• Өнөөдөр 2024-04-26

“ТОП ДОНОР” Д.БУМ-ЭРДЭНИЙН ЭХНЭР А.АЛТАНТУЯА: ХАНЬ МИНЬ 21 ЖИЛ БУСДАД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХДЭЭ НЭГ Ч УДАА ЭРГЭЛЗЭЖ БАЙГААГҮЙ ЮМ ШҮҮ

2022-05-10,   2520

        Ихэр охиныхоо амийг аврахын тулд Цусны төвд цусаа өгөхөөр тэртээ 2001 онд очиж байсан иргэн Д.Бум-Эрдэнэ өдгөө Монгол Улсад ганцхан байх “Топ донор” болжээ. Бусдын сайн сайхны төлөө, бусдын амийг аврахын төлөө Цусны төвийн үндсэн ажилтан шиг, тушаал авсан цэрэг шиг биеэ бэлдээд зогсож байдаг тэрбээр өдгөө эмнэлгийн орон дээр үхэл, амьдралын заагт тэмцэж байна. Түүний амь цаг, минут, секунтээр хэмжигдэж, гэргий нь ард түмнээсээ тусламжийн гараа сунгахыг хичээнгүйлэн гуйж, ханийгаа сахиад эмнэлгийн гадаа уйлж сууна.

            Тодруулбал, 800 гаруй хүний амийг аврахын тулд 278 удаа цусаа хандивласан Монгол Улсын цорын ганц “Топ донор” Д.Бум-Эрдэнэ албан ажлаа хийж яваад зам тээврийн осолд оржээ. Түүний биеийн байдал тун тааруу Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна. Эмч нар түүнийг цаг хугацаа алдахгүйгээр яаралтай Улаанбаатар хот руу явж, шаардлагатай эмчилгээг хийлгэх хэрэгтэй гэж хэлсэн гэнэ. Харамсалтай нь, цахилгаанчин мэргэжилтэй, улирлын чанартай ажилтай эгэл жирийн Монгол айлд 20 сая төгрөг байхгүйн улмаас онгоц түрээсэлж чадахгүй, арга ядахдаа ар гэрийнхнээсээ тусламж хүсчээ.

           Бид “Топ донор” Д.Бум-Эрдэнийн эхнэр А.Алтантуяатай ярилцлаа. Тэрбээр нөхрөө сахиад хоёр хүүхэдтэйгээ, ах, дүү нарын хамт Хөвсгөл аймагт байгаа аж.

-Нөхрийнх нь биеийн байдал яаж байна вэ?  

         "ТОП ДОНОР" Д.БУМ-ЭРДЭНЭ ХӨВСГӨЛ АЙМАГТ ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА. 2022.05.09 

  -Биеийнх нь бүх л хэсэг хугарсан, бүтэн яс байхгүй шахам л эмнэлэгт эмчлэгдэж байна даа. Хүн харахаас ч нүд хальтрам дүр дөрхтэй гурав хоног эмнэлгийн орон дээр амь наана, там цаана хэвтэж байна. Яаралтай Улаанбаатарын эмнэлэг бараадах хэрэгтэй байдаг. Бидэнд онгоц түрээслэх мөнгө байхгүйн учраас нөхөр маань энд гурав хонолоо. Арга ядахдаа өчигдөр ард түмнээсээ тусламж хүсэж, цахим хуудастаа зар оруулсан. Биднийг мэддэг, таньдаг, танихгүй ч хүмүүс холбогдож, идэх талхны мөнгөнөөсөө хугаслаад ч болов хандив өгч байна. Гэхдээ харамсалтай нь мөнгө хаанаа ч хүрэхгүй учраас бид хугацаа алдсаар л байх бололтой. Бүхий л боломж, гарц гаргалгааг хайж байгаа боловч тоймтой шийдэл хүрч чадахгүй арга мухардаад байна. Биеийн байдал нь хүнд байгаа учраас бидэнд цаг, минут, секунт хүртэл үнэтэй байгаа. Мөнгө нь л байвал онгоц түрээслээд, цаг агаарын нөхцөл байдлыг тааруулаад нисэж болно гэж хэлсэн.

-Онгоц түрээслэхэд хэдэн төгрөг хэрэгтэй байдаг юм бэ. Эрүүл мэндийн яам болон холбогдох төв, эмнэлэгт хандаж үзсэн үү?

           -Хамгийн багадаа 20 сая төгрөг хэрэгтэй гэсэн. Тэгээд тух, эмчилгээ зэргээс шалтгаалаад 35 сая төгрөгийнх хүртэл байдаг юм билээ. Бид эхний удаад ямар ч хамаагүй онгоцоор хамгийн хямдаар л аюулгүй тээвэрлэхийг хүсэж байгаа. Эрүүл мэндийн сайдтай холбогдох гэж манай ах хичээж байгаа. Одоогийн байдлаар холбогдож чадаагүй, хариу ирээгүй л байна. Мөн Гэмтлийн эмнэлэг, Цусны төвд хандсан. Гэхдээ тэд минь одоогийн байдлаар тодорхой арга хэмжээ авч чадахгүй л байна.

-Зам тээврийн осолд орсон гэсэн. Хөвсгөл аймагт ажлаар явж байсан юм уу?

        -Манай нөхөр цахилгаанчин мэргэжилтэй. Өмнө нь Өмнөговь аймагт ажилладаг байсан юм. Ажил нь улирлын чанартай болохоор өвөлдөө гэртээ байдаг байсан. Манайх хоёр хүүхэдтэй, Улаанбаатар хотод амьдардаг юм. Нөхөр маань зам засварын компанид цахилгаанчнаар ажилладаг. Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд замын ажил хийхээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээр гэрээсээ гарсан юм. Харамсалтай нь, ажлынхаа засвараар өөрөө машин жолоодож яваад аймшигтай осол гаргачихлаа. Одоо бидэнд үнэхээр хүнд байна. Бусдад 21 жил амьдрал бэлэглэсэн хань минь эмнэлгийн орон дээр тарчилж байна шүү дээ. Бид ханийгаа яаж ийгээд эрүүл болгох болно. Хань минь 21 жил бусдад амьдрал бэлэглэхдээ нэг ч удаа эргэлзэж байгаагүй юм шүү.

“ТОП ДОНОР”-ЫН ААВ, АМЬДРАЛ БЭЛЭГЛЭГЧ БОЛСОН ТҮҮХ

        25 настай залуу амьдралд хөл тавьж, хоёр ихэр охинтой болж байжээ. Залуухан аав баярлаж, дэгдэж, аз жаргалаар дүүрэн явсан ч эмнэлэгт хүйн халдвар гарч, цус сэлбэх шаардлагатай болсон байна. Мөн охид нь ээжийнхээ хэвлийгээс төрөх гэж яарсандаа, аавдаа ирэх гэж зүтгэсээр байгаад дутуу төрсөн байжээ. Д.Бум-Эрдэнэ гуай тухайн үед цусны бүлгээ тодорхойлуулж, шинжилгээ өгснөөр охидынхоо донор болох боломж бүрдэж байжээ. Ингээд л тэр Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй холбогдож байнгын донор болсон түүхтэй. Нялх охидоо аврахын тулд цусаа хандивлаж байсан тэрбээр тогтмол цусаа хандивласаар, байнгын ажилтай юм шиг цусны төв рүү “гүйсээр”, бусдад амьдрал бэлэглэхийн төлөө зүтгэсээр 21 жилийг ард үджээ. Харин одоо өөрөө бусдаас амьдрал бэлэглэхийг “гуйгаад” эмнэлгийн орон дээр хэвтэж байгаадаа итгэж ядан байна. Түүний цус нэгдүгээр бүлгийнх учраас хэрэгцээ өндөртэй байдаг талаараа тэр ярьсан байна лээ. Мөн хүний амь аврах энэрэнгүй үйлсэд нэгдсэндээ, тэр өдөр цусны төвийн хаалгыг татсандаа, эмнэлгийн хонгилд шинжилгээ өгсөндөө хачин их баярлаж, амьдралынхаа хамгийн зөв зам гэж тодорхойлдог юм билээ. Тэр ингэж л донор болсон түүхтэй. Эгэл хэрнээ тэр хамгийн эрэлхэг үйлсийг хийж, амьдралынхаа 21 жилийг өнгөрүүлсэн түүх нь ийм. Хэдийгээр тэр цусны донор болж, охидынхоо сайн сайхны төлөө хичээсэн ч ихрийн өрөөсөн охин нь хорвоогоос аль эрт буцсан юм билээ. Түүнтэй нь хамт тухайн үед хүйн халдвараас болж 30 гаруй нярай эндэж байжээ. Тэр ийм хэцүү зүйлтэй нүүр тулсан ч шантраагүй. Болдог бол тэр одоо эрүүл болоод цусаа өгдөг өдрөө хоног тоолон хүлээгээд, 10-хан хоногийн дараа Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үүдэнд инээгээд сууж баймаар байгаа. Тэр яарч байгаа...

278 УДАА ЦУСАА БЭЛЭГЛЭЖ, МОНГОЛ УЛСЫН ЦОРЫН ГАНЦ “ТОП ДОНОР” БОЛЖЭЭ

М.БУМ-ЭРДЭНЭ "ТОП ДОНОР"-ООР ӨРГӨМЖЛӨГДСӨН ӨДӨР. 2017 ОН 

          М.Бум-Эрдэнэ гуай ямар ч ажилтай байсан Цус сэлбэлт судлалын үндэсний төвд хоёр сард нэг удаа очдог юм билээ. Бүтэн хоёр сарын хугацаанд биеэ бэлдэж, өөрийгөө эрүүл байхад анхаарч, өрөөлийг аврах хүсэлдээ тэр хөтлөгдөөд ажлаа умартаад цусны төв рүүгээ гүйчихдэг байна. Хөдөө ажилтай байвал, цус өгөх өдрийнх нь хугацаа хэтэрсэн байсан ч тэр ажлаа амжуулаад дараа сард нь гүйхээрээ очдог гэнэ. Хэрэв тийм өдөр түүнд ирвэл тэр байдгаасаа ч илүү хурдан хөдөлгөөнтэй болж, Улаанбаатарын зүгт харуулдаж суудаг ажээ.

     Түүний эхнэр энэ талаар ярихдаа “Миний хань шиг 278 удаа цусаа хандивласан хүн Монголд байдаггүй юм билээ. Тэр минь цусаа хандивлах өглөө эрт босоод, цэвэрхэн хувцсалаад, инээгээд гараад явдаг. Буцаад ирэх болгондоо инээд алдчихсан, сэтгэл нь амарсан байдалтай орж ирдэг” гэлээ. Бас тэр нөхрөөрөө үргэлж бахархаж, хайрлаж явдаг тухайгаа ч ярьсан.

           Д.Бум-Эрдэнэ гуайг гар бие, сэтгэл зүрхээ зориулан 225 удаа цус хандивлаж, 620 хүний амь аварсан үйлсийг нь өндрөөр үнэлж,  2020 онд Монгол Улсын “Топ донор”-оор өргөмжилж байжээ. Нэг удаа цусаа хандивлахад гурван хүний цус авардаг гэдэг учраас түүний энэ олон жилийн сэтгэл, зүтгэл, итгэлийг ийн үнэлсэн хэрэг. Тэр бол Монгол Улсын хамгийн анхны, цор ганцхан “Топ донор” юм.  Хэрэв тэр болдог бол сар болгон цусаа хандивлахыг хүсдэг байх. Харамсалтай нь, шинжлэх ухаанд эрэгтэй хүнийг хоёр сард нэг удаа цусаа хандивлахыг зөвшөөрдөг ажээ. Жилийн зургаан удаагийн цусаа өгөх өдөр нь түүний хувьд амьдралын хамгийн жаргалтай өдрүүд нь яах аргагүй мөн.

ГАНЦХАН ЦУСНЫ ДОНОР БУС СИЙВЭН, ЭСЭЭ ХҮРТЭЛ ӨГДӨГ ЭЛЧ

        Би өнөөдрийг хүртэл түүнийг ганцхан цусаа өгдөг гэж боддог байлаа. Харин тэр ганцхан цусаа хандивлаад зогсохгүй сийвэн, эсээ хүртэл өгдөг элч байжээ. Түүний цусыг шүүж, техник технологийн тусламжтайгаар сийвэн, эс хоёрыг нь ялгаж авдаг байна. Бусдад амьдрал бэлэглэхийн тулд биенээсээ тэр хоёр сард нэг удаа 400 грамм цус “еүлдэг”. Харин сийвэн 600 грамм, эс 250 граммаар өгдөг гэнэ. Гэхдээ энэ хэмжээ сар болгон өөрчлөгдөж, эмнэлгийн байгууллагынхан тогтоож байж нарийн өгдөг байна. Эмнэлгийн байгууллагат эсний захиалга орж ирсэн тохиолдолд түүний утас хэзээ л бол хэзээ дуугарна. Эмч нар элчийнхээ утас руу залгаад, тусламж хүсдэг гэнэ. Тэр тэр бүгдэд л гүйгээд очдог хамгийн зөөлөн чихтэй донор.

ХӨЛБӨМБӨГЧИН, ХОККЕЙЧИН, ЦАХИЛГААНЧИН ДОНОР

        Д.Бум-Эрдэнэ гуай яггүй сайн тамирчин. Тэр хөлбөмбөг, хоккей спортын тамирчин гэнэ. Цусаа өгдөг хэрнээ хамгийн зоригтой, хүчирхэг, эрүүл чийрэг байдаг нь түүний спортоор хичээллэдэгтэй холбоотой. Багаасаа л спортод дуртай, хайртай байсан тэрбээр өнөөдрийг хүртэл спортоо хаяагүй байгаа шалтгаан нь тэвчээртэй нь холбоотой байх. Мөн 1990 оны сүүлчээр үеийнх нь залуус их сургуулийн босго давж, дээд боловсролтой болохоор хошуурч байсан үе. Харин тэр Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийг сонгож, цахилгаанчин болж байжээ. Суралцаж л чадвал хаана ч ажиллаж, хаана ч амьдарна гэсэн хүсэл нь түүнийг дийлж, МСҮТ-ийн сурагч болгож байсан гэнэ. Мөн түүний байнга ярьдаг зүйл нь “Миний үеийн залуус надаар дутхааргүй сайн боловсон хүчин болсон. Тийм учраас тэр  би өөрийнхөө ажлыг сайн хэрэгтэй. Өөрийнхөө ажил мэргэжлийг гололгүй хичээж, бусдад тусласаар явна” гэнэ. Чадварлаг цахилгаанчин болсондоо тэр өөрөөрөө бахархаж,  энэ мэргэжлийг сонгосондоо харамсаж байгаагүй тухай ярьдаг юм билээ.

Тэр ар гэрээ хоолтой байлгахын тулд, хоёр үрээ сургуульд нь сургахын тулд, сайн боловсон хүчин болгохын төлөө хичээж яваад ийм харамсалтай, золгүй осолд өртжээ. Түүний бусдыг хайрласан, бусдад амьдрал бэлэглэсэн 21 жилийнх нь үнэтэй хөдөлмөрийг нь үнэлээд монголчууд та бүхнийг сэтгэлийн гараа сунгахыг хичээнгүйлэн хүсэж байна. Бусдад амьдрал бэлэглэгч түүнд бид амьдрал бэлэглэх чухал өдөр нь өнөөдөр байжээ.

 

Данс:5032438532 Б.Алтантуяа (Эхнэр)
“ТОП ДОНОР” Д.БУМ-ЭРДЭНИЙН ЭХНЭР А.АЛТАНТУЯА: ХАНЬ МИНЬ 21 ЖИЛ БУСДАД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХДЭЭ НЭГ Ч УДАА ЭРГЭЛЗЭЖ БАЙГААГҮЙ ЮМ ШҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-10 22:03:20
    Dr. Adity: Hello if you want to sell your kidney for money $780,000 contact this hospital email: [email protected]
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-08-30 14:11:14
    DR. UROLOGIST: IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000.00 CONTACT THIS HOSPITAL EMAIL: [email protected]
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-25 21:34:26
    Д.Алтансувд: Цус хэрэгтэй хүнд цусаа өгнө гэдэг ёстой хүнийг хутганы ирэн дээр дэмжигдэж байхад авардаг авралын элч юм шүү. Миний ээжид тэр сийвэн эс хэрэгтэй байсан тэр эсийг авч чадаагүйн улмаас ээжийгээ алдсан. Ийм буянтай хүнийг аврах нь өнөөгийн нийгэмд асар том хөрөнгө оруулалт, олон ч хүний амийг авран даа. Топ донороос, ар гэрийг нь Төр засаг харж үзэх л хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-10 09:07:36
    Zochin: Ert ilruuleg gej mungu idej baihiin orond iim hund uvchtund tsag aldahgui tuslamj uzuuleech ! erhem EM -iin said guai. Ulaan zagalmain niigemleg gej mungunii huudii osol gemteld orson irgeded tuslah ystoi bish biluu ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-10 07:46:22
    zochin : dans baihgvi hen yaj tuslah ym be dansiig ni tawiachee
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188