• Өнөөдөр 2025-10-23

Б.ШАТАРСАЙХАН: БҮТЭЭЛ БҮР МИНЬ МИНИЙ СЭТГЭЛИЙН ТОЛЬ

    Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач Бизъяагийн Шатарсайхан бол өнгө, дүрс, мэдрэмжийн нэгдлээр дотоод ертөнцөө илэрхийлдэг уран бүтээлч. Түүнтэй ахин нэг удаа ярилцах боломж олдсонд талархан энэхүү ярилцлагаа танд хүргэж байна.

          -Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өмнө нь ярилцаж чадаагүй сэдвээрээ ярилцлагаа эхлүүлье гэж бодлоо. Та ямар хүсэл, мөрөөдөлтэй хүүхэд байв?

       -Өдрийн мэнд. Би ганцхан мөрөөдөлтэй л хүүхэд байсан. Тэр бол зураач болох туйлын их хүсэл. Өөр ямар ч зүйл сонирхож байгаагүй. Багаасаа бийр, будгаар оролдож, өнгөний тоглоомоор л амьдардаг байсан. Харин одоо хүсэл мөрөөдөлдөө тодорхой хэмжээнд хүрсэндээ баяртай байдаг.

Урлаг хүний дотоод ертөнцийг нээж, оюун санааг хязгааргүй тэлдэг

        -Зураач хүний сэтгэлгээ бусдынхаас өөр гэж хэлдэг. Урлаг хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг гэж та боддог вэ?

        -Тийм ээ, зураач хүний сэтгэлгээ, юмсыг харах өнцөг  хүмүүсээс илүү мэдрэмжтэй байдаг. Урлаг бол хүний дотоод сэтгэлийг нээж, түүнийг илүү уян зөөлөн, ухаалаг болгодог. Зураач хүн үргэлж эрэл хайгуул хийж, шинэ зүйлийг туршиж байж л дахин давтагдашгүй бүтээл төрүүлдэг. Урлаг хүний оюун санааг хязгааргүй тэлдэг, сэтгэлийг ариусгадаг гэж боддог.

       -Зурах хүслийг олон зүйл бадраадаг байх. Та юунаас урам авдаг вэ?

      -Азаар миний зурах хүсэл хэзээ ч бөхдөггүй. Амьдралын энгийн, сайхан мөчүүдээс би хамгийн их урам авдаг. Нарны туяа, борооны дусал, хүүхдийн инээмсэглэл, хөгжим энэ бүгдээс сэдэл төрдөг. Бусдад эерэг мэдрэмж өгч чадвал тэр миний зорилго биеллээ л гэсэн үг.

       -Зураач болоход гэр бүлийнхэн, багш нар хэр нөлөөлөв?

     -Миний аав зураг, шугам зургийн багш байсан. Зураач хүний орчинд төрж өссөн болохоор бийр, будаг миний тоглоом шиг л байсан. Гурван настайгаасаа эхлээд л зурж эхэлсэн. Ээж маань ч үргэлж дэмждэг байлаа. Хамгийн анх бичгийн цаасан дээр олон морь зурсан гэдэг. Тэр үед гуравхан настай байж. Одоо эргээд бодоход тэр зургаас л миний амьдралын зам эхэлжээ.

       -Таны уран бүтээлийн чиглэлийг нарийн тодорхойлбол?

     -Би орчин үеийн абстракт, модерн урлагийн урсгалаар голлон зурдаг. Энэ төрөл миний дотоод ертөнцөд хамгийн ойр. Өнгөний зохицол, уусал, эмоцийн хүчээр мэдрэмжийг илэрхийлэх нь гайхамшигтай. Гэхдээ захиалгаар монгол ахуй, хөрөг, байгаль гээд олон төрлөөр зурдаг. Зураач хүн аль ч төрлөөр нүүр улайхгүйгээр бүтээлээ туурвих ёстой.

         -Нэрийг тань хэлэнгүүт л бүгд таних уран бүтээл хэзээ төрөх гэж байна вэ?

       -Одоохондоо олонд танигдах бүтээл хийе гэсэн санаа алга. Мэдээж уран бүтээл маань хүмүүст хүрээд түүнийг шагшин үзвэл баярлалгүй яахав. Яагаад ч юм тийм том зорилго өөртөө тавиагүй. Эхний ээлжинд бүтээлээ хийж л байя. Магадгүй хүн болгонд хүлээн зөвшөөрөгдөх зургийнхаа сэдвийг олоогүй, хайгаад явж байж болно. Жишээ нь, Вангог гэхэд л үмх талхны төлөө зурдаг байсан. Түүнийг хэн ч хүлээн зөвшөөрдөггүй байснаа нас барсан хойно нь түүний бүх зураг агуу болсон. Тиймээс үнэхээр урлаг бүтээж чадвал цаг хугацааны дараа шалгараад үлдэнэ.

        -Модерн, абстракт урлагийн онцлогийг хэрхэн харж байна вэ?

         -Энэ бол юунд ч баригдахгүй, сэтгэлийн хөдөлгөөнөөр бүтээгддэг урлаг. Бүтээл бүр дахин давтагддаггүй, тиймээс гайхамшигтай. Хүмүүс одоо модерн урлагийг илүү ойлгож, мэдэрч эхэлж байна. Өмнө нь “Юу зураад байгаа юм бол” гэж боддог байсан бол одоо “Би энэ зургийг ингэж мэдэрлээ” гэж хэлдэг болжээ. Энэ өөрчлөлт бол урлагийн хөгжил.

        -Танаас ямар үед хамгийн сайхан зураг төрдөг вэ?

       -Сэтгэл тайван, гэрэлтэй өдөр хамгийн бүтээлч байдаг. Сэтгэл тавгүй үед зурдаггүй. Сэтгэлээ бүрэн нээсэн үед л бийр өөрөө хөдөлдөг. Тансаг бүтээл гэдэг бол ур чадвар, мэдрэмж, сэтгэл гурвын нэгдэл юм.

        -Та ямар өнгөнд дуртай вэ. Бүтээлд чинь ямар өнгө зонхилдог вэ?

        -Уран бүтээлчийн хувьд бүх л өнгийг хэрэглэдэг. Тодорхойлсон өнгө гэж байхгүй. Модон бараар бүтээл хийвэл голдуу хар өнгө орно. Хар өнгө гэхэд дотроо олон байдаг. Харин сүүлийн үед улаан, цэнхэр гээд тод өнгийг хэрэглэдэг болсон. Нэг талаасаа би сэтгэлийн хөдлөлтэй, цоглог гэж хэлж болох юм. Гэтэл заримдаа өөр өнгө рүү уусчихсан байх жишээтэй.

       -Сэтгэл зүй тань бүтээлд хэрхэн нөлөөлдөг вэ?

       -Маш их нөлөөлдөг. Сэтгэл санаа тавгүй үед зурдаггүй. Харин сэтгэл дүүрэн үед зурахдаа өнгө өөрөө урсаж гардаг.

        -Зураачийн мэргэжил бол маш их тэвчээр, хүч хөдөлмөр шаарддаг шүү дээ. Тэгвэл та хэрхэн төвлөрдөг вэ?

       -Би зургаа эхэлмэгц төвлөрдөг. Заримдаа хөгжим сонсож, орчны дуу чимээг мартан зурдаг. Тэр мөч миний хувьд бясалгал шиг л байдаг.

Гэр бүл, мэргэжил хоёр л миний амьдралын утга

       -Уран бүтээлчээс гадна гэр бүлийн хүн, аавын хувьд таны үнэт зүйл юу вэ?

     -Миний амьдралын хамгийн үнэ цэнтэй зүйл бол гэр бүл, мэргэжил хоёр. Хүүхдүүддээ урлагийн гоо сайхныг мэдрүүлж өсгөхийг хүсдэг. Урлагийн мэдрэмжтэй хүн үргэлж өрөвч, уужим, гэрэлтэй байдаг гэж би итгэдэг.

       -Уран бүтээлч болгонд л урам зориг өгдөг чухал нэгэн бий шүү дээ. Та хэнийг өөрийн үлгэр дуурайл болгон хүндэлж явдаг вэ?

     -Ааваасаа, багшаасаа хамгийн их нөлөө авсан. Мөн ахмад уран бүтээлчдээс арга барил, хандлагыг нь судалдаг. Гэхдээ хүн хэнээс ч суралцаж болдог. Заримдаа шавь нь ч багшаасаа илүү санаа өгдөг үе бий. Урлагийн ертөнцөд суралцах нас гэж байхгүй.  

      -Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

 


Б.ШАТАРСАЙХАН: БҮТЭЭЛ БҮР МИНЬ МИНИЙ СЭТГЭЛИЙН ТОЛЬ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188