• Өнөөдөр 2025-06-23

БОЛОВСРОЛЫН ЯАМЫГ ЯМБАНЫ ГАЗАР БОЛГОСНЫ ҮЙЛИЙН ҮРИЙГ СУРАГЧИД ҮҮРЧ БАЙНА, П.НАРАНБАЯР САЙД АА

2025-06-23,   446

-Боловсролын үнэлгээний төвийг “Мобиком”-ын оператор удирдаж, Боловсролын ерөнхий газарт химийн багш ноёлж, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнг фермерчин толгойлж байх-
         
        Чухам л боловсролыг тахин шүтэж, мэдлэгт сүслэн мөргөж, мэргэжлийг дээдэлдэг гэх “имидж”-тэй ХҮН намынхан, тэр тусмаа Боловсролын сайд П.Наранбаяр дүнгээ тавиуллаа. Өнгөрсөн долоо хоногт улс даяар 43 мянган хүүхдийн хувь заяаг дэнслэх, 12 жилийнх нь хичээл зүтгэлийг дүгнэх ЭЕШ явагдсан. Харамсалтай нь, энэ жилийн ЭЕШ урьд жилүүдийнхээс илүү олон айлд уйлаан, илүү олон хүүхдэд хар толбо авчрав. Төсөөлөөд үз л дээ, 12 жил хуруу хумсаа хугалан байж сургасан ээж, аав нь 800 оноо нэхээд байдаг, нөгөө талд Боловсролын яам нь 12 жил заасан хичээлээсээ тэс өөр агуулгаар ЭЕШ-таа авчихдаг. Нэмээд, харандаа хүрэлцээгүй, баллуур нь үйрч бутарсан, зөв бөглөсөн ч машин нь буруу уншсан гэх мэт бодитоор учирсан бэрхшээлээ мянга учирлаад ч “Тэр 800 авчихсан л байна, чи яагаад чадаагүй юм” гэж хэмлэх эцэг, эхчүүд олон байгаа. Арга ядахдаа амиа хорлох оролдлого хийсэн хүүхдүүд ч олон байна гэх. 
     
       Энэ жилийн ЭЕШ ихээхэн онцлогтой байсан. Эргэн санавал, 2007 оны алтан гахайн “дайрлага”-тай жил төрөлт эрс нэмэгдсэн. Тэр жил 56.6 мянган хүүхэд төрж, 1992 оноос хойш хамгийн олон хүүхэд төрсөн жил болж байв. Энэ жил тэр  алтан гахайн “дайрлага”-тай жилийнхэн ЭЕШ-таа өгсөн. Өмнө нь, 2023 онд 34 мянга, 2024 онд 35 мянга гэх мэтээр дунджаар 33-36 мянган хүүхэд ЭЕШ өгч байсан бол, харин энэ жил 43 мянган хүүхэд өгсөн. Харамсалтай нь, алтан гахайн “дайрлага”-тай жилийнхний ачааллыг Боловсролын яам ч, Боловсролын үнэлгээний төв ч даасангүй бололтой. 
 
Уг нь Боловсолын яам, түүний харьяа Боловсролын үнэлгээний төв энэ жил ганц удаа ЭЕШ зохион байгуулж байгаа байгууллага биш. Тэгвэл яагаад ЭЕШ-таа зохион байгуулж чадахаа больж, шалгалтын материалаа боловсруулж, цаас, харандаа, баллуураа тарааж чадахаа больтлоо дампуурч, хяналтын багш нар нь шипи зөөгөөд гүйх хэмжээнд назгайрав гэдэг асуулт гарч ирнэ. Хариулт нь ойлгомжтой, ХҮН намынхан МАН-тай хамтарч, хариуд нь боловсролын салбар бүхэлдээ тэднийх болсон. Анх удаа яамтай болсон ХҮН намынхан, тэр тусмаа Боловсролын сайд П.Наранбаяр халаа сэлгээ хийж эхэлсэн. Хаана, ямар томилгоо хийхээ хэлэлцэж байхдаа хоорондоо муудалцаж, намын даргын нь үеэл уурандаа Боловсролын сайд П.Наранбаярын нүдийг хөхөртөл “дэлссэн” хэрэг ч гарсан. 
 
        Яах вэ, яамных нь газар, хэлтсийн дарга нарын томилгоо ч дүүрч. Гол нь, Боловсролын сайд П.Наранбаяр яамныхаа харьяа хамгийн гол байгууллагуудынхаа дарга нарыг өөрчилсөн нь түүний буруу. Бас өмнөх сайдуудынхаа үед томилогдсон “тавиул”-уудыг хөөж явуулаагүй нь түүний буруу. Өөрөөр бол, Боловсролын яамыг ямбаны газар, тавиулуудын талбар болгосны гай нь ЭЕШ-аар илэрч, горыг нь хөөрхий сурагчид амсаж байна. Тухайлбал, 
 
- ЭЕШ-ыг үндэсний хэмжээнд зохион байгуулах үүрэгтэй Боловсролын үнэлгээний төв, 
 
- Ерөнхий боловсролын сургуулийн 799 мянган сурагч, 40 мянган багшийн эрхийг хангах үүрэгтэй Боловсролын ерөнхий газар, 
 
- Бүх шатны сургуулийн сургалтын чанарыг хянах үүрэгтэй Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, 
 
- Боловсролын чанарыг сайжруулж, гадаадын сайн туршлагыг нутагшуулах үүрэгтэй Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн,
 
- Дэлхийн шилдэг их сургуулиудад тэнцсэн хүүхдүүдэд тэтгэлэг олгох үүрэгтэй Боловсролын зээлийн сан гээд хамгийн хариуцлагатай, тэгээд том албан тушаалуудад нь ХҮН, МАН-ынхан очоод заларчихсан. Боловсролын үнэлгээний төвийг “Мобиком”-ын оператор удирдаж, Боловсролын ерөнхий газарт химийн багш ноёлж, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнг фермерчин толгойлж байх жишээний. 

Боловсролын яамны харьяа Боловсролын үнэлгээний төвийн захирал Ганбүргэдийн Гантуяа

         Анх “Мобиком”-ын лавлах оператор байсан. “2222”-ын гэвэл ойлгомжтой байх. Дараа нь “Мобиком”-ын охин компани болох “Монгол контент” ХХК буюу Gogo.mn мэдээллийн сайтад менежер, гүйцэтгэх захирал байсан. “Мобиком”-д нийт 18 жил ажиллажээ. Мөн энэ хугацаанд нөхөр Д.Баярбилэг нь “Мобиком”-ын Мэдээллийн технологийн албаны дарга байсан. “Мобиком”-оос төрсөн гэр бүл гэж хэлж болно. 
       
Өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуульд Г.Гантуяа нөхөр Д.Баярбилэгтэйгээ ХҮН намаас хамтдаа нэр дэвшсэн. Г.Гантуяа өөрөө ХҮН намаас Дархан, Сэлэнгэ, Төв аймаг буюу 5-р тойрогт нэр дэвшээд унасан. Харин нөхөр Д.Баярбилэг нь Дорнод, Хэнтий, Сүхбаатар буюу 6-р тойрогт  нэр дэвшээд мөн л унасан байдаг. 
 
       Гэсэн ч гэр бүлээрээ нэр дэвшсэнийг нь бодолцож, энэ эхнэр, нөхөр хоёрыг ХҮН намын удирдлагууд нь “гудамж”-нд хаяагүй. Энэ оны нэгдүгээр сард Боловсролын сайд П.Наранбаяр Г.Гантуяаг яамныхаа харьяа Боловсролын үнэлгээний төвийн захирлаар томилсон. Дараахан нь, энэ оны дөрөвдүгээр сард Шадар сайд Т.Доржханд нөхөр Д.Баярбилэгийг нь  “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Бүтээмж хариуцсан менежерээр томилсон байдаг. Хэдий хамгаа шавхаж ХҮН намаас нэр дэвшээд унацгаасан ч эргээд ХҮН намынхаа буянд ийнхүү анх удаа төрийн албанд дарга болж очицгоосон нь энэ.  
       
        Энэ жилийн ЭЕШ-д оролцсон 43 мянган хүүхдээс хамгийн олон буюу 32 мянга нь оролцсон математикийн шалгалт нь Японы ЗГ-ын тэтгэлгийн шалгалттай адил хэт хүнд байсан гэх шүүмжлэл гарч байгаа. Тэгвэл Боловсролын сайд П.Наранбаяр ч, түүний авчирч Боловсролын үнэлгээний төвийн захирлар тавьсан Г.Гантуяа ч Япон “школ”-той. Тиймдээ ч тэд ЭЕШ-нд Японы хэв маяг оруулсан байж болох хардлага байна.  Тодруулбал, Боловсролын сайд П.Наранбаяр Г.Гантуяаг зүгээр ч нэг ХҮН намаас нэр дэвшээд хоосон хоцорсон болохоор нь Боловсролын үнэлгээний төвийн захирлаар томилчихоогүй. Цаанаа учиртай. Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа Япон эзэнтэй “Мобиком”-д 18 жил ажилласан, тэр өөрөө ч Японд асар элэгтэй. Харин Боловсролын сайд П.Наранбаяр Япон хэлний орчуулагч мэргэжилтэй, Японы парламентын гишүүн Таками Юүичи гэгчийн Монгол дахь туслахаар ажиллаж, Японд их сургууль төгсөж, Япон загварын “Шинэ Монгол” сургуулийн захирлаар ажиллаж байсан, Япон хэлний сургалтын төвийн бизнестэй. Яс үндэс нь Монгол ч, яг л Япон хүн шиг амьдарч, Японоор амьсгалж ирсэн хүн. Өөрөөр бол, П.Наранбаяр Г.Гантуяаг Япон компанид нас, намтраа зориулснаар нь дотночилж, яг л нутгийнхаа хүн шиг бодож, Боловсролын үнэлгээний төвийн захирлаар томилсон хэрэг л дээ. Харамсалтай нь, “Мобиком”-ийн оператор төдийхөн байсан Г.Гантуяа 43 мянган хүүхдийн ЭЕШ-ыг зохион байгуулах ажлыг амжилттай зохион байгуулж чадсангүй, төрд дарга болгож өгсөн сайдынхаа ачийг хариулах байтугай, карьерыг нь дэнжгэнүүлчихлээ. 

Боловсролын яамны харьяа Боловсролын ерөнхий газрын дарга Төмөр-Очирын Ням-Очир

        Анх Ховд аймгийн 3-р дунд сургуульд химийн багш байсан. Боловсролын сайд асан Ц.Цогзолмаа түүнийг төрөлх Ховдоосоо авчирч, Боловсролын ерөнхий газрын дарга болтол нь татсан. Түүний ойрынх нь хамаатан гэх мэдээлэл бий.  
     
Тодруулбал, Ц.Цогзолмаа Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга байхдаа буюу 2003 онд Ховд аймгийн III дугаар дунд сургууль химийн багшаар ажиллаж байсан Т.Ням-Очирыг авчирч, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр дэргэдээ авсан. 
 
Дараа нь Ц.Цогзолмаа Сүхбаатар дүүргийн Засаг дарга болж, Т.Ням-Очирыг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Боловсролын асуудал хариуцсан мэргэжилтнээр дэргэдээ авсан. 
 
Дараа нь Ц.Цогзолмаа Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч болж, Т.Ням-Очирыг Нийслэлийн Засаг даргын харьяа Нийслэлийн боловсролын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга болгож дэргэдээ авсан.  
 
Дараа нь Ц.Цогзолмаа Боловсролын сайд болж, Т.Ням-Очирыг Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилж дэргэдээ авсан. Тэр байтугай, Төрийн нарийн бичгийн даргын үүргийг хавсран гүйцэтгэж байсан. 
 
       Ингээд 2022 оны нэгдүгээр сард Т.Ням-Очир Боловсролын ерөнхий газрын даргаар томилогдож, гурав дахь жилдээ дархлагдчихаад буй. Хатуухан хэлэхэд, дунд сургуулийн химийн багш Т.Ням-Очир өдгөө үнэнд гүйцэгдэж, 750 мянган сурагч, 43 мянган төгсөгч, 40 мянган багшид үнэхээр гологдож байна. 

Боловсролын яамны харьяа Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дарга Борын Амарсанаа     

      2000 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн Франц хэлний орчуулагчийн ангийг төгссөн. Боловсролын сайд П.Наранбаярын нэг төгсөлтийн найз. П.Наранбаярыг Боловсролын сайд болсны дараахан буюу 2024 оны наймдугаар сард Б.Амарсанааг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн даргаар томилсон байдаг. 

Боловсролын яамны харьяа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Лхагваагийн Лхагвасүрэн

      Биологич мэргэжилтэй, Дорнод аймгийн Баянтүмэн суманд фермерийн ахуй эрхэлдэг малчин байсан. УИХ-ын гишүүн, Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржхандын үеэл ах. Өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиар Т.Доржханд үеэл ах Л.Лхагвасүрэнгээ ХҮН намаас Дорнод, Хэнтий, Сүхбаатар буюу 6-р тойрогт дэвшүүлсэн ч унасан. Улмаар сонгуулийн дараа Боловсролын сайд П.Наранбаярын Зөвлөх болгосон. Удалгүй Боловсролын сайд П.Наранбаяр намын дарга Т.Доржхандынхаа малчин үеэл ах Л.Лхагвасүрэнг яамныхаа харьяа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал болгож “тал зассан” байдаг. 

Боловсролын яамны харьяа Боловсролын зээлийн сангийн захирал Очирбатын Сийлэгмаа

       Анх Хүмүүнлэгийн ухааны их сургуульд ажиллаж байсан. Дараа нь Боловсролын яамны харьяа Боловсролын зээлийн санд мэргэжилтэн, хэлтсийн даргаар хоёр жил ажилласан. Улмаар 2023 оноос Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт шинжээчээр ажиллаж, энэ үедээ Боловсролын зээлийн сангаас зээл авсан албан тушаалтнуудын нэрсийг задалж, олонд танигдсан. Үүндээ "дулдуйдаж" өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намын жагсаалтын 16-д бичигдэж нэр дэвшээд унасан. Улмаар сонгуулийн дараахан буюу 2024 оны наймдугаар сард Боловсролын зээлийн сангийн захирлаар томилогдсон байдаг. 

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ханджавын Батжаргал

       "Нүүрсний хулгай"-н хэргээр "шувуу" болж ниссэн УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат хар багын найз. Тэд Архангайд 10 жилдээ хамт сурч байсан, 2002 онд МУИС-ийг хамт төгссөн. Тиймдээ ч Ж.Мөнхбат МАН-д мэдэлтэй, төрд нөлөөтэй байх хугацаандаа Х.Батжаргалыг чирсээр, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга болох замыг нь засаж өгсөн. Анх Ж.Мөнхбат, Х.Батжаргал хоёр "Ивенто" ХХК-аар халаасаа нэгтгэж, хамтран бизнес хийж байгаад Ж.Мөнхбат нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болмогцоо Х.Батжаргалыг Байгаль орчны яамны Байгаль хамгаалах сангийн захирал болгож, төр оруулж байлаа.  Улмаар Х.Батжаргал Байгаль орчны яамны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга, Үндэсний хөгжлийн дарга, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга гэж шат алгасан томорсоор Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргын сэнтийд ирж заларсан байдаг. Дээр дурдсанчлан, Ж.Мөнхбат, Х.Батжаргал хоёр "Ивенто" ХХК-аас гадна “Архангай аймгийн залуучууд оюутны төв” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Мөн “Си Эн Ай” ХХК-ийг хамтран эзэмшиж байсан. Цаашлаад, Ж.Мөнхбаттай хөлбөмбөгийн спортыг сурталчлах “Челси эфси дэмжигчдийн монгол дахь албан ёсны клуб” ТББ-ыг хамтран удирддаг. 

Сонгогчдод гологдсон ч, сайдад тоогдсон зөвлөхүүд

       Боловсролын сайд П.Наранбаяр УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын “Шинэ Монгол” сургуулийн захирлаар ажиллаж байсныг эс тооцвол Япон хэлний орчуулагч мэргэжилтэй, Боловсролын сайд хийх хэмжээний туршлагатай хүн биш. Ядаж л зөвлөхөөрөө боловсролын салбарын хэцүү, дутууг мэддэг хүн авч ажиллуулах ёстой атал УИХ-д ХҮН намаас нэр дэвшээд унасан “ажилгүйчүүд”-ээ авчихсан. Тухайлбал, 
 
Боловсролын сайд П.Наранбаярын зөвлөх Д.Гантулга- Увсын уугуул, математикийн багш мэргэжилтэй. 2015 оноос ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2020 оноос НИТХ-ын төлөөлөгчөөр ажилласанн. Өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намын жагсаалтын 7-д бичигдээд унасан. Улмаар сонгуулийн дараа Боловсролын сайд П.Наранбаярын зөвлөхөөр томилогдсон. Боловсролын сайд П.Наранбаяр, зөвлөх Д.Гантулга хоёр ХҮН намаас ч өмнө алдарт “Суруга Монгол”-оор эрт цагт холбогдсон хамтрагчид. Энэ тухай тусдана нийтлэх том сэдэв. 
 
Боловсролын сайд П.Наранбаярын зөвлөх О.Цэцэгбал- Анх Зам тээврийн сайд асан Д.Ганбатын гэр бүлийн “Хужирт рашаан сувилал”-ын эмч байсан. Дараа нь АН-ын гишүүн Т.Пүрэвхатантай “Шинэ хужирт” ХХК-ийг байгуулж, Найрамдал зуслангийн хажууд “Натур мед” эмнэлэг нээж, бизнесээ эхлүүлсэн. Өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуульд О.Цэцэгбал ХҮН намаас Баянзүрх дүүрэг буюу 8-р тойрогт нэр дэвшээд унасан. Харин бизнесийн хамтрагч Т.Пүрэвхатан нь АН-аас Дорнод, Хэнтий, Сүхбаатар буюу 8-р тойрогт нэр дэвшээд унасан. Улмаар сонгуулийн дараа О.Цэцэгбал Боловсролын сайдын зөвлөх болсон. Харин Т.Пүрэвхатан нь Барилга, хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төвийг захирал болсон байдаг.
 

БОЛОВСРОЛЫН ЯАМЫГ ЯМБАНЫ ГАЗАР БОЛГОСНЫ ҮЙЛИЙН ҮРИЙГ СУРАГЧИД ҮҮРЧ БАЙНА, П.НАРАНБАЯР САЙД АА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-23 10:37:09
    Зочин : Наранбаяр бол новш аа харин НямОчир бол бүх юмыг хийж бгаа ганц гэрэл гэгээ нь шүү пяз… минь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-23 10:22:04
    Зочин: Монголын төр засаг бол хулгайч луйварчин мафиудын зугаагаа гаргадаг тоглоом шоглоом болсон.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-23 09:46:20
    Хүлэгү: Тэгж таарнаа.олон зуун хүүхдийн эрх ашгийг уландаа гишгэчлээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188