Зандаахүүгийн Энхболд Ганц худгийн 461 дүгээр хорих анги руу ачигдаад дөрөв хонож байна. 20 гаруйхан настайгаасаа улс төрд орж, Төрийн өмчийн хорооны даргаас эхлээд УИХ-ын дарга хүртэл төрийн өндөр албан тушаал хашиж байлаа. Харин 60 насандаа шүүхийн тогтоол уншуулж, цагдан хорих байр руу ачигдаж байгаад намын нөхөд нь төдийгүй улс төрийн хүрээнийхэн гайхаж хүлээж авлаа.
“Үнэндээ түүнд одоогийн эрх баригч намынханд яригдаад байгаа Хөгжлийн банк, нүүрсний хулгай, зээлийн сангийнх шиг их хөрөнгө идэж уусан түүхгүй. Харин тэр улс төрд хэтэрхий тэрслүү явж ирснээрээ хэлмэгдүүлэлтэд өртчихлөө” гэж өмөөрөх хүн олон байна.
Үнэхээр УИХ-ын дарга асан З.Энхболд улс төрд амаргүй хүн байснаа олон удаа батлан харуулсан нь бий. Улс төрд орсон цагаасаа эхлэн галтай сэдвүүдийг барьж авдаг, түүнийхээ хэрээр өөртөө чамгүй олон дайсан дуудсан. Тэр тусмаа үзэл бодол, үйл хэрэг дээр санал нэгдээгүй хэний чулаан нүүрээр нь улалзуулж, намын нөхдөө ч хатуухан шүүмжилдэг түүнд улс төрийн өс зангидаж явсан хүн цөөнгүй биз. Нөгөөтэйгүүр түүний хэлсэн ярьсан нь Ерөнхийлөгчийн сонгууль ойртсон, улс төр улайстлаа халсан энэ өдрүүдэд дуулиан тарьж мэдэх учир улс “ам” барих аргыг хэрэглэсэн ч байж мэднэ.
Ийн ямартай улс төрд өөрийнхөө үзэл санаа, үйл хэргээрээ Зэ хэмээн хочлогдох хүртлээ танигдсан УИХ-ын дарга асан З.Энхболд шүүхийн тогтоол уншуулах хүртлээ улс төрийн эсэргүү болчихлоо.
Зүүсэн зангина нь томдчихсон ч, төрд “заан” шиг гарч ирсэн үе бий, З.Энхболдод. Тэрбээр 31-хэн насандаа Төрийн өмчийн хорооны даргаар томилогдож байлаа. Төрийн өмчийн хорооны даргаар томилгдсон даруйдаа төрийн өмчит компаниудаа үр ашигтай ажиллуулах, том алхам хийж байсны нэг нь Эрдэнэт үйлдвэрийг нэг хүний ноёрхлоос салгаж, 41 хувиа Монголын талд авсан явдал юм.
Тухайн үед Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур болсон уулын баяжлуулах Эрдэнэт үйлдвэрт Ш.Отгонбилэг ноёрхлоо тогтоож, Төрийн өмчийн гол компани нь ямар ч ашиггүй ажиллаж өр зээлэнд баригдсан байв. Эрдэнэт ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад дахин үүрэг гүйцэтгэгч болгож өөрийгөө томилсоноор үндсэндээ найман жил Эрдэнэтийг эзэгнэсэн байгаа юм. Улмаар Ш.Отгонбилэг нарын төрийн өмчит компанид эзэн суусан бүлэг хүмүүсийг татан буулгах ажлыг З.Энхболд манлайлан эхлүүлж байлаа. Тухайн үед аймгийн удирдлагууд нь ч Эрдэнэт үйлдвэрт эзэн суусан этгээдийн “гар хөл” болсон байсныг ч олон хүн нотлодог. Улмаар Засаг дарга нь олдохгүй, Засаг даргын орлогч нь эрх мэдэлгүй, шийдвэр гаргагүй гээд гүрийчихсэн, олон эсэргүүцэлтэй тулгарсан цаг үед Төрийн өмчийн хорооныхон ажлын хэсгийнхэн тун амаргүй үед ажиллаж байв.
Тэр байтугай ажил хүлээлцэх комиссыг үйлдвэрийн ажилчид эсэргүүцэж, жагсаал зохион байгуулснаар эмх замбараагүй байдал үүсэж, тун амаргүй нөхцөлд очсон. Эсрэгээрээ Эрдэнэтэд эзэн суусан Ш.Отгонбилэг олдохгүй З.Энхболд тэргүүтэй ажлын хэсгийнхэн хайгаад явж байхад нь Улаанбаатар хотод нисдэг тэргээр оччихсон “Хэдэн учраа мэдэхгүй хүүхдүүд сагсуурч байна” хэмээн даналзаж байлаа.
Ингээд Төрийн өмчит хорооны дарга З.Энхболд “Төр өмчөө мэдэж байна. Энэ үйлдвэр бол төрийн өмч. 51 хувь нь төрийн өмч, Ш.Отгонбилэгийн хувийн өмч биш” хэмээн хатуухан сануулснаар Эрдэнэтэд эзэн суусан Ш.Отгонбилэгийн ноёрхлыг таслан зогсоосон нь тэр.
Мөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Оросын талыг 250 мянган ам.доллараар худалдаалсан байсныг З.Энхболд ил болгож байлаа. Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал ороо бусгаа болж, Засгийн газрын хяналт суларсан цаг үед Оросын хувийн компани худалдан авчээ. Ингээд Төрийн өмчит хорооны дарга З.Энхболд ОХУ-ын Төрийн өмчийн хорооны дарга руу захиа бичиж, 2007 онд буцааж шилжүүлж авснаар өнөөдөр Монгол Улс саалийн үнээ болсон Эрдэнэт үйлдвэртэйгээ үлдэх шанг татаж байлаа, тэр.
МАН-ЫНХНЫГ АТГАСАН УИХ-ЫН ДАРГА

“Төр нь өмчөө мэдэж байна гэж” Эрдэнэт үйлдвэрт эзэн суусан ноёрхлыг ийн тасласнаасаа хойш З.Энхболд яггүй улстөрч гэдгээ харуулаад эхэлсэн. Улмаар 2012 онд УИХ-ын дарга болж, парламентын гишүүдийг “баздаг” ганц улстөрч тэр байсан гэдэгтэй санал нэгдэх хүн олон биз ээ.
Тухайн цаг үедээ л Зэ.Энхболд хүчтэй, нөлөөтэй улстөрч байлаа. Чуулганы индэр дээрээс 76 гишүүнийг хамаагүй юм яривал хатуухан анхааруулж, “Чиний ярьж байгаа зүйл надад таалагдахгүй байна. Чи согтуу байна. Чи ярьж байгаа асуудлаасаа хадуураад явчихлаа” хэмээн улаан нүүрэн дээр нь улалзтал хэлж сануулдаг улстөрч байсан нь одоо ч цахим орчинг шуугиулдаг. Тиймдээ ч тэр цаг үедээ МАН-ынхныг атгаж, айлгадаг ганц хүн нь байсан гэдгийг Саарал ордынхон жиг жуг ярилцдаг нь ч нууц биш.
Ц.БАЯРЦОГТ Ч.САЙХАНБИЛЭГЭЭС ЭХЛЭЭД УЛС ТӨРИЙН ОЛОН ДАЙСАНТАЙ
УИХ-ын дарга асан З.Энхболд улс төрд олон дайсантай. Тэр тумсаа намынхаа нөхөд дунд ч нэр хүнд муутай нэгэн. Угтаа бол 2012 онд Тавантолгойн асуудал УИХ-аар орж ирэхэд УИХ-ын дарга З.Энхболдын үг хүчтэй байлаа. Тиймдээ ч тэр намынхаа нөхөдтэй дайсаналцаж, улс төрийн гал дуудсан нь өнөөдрийг хүртэл улс төрийн өс хонзон болж үргэлжилж байна. Тодруулбал, тухайн үеийн улс төрийн гол сенсаци болсон Таван толгойн бүлэг ордын асуудал УИХ-аар орж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Тавантолгойнасуудлыг УИХ-д оруулах шаардлагагүй” хэмээн мэдэгдэхэд нь УИХ-ын дарга оруулна гэдгээ илэрхийлж, санасандаа хүрсэн гэдэг. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тавантолгойн хэлэлцээрт гарын үсэг зурахад бэлэн болсноо олон нийтэд мэдэгдсэн ч З.Энхболд чуулганы индэр дээрээс “Тавантолгойн гэрээнд гарын үсэг зурах гэж оролдсон сайд нарыг огцруулна” гэж мэдэгдснээр хойшглуулж байлаа. Тиймээс “Зэ”-гийн үг, үйлдэл Ерөнхийлөгчийнхөөс, Ерөнхий сайдынхаас ч хүчтэй байсныг улс төрд өрнөсөн олон үйл явдад гэрчилж байна. Цаашлаад Тавантолгойн хэлэлцээрийг зогсоосноороо УИХ-ын дарга асан З.Энхболд Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт гээд намынхаа нөхдөөс гадна олон дайсан өөртөө дуудсан гэдэг.
Х.БАТТУЛГЫГ БАРААДСАН “ЗИКА ВИРУС”
.jpg)
2016 оны сонгуульд АН ялагдал хүлээсэн нь УИХ-ын дарга асан З.Энхболдтой холбоотой хэмээн намын нөхөд нь буруутгадаг. Тиймдээ ч З.Энхболд “Би улс төрд дахиж орохгүй” хэмээн зодог тайлж буйгаа мэдэгдсэн. Гэвч жилийн дараа буюу Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга ялалт байгуулснаар З.Энхболд ЕТГ-ын даргаар томилогдож байлаа. Ийн Х.Баттугын дөрвөн жилийн улс төрийн тоглолтыг З.Энхболд “дэгэлснээр” улс төрд бүр ч олон дайсныг бэлдсэн гэж болно. Энэ хугацаанд өөрийг нь болоод Ерөнхийлөгчийн эсрэг үг дуугарсан намын нөхдөө хууль, шүүхээр айлгаж, ялласан гэх нь ч бий.
Мөн, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй болохыг нь З.Энхболдыг хийсэн гэх дуулианд ч нэр холбогдож амжсан. Өөрөөр хэлбэл, ЕТГ-ын дарга асан З.Энхболд мэдсээр байж “наймаа тохирсон” тул хуулийн төсөлд хориг тавихгүй хэмээн чимээгүй гэх дуулианы бай болж, “Зика вирус” гэх хоч зүүсэн удаатай.
Б.ЭНХ-АМГАЛАН ТҮҮНИЙ ХАМ ХЭРЭГТЭН БОЛСОН НЬ
(1)(1).jpg)
Цагтаа УИХ-ын гишүүдийг айлгаж явсан УИХ-ын дарга асан З.Энхболд авилга албан тушаалын хэргээр шүүхээс хоёр жилийн ял сонсож, нийтийн албанд таван жил томилогдох эрхээ хасууллаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан ЗТХ-ийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, УИХ-ын дарга асан З.Энхболдын хамаарал бүхий “Страто” ХХК-ийн нүүрсийг зөөх “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д Цогтцэций-Шивээговь чиглэлийн 407 км шороон замыг эзэмшүүлэх тушаал гаргасан байдаг.
Тайлбарлавал, УИХ-ын дарга асан З.Энхболдын хамаарал бүхий “Страто” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байх “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрс худалдан авч, улмаар Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байх нүүрс угаах үйлдвэртээ тээвэрлэн авч угаагаад, урагш нь гаргадаг. Энэхүү тээвэрлэлтийг нь “Их дэлгэмэл ингүүн” ХХК гүйцэтгэдэг. Харин Б.Энх-Амгалан ЗТХ-ийн сайд байхдаа хууль бусаар Цогтцэций-Чойр чиглэлийн шороон замыг “олон улсын чанартай авто зам” гэж бүртгээд, улмаар “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д эзэмшүүлж, тус замаар нүүрс тээвэрлэх эрх олгосон. Өөрөөр бол, Б.Энх-Амгалан З.Энхболдод нүүрс тээврийн замыг нь хууль бусаар бэлдэж өгч, давуу байдал олгосон, хариуд нь асар их хэмжээний авлига авсан байж болзошгүй хэргээр АТГ-т яллагдагчаар татагдан шалгуулж байсан юм.
Улмаар З.Энхболд болон Б.Энх-Амгалан нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон гэх үндэслэлээр буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байв. Гэвч давж заалдах шатны шүүх уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар анхан шатны шүүх З.Энхболдыг цагаатгаж, харин Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон байдаг. Харин давж заалдах шатны шүүх дахин уг хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэснээр ийнхүү шүүх хурлыг дахин товлосон. Ингээд анхан шатны шүүхээс ЗТХ-ийн сайд асан Б.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нарыг гэм буруутайд тооцож, хоёр жилийн ял оноолоо.
Харин шүүхээс ял сонсохынхоо өмнө “Та нар намайг явчихаар эв нэгдлээ хангаад улс төрөө олигтой хийж 2027 онд ялна шүү. Чадахгүй бол 2028 онд байхгүй болно. Хэн дэвших нь хамаа алга МАН-ыг одоо л дарахгүй бол Монголын Ардчилал устлаа” хэмээн намынхандаа захиад шүүхийн тогтоолоо уншуулсан гэдгийг намын нөхөд нь сануулж байна.
Ийн Ардчилсан намын Хеналтын ерөнхий хорооны даргаар сонгогдоод удаагүй УИХ-ын дарга асан З.Энхболд 461 дүгээр ангийн камерт хоригдож буй.
| ЗЭ 461-ИЙН КАМЕРТ... |
|
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗЭ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |