ХҮН намынхан тогоондоо хагараад, хагарал нь Хамтарсан Засгийн газраас “хөөгдөх” шалтгаан болох гээд, хөөгвөл намаараа "ажилгүйчүүд" болох гээд сандарч байна.
ХҮН намаас дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, ХҮН намын Нарийн бичгийн дарга Ц.Лут-Очир хоёр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах “Огцрох амархан” хөдөлгөөнийг “толгойлж” байгаа. Тэгээд болоогүй, ХҮН намын Нарийн бичгийн дарга Ц.Лут-Очир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний О.Тэмүүлэнг шалгуулахаар АТГ-т хандчихсан.
Харин ХҮН намыг төлөөлж Хамтарсан Засгийн газарт сайдаар залагдсан Т.Доржханд, П.Наранбаяр хоёр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хэрэндээ л тойглож буй. Ямар сайндаа л Шадар сайд Т.Доржханд “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаалд манай намын гишүүн Ж.Золжаргал ганцаараа очоод гарын үсэг зурсан байсан. ХҮН намын зүгээс Ж.Золжаргалд хариуцлага тооцно” гэж хатуухан мэдэгдсэн. Харин Боловсролын сайд П.Наранбаяр “Хамтарсан Засгийн газарт сайд болсноос хойш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай яаманд нэг ч хүн шахаагүй” гэж тал засаад буй.
Хэрвээ Хамтарсан Засгийн газраас Шадар сайд Т.Доржханд, Боловсролын сайд П.Наранбаяр хоёр “хөөгдвөл” ХҮН намынхан “гудамж”-нд гарна. Яагаад гэхээр, өнгөрөгч 2024 оны УИХ, НИТХ-д нэр дэвшээд унасан хүмүүсээ өдгөө Т.Доржханд, П.Наранбаяр хоёр л төрд ажилтай, “талхны” мөнгөтэй байлгаж буй. Шадар сайд Т.Доржханд гэхэд л яамгүй ядалцаж яваа мөртлөө намынхандаа Зөвлөх сэтэр зүүлгээд дэргэдээ авчихсан. Тэгэхээр Т.Доржханд, П.Наранбаяр хоёр сайдын ажлаа өгвөл тэднийг “хормойдож” яваа ХҮН намынхан бүгд ажилгүй болно. Өөрөөр бол ХҮН намд УИХ-ын гишүүний найман суудлаас нь өөр юу ч үлдэхгүй гэсэн үг.
Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан Шадар сайд Т.Доржханд
Шадар сайдын Ажлын албаны Зөвлөх Ш.Энхтуул- 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намаас 9-р тойрогт нэр дэвшээд унасан.
Шадар сайдын Ажлын албаны Зөвлөх Д.Мөнхдөл- 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намаас Налайх, Багануур, Багахангай буюу 13-р тойрогт нэр дэвшээд унасан.
Шадар сайдын Ажлын албаны Зөвлөх Д.Энхбаяр- 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намаас Хэнтий, Дорнод, Сүхбаатар буюу 6-р тойрогт нэр дэвшээд унасан.
Шадар сайдын Ажлын албаны Зөвлөх Х.Болор-Эрдэнэ- 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намаас Увс, Завхан, Ховд, Говь-Алтай буюу 2-р тойрогт нэр дэвшээд унасан.
Шадар сайдын Ажлын албаны Зөвлөх Г.Жавхлантөгс- 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намын жагсаалтын 15-д бичигдээд унасан.
Шадар сайдын Ажлын албаны Зөвлөх С.Санасэр- 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намаас Хан-Уул дүүрэг буюу 12-р тойрогт нэр дэвшээд унасан.
Шадар сайдын Ажлын албаны Шинжээч Т.Очирдарь- 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намаас Хөвсгөл, Орхон, Булган буюу 4-р тойрогт нэр дэвшээд унасан. 2024 оны НИТХ-ын сонгуульд ХҮН намаас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшээд унасан.
Шадар сайдын Ажлын албаны Шинжээч О.Батбаатар- 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намын жагсаалтын 23-т бичигдээд унасан.
Шадар сайдын туслах Г.Янжинлхам- 2024 оны НИТХ-ын сонгуульд ХҮН намаас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшээд унасан.
Шадар сайд Т.Доржхандын харьяа агентлаг болох Хөрөнгө оруулалт, худалдааны газрын хэлтсийн дарга А.Мандахнаран- 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намаас 12-р тойрогт нэр дэвшээд унасан.
Шадар сайд Т.Доржхандын харьяа агентлаг болох Монополын эсрэг газрын дэд дарга Ш.Отгонтуяа- 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намаас 11-р тойрогт нэр дэвшээд унасан.
Шадар сайд Т.Доржхандын гадаад харилцаа хариуцсан зөвлөх асан, БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консул З.Лхагвадорж- 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намын жагсаалтын 11-т бичигдээд унасан.
Боловсролын сайд П.Наранбаяр
Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга- 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намын жагсаалтын 7-д бичигдээд унасан.
Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсрол хариуцсан зөвлөх О.Цэцэгбал- 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намаас 8-р тойрогт нэр дэвшээд унасан.
Боловсролын сайдын зөвлөх А.Отгонбаяр- 2024 оны НИТХ-ын сонгуульд ХҮН намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвшээд унасан.
Боловсролын яамны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Энхбат- 2024 оны УИХ-ын сонгуулиар ХҮН намын штабт ажилласан.
Боловсролын яамны харьяа Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаа- 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намын жагсаалтын 16-д бичигдээд унасан.
Боловсролын яамны харьяа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Л.Лхагвасүрэн- 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намаас Дорнод, Хэнтий, Сүхбаатар буюу 6-р тойрогт нэр дэвшээд унасан. ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржхандын үеэл ах.
Боловсролын яамны харьяа Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа- 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намаас Сэлэнгэ, Дархан, Төв буюу 5-р тойрогт нэр дэвшээд унасан.
Нийслэлийн Эрчим хүчний шилжилт, орчны бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрүүдийн Зохицуулагч Э.Золзаяа- Нийслэлийн ХҮН намын дарга. 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намын жагсаалтын 47-д бичигдсэн. 2024 оны НИТХ-ын сонгуульд ХҮН намаас Баянгол дүүрэгт нэр дэвшээд унасан.
Эрчим хүчний Үндэсний хорооны Ажлын албаны дарга Л.Жамбаа- 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намаас Сэлэнгэ, Дархан, Төв буюу 5-р тойрогт нэр дэвшээд унасан.
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Бүтээмжийн менежер Б.Мөнхболд- 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намаас 4-р тойрогт нэр дэвшээд унасан.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Бүтээмж хариуцсан менежер Г.Цогнэмэх- 2024 оны НИТХ-ын сонгуульд ХҮН намаас Хан-Уул дүүрэгт нэр дэвшээд унасан.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Бүтээмж хариуцсан менежер Д.Баярбилэг- 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намаас Дорнод, Хэнтий, Сүхбаатар буюу 6-р тойрогт нэр дэвшээд унасан. ХҮН намын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн.
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний ерөнхий менежер Г.Бүтэмж- 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намаас 1-р тойрогт нэр дэвшээд унасан.
“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Бүтээмж хариуцсан менежер Ф.Зоригоо- 2024 оны УИХ-ын сонгуульд ХҮН намаас Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь буюу 7-р тойрогт нэр дэвшээд унасан.
“Багануур” ХК-ийн Бүтээмж хариуцсан менежер Д.Гантулга- Багануур дүүргийн ХҮН намын хорооны дарга.
ТАНИЛЦ: ХОЁР САЙДААСАА “ХОРМОЙДСОН” ХҮН НАМЫН ТОМИЛГООНЫХОН |
|