Шинэ засгийн тэргүүн Г.Занданшатарын сайдууд илүү хөдөлгөөн хийхгүй, ихэд болгоомжтой сар гаруй болсон. Гэтэл саяхнаас яамдууддаа халаа сэлгээ хийгээд эхэлжээ. Ялангуяа хамтарсан засгаас хөөгдсөн АН-ын найман сайдын халуун сэнтийд нь заларсан МАН-ын сайдууд халаа сэлгээндээ ид ханцуй шууцгааж байна. Тэр тусмаа Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийнхээ ЗДТГ-ын хурган дарга нарыг яам руугаа татаж, ямбаны сэнтийд залаад эхэлжээ. Одоогоор, сайд Э.Бат-Амгалан яамныхаа хамгийн өндөр гурван сэнтийд Баянзүрх дүүргийнхээ ЗДТГ-ын дарга, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга гэх гурван хүнийг авчирч залаад байна.
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн Зөвлөхөөр Ичинноровын Баттөгс томилогджээ. Өмнө нь Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын дарга, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байсан. Э.Бат-Амгалангийн Баянзүрх дүүрэг дэх “хаанчлал”-д хамгийн гол хувь нэмэр оруулсан баруун гар нь гэгддэг. Тиймээс ч өдгөө сайдын зөвлөхийн сэнтийд заларчихаад буй нь энэ. Дэд сайдын орон тоо хасагдсанаас хойш сайдын зөвлөхийн албан тушаал нь сайдынхаа дараа орох асар их эрх мэдэлтэй сэнтий болчихоод буйг дурдах нь зүйтэй.
Сонирхуулахад, өмнө нь И.Баттөгс хэдэнтээ хэвлэлд бичигдэж, Э.Бат-Амгалангийн чихийг халууцуулж байсан будилаантай нөхөр. Тухайлбал, Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын дарга байхдаа жирэмсний амралтаа авсан хүмүүсийн орон тоонд төрд ажиллаж байсан туршлагагүй 10 жилийн найзуудаа ажилд авсан асуудалд холбогдож байлаа. Дараа нь, 2023 оны зургадугаар сард И.Баттөгсийн эхнэр нь “Land criuser-300” автомашин жолоодож явах үедээ гарцаар гарч байсан Г.Х гэх эмэгтэйг мөргөж, хүнд гэмтээсэн хэрэгт холбогдсон. Хохирогч нь тархиндаа цус хуралттай болж, шагай нь бяцарсан, үнэрлэх мэдрэмжээ алдсан, гадаадад эмчлүүлэх шаардлагатай байгаа ч И.Баттөгсийн гэр бүлээс хохирлын нөхөн төлбөр авч чадахгүй байна гэж олон нийтийн цахим сүлжээгээр мэдэгдэж байсан.

- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ томилогджээ. Түүний хувьд, Баянзүрх дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Баянзүрх дүүргийн Менежерээр ажиллаж байсан. Товчхондоо, Э.Бат-Амгалангийн зүүн гар гэгддэг.
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар Батцэцэгийн Уянга гэх эмэгтэй томилогджээ. Б.Уянга нь Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Э.Бат-Амгалан ба түүний Баянзүрх дүүрэг дэх фракцынх нь Ерөнхий санхүүч нь хэлж болно.
Товчхондоо, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам Э.Бат-Амгалангийн Баянзүрх дүүргээсээ авчирсан тавиулуудынх нь мэдэлд бүхэлдээ орчихлоо гэсэн үг. Тун удахгүй Э.Бат-Амгалангийн эл томилгоонууд нь хэлтсийн даргын албан тушаалууд руу орж эхлэх биз.
Цаашилбал, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан яамныхаа Төрийн нарийн бичгийн даргаар М.Баярааг томилуулсан. М.Баяраагийн тухайд, хэзээнээс л хүзүүндээ “Д.Сумъяабазарын хүн” гэх пайзтай явж ирсэн. Тухайлбал, Д.Сумъяабазар М.Баярааг өөрийн тойрог болох Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын даргаар ажиллуулж, төрийн албанд дасгасан. Улмаар 2017 онд Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болмогцоо М.Баярааг яамныхаа Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар авч, тэгээд болоогүй “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллуулсан. 2020 онд Д.Сумъяабазар Хотын дарга болмогцоо М.Баярааг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга болгож, дараа нь Улаанбаатар хотын Ерөнхий менежер болгож дэвшүүлсэн. Өнгөрсөн оноос НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байгаад ийнхүү Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон.
Харин Э.Бат-Амгалан, Д.Сумъяабазар хоёрын хувьд эртний хамтрагчид. Жишээ нь, Д.Сумъяабазар Хотын дарга болсныхоо дараахан буюу 2021 онд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалантай “лобби”-дож, УИХ-ын дэргэд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо гээчийг байгуулсан. Улмаар УИХ-д Улаанбаатар хотыг төлөөлөх Түр хорооны даргаар нь Э.Бат-Амгалан томилогдож, Д.Сумъяабазарыг Хотын даргаас буутал нь хоршиж ажилласан байдаг. Тэгэхээр Э.Бат-Амгалан яамныхаа Төрийн нарийн бичгийн даргаар М.Баярааг авсан нь ардаа ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо болж таарч байгаа юм.
Үргэлжлэл бий...
БАРИЛГЫН ЯАМ БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ТАМГЫН ГАЗРЫН ХУРГАН ДАРГА НАРААР “ДҮҮРЧЭЭ” |
|