• Өнөөдөр 2026-10-14

Макао нээлттэй тэмцээнээс Б.Солонго алт, Ц.Мөнххэрлэн мөнгөн медаль хүртжээ

    Азийн хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулсан Макао нээлттэй тэмцээн 2026 оны аравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд болж, Зүүн Азийн бүс нутгийн хөнгөн атлетикийн тамирчид хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлджээ. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон тамирчид амжилттай өрсөлдөж, алт, мөнгөн медаль хүртсэн байна. Тэмцээний ойрын зайн эмэгтэйчүүдийн 200 метрийн гүйлтэд “Алдар” спорт хороо, “Үчимбэр” клубийн тамирчин, ОУХМ Б.Солонго 24.96 секундын амжилтаа ахиулж, 24.68 секундэд барианд орсноор алтан медаль хүртжээ. Харин МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн “Үчимбэр” клубийн тамирчин, ОУХМ Ц.Мөнххэрлэн 25.54 секундын амжилт үзүүлж, мөнгөн медалийн эзэн болсон байна.

   Зүүн Азийн бүс нутгийн тамирчид өргөн бүрэлдэхүүнээр оролцсон олон улсын чанартай энэхүү тэмцээн нь тамирчдын бэлтгэлжилт, ур чадвар, өрсөлдөх чадварыг сорихын зэрэгцээ олон улсын түвшинд туршлага хуримтлуулах, спортын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой байжээ.  Монголын тамирчид өрсөлдөөн өндөртэй тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг олон улсын спортын тавцанд өргөсөн нь онцлох амжилт болсон байна. Тамирчдыг тус тэмцээнд МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн хөнгөн атлетикийн багш А.Амгалан, “Үйцай” сургуулийн багш Г.Жанцандорж нар дасгалжуулан оролцуулжээ.


 

 


Макао нээлттэй тэмцээнээс Б.Солонго алт, Ц.Мөнххэрлэн мөнгөн медаль хүртжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188