• Өнөөдөр 2024-10-15

Г.ЗААНХҮҮ: АНХ УДАА АЙМГИЙН НААДАМД АЗАРГАА УРАЛДУУЛАХДАА ХҮҮТЭЙГЭЭ, ХҮЛЭГТЭЙГЭЭ ХАМТ ТЭМЦЭЖ, ТҮРҮҮЛЛЭЭ

2024-07-11,   1379

        Монголын орны зүүн хязгаарт Г.Заанхүү гэдэг уяач шуугиулж байна. Дорнод аймаг байгуулагдсаны түүхт 93 жилийн ойн баяр наадамд халтар азаргаа унаж, түрүүлүүлсэн Матад сумын уяач Г.Заанхүүтэй ярилцлаа. 

     -Сайхан наадав уу? 
 
      -Санаснаас ч сайхан наадлаа. Олон жил л наадам үзсэн ч ийм сайхан сэтгэл тэнүүн хэрнээ донсолгоотой, догдлолтой наадам ховор байлаа. Анх удаа аймгийн наадамд азаргаа уралдууллаа. Ингэхдээ бүүр хүүтэйгээ, хүлэгтэйгээ хамт тэмцэж, түрүүлсэн сайхан наадам үзлээ. 
 
-Хэдэн жил морь уяж байна вэ. Аймгийн наадамд анх удаа морио уралдуулсан хэрэг үү?
 
          -Тийм ээ, би эхнэр хоёр хүүхдийн хамт Дорнод аймгийн Матад сумын дөрөвдүгээр багт мал маллаж амьдардаг. Миний уугуул нутаг Сүхбаатар аймгийн Дарьганга сум юм аа. Угтаа бол адуутай, хурдтай нутгийн хүн гэсэн үг. Гэхдээ би тийм олон жил морь уяагүй ээ. Хэдэн малынхаа хажуугаар ганц, хоёр морь барьж, овоо, сумын наадамд тоосоо өргөж байлаа. Энэ жил Матад сумын 100 жилийн ойтой учраас дэрсхэн хоёр хүүгийнхээ хүсэлтээр халтар азаргаа сойж байсан юм. Зургадугаар сарын эхээр бариад, ганц, хоёр тар хийж, сунгаанд тавьсан чинь миний халтар азарга өнгөтэй байсан. Ер нь магнайд нь хол тасархай уралдаад байлаа. Тэгээд сумын наадам болоход 10 гаруй хоног дутуу байгаа учраас аймгийн наадамд уралдуулаад үзье гэж бодоод ирлээ. Гарааны зурхайгаас гарахдаа л дүүхэлзээд өөр байсан. Хамар, чих нь сортолзоод л юу юугүй л гарч давхих гээд байлаа. Тэгээд л түрүүллээ. 
 
-Гарааны зурхайгаас гарахдаа хүү нь халтар азаргаа унасан уу. Юу болсон талаар та яриад өгөхгүй юу
 
     -Тийм ээ, миний найман настай, том хүү маань унасан юм. Гарааны зурхайгаас хүүгээ гаргаж өгчихөөд хөдөлсөн. Найзынхаа машинаар азарга дагалаа. Ганц настай, анх удаа аймгийн наадамд хүү, хүлэг хоёроо уралдуулж хүн чинь дагахаас өөр арга байгаагүй. Аймгийн наадамд азарга 22 км уралддаг юм байна лээ.  Миний халтар азарга 18, 19 км өнгөнд нь уралдсан. Би ч гүйцэж чадахгүй, ард талд дагас хийгээд л явж байсан. Гэтэл гэнэт өнгөний хэдэн азарганаас алга болчихсон. Жаахан хурдаа нэмээд очтол замын зүүн тал руу хадуураад алга болчихсон байсан. Замаас 200 орчим метр гараад явж байхаар нь араас нь давхисан. Халтар азарга нэг хадуурхаараа ам нь дийлдэггүй юм аа. Найзыгаа хурдаа нэмээрэй гээд араас нь санд мэнд очлоо. Машинынхаа цонхоор хүүгээ “Амыг нь татаарай, миний хүү зогсоогоорой” гээд л хашхираад байлаа. Дөхөж очоод машинаасаа үсэрч буугаад хүү рүүгээ гүйсэн. Миний хүү ч чадлаараа амыг нь барьж, арай гэж зогсоосон. Хүүгээ угз татах нь холгүй азарганаасаа буулгаад “Миний хүү замсаас холдоорой. Аав нь өөрөө унаад явлаа” гээд л зам руу давхичихсан. Аль ч үгүй, хаа хамаагүй давхиулж байхаар өөрөө яваад, барианд оръё гэж бодсон юм. Хаа холоос зорьж ирсэн хүмүүс чинь азаргаа барианд оруулаагүй гэвэл гунигтай биз дээ. Гэхдээ яагаад ч юм аймгийн наадмын айраг санаанд багтаад байсан юм аа. Даваа давахын өмнөхөн харахад зургаа, долоон азарга хол тасарчихсан байсан. Бариа хүртэл гурав орчим км дутуу. Азаргаа унаад, нударгаараа нэг сайн хөдөлгөж аваад л зам руу орсон. Ташуурны хэрэггүй шахуу л халтар азарга өөрөө хурдалсан. Даваа уруудаад л эхний хэдэн азаргатай эгнээд ороод ирж байгаа юм. Хийморийн овоо хүртэл “Яаж ийгээд л айрагдуулчих юм сан” гэж яарч явлаа. Бараг азарганаасаа ч хурдан болчихсон юм шиг санагдаж байлаа. Бариа харагдаж эхлэхэд бид хоёр хэдийнэ өнгөнд нь гараад, түрүүлээд эхэлсэн. Тэгээд л “За түрүүлэх нь тодорхой юм байна. Аймгийн наадамд азаргаа түрүүлж үздэг юм байна” гээд огшоод ирж байгаа юм. Барианы зурхай руу орох тусам хүмүүс хашхираад л, гайхаад л байх шиг байсан. Ингээд л бид түрүүллээ. 
 
-Хүү нь юу гэж байна вэ? 
 
    -Янз бүрийн юм бодох ч сөхөөгүй байсан байх. Азаргаа унаад, хүүгээ яаж явахыг ч тооцоолоогүй орхичихсон байгаа юм. Найз маань машинтайгаа хаа хол үлдсэн шүү дээ. Барианд орж ирээд, хүүгээ гэнэт санаж байгаа юм. Бушуухан хүүгээ олж ирье гэж бодоод эргэх гэтэл ард зогсож байсан. Найзтай минь араас хүрээд ирсэн байна лээ. Миний хүү “Халтар азарганы ам дийлдэхгүй учраас аав унасан нь зөв” гэж байна лээ. Хүүгийнхээ дутууг л гүйцээсэн юм шиг санагдаж, баярлаж байна даа. Би уг нь багадаа хурдан морь унаж байсан. Гэхдээ айрагдаж, түрүүлж үзүүгүй ээ. Багын мөрөөдлөө 31 насандаа биелүүлсэн анхны хүн л болох шиг боллоо. Үгээр хэлэхийн аргагүй сайхан байна аа. 
 
-Наадмын комиссынхон юу гэж байна вэ? 
 
        -Хүмүүс хүүг маань азарганаасаа уначихсан гэж бодсон юм шиг байна лээ. Зарим нь анхнаасаа намайг унаж уралдсан гэж бодсон байх. Наадмын комиссынхон надад онц зүйл хэлээгүй. “Маргааш бай шагналаа гардуулна. Наадмын талбайд азарга, унаач хоёроо бэлэн байлгаарай” л гэж байсан. Хүмүүс учрыг нь ойлгосон учраас сэтгэл тэнүүн байх шиг байна лээ. Хүү, хүлэг бид гурваас илүүтэйгээр баярлаж, хөөрцөглөж байх шиг байсан.Түмэн олныг баясгана гэдэг чинь их сайхан юм байна. 
 
-Халтар азарганы амжилт юу вэ? 
 
      -Өмнө нь дөрөв, таван удаа овоо, сумын наадамд уралдаж байсан. Уралдах болгондоо л айрагдаж, биднийг баярлуулдаг юм. Харин түрүүлж үзээгүй байсан. Хүү, халтар азарга, бид гурвын анхны том наадам, анхны түрүү болж байна даа. Аймгийн наадам гэдэг чинь том наадам байдаг юм байна аа. Жирийн л нэг малчин залуу азаргаа түрүүлээд буцаж болдог юм байна. 
 
-Азарганых нь удам хаанах вэ?   
 
  -Манай зэлэн дээр төрсөн унагасан адуу байгаа юм даа. Эх тал нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Далиу хээрийн удамтай. Улсын алдарт уяач Ц.Баямбадоржийн мөнгөн хөлтийн удам байгаа юм. Эцэг тал нь улсын манлай уяач Б.Цэндбаатарын адууны төл дөө.
 
-Аймгийн наадамд азаргаа түрүүлүүлсэн хүнд юу бодогддог юм байна вэ. Цаашдын зорилго юу байна вэ? 
 
     -Улсад уралдаж үзмээр ч юм шиг зориг ороод л ирдэг юм байна (инээв). Хүн бүл цөөтэй залуу малчин учраас тэр бүр санаагаараа морь уяж чадахгүй юм аа. 
 
-Сайхан наадаарай. Олон түрүү хүртэхийг ерөөе.
 
     -Баярлалаа, сайхан наадаарай. 

Г.ЗААНХҮҮ: АНХ УДАА АЙМГИЙН НААДАМД АЗАРГАА УРАЛДУУЛАХДАА ХҮҮТЭЙГЭЭ, ХҮЛЭГТЭЙГЭЭ ХАМТ ТЭМЦЭЖ, ТҮРҮҮЛЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-05 14:14:29
    ЗОЧИН: үнэхээр гоё байлаа. Уйлан хайлан уншлаа. үнэхээр гайхалтай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-11 16:24:43
    зочин: нулимас тогтохгүй наадана.... гэдэг энэ дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-11 12:58:37
    Алтангэрэл: Сайхан байлаа. Нулимс урсаад тогтдоггүй ээ хэхэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-11 10:09:29
    р.нямдорж: Анисагандаа баярын нулимастай уншлаа. Дорнот нутгаар тогтохгүй монгол түмнийг өндөлзүүлсэн уралдаан болж айргийн түрүү авсанд баяр хүргэж Заанхүү танд улс аймгийн олон түрүү авахыг хүсэн ерөөе.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188