• Өнөөдөр 2026-06-11

ТӨРД ДАРХЛАГДСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАГ

2026-06-11,   349

       Төрд У.Хүрэлсүхийн гэх хаягтай тун олон хүн бий.  Тиймдээ ч Ерөнхийлөгчийн багийнхан төрд бааварлаж байна. Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд улс төрд бойжуулсан дүү нараа Ерөнхий сайд УИХ-ын дарга болтол нь томруулж, урваж шарвасныг нь унагааж байсан бол улс төрийн, унаган багын найзуурдаа тувт “крандсаар” ирсэн.  

        Тэр тусмаа Ерөнхийлөгчийн нөөлөгт байх найзууд төр, төрийн өмчит компаниудад дархан эрхтэйгээр даналзаж суугаа. Өнгөрсөн хугацаанд У.Хүрэлсүхийн гэх тодотголтой хэн ч байсан албан тушаалаас буух нь битгий хэл улам ахиж, дуулиант асуудлууд нь дарагдаж ирсэн жишээ цөөнгүй бий. Тэр тусмаа Монголын уул уурхай, бизнесийн, хууль хяналтын гээд байж болох том салбаруудад Ерөнхийлөгчийн нөлөөгөөр удаан хугацаанд албан тушаалдаа сууж байгаа төр дархлагдсан Ерөнхийлөгчийн багийнхныг танилцуулж байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН САЙД Ж.ЭНХБАЯР

       Засгийн газарт давхар дээлийн суудлаар “гангарч”, дараагийн Ерөнхийлөгчид нэр нь яригдах болсон Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр улс төрд Ерөнхийлөгчийн гэх тодотголтой томчуудын нэг.  Шадар сайд Ж.Энхбаярын хувьд Ерөнхийлөгчийн хамгийн ойрын хүн гэх шошгийг өнгөрсөн хугацаанд хангалттай бүрдүүлж ирсэн. Түүний хувьд одоогийн Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байх хугацаанд нь ахлах зөвлөхөөр ажиллаж байгаад Ерөнхийлөгч боломогц нь Үндэсний аюулгүй байдлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Улмаар өнгөрсөн сонгуулиар Төвийн бүсэд нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсноос гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ХХААХҮ-ийн сайдаар ажиллах болсон.  Өнгөрсөн намрын улс төрийн дуулиан шуугианы гол эздийн нэг байсан тэрбээр УИХ-ын даргаар Н.Учралыг томилсны дараа Монгол Улсын Тэргүүн Шадар сайдаар томилогдоод байгаа. Ийн Н.Учралын Засгийн газарт халаа сэлгээ хийхэд Тэргүүн Шадар сайдаар улирч суух болсон.

СААЛИЙН ҮНЭЭ ЭРДЭНЭТИЙН “ЭЗЭН” Г.ЁНДОН

  Г.Ёндонгийн хувьд Ерөнхийлөгчийн дотнын найз нарын нэг гэх тодотголтойгоор улс төр удаан тогтнож байна. Анх У.Хүрэлсүхийн Засгийн газар Уул уурхай хүн үйлдвэрийн сайдаар ажиллаж, улс төрийн хүрээлэлд хөл тавьж байлаа.  Улмаар сайдаар ажиллаж байх хугацаандаа төрийн өмчит компаниар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлсэн гэх дуулианд нэр холбогдоод амжсан. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрохтой зэрэгцэж, сайдлын суудлаа хүлээлгэн өгч, “Эрдэнэт үйлдвэр”-т Ерөнхий захирлаар томилогдон ажиллаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчид нэг ч удаа ажил хаялт зарлаж байгаагүй Г.Ёндон сайдын үед уурхайчид ажил хаялт зарлаж байлаа. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой тендерийн будилаантай олон асуудал гарч байсан. Нэг жишээ нь гэхэд, Г.Ёндонг тус үйлдвэрийн захирлаар очсоны дараа “Албаны болон ахуйн хэрэглээний цахилгаан бараа, хэрэгсэл” гэх нэрээр 70 гаруй сая төгрөгийн тендер зарлаж, түүнд нь ханын цаг, усны аппарат, автомат гутал арчигч, үсний сэнс, будаа агшаагч зэрэг 34 нэр төрлийн цахилгаан барааг “Эрдэнэт үйлдвэр”-ийн өөрийнх нь хөрөнгөөр худалдан авах тендер зарлаж байсан нь олны шүүмжлэл дагуулж байлаа. Хувийн болон албаны мэдээллээ олонд ил дэлгээд байдаггүй, хөрөнгө орлогын мэдүүлгээ ч нам “дардаг” тэрбээр “Эрдэнэт үйлдвэрт” эзэн сууснаасаа хойш цөөн хэдэн компаниудад давуу эрх олгож, дураараа дургиж эхэлсэн гэх нь бий.

         Г.Ёндонгийн үед дуулиан тасраагүй. Хамгийн сүүлд гэхэд л 300 гаруй хүүхэд хоолны хордлогод орсон. Ганц, хоёроор тогтохгүй бүр 300 хүүхдийн амь нас, эрүүл мэндийн асуудал хөндөгдөж байхад "Эрдэнэт"-ийн дарга нар нүдэн балай чих нь дүлий царайлаад сууж байлаа. Тэдний хариуцлагагүй, ажлаа хийж мэддэггүй, ганц зуслангийн байшин тохижуулж, хүүхдүүдэд хоол шиг хоол өгөөд аятайхан орчинд амруулчихаж чаддаггүй горгор зангаас нь болж айлын нялх хүүхдүүд хэвтэрт ортлоо халуурч, халдварт өвчин тусчихаад эмнэлгийн орон дээр амь наана, там цаана хэвтэцгээж байсан цаг саяхан. "Эрдэнэт" үйлдвэрийн ажилчдын хүүхдүүд амардаг гэх чамгүй үнэтэй "Найрамдлын эрдэнэ" зуслангийн агааржуулагчгүй, нэг өрөөнд 13-15 хүүхдийг хөл эргэх зайгүй болтол нь шахаад оруулчихсан, гутал, хувцасны нэг ч шүүгээгүй, зарим нь хоолондоо цаддаггүй гэх бодит байдлыг харуулсан зураг, бичлэг өнгөрсөн зун ил болсон. Тэр бичлэг бол том хар машин, хаусуудаар жигдэрдэг "Эрдэнэт"-ийн дарга нарын үнэн төрхийг илчилж чадсан. Гэсэн ч зуслангийн даргаас өөр хүн хариуцлага хүлээгээгүй, хав дарагдаад өнгөрсөн. Энэ мэт Эрдэнэтийг тойрсон эргэлзээтэй асуудлууд олон байгаа ч У.Хүрэлсүхийн хүн гэдгээрээ Эрдэнэт ТӨҮГ-т Г.Ёндон эзэн сууж байна.

ОБЕГ-Т ДАРХЛАГДСАН Г.АРИУНБУЯН

     Онцгой байдлын Ерөнхий газрын даргаар мөн л Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гэх тодотголтой генерал Г.Ариунбуян удирдаж байна.

 Гурван настай хүүхэд 30 гаруй метрын харанхуй нүхэнд унаж, галын аюулд өртсөн байрыг есөн давхраас дээш унтраах техник хэрэгсэлгүй бодит үнэнтэй саяхан нүүр тулсан даа, онцгойхон. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд техник хэрэгслээ сайжруулаагүй салбарын даргад хариуцлага тооцох асуудал нэгээхэн ч сөхөгдөөгүй. Онцгой байдлын албаны төсөв хөрөнгө өнгөрсөн хугацаанд нэмэгдсэн ч техник хэрэгсэлгүй, алба хаагчид нь улаан гараараа аюултай тулгарч амь нь эрсдэх хүртэл явж байгаа нь ч бодит үнэн. Цаашлаад Онцгой байдлын газрын дарга Г.Ариунбуянгийн албан тушаалын хэрэг хуулийн байгууллага дээр хөөн хэлэлцэх хугацаагаар замхарч байлаа.

ЦЕГ-Т ЭРГЭЖ ИРСЭН Ж.БОЛД

        Өнгөрсөн онд ЦЕГ-ын даргаар Ж.Болдыг эгүүлэн томило. Түүний хувьд өмнө нь өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байлаа. Тодруулбал, тэрбээр 2023 онд эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байсан билээ. Ж.Болдын хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нутаг нэг, хамгийн ойрын хүн гэгдэг.   Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн тэргүүнээр ажиллах хугацаанд Ж.Болдыг Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн 30 дугаар тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилж байлаа. Түүний намтрыг харвал У.Хүрэлсүхийг албан тушаалд томилогдохтой зэрэгцэж, тушаал дэвшсээр ирсэн байдаг. Тухайлбал, 2017 онд У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томлогдож, удалгүй Ж.Болд Хэнтий аймгийн Цагдаагийн газрын дарга болж, 2019 онд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, 2020 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч болж байжээ. Улмаар У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсон даруйдаа 2021 онд Ж.Болдод хошууч генериал цол олгож байсан удаатай.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын суудлаас буусны дараахан түүнийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх гэж байгаа гэх яриа ч олны дунд гарч байсан.

УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ ХНН-ЫН ДАРГА Х.ХЭРЛЭН

      Улсдаа ганц том төмөр зам болох Улаанбаатар төмөр зам ХНН-ыг мөн У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн үй зайгүй найз Х.Хэрлэн удирдаад удаж байна. Түүний хувьд 2000-2006 онд АМХЭГ-ын Геологи, Уул уурхайн Кадастрын албаны даргаар ажиллаж “Кадастр” хочоороо алдаршиж, түүнээс хойш АМГТГ-ын дарга, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал, “УБТЗ” ХНН-ийн дарга гээд аль ашигтай албан тушаал бүрд томилогдож ирсэн. Улмаар Х.Хэрлэнгийн үед УБТЗ ХНН дээр алба албан тушаалын дуулиантай хэргүүд гарч байсан ч Х.Хэрлэн албан тушаалтайгаа үлдсээр ирсэн. Тиймдээ ч түүнийг том артай гэлцдэг. Хамгийн сүүлд “УБТЗ” ХНН-ийн орлогч дарга С.Батдөлийг 10 тэрбумын  гэх хэрэг олны дунд дуулиан дэгдээж байлаа.

СЕХ-ООС ГЕГ-ЫН ДАРГААР ТОМЛОГДСОН П.ДЭЛГЭРНАРАН

         Өнгөрсөн онд Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг чөлөөлж, түүний оронд Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан П.Дэлгэрнаран томилж байлаа. П.Дэлгэрнарангийн хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хамт МАСЗХ ( Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо)-г үүсгэн байгуулалцаж байсан багын анд найз, журмын нөхөд. Тиймдээ ч өнгөрсөн сонгуулиудаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан П.Дэлгэр нарантай холбоотой асуудлууд багагүй сөхөгдсөн. Тухайлбал, Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших гэж байгаад бүдэрсэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран гэж хүн У.Хүрэлсүхийн суганы үс болж явдаг. Төрийн байгууллагын ажлыг завхруулаад ажлаасаа халагдаж байсан нөхөр Монгол Улсын СЕХ-ны дарга болчихсон явж байна” хэмээн мэдээлэл хийж байлаа. Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнарангийн хувьд Автотээврийн үндэсний төвийн дарга, Сонгуулийн Ерөнхий хорооны дарга зэрэг төрийн томоохон албан тушаалд 10 гаруй жил ажиллаж байгаа ч хөрөнгө орлогынхоо тэртусаа тэрбумын хадгаламжаараа олны анхаарлыг татаж байлаа. Хамгийн сүүлд мэдүүлсэн хөрөнгө орлоготоо гурван тэрбум төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлжээ. Түүнчлэн түүнийг АТҮТ-ийн даргын ажлаа хүлээлгэ өгсний дараа 3000 авто тээврийн улсын дугаар сольсон асуудлыг хууль хяналтын байгууллагаас илрүүлж байлаа. Үндсэндээ албан тушаалын хариуцлагаас бултаж ажлаа өгсөн гэх дуулиан ч тухайн үедээ дэгдэж байв.

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА Б.ЦЭНГЭЛ

  Улаанбаатар хот дахь Гаалийн газрын орлогч дарга, Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга болсон Б.Цэнгэл мөн л У.Хүрэлсүхийн хүн гэх “шошго”-той. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг МАН-ын даргаар ажиллаж байх хугацаанд МАН-ын даргын зөвлөхөөр ажиллаж, Ерөнхий сайд болсны дараа “Монголын төмөр зам” ТӨХК-ийн даргаар томилогдож байлаа.

Өдгөө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга болсон түүний хөрөнгө орлого мөн л нийтийн албан тушаалтнууд дундаа дээгүүрт бичигддэг. Б.Цэнгэл 1.2 тэрбум төгрөгийн нэг орон сууц болон нэг хаус, нэг үйлчилгээний барилга, хоёр оффистой, 190 сая төгрөгийн урлаг, түүхийн үнэт эдлэлтэй, 174 сая төгрөгийн хадгаламжтай, 201 сая төгрөгийн авлагатай, дөрвөн компани эзэмшдэг.

 


ТӨРД ДАРХЛАГДСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188