• Өнөөдөр 2025-09-30

ДЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРАХЫГ ХҮЛЭЭЖ ЧАДАЛГҮЙ МАН-ЫН ХАГАРАЛ ТУЙЛДАА ХҮРЭХ ҮҮ

2025-09-29,   1209

       МАН өнгөрсөн амралтын өдрүүдэд Бага хурлаа хуралдуулж, намын байрандаа хонон өнжин даргаа сонголоо. Гэвч даргаа сонгоод МАН-ын “зодоон” дууссангүй. Улсын дээд шүүх дээр очоод унах уу, үгүй юү гэдэг нь тодорхойгүй байна.
 
      Угтаа бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын намын даргын өрсөлдөөн сүүлийн сар гаруй хугацаанд өндрөө авч, тэр хэрээрээ бага хурлын гишүүд хоёр талцаад байсан. Улмаар үдээс өмнө эхэлсэн хурал танхим дотроо нэлээд халуун уур амьсгалтай өрнөж, гишүүд нэр дэвшигчдээс асуулт асуусаар үүр цүүрээр санал хураалтаа хийсэн нь тэр намын даргад нэр дэвшигч Ерөнхий сайд Г.Занданшатар 44 хувийн, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 56.0 хувийн санал авсан. Цаашлаад намын дүрмээрээ аль нь ч  гуравны хоёроос илүү санал аваагүй тул дахин санал хураалт явуулах уу, Их хурлаараа шийдвэрлэх үү гэдэг хоёр сонголтын өмнө ирсэн нь тэр.
 
       Их хурлаа зарлаж, намын даргаа сонгох нь Ерөнхий сайд Г.Занданшатарт илүү ашигтайгаар эргэх тул намын генсек “Маргааш өглөө хурлаа үргэлжлүүлье” гэдэг санал гаргаж, гишүүдийн зарим нь танхимыг орхин гарсан гэх мэдээллийг дотроос гаргаад байгаа. Гэтэл хурлаа завсарлуулснаас биш тараагаагүй байсан гээд, зарим нь бүүр өрөөндөө түгжигдсэн нэрээр хоёр дахь санал хураалтад оролцоогүй гэх маргаан ч гараад амжлаа. Ингээд  үүрээр үлдсэн 300 гаруй гишүүдийнхээ дунд нууц санал хураалт явуулж, гар тооллого явуулахад нийт гишүүдийн 85.6 хувь нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг дэмжсэн гэх дүн гарсан. Ийн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ тамгаа Д.Амарбаясгаланд шилжүүлж өгөөд байна.  
 

     Харин намын даргыг Улсын дээд шүүх бүртгэх хүртлэх 45 хоногийн хугацаанд МАН тарж, бутрахдаа тулж мэдэхээр байна. Өөрөөр хэлбэл, намын дүрмийн дагуу эхний саналаар нийт гишүүдийн гуравны хоёрт санал хүрээгүй учир дахин санал хураалт явуулсан нь дүрэмд нийцсэн эсэх нь эргэлзээтэй гэдгийг намын гишүүд мэдээлж эхэлсэн. Ингээд танхимын гишүүдийн тал нь санал хураалт хойшилсон гэсэн ойлголттойгоор санал хураалтад оролцоогүй гэдэг шалтгаанаар эсрэг талынхан Улсын дээд шүүхэд маргаан үүсгэх нөхцөл бүрдэж байна. Иймд 45 хоногт лавтай МАН-ынхан талцаж, бойкот хийх нь тодорхой болж эхэллээ.

        Цаашлаад МАН-ын бага хурал нам доторх нөхцөл байдлыг бодитоор харуулж, хэн нь хэний тал болохыг тос усаар нь ялгачихлаа. Өнгөрсөн хугацаанд баг зүүж, явсан Монголын улс төрийн үнэн төрхийг ч илчлэв. Ухаандаа өнгөрсөн гурван удаагийн сонгуульд ялалт байгуулж, парламентад хэт олонх болсон  МАН-ынхны эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн улам бүр ширүүсч, Монголын төрийг хямралд хүргэж мэдэхээр ч нөхцөл байдлын өмнө аваачсан нь энэ. Эрх мэдлийн бялуу хуваалтаа тэд эн тэнцүү, эв найрамдалтай хийж ирсэн юм шигээр явж ирсэн ч өнгөрсөн сонгуулиас хойш үе хоорондын өрсөлдөөн ширүүсч, 1980-аад оныхон жагсаалтын гишүүдээр хүч сэлбэсэн нь саяын сунгаанаас илт мэдрэгдэж байна.
 
         Намын даргын өрсөлдөөний хайнааг хагалах нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байх болов уу гэдэг хүлээлт байлаа, олны дунд. Харин энэ удаагийн намын даргын сунгаанд оролцохгүй, эв найрамдалтай сунгаанаа хийгээрэй гэх үгсийг дайснаас харахад дүү нартайгаа түнжин хагарахгүй байхаар шийдсэн зураглал харагдаж байна. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын аль аль нь түүний өөрийнх нь улс төрд удаан бэлдэж гаргасан хүмүүс. Нэгэнт Д.Амарбаясгалан улс төрийн 20 гаруй жил МАН-ын “гал тогоог” барьсны хувьд улс төрийн карьераа эхлүүлэхтэй зэрэгцээд нам дотроо нөлөөтэй болж эхэлсэн нь тодорхой болж, Ерөнхийлөгч болон тэдний ойрын хүрээллийнхэн намын шат шатны байгууллагад залуу үе нь түрж орж ирснийг анзаарч, хөндлөнгөөс оролцохгүйгээр Г.Занданшатарыг бор зүрхээр нь зүтгүүлсэн байх улс төрийн ерөнхий дүр зураг харагдаж байна. Цаашлаад Г.Занданшатарын дэмжигчдийг харвал өнгөрсөн сонгуулиар эрх мэдлийн бялуу хуваалтаас хоцорсон “гомдогсдын бүлэглэлийнхэн” багтаж, нам дотроо ямар ч нөлөөгүй болсон хууччуулаар хүрээлүүлж байгаа нь харагдлаа. 
 
          Тэд өнгөрсөн хугацаанд нам дотроо өрсөлдөгчгүй намын даргыг тодруулж, намын асуудлаа дотооддоо хайрцаглаж шийдэж ирсэнийхээ горыг ч ингэж амсаж буй бололтой. Одоо Улсын дээд шүүхээр намын даргыг батламжлах хүртлэх хугацаанд МАН-ынхан хөл толгойгүй бужигнах нь илт байна. Хамгийн чухал анхаарал татаж байгаа асуудал нь Д.Амарбаясгаланг намын даргаар батламжласан тохиолдолд УИХ-ын даргын суудлаа хүлээлгэж өгч, намынхаа дүрмийн дагуу Ерөнхий сайд болох уу гэдэг нь гол дуулиан болох нь. Нэг ёсондоо Г:Занданшатарын Засгийн газар 100 хоногийнхоо бодлогыг танилцуулаад удалгүй унаж, шинэ Засгийн газар бүрдэж мэдэхээр байна. Эндээс харахад МАН-ын улс төрийн "зодоон" одоо эхэлж, Дээд шүүхийн шийдвэр гарахыг хүлээж чадахгүй МАН-ын хагарал туйлдаа хүрэх нь бололтой.

ДЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРАХЫГ ХҮЛЭЭЖ ЧАДАЛГҮЙ МАН-ЫН ХАГАРАЛ ТУЙЛДАА ХҮРЭХ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-29 15:23:20
    АРГАА БАРАГЧ : МАН-Ы ХАГАРАЛ Л ЯРИАД БАЙХ ЮМ . УЛС ОРОН ЧИНЬ ЭНЭ ТУЙЛДАА ХҮРЭХ ТЭМЦЛИЙН АЯЫГ ДААХ УУ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-29 14:30:25
    Зочин: Монголыг дампууруулагчид хучтэй бна, тараавал таарна!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-29 08:45:47
    Zochin: Zandan eneter gd uvuu nar odoo boliyo. Jahan bhad l darga bla, odoo minii huhed udahku ih surgulid oroh gj bn. Bas l heveerei. Shine ue-dee zaigaa taviad amaraach ee. Uvuuguu hiigeed yavaa odo bolno bizdee
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188