Хамтарсан Засгийн газар хагарах, задрах эсэхийг УИХ өнөөдөр шийднэ. Хэрвээ Засаг задарвал яам, агентлагууд дахь АН-ын томилгооны 70 гаруй, ХҮН намын томилгооны 30 гаруй албан тушаалтан нэн даруй “хөөгдөх”-өөр байгааг бид өмнөх дугаартаа нэртэй нь нийтэлсэн.
Тэгвэл Засаг задарвал хөтлөлцөөд “хөөгдөх” гэр бүлийнхэн бас байна. Эхнэр,нөхөр, ээж, охин, хадам, хүргэн, баз хүргэн гэх мэт. Товчхондоо, Засгийн газар задрах эсэх асуудал АН, ХҮН намынхны зовлон байгаад зогсохгүй, хэд хэдэн гэр бүлийн зовлон болчихоод байна гэсэн үг.
“ИХЭР” ТАВИЛАНТАЙ БАС ХҮРГЭЧҮҮД
Хамтарсан Засгийн газарт залагдсан АН-ын найман сайдын нэг нь 20 минутын хот Үндэсний хорооны дарга буюу Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн. Тэгвэл Түгжрэлийн Р.Эрдэнэбүрэнгийн баз хүргэн Б.Саруул нь энэ оны нэгдүгээр сараас ЗГХЭГ-ын Дэд даргаар томилогдон ажиллаж байгаа. Тодруулбал, Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэнгийн эхнэр Г.Батчимэг, ЗГХЭГ-ын Дэд дарга Б.Саруулын эхнэр Г.Оюу хоёр төрсөн эгч дүүс юм.
Баз хүргэн Р.Эрдэнэбүрэн, Б.Саруул хоёрын хэн хэн нь туслахаас төрд орж ирцгээсэн. Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэнгийн тухайд, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын туслахаас шууд УИХ-ын гишүүн болсон давтагдашгүй намтартай. Харин ЗГХЭГ-ын дарга Б.Саруулын хувьд, Х.Баттулгын туслах байсан. 2017 онд Х.Баттулгыг Ерөнхийлөгч болмогц ЕТГ-ын Дэд даргаар томилогдож төрд орж ирсэн. Өнгөрөгч 2024 оны НИТХ-ын сонгуульд АН-аас БЗД-т нэр дэвшээд унасан. Улмаар УИХ дахь АН-ын бүлэгт ажиллаж байгаад өнгөрөгч нэгдүгээр сард ЗГХЭГ-ын Дэд даргаар томилогдсон товч намтартай. Хэн, хэн нь туслахаас төрд орж ирсэн, нэг айлын хүргэн, Хамтарсан Засгийн газарт хамтдаа албан тушаал хашиж буй Р.Эрдэнэбүрэн, Б.Саруул хоёр хамтдаа хөөгдөх эсэх нь өнөөдөр дэнслэгдэх нь.
.PNG)
Сонирхуулахад, Хамтарсан Засгийн газарт С.Бямбацогт, Д.Батцогт гэх цуутай баз хүргэчүүд бас бий. Нэг нь Батлан хамгаалахын сайд, нөгөө нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газрын даргын албан тушаалд заларч буй. Товчхондоо, Засаг задарвал баз хүргэчүүдийн хувьд хүнд тусах нь.
АН-Д “ЭРХЭЛСЭН” ЭЭЖ, ОХИН
Өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиар Ховд, Говь-Алтай, Завхан, Увс буюу 2-р тойрогт нэр дэвшээд унасан АН-ын УТЗ-ийн гишүүн З.Нарантуяа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаа. Сонгогчдод гологдсон АН-ынхнаас хамгийн өндөр албан тушаалд очсон хүн нь З.Нарантуяа гэж хэлж болно. Тэгвэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяагийн охин Б.Энхдөлгөөн нь АН-ын яам буюу Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны харьяа “Ухаалаг засаг-2” төслийн Зохицуулагчаар томилогдон ажиллаж байгаа. Анх өнгөрөгч 2024 оны нэгдүгээр сард З.Нарантуяа охин Б.Энхдөлгөөнийгөө АН-ын Гадаад харилцаа хариуцсан Нарийн бичгийн даргаар томилуулж, түүгээр улс төрийн замналаа залгамжлуулах гэж байгаагаа “зарлаж” байв. Ингээд Хамтарсан Засгийн газар байгуулагдмагц З.Нарантуяа охин Б.Энхдөлгөөнийгөө Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүүгийн зөвлөх болгож, дараа нь “Ухаалаг засаг-2” төслийн Зохицуулагчийн албан тушаалд аваачсан нь энэ. Хэрвээ Засаг задарвал ээж, охин хоёрын төр дэх хоршил энд хүрээд төгсөх нь.
.PNG)
ЭХНЭР ХААНА, НӨХӨР ТЭНД
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны Зөвлөхөөр томилогдон ажиллаж байгаа. Эргэн санавал, 2012 онд С.Одонтуяаг анх УИХ-ын гишүүн болмогц нөхөр Г.Өлзийбүрэн нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилогдож байсан түүхтэй. Товчхондоо, С.Одонтуяа нөхөр Г.Өлзийбүрэнгээ албан тушаалд “татдаг” зуршилтай.
Т.ДОРЖХАНДАД ИВЭЭГДСЭН ГЭР БҮЛ
ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд энэ оны нэгдүгээр сард “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Бүтээмж хариуцсан менежерээр Д.Баярбилэг гэгчийг томилсон. Д.Баярбилэг нь ХҮН намын ГЗ-ийн гишүүн бөгөөд өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиар ХҮН намаас Дорнод, Хэнтий, Сүхбаатар буюу 6-р тойрогт нэр дэвшээд унасан нэгэн. Тэгвэл “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Бүтээмж хариуцсан менежер Д.Баярбилэгийн эхнэр Г.Гантуяа нь ХҮН намын яам буюу Боловсролын яамны харьяа Боловсролын үнэлгээний төвийн захирлаар томилогдон ажиллаж байгаа. Г.Гантуяа нь мөн л өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиар ХҮН намаас Сэлэнгэ, Дархан, Төв буюу 5-р тойрогт нэр дэвшээд унасан нэгэн. Товчхондоо, Засаг задарвал Д.Баярбилэг гэр бүлээрээ “гудамж”-нд нь гарна гэсэн үг.
ЗӨВЛӨХӨӨС ЗАХИРАЛ БОЛСОН ФЕРМЕРЧИН АХ
Хамтарсан Засгийн газрын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан Шадар сайд Т.Доржхандын үеэл ах Л.Лхагвасүрэн нь Боловсролын яамны харьяа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирлаар томилогдон ажиллаж байгаа.
Хоржоонтой нь, Л.Лхагвасүрэн Дорнод аймагт фермерийн аж ахуй эрхэлдэг байсан нэгэн. Тиймдээ ч өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиар Т.Доржханд үеэл ах Л.Лхагвасүрэнгээ Дорнодын малчид, тариаланчдын дэмжлэгийг авах магадлалтай гэж тооцоолж Дорнод, Хэнтий, Сүхбаатар буюу 6-р тойрогт ХҮН намаасаа нэр дэвшүүлсэн. Гэвч Л.Лхагвасүрэн нь бараа сураггүй унасан. Улмаар Хамтарсан Засгийн газар байгуулагдсаны дараа Т.Доржханд үеэл ах Л.Лхагвасүрэнгээ Боловсролын сайд П.Наранбаярын Зөвлөх болгосон. Удалгүй үеэл ах Л.Лхагвасүрэн нь Зөвлөхийн сэтэрээ “голж”, Боловсролын яамны харьяа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирлын албан тушаалд залраад буй нь энэ.
ХҮРГЭНДЭЭ ЭЛЭГТЭЙ ХАДАМ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааныг хүргэн Н.Лхагвадоржийгоо хэтэрхий “эрхлүүлж” байгааг АН-ынхан дотроо илтэд шүүмжилдэг. Тодруулбал, АН-ын дэргэдэх Ардчилсан оюутны холбооны тэргүүн асан төдийхөн намтартай Н.Лхагвадорж 2023 онд Ц.Тувааны “татаас”-аар АН-ын ХЭГ-ын даргаар томилогдсон. Улмаар Хамтарсан Засгийн газар байгуулагдсаны дараа Н.Лхагвадорж мөн л Ц.Тувааны “татаас”-аар Хяналтын яам буюу Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар томилогдон ажиллаж байгаа. Товчхондоо, Засаг задарвал хадам, хүргэн хоёрт хүнд тусна гэсэн үг.
ЗАСАГ ЗАДАРВАЛ ХАМТ “ХӨӨГДӨХ” ЭХНЭР, НӨХӨР, ЭЭЖ, ОХИН, ХАДАМ, ХҮРГЭН, БАЗ ХҮРГЭЧҮҮД, БАС ҮЕЭЛҮҮД |
|