. Тэгж байж залуучууд цэрэгт явах дуртай болно. Одоо телевиз, компьютер шагайж суусаар байгаад монгол эрэгтэй хүний мөн чанар алдагдаж, цэрэгт явах хүн ховордож байгаад харамсдаг. Одоогийн залуучууд сэтгэлийн тэнхээгүй, бусдыг хуураад сурчихсан байна. Тиймээс хүмүүс янз бүрийн зөрчил гаргаж, нэгнийгээ уруу татдаг, буруу зүйл хийх нь элбэг болж. Хүнд гэр бүлийн хүмүүжил хүнд хамгийн чухал. Хүмүүжил сайтай хүүхдүүд ухамсраараа цэрэгт явна. Тэд цэрэгт яваад ч ядардаггүй, шантардаггүй эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нүүр бардам биелүүлдэг юм” хэмээгээд бидний яриа энд удаад өндөрлөсөн юм.
Тэр эх орны дөрвөн зүг, найман зовхист ажиллаж, амьдарч буй эр цэргүүдээрээ бахархдаг, онгирдог, омогшдог омог бардам хилчин. Олон ч найзтай, тэднийхээ хүчээр итгэл, сэтгэлээр баян амьдардаг юм байна. Гэвч амьдралд үргэлж инээж явах, хэн нэгэнд байнга найр тавих боломж байдаг үгүйг уншигч та мэдэх биз. Тэр дургүйг нь хүргэсэн нэгэнтэй муудалцдаг зодолддог, зодолдсоныхоо дараа эвлэрч чаддаг сэтгэлийн том орон зайтай эр. Түүний хийсэн бүтээсэн ажил, эх орондоо хандсан хандлага, байгаль хамгаалагчаас, сэтгэл зүйч шиг эх орны дархан хилийг халдашгүй байлгаж чадсан гавьяатай. Хил хамгаална гэдэг, эх орноо хайрлана гэдэг түүний хамгийн том бахархал. Тэр эр цэргүүдийнхээ бахархал, аав шиг нь баатар. Хилийн ширхэг чулуу хүртэл түүний хувьд, бидний хувьд эх орон билээ.
Монгол Улсын хил халдашгүй дархан байх болтугай.
ХИЛИЙН ЦЭРГИЙН ДОМОГ САРАА |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |