• Өнөөдөр 2024-04-26

ROOCKIE: ХАЙРЫН ДУУ, ЭСРЭГ ДҮР ХОЁР Л ХҮНИЙ СЭТГЭЛД ҮЛДДЭГ

2023-01-10,   1247

   Орчин үеийн хип хоп урсгалын нэгэн тод өнгө болох реппер Roockie буюу У.Мөнхбаганыг урьж, ярилцлаа.

    -Сайн байна уу. Таныг бага байхаасаа урлагт дуртай, урлагтай ойр байсан гэлцдэг. Гэр бүлд нь урлагийн хүмүүс байдаг уу?

-Урлаг надтай салшгүй холбоотой санагддаг. Ухаан ороход л аав минь гитартай дуу дуулаад, манай гэрт өдөржин пянзны ая эгшиглэдэг байлаа. Тухайн үедээ анзаараагүй ч аав минь намайг урлагийн хүн болоход ихээхэн нөлөөлсөн. Хүүхэд байхдаа Багануур дүүрэгтээ томоохонд тооцогдох хип хоп бүжгийн хамтлагт бүжиглэдэг байлаа. Мэдээж бүжиглэж байгаа хүн дууны ая хэмнэлийг судалж, бүрэн мэдэрч байж л сайн бүжиглэж чадна. Хип хопыг бүжгээр дамжуулан ойлгосон гэж болно. 

-Аавтайгаа бүтээсэн дурсамжаасаа хуваалцаач?

     -Аав маань тухайн цаг үеийнхээ хамгийн сайхан залуучуудын нэг байсан. Яагаад ч юм дуу хийх бүрдээ аавыгаа их боддог. Аав минь залуудаа дуу зохиох сонирхолтой, дуучин болох мөрөөдөлтэй байсан байх гэж боддог. Манай аав 1960-1970 оны гадаад дуунууд сонсож, гитар дээр их сайхан дуулдаг байсан нь надад хөгжмийн мэдрэмжийг багаас минь суулгаж өгсөн. Одоо би тэр аялгуунуудыг санаад, орчин үеийн хэмнэлтэй хоршуулан дуу гаргаж байх жишээтэй. Аавынхаа хийж чадаагүй, дутуу орхисон зүйлийг гүйцээж байна гэх үү дээ. Намайг “Урлагийн хүн болно” гэхэд аав дурамжхан байдаг байсан. Тэгж явсаар би аравдугаар ангид байхдаа “Dance on” гэх бүжгийн тэмцээнд орж, телевизээр гарсан юм. Түүнийг аав маань үзээд нулимс нь цийлэгнэж байхыг би дэргэдээс нь харсан. Тэр мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Үүнээс хойш аав намайг урлагийн хүн болохыг хүлээн зөвшөөрсөн юм шиг санагддаг.

-Аавынхаа сонсдог байсан дуунуудаас алийг нь сонсох дуртай вэ?

     -Аав минь намайг жаахан байхад гитар дээр ээжид зориулан “Хурим” дууг их сайхан дуулж өгдөг байлаа. Үүнийг нь би өөрийн хэмнэлдээ оруулан эхнэртээ зориулж, шинэчлэн гаргасан. Дэлхийн хамтлагуудаас гэвэл Bad Boys Blue хамтлагийн дуунуудыг сонсох дуртай. Үг, аялгуу, өгч буй мэдрэмж нь ондоо байдаг.

-“Хурим” дууг таны аав зохиосон уу, яаж бүтсэн дуу юм бэ?

-Манай аав, ээж орцонд банзан гитар тоглоод, дуулж суудаг үеийнхэн шүү дээ. 1990-ээд оны залуучуудын дийлэнх нь энэ дууг өөр өөрийн өнгө аясаар дуулдаг байсан гэдэг. Яг л тэр үед хэн зохиосон нь үл мэдэгдэх, ард түмний дундаас гарч ирсэн дуу юм. Надаас өмнө МҮОНРТ-ийн хөтлөгч Д.Цовоо эгч сэргээж, дуулсан байдаг.

-Анхны уран бүтээл нь хэрхэн бүтсэн талаар хуваалцаач?

     -Арван жилийн сурагч байхдаа анхны хайрдаа зориулж “Уучил” нэртэй дуу бүтээж байсан. Одоо олон нийтийн сүлжээнд байхгүй, миний хувийн архивт байдаг. Ер нь аливаа уран бүтээл төрөхийн тулд ямар нэгэн сэдэл өгөх, хөглөгдөх өгөгдөл хэрэгтэй байдаг. 

-Таны дуунууд ихэвчлэн хайрын тухай байдаг шүү дээ. Үүний шалтгаан юу юм бол оо?

      -Хайрын дуу хийдэг шалтгаан минь ээж, аав хоёртой салшгүй холбоотой. Миний дэргэд гэгээлэг сайхан хайрын тухай дуунуудыг тэд л дуулдаг байсан. Ер нь хайрын дуу л мөнхөрч, хүний сэтгэлд үлддэг шүү дээ. Миний бүтээсэн хайрын дууг хэн нэгэн сонсоод өөрийнхөө гэгээн үеийн дурсамжаа санаж байгаасай гэж хүсдэг. Тэгж чадвал тэр л миний бусдад нөлөөлж, үүргээ гүйцэтгэж чадсаныг илтгэх байх. Миний дууг жаргаж сонсоосой л гэж хүсдэг.

 

-Таны олонд танигдах эхлэлийг Backyard тэмцээн тавьсан байх. Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцаач?

          -Би “Backyard” тэмцээнд оролцохдоо олны өмнө шууд үглэж, камерын өмнө гарч  үзээгүй 19 настай хүүхэд байлаа шүү дээ. Олон хүн урдаас хараад байхаар тулгамдаад байдаг юм билээ. Өөрийгөө хамгийн сайнаараа илэрхийлж чадаагүй гэж боддог. Гэхдээ тэмцээний дараа тэр бэрхшээл минь намайг хурцалж өгсөн. Би “Үүнээс сайн дуулж чадах л байсан шүү дээ, заавал тэсрэлт хийсэн уран бүтээлтэйгээр эргэн ирнэ” гэж өөртөө амлаж байсан. Тэгээд  тэр өвөл маш олон дуу хийж, өөрийгөө бэлдсэн. Тэрнийхээ үр дүнд дуу хийж, өөрийгөө олон талаас нь нээсэн гэж болно.

-Таны цомгийн нэрс анхаарал татахуйц, сонирхолтой байдаг. Өмнөх цомгууд болон  удахгүй гаргах шинэ цомгийнхоо тухай яриач?

            -Анх “Wonder art” продакшнтай хамтран “Chilling killing 2015” гэх цомгоо гаргаж байсан. Үүний дараа Монголын анхны хип хоп жааз хөгжим хослосон микстэйп цомог болох “Мөнхбаганы гудамж 2017” цомгоо гаргаж байлаа. Харин 2019 онд “Ёотон” цомгоо сонсогчдодоо хүргэж байсан. Одоо гаргаж байгаа цомог маань “Ёотон 2” нэртэйгээр цацагдана. Цомгуудын нэрний хувьд өөрийгөө илтгэх зүйлсээр төлөөлүүлж өгдөг. Жишээ нь, “Ёотон” цомгийн нэр миний кофе шоптой болох мөрөөдөлтэй холбоотой. Кофе шопын хамгийн чухал зүйл яах аргагүй ёотон шүү дээ.

-Roockie гэхэд л эрвээхий бодогддог шүү дээ. Таны сонсогчид өөрсдийгөө эрвээхий гэж нэрлэдэг. Ер нь яагаад эрвээхийг логогоо болгосон юм бэ?

    -2019 оноос эрвээхийг өөрийгөө илэрхийлэх лого болгосон. Эрвээхий эрх чөлөө, өөрчлөлт, гоо сайхныг бэлгэддэг. Сонсогчдоо ч өөрсдийгөө тэгж нэрлэсэнд баярладаг. Саяхан нэг сонсогч охин маань ээжтэйгээ хамт миний эрвээхий логог шивүүлчихсэн ирсэн. Үүнийг харах мэдрэмж үнэхээр сайхан байсан.

-Та хэд хэдэн кинонд гол болон туслах дүр бүтээжээ. Хайрын тухай дуу дуулж, олон хүний сэтгэлийг хөдөлгөж байдаг хүний хувьд романтик киноны гол дүр илүүтэй зохих юм шиг санагддаг. Гэтэл та яагаад эсрэг дүрд тоглох дуртай юм бэ?

     -Хайрын дуу хүний сэтгэлд үлддэг шиг, эсрэг дүр тухайн киногоо амилуулж, үзэгчдэд сэтгэл санааны тоглолт хийж байдаг юм. Хэрвээ тэр кинонд эсрэг дүр байхгүй бол бусад эерэг дүр товойж гарч ирэхгүй шүү дээ. Амьдрал яг л тийм байдаг.

-Та зураг, бичлэгүүд дээр үргэлж малгайтай байгаа харагддаг шүү дээ. Малгайны цуглуулгатай юу?

    -Би өөрийгөө ухаан орох­доо л малгайтай байсан гэж хэлнэ. Надад малгайгүй зураг гэж байхгүй. Малгай өмсөөгүйгээр өөрийгөө төсөө­лөхгүй байна. Мал­гайны цуглуулга бол миний урлагаас ондоо хоб­би минь юм.

-Надад таны “Sky” нэртэй дуу их таалагддаг. Энэ дуу хэрхэн бүтсэн тухай ярьж өгч болох уу?        

     -Аавыгаа бурхан болсны дараа энэ дууг зохиож байлаа. Хүн хүнд үетэй нүүр тулаад, урт амьсгаа авахдаа тэнгэр лүү л хардаг юм билээ. Тэрнээс хойш тэнгэр надад арай өөрөөр харагддаг болсон.                

-Та 2020 онд хэрэгт холбогдож, нэг жилийн турш урлагийн тайз болон нийгмээс тусгаарлагдсан шүү дээ. Тухайн үед юу бодогдож байв. Тэр цаг хугацааг хэрхэн өнгөрүүлсэн бэ?

         -Хайртай хүмүүс, гэр бүл, сонсогчдынхоо итгэлийг алдаж, тийм зүйл хийсэндээ одоо ч харамсдаг. Миний л хийсэн гэм нүгэл болохоор эр хүн шиг тэвчээртэй байсан даа. Тэр нэг жилийн хугацаанд өдөр бүр ном уншиж, зураг зурж, шүлэг бичсэн. Зүгээр л хоосон хана гөлөрч суухаас илүүтэй дотоод хүнтэйгээ ярилцаж, өөрийгөө хэн болсон, ирээдүйд хэн байх вэ гэдгээ их эргэцүүлж бодсон доо.

-Эргэж ирээд тасралтгүй уран бүтээлээ туурвиж, сонсогчдоо баярлуулсаар байна. “Намайг хүмүүс юу гэж бодож, хэрхэн хүлээж авах бол” гэсэн бодол төрж байв уу?

       -Ямартай ч цаг хугацааг зүгээр сууж өнгөрүүлж болохгүй гэдгээ л мэдэж байсан даа. Намайг эргээд ирэхэд бүх хүн сайхнаар хүлээж авсан. Бас сонсогчид минь надад гомдохоос илүүтэй маш их санасан байсан. Бүх хүнд талархаж байна.

-Ирээдүйд хийхийг зорьж буй уран бүтээл юу байна вэ?

             -Бүрэн хэмжээний кино бүтээхээр зохиолоо бичээд явж байгаа. Мөн зурагт ном бүтээх бодолтой байна. Надад хүүхэд байхаасаа зураг зурж, шүлэг бичсэн нэлээн хэдэн дэвтэр бий. Би яагаад ч юм урлагийн гэсэн бүх зүйлд дуртай. Урлагийг мэдэрч, бүтээх л миний хувьд жаргал, зугаа цэнгэл минь юм. 

-Ярилцлагын төгсгөлд таныг үргэлж, хайр­лаж сонсож ирсэн үнэнч сонсогчдодоо зориулж юу хэлэх вэ?

           -Би  алдаж, алдаанаасаа ухаарлыг олж, эргээд өвдгөө гөвөөд боссон. Тэр бүх үе та бүгдийн нүдэн дээр ил өрнөсөн. Энэ хүртэлх бүх үе бусдад амархан санагдах ч надад амаргүй байсан. Та бүгдийн итгэлийг дахиж алдахгүйг хичээж амьдрах болно. Миний уран бүтээлчийн замналыг дэргэдээс харж, дэмжиж, хайрлаж ирсэнд баярлалаа бас уучлаарай гэж хэлмээр байна.


ROOCKIE: ХАЙРЫН ДУУ, ЭСРЭГ ДҮР ХОЁР Л ХҮНИЙ СЭТГЭЛД ҮЛДДЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188