• Өнөөдөр 2025-08-02

УЛСЫН НУУЦ ОБЪЕКТУУДЫГ УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭН Л БАРЬЖ БАЙНА

2025-08-01,   722

    УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тэртээ 2006 онд Ерөнхийлөгч Н.Энхбаярын Тамгын газрын дэд дарга болж, Төрийн ордны босго алхаж байв. Улмаар 2008 онд Увс аймгаасаа Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж хоёртой дөрөө харшуулан УИХ-ын гишүүн болж, тэр цагаас дөрвөн удаа улираад буй. Онцгүй нь, 2008 онд анх хамтдаа УИХ-ын гишүүн болж, хамтдаа улирч, Төсвийн байнгын хороог ээлжлэн даргалж, Сангийн яамыг уламжлуулан удирдаж  ирсэн Ч.Хүрэлбаатарыгаа өнгөрөгч УИХ-ын сонгуулиар АН-ынхантай элбэж балбасан. Ингэснээр Ч.Хүрэлбаатар унаж, одоо Увсад Б.Чойжилсүрэн дангаар овгор нь болчихоод буй. 

УИХ-ын гишүүд зуслангийн “амбаар” барьсан ч түүнийгээ аль болох нуухыг хичээдэг. Ядаж ч сонгогчдоо хүндлээд, санаа зовох “булчирхайтай” байгаа нь тэр. Харин УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хувьд увайгүй нь дэндсэн нөхөр. Тэртээ 2008 онд төрийн түшээ болмогцоо л Төв цэнгэлдэх хүрээлэнг тал талаас нь “мэрж”, хажуу бөөрөөр нь хотхон, хорооллууд шавуулж эхэлсэн. Төрийн ордонд 17 жил “амьдрахдаа” худалдсан хотхон, хорооллууд нь тоогоо ч, утгаа ч алдсан. Төв цэнгэлдэх хүрээлэн тойроод, Энхтайваны гүүрний баруун, зүүн тал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун тал, Нарны гүүрний зүүн тал гээд хотын аль ашигтай, үнэтэй гэсэн газар бүхэнд Б.Чойжилсүрэнгийн хотхон, хороолол баригдсан.

Хамгийн сүүлд, Сү.Батболд Чингис зочид буудлын хаяанд “Сансар гарден” хотхоныг барьж, өнгөрөгч 2024 онд ашиглалтад оруулсан. Ингэхдээ Б.Чойжилсүрэн 2022 онд “Сансар гарден” хотхоноо “Архитектур төлөвлөлтийн даалгавар” буюу “А” зөвшөөрөлгүйгээр хууль бусаар барьж эхэлсэн. Хууль ёсны бичиг баримтгүйгээр барилгын ажлаа эхлүүлсэн учраас мэдээж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан, Барилга, хот байгуулалтын яамныхан, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрынхан гээд холбогдох бүх газраас Б.Чойжилсүрэнд шаардлага тавьж, зөвшөөрлийн бичгийг нь нэхэж эхэлсэн. Төрийн түшээ ч гэлээ, тахьсан бурхан биш, хууль ёсны зөвшөөрлөө авах л ёстой. Арга буюу Б.Чойжилсүрэн 2023 оны нэгдүгээр сард Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас “Сансар гарден” хотхоныхоо барилга, угсралтын ажлыг хийх “А” зөвшөөрлөө нөхөж авсан. Харамсалтай нь, ингэж нөхөж авахдаа Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын Мэргэжлийн комиссын таван гишүүнд тус бүр 100 сая, нийт 500 сая төгрөгийн авлига өгсөн асуудалд холбогдсон. Энэхүү онц их хэмжээний авлигын хэргээр нь АТГ-ынхан Б.Чойжилсүрэн, түүний эхнэр Д.Энхгэрэл хоёрыг хамтад нь шалгаж эхэлсэн. Одоогоор Б.Чойжилсүрэн эл хэргээ хаана, хэн дээр гацаачихаад байгаа нь тодорхой бус байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн эхнэр Д.Энхгэрэлтэйгээ хөтлөлцөөд АТГ-ын хаалга татахаас нэг их халгаж, халширдаггүй нэгэн бололтой юм. Тодруулбал, Б.Чойжилсүрэн 2016-2017 онд нэг жил гаруй Сангийн сайдаар ажиллаж, барилга, бүтээн байгуулалтын төсвийн мөнгө хэрхэн хувиарлагдаж, хэн, хэн хэрхэн зарцуулдаг, тендерийн хуулийн цоорхой хаанаа байдаг гэдгийг нүдээр үзсэн. Улмаар Сангийн сайдаас буумагцаа буюу 2018 оноос “Хурд групп” ХХК болон туслах гүйцэтгэгч компаниудаараа дамжуулан төсвийн санхүүжилттэй төрийн өмчийн бүх л том барилгын ажлуудыг гүйцэтгэж эхэлжээ. Хууль зүй, дотоод хэргийн яамны барилга, Төв банкны төв барилга, Мөрдөх байцаах газрын барилга, ДХИС-ийн Төв номын сан, Чингис хаан музей, тэр байтугай Сэлбэ, Дунд голын үерийн байгууламжийг хүртэл Б.Чойжилсүрэн, түүний туслан гүйцэтгэгчид барьжээ. Тэгэхдээ тэр барих барилгаа улсын нууцад хамааруулж, тендергүйгээр буюу шууд гэрээ байгуулдаг нарийн аргатай ажээ. Өөрөөр бол, Б.Чойжилсүрэн эрх мэдлээ ашиглан төрийн бүх л том барилгын ажлыг дангаараа авч, тэндээс олсон ашгаараа хувийн хотхон, хорооллуудаа санхүүжүүлдэг байж болзошгүй маш ноцтой баримтуудыг дэлгэж байна. Товчхондоо, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн АТГ-ын хаалгыг дахиад татах бүх болзлоо хангачихсан байна.

ТӨВ БАНКНЫ ТӨВ БАРИЛГЫН 43.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖЛЫГ ТЕНДЕРГҮЙГЭЭР АВСАН НЬ

       2016 оны долдугаар сарын 21, 23-нд хоёрхон хоногийн зайтай Увсын уугуул Б.Чойжилсүрэн Сангийн сайдаар, Увсын уугуул Н.Баяртсайхан Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдож байв. Тохироогоор гэх үү, тохиолдлоор гэх үү, Увсын уугуул Б.Чойжилсүрэн, Н.Баяртсайхан хоёр ийнхүү улсын мөнгөний авдрыг хамт “зайдалцгаасан” байдаг. Жил гаруйн дараа Б.Чойжилсүрэн Сангийн сайдын ажлаа өгсөн ч Төсвийн байнгын хорооны даргын албан тушаалд томилогдож, үргэлжлүүлэн Н.Баяртсайхантай дөрөө харшуулсан.

            Гэтэл 2018 оны тавдугаар сард Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “400 гаруй ажилтан маань умгархан байрандаа багталцахгүй байна” гээд 16 давхар шинэ барилга бариулахаар болсон. Төрийн болон албан Нууцын тухай хуулиар Төв банкны барилга нь улсын нууцад хамаарна. Үүнийг Н.Баяртсайхан овжин ашиглаж, 2018 оны аравдугаар сарын 11-нд Монголбанкны 16 давхар төв барилгыг 40.6 тэрбум төгрөгөөр Б.Чойжилсүрэнгийн “Хурд групп” ХХК-аар бариулахаар тендергүйгээр сонгож, нууц гэрээ байгуулсан байдаг. Ингээд болоогүй, Н.Баяртсайхан Монголбанкны төв барилгын гадна шугам сүлжээний ажлыг ч “Хурд групп” ХХК-аар 3.0 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, гүйцэтгүүлсэн. Ингэж Б.Чойжилсүрэн нутаг нэгт Н.Баяртсайханаасаа Төв банкны төв барилгын 43.6 тэрбум төгрөгийн ажлыг тендергүйгээр авсан. Уг нь хууль чангатай улсад бол Сангийн сайд нь сайдын ажлаа өгмөгцөө ердөө жилийн дараа Төв банкныхаа барилгыг хувийн компаниараа барьсан бол, тэгэхдээ нутаг нэгтэнтэйгээ гэрээлсэн бол тухайн үедээ л өчиггүй ачигдах байсан биз.

Сонирхуулахад, Н.Баяртсайхан 2019 оны арваннэгдүгээр сард Монголбанкны Ерөнхийлөгчийн ажлаа өгөөд, тэр даруйдаа гадаад явсан байдаг. Харин өнгөрөгч 2024 оны аравдугаар сарын 24-нд Н.Баяртсайханыг АТГ-ын мөрдөгчид хойшлуулшгүй ажиллагаагаар баривчилсан ч хоёр хоног хориод хилийн хориг тавьж сулласан. Одоогоор гадуур шалгаж байгаа. Гэхдээ одоог хүртэл АТГ-аас Н.Баяртсайханыг ямар хэргээр шалгаж байгаагаа ам нээгээгүй байгаа. Магад, Н.Баяртсайхан, Б.Чойжилсүрэн хоёрын 43.6 тэрбум төгрөгийн “хэрэг”-ийг АТГ-ынхан шалгаж байж болох юм.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ НЭГДСЭН КОНТОРЫН БАРИЛГЫН 5.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖЛЫГ ТЕНДЕРГҮЙГЭЭР АВСАН НЬ

Дээр дурдсанчлан, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2018 оны аравдугаар сард “Хурд групп” ХХК-аараа Монголбанкны төв оффисын 16 давхар барилгыг барьж эхлэхтэй яг зэрэгцээд хажуу бөөрөнд нь Хууль зүй, дотоод хэргийн яамны нэгдсэн конторын найман давхар барилга баригдаж эхэлсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 2018 оны аравдугаар сард “Дабль пирамид констракшн” гэх ХХК-ийг тендергүйгээр сонгож, 5.9 тэрбум төгрөгийн шууд гэрээ байгуулан, яамныхаа нэгдсэн конторын барилгыг ийнхүү бариулж эхэлсэн байдаг.

Ноцтой нь, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос яамных нь найман давхар барилгын ажлыг тендергүйгээр авч, 5.9 тэрбум төгрөгөөр гүйцэтгэсэн “Дабль пирамид констракшн” ХХК нь үнэндээ Б.Чойжилсүрэнгийн компани. Өөрөөр бол, Б.Чойжилсүрэн 2018 оны аравдугаар сард Увсын уугуул Н.Баяртсайханаас 40.6 тэрбум төгрөгийн 16 давхар барилгын ажлыг тендергүйгээр, Увсын уугуул Ц.Нямдоржоос 5.9 тэрбум төгрөгийн найман давхар барилгын ажлыг тендергүйгээр тус тус авч, хоёр барилгаа бөөрөөр нь нийлүүлэн зэрэг барьж, зэрэг дуусгасан байгаа юм.

Тэгвэл “Дабль пирамид констракшн” ХХК Б.Чойжилсүрэнтэй яаж холбогддогийг одоо тайлбарлъя. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх анхны “Рапид харш” хорооллоо Б.Чойжилсүрэн 2009-2011 онд “Бүти” ХХК-аар бариулсан. Тухайн үед “Бүти” ХХК-д инженерээр ажиллаж, “Рапид харш” хорооллыг барилцсан Мягмардэлгэрийн Болдсүх гэж залуу 2014 оны хоёрдугаар сард “Дабль пирамид констракшн” ХХК-ийг байгуулж, тэр цагаас Б.Чойжилсүрэнгийн бүх орон сууц, оффисын барилгуудын гадна фасад, дотор заслыг гүйцэтгэж эхэлсэн түүхтэй.

Өнгөрсөн хугацаанд “Дабль пирамид констракшн” ХХК нь Б.Чойжилсүрэнгийн “Новотел” зочид буудал, “Кэй Эйч апартмент” хотхон, “Хүннү-2222” хороолол, “Цэнгэлдэх” хотхоны гадна фасад, дотор заслыг ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Эхэндээ ингэж гадна фасад, дотор засал гүйцэтгэж байснаа барилга угсралтын ажил гүйцэтгэдэг болж, Б.Чойжилсүрэнгийн “Хурд групп” ХХК-ийн төв оффис болох Энхтайваны гүүрний урдах 24 давхар “Хаан цамхаг” болон “Наадам центр” худалдаа, үйлчилгээний төвийн Ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, 2017 онд ашиглалтад оруулсан байдаг. Мөн М.Болдсүхийн эхнэр О.Өнөржаргал нь “Эм Би гоулд” ХХК-ийг эзэмшдэг. “Эм Би гоулд” ХХК нь “Хүннү-2222” хорооллын 222 дугаар блок орон сууцны Ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Мөн Б.Чойжилсүрэнгийн “Сансар гарден” хотхоны туслан гүйцэтгэгчээр ажиллаж, 2024 онд ашиглалтад оруулсан байдаг. Өөрөөр бол, М.Болдсүх гэх залуу эхнэр О.Өнөржаргалын хамт 2009 оноос хойш Б.Чойжилсүрэнд хүчин зүтгэж буй.

МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ 9.2 ТЭРБУМЫН БАРИЛГА БОЛОН ДХИС-ИЙН ТӨВ НОМЫН САНГИЙН 18.5 ТЭРБУМЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ТЕНДЕРГҮЙГЭЭР АВСАН НЬ

            УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн барилгуудыг барьдаг “Билгүүнмонгол констракшн” ХХК гэж бий. Б.Чойжилсүрэнгийн “Хурд групп” ХХК-ийн инженер байсан Л.Анхбаатар гэж залуугийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Б.Чойжилсүрэнг 2012 онд “Нарны хороолол”-ыг барьж эхлэхтэй яг зэрэг байгуулагдаж, барилга угсралтын гүйцэтгэгчээр нь ажиллаж эхэлсэн. “Нарны хороолол” баригдаж дууссаны дараа тус хороолол дотор 960 хүүхдийн сургуулийг мөн барьж ашиглалтад оруулсан байдаг. Дараа нь, 2022 онд Б.Чойжилсүрэнгийн “Хүннү-2222” хорооллын гурван давхар спорт комплексийн Ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, ашиглалтад оруулсан. Сүүлд, 2023 онд “Хүннү-2222” хорооллын гуравдугаар ээлжийн 1192 айлын 11 блок орон сууцны Ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж ашиглалтад оруулсан байгаа юм. Өнгөрсөн онд “Хурд групп” ХХК-ийн нэрэмжит шилжин явах цомын “Хурд cup-2024” спортын наадмыг “Билгүүн монгол констракшн” ХХК хариуцан зохион байгуулжээ. Товчхондоо, 2012 оноос хойш Б.Чойжилсүрэнгийн орон сууц, оффиссын барилгууд, сургууль, спорт цогцолборын барилгуудынх нь гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн, түүний компани гэж хэлж болно. Тэгвэл Б.Чойжилсүрэн “Билгүүнмонгол констракшн” ХХК-ийг хэрхэн ашиглаж ирснийг одоо танилцуулъя.

2018 оны дөрөвдүгээр сарын 20-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны есөн давхар барилгыг 9.2 тэрбум төгрөгөөр “Билгүүнмонгол констракшн” ХХК-аар тендергүйгээр бариулахаар болж, шав тавьсан байдаг. Мөрдөн байцаах албаны барилга учраас улсын нууцад хамааралтай гэж ийнхүү тендер зарлахгүйгээр шууд гэрээ байгуулж, бариулсан. Б.Чойжилсүрэнгийн хотхон, хорооллуудаас өөрийг барьж үзээгүй “Билгүүнмонгол констракшн” ХХК-ийн хувьд төрийн өмчит барилгыг, тэгэхдээ тендергүй нууц гэрээгээр гүйцэтгэсэн анхны ажил нь энэ байв.

Дараа нь, 2019 онд  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мөн л “Билгүүнмонгол констракшн” ХХК-ийг шууд сонгож, Дотоод хэргийн их сургуулийн Төв номын сан, спортын цогцолборын барилгыг 18.5 тэрбум төгрөгөөр бариулсан. Дээр дурдсанчлан, Дотоод хэргийн их сургуулийн барилга учраас мөн улсын нууцад хамааралтай гэж тендер зарлахгүйгээр шууд гэрээгээр бариулсан. Ингээд Төв номын сан, спортын цогцолборын барилгыг 2020 оны долдугаар сарын 8-нд ашиглалтад оруулсан. Нээлтэд нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж оролцож “Өнөөдөр миний мөрөөдөл биелж байна. Энэ номын сан, спорт цогцолборын барилга бол миний сайд болсноосоо хойш төлөвлөсөн, мөрөөдсөн хамгийн том бүтээн байгуулалт. Сайд байх сүүлийн өдрөө нээлтийг нь хийж байгаадаа баяртай байна. “Билгүүнмонгол констракшн” ХХК-ийн хамт олноор бахархаж байна” гэж байв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хоёр Увсынх, улс төрд ч эртнээс дотно явж ирсэн. Тиймдээ ч Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрх мэдлээ ашиглан, Б.Чойжилсүрэнгийн “Дабль пирамид констракшн” ХХК-д яамныхаа нэгдсэн конторын барилгын 5.9 тэрбум төгрөгийн ажлыг тендергүйгээр, харин “Билгүүнмонгол констракшн” ХХК-д 9.2 тэрбум төгрөгийн төсөвтэй Мөрдөн байцаах албаны барилга, 18.5 тэрбум төгрөгийн төсөвтэй Дотоод хэргийн их сургуулийн Төв номын сан, спорт цогцолборын барилгын ажлыг тендергүйгээр өгсөн байгаа юм. 

ЧИНГИС ХААН МУЗЕЙН 53 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕРТ ШАЛГАРСАН НЬ

“Билгүүнмонгол констракшн” ХХК Дотоод хэргийн их сургуулийн Төв номын сан, спорт цогцолборын барилгыг барьж байх үед буюу 2020 оны гуравдугаар сард Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Чингис хаан музейг барих 53 тэрбум төгрөгийн тендер зарласан. Гэтэл тус тендерт “Билгүүнмонгол констракшн” ХХК “ногоон гэрэл”-ээр шалгарсан байдаг.

Хоржоонтой нь, Чингис хаан музейн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамыг төлөөлж, Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан,  “Билгүүнмонгол констракшн” ХХК-ийг төлөөлж Ерөнхий инженер Б.Ганхүү гэж хүн гарын үсэг зурсан байдаг. Гэтэл гэрээнд “Билгүүнмонгол констракшн” ХХК-ийн  Ерөнхий инженер гэж гарын үсэг зурсан Батаагийн Ганхүү нь үнэндээ 2012 оноос хойш Б.Чойжилсүрэнгийн “Хурд групп” ХХК-ийн Ерөнхий инженерээр одоог хүртэл ажиллаж байгаа нэгэн юм. Өнгөрөгч 2024 онд ашиглалтад орсон Б.Чойжилсүрэнгийн “Сансар гарден” хотхоны Ерөнхий инженерээр Б.Ганхүү ажиллаж, ашиглалтад оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, Чингис хаан музейн 53 тэрбум төгрөгийн тендерт цаасан дээр “Билгүүнмонгол констракшн” ХХК шалгарсан боловч үнэндээ “Хурд групп” ХХК шалгарсан  гэсэн үг юм.

Б.ЧОЙЖИЛСҮРЭН ХОТХОН, ХОРООЛЛУУДЫНХАА ХАЖУУД УЛСЫН ТӨСВӨӨР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАРИУЛДАГ БОЛЖЭЭ

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 16 мянган оршин суугчтай “Нарны хороолол”-оо сургууль, цэцэрлэггүй барьсан. Тиймээс ч оршин суугчид нь сургууль, цэцэрлэг нэхэж эхэлсэн. Тэгмэгц нь Б.Чойжилсүрэн 2017-2018 онд “Билгүүнмонгол консракшн” ХХК болон “Хурд групп” ХХК-ийнхаа Санхүүгийн албаны дарга Д.Батсанаагийн нэр дээр бүртгэлтэй “Гранд слаб” ХХК-аар “Нарны хороолол”-ынхоо хашаан дотор 960 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилга бариулсан. Улмаар 2019 онд Б.Чойжилсүрэн өнөөх 960 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 18.4 тэрбум төгрөгөөр худалдсан. Ингээд 960 хүүхдийн сургуулийг нь Нийслэлийн 141-р сургууль болгосон. Ингэж УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 16 мянган оршин суугчтай “Нарны хороолол”-оо улсын төсвийн 18.4 тэрбум төгрөгөөр сургуультай болгосон байдаг. Тэгвэл одоо Б.Чойжилсүрэн хотхон, хорооллоо сургууль, цэцэрлэгтэй болгох арга нь нарийссан бололтой юм.

Тодруубал, Б.Чойжилсүрэн Нисэхийн тойргийн баруун талд “Хурд интерэшнл” ХХК-ийнхаа нэр дээр 4.4 га газар авч, 2021 оноос энэ газар дээрээ тус бүр 10 давхар, 16 блок, 900 айлын “Нисэх гарден” хотхоныг барьж эхэлсэн байдаг. Гэтэл 2022 оны наймдугаар сарын 26-нд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас Хан-Уул дүүргийн XVI хороонд 240 хүүхдийн цэцэрлэг барих 6.2 тэрбум төгрөгийн тендер, 640 хүүхдийн сургууль барих 15.5 тэрбум төгрөгийн тендер зэрэг зарласан. Хоёуланд нь “Билгүүнмонгол констракшн” ХХК шалгарсан байдаг. Ингээд 240 хүүхдийн цэцэрлэг болон 640 хүүхдийн сургуулийн барилга, угсралтын гэрээнд “Билгүүнмонгол констракшн” ХХК-ийг төлөөлж Ерөнхий инженер Ж.Батболд гэгч гарын үсэг зурсан. Гэтэл Ж.Батболд нь мөн л 2013 оноос хойш Б.Чойжилсүрэнгийн “Хурд групп” ХХК-д инженерээр ажилласан залуу байж таардаг.

Илүү ноцтой нь, улсын төсвийн 6.2 тэрбум төгрөгөөр баригдсан 240 хүүхдийн цэцэрлэг нь Б.Чойжилсүрэнгийн “Нисэх гарден” хотхоноос 20-хон алхамын сайтай баригдсан. Мөн 15.5 тэрбум төгрөгөөр баригдсан 640 хүүхдийн сургууль нь ч Б.Чойжилсүрэнгийн “Нисэх гарден” хотхоны хажууд. Өөрөөр бол, төр төсвийн мөнгөөр Б.Чойжилсүрэнгийн 900 айлын “Нисэх гарден” хотхонд зориулсан сургууль, цэцэрлэгийн тендер зарлаж, түүнд нь Б.Чойжилсүрэнгийн “Билгүүнмонгол констракшн” ХХК нь шалгарчихсан байгаа юм. 20-хон алхмын зайтай улсын сургууль, цэцэрлэгтэй бол тухайн хотхон, хорооллын үнэ шууд өсдөгийг тайлбарлах илүүц биз ээ.

“АВЛИГА ХОТХОН”-ЫГ ҮЕРЭЭС ХАМГААЛАХ 20.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСӨВТЭЙ ДАЛАНГ БАРЬЖ БАЙНА

2023 оны зун Сэлбэ гол эргээ халин үерлэж, эрэг дээрх “Сэлбэ” хотхон бүхэлдээ усанд автсаныг санаж буй байх. Үерийн дараа шалтгааныг тогтоохоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Д.Сумъяабазар хоёр холбогдох газар, хэлтсийн дарга нараа дагуулан Сэлбэ гол дагуу явсан. Улмаар Сэлбэ голын голдирол дунд баригдсан “S Outlets” бэлэн хувцасны их дэлгүүр болон Дунд голын голдирол дунд баригдсан “Аqua garden” хотхоноос болж Сэлбэ гол үерлэсэн гэсэн дүгнэлт гаргасан. Ингээд “S Outlets” бэлэн хувцасны их дэлгүүрийг нураах, “Aqua garden” хотхоны хоёр блок барилгыг нураах шийдвэр гаргаж байв.

Ноцтой нь, “Aqua garden” хотхон буюу “Авлига хотхон” нь “Бүти” ХХК-ийнх. “Бүти” ХХК нь байгуулагдмагцаа л Б.Чойжилсүрэнгийн “Рапид харш” хорооллын барилга, угсралтын Ерөнхий гүйцэтгэгчээр, дараа нь Б.Чойжилсүрэнгийн “Новотел” зочид буудлын барилга, угсралтын Ерөнхий гүйцэтгэгчээр, “Кэй Эйч апартмент” хотхоны Ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Тэгээд болоогүй, “Бүти” ХХК нь блок үйлдвэрлэдэг бөгөөд Б.Чойжилсүрэнгийн “Хүннү-2222” хотхоны блокны нийлүүлэгчээр ажилласан. Цаад учир нь, “Бүти” ХХК-ийг эзэмшигч Г.Батжаргалын төрсөн ах Г.Даваадагва нь Б.Чойжилсүрэн болон түүний эхнэр Д.Энхгэрэлтэй хамт 1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургуулийг төгссөн, дотнын найзууд. Г.Даваадагва нь төрснө дүү Г.Батжаргалынхаа “Бүти” ХХК-ийн Зөвлөхөөр ажилласан. Өөрөөр хэлбэл, Г.Даваадагва төрсөн дүү Г.Батжаргалынхаа нэр дээр “Бүти” ХХК-ийг байгуулж, найз Б.Чойжилсүрэнгийн “Рапид харш” хорооллын гүйцэтгэгч болсноор барилгын бизнест орсон гэсэн үг.

Дээр дурдсан баримтуудаар бол, “Авлига хотхон”-ыг өдий хүртэл төрөөс ч, хууль хяналтынхнаас ч хамгаалж ирсэн хүн нь Б.Чойжилсүрэн гэж хардах хангалттай сэжүүрүүд гарч ирж байгаа юм. Илүү ноцтой, Сэлбэ голын үерийн үндсэн шалтгаан болсон “Aqua garden” хотхон буюу “Авлига хотхон”-ы хоёр блок барилгыг нураах ажил замхарч, өнгөрөгч 2024 оны тавдугаар сард Хотын дарга Х.Нямбаатар Сэлбэ, Дунд голд үерийн хамгаалалтын барилга, байгууламж барих 20.5 тэрбум төгрөгийн тендер зарласан. Өөрөөр бол, “Авлига хотхон” нураах бус, эсрэгээрээ тус хотхоныг үерээс хамгаалах хамгаалалын далангийн байгууламжийг Хотын захиргаа барьж өгөхөөр болсон нь энэ.

Бүр илүү ноцтой нь, Сэлбэ, Дунд голд үерийн хамгаалалтын барилга, байгууламж барих 20.5 тэрбум төгрөгийн тендерт “Билгүүнмонгол констракшн” ХХК шалгарсан байдаг. Өөрөөр бол, алдарт “Авлига хотхон” нь Б.Чойжилсүрэнтэй холбогддох, гэтэл тус хотхоныг үерээс хамгаалах даланг 20.5 тэрбум төгрөгөөр барих компани нь мөн Б.Чойжилсүрэнгийнх болж таарч байгаа юм.

 


УЛСЫН НУУЦ ОБЪЕКТУУДЫГ УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭН Л БАРЬЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-01 21:17:35
    Иргэн: Чойжоогийн шуналд хязгаар алгаа. Хянах газар үгүй бол тэнгэр эцэг шүүнэ дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-08-01 18:24:08
    Зочин: Зев. Монгол хун чадаж байгааг нь бахархууштай!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188