• Өнөөдөр 2025-06-25

Ж.ЧИНБҮРЭН: Улаан бурхан өвчний дархжаалуулалтад Засгийн газрын хөрөнгөөс таван тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэлээ

2025-06-25,   160

                Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээллээ.

            Тэрбээр "Улаан бурханы халдвар өнгөрсөн долоо хоногт 8160 байсан бол дараагийн долоо хоногт 1500-гаар нэмэгдэж, халдвар авсан хүний тоо өнөөдөр 9623 боллоо. Эндэгдэл гараагүй нь сайн мэдээ. Халдварыг хянах, голомтыг хянах, нөхөн дархлаажуулах зэрэг олон ажлыг эхлүүлэхээр Засгийн газрын нөөц хөрөнгөөс таван тэрбум төгрөг гаргахаар өнөөдөр шийдвэрлэлээ. Бага насны болон сургуулийн насны хүүхдүүдийг хоёр үе шаттайгаар нөхөн дархлаажуулж байна. Голомтод  өртсөн хүмүүсийг наснаас үл хамааран вакцин хийнэ. Баяр наадмаар олуулаа цуглахдаа ямар нэг айдасгүй байхын тулд эцэг, эхчүүд хүүхдүүдээ вакцинжуулаарай. 10-15 настай хүүхдүүд вакцин хийлгэсэн ч гэсэн дархлаа суларсан байгаа учир нөхөн вакцин дахин хийлгэхэд аюултай зүйл байхгүй. Халдварын далд үе 10-15 хоног байдаг. Наадмын дараа наймдугаар сараас өвчлөлийн тоо дахин нэмэгдэх эрсдэлтэй. Тиймээс Засгийн газар Ерөнхий сайдын манлайлал дор Онцгой комиссын хурал хийж, хийх ажлуудаа төлөвлөсөн. ЭМЯ, харьяа эмнэлгүүд долдугаар сарын 10-ныг хүртэл эрчимжүүлсэн бэлэн байдал зарлан вакцинжуулалтыг эрчимжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Мөн цагдаа, тагнуулын байгууллагатай хамтран вакцины эсрэг худал мэдээлэл тарааж байгаа хүмүүст Зөрчлийн хуулиар хатуу арга хэмжээ авч, энэ үйлдлүүдийг зогсоох чиглэлээр ажиллана. Одоогоор бид долоон сайхан хүүхдийг энэ өвчнөөр алдаад байна. Эмч хүний хувьд хэлэхэд вакцин эсэргүүцэж мэдэмхийрдэг хүмүүс хүүхдүүдийн амь насны төлөө хариуцлага хүлээж чадах бол иргэдэд буруу мэдээлэл тараагаарай гэж анхааруулмаар байна. Хамгаалах вакцин нь байхад хийлгэхгүй амь алдана гэдэг үнэхээр харамсалтай. Улаан бурханы эсрэг вакциныг Монгол Улс 1973 оноос хэрэглэж байгаа хүний биед аюулгүй нь нотлогдсон вакцин гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Тиймээс ирэх есдүгээр сард томуу, улаан бурхан хавсарч хүнд байдалд орох, олон хүүхдийг эмнэлгийн коридорт хэвтүүлэхгүйн тулд Засгийн газар вакцинжуулалтыг дээд хэмжээнд эрчимжүүлж байна" гэв.

Ж.ЧИНБҮРЭН: Улаан бурхан өвчний дархжаалуулалтад Засгийн газрын хөрөнгөөс таван тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188