Яамны газрын нарын хөрөнгөжих нэг арга хэрэгсэл буюу төрийн өмчит компаниудад ТУЗ гэх төсвийн тулам бий. Үндсэн албан тушаалаасаа гадна төрийн өмчит компанийн ТУЗ-ийн дарга, гишүүн болчихвол сар тутам давхар цалин авна, улирлын эцэст урамшуулал ч нэмж авна. Цаашлаад, тухайн компанийн бүх шийдвэрт оролцдог тул бусдаас авлига авах замаар цалин, урамшуулал дээрээ давхар “орлого” олох ч боломжтой. Жишээ нь, Хөгжлийн банкны хулгайн хэргийн нээлттэй сонсголоос Хөгжлийн банкны үе үеийн ТУЗ-ийн дарга, гишүүд зээлийн шийдвэр гаргахдаа хэрхэн авлига авч, хөрөнгөжиж байсныг бид харсан. Бас, Нүүрсний хулгайн хэргийн нээлттэй сонсголоос “Тавантолгой” ХК, “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, гишүүд хэрхэн хамаарал бүхий этгээдүүддээ тендер өгч, төсвийн мөнгөөр хэрхэн өөрсдөдөө олон зуун сая төгрөгийн урамшуулал олгож байсныг ч харсан. Тэгэхээр ТУЗ-ийнхны цалин, урамшуулал, нэмэлт ашиг орлогыг нэмж нурших илүү биз.
Гол нь, гадаад, дотоодод олон их сургууль төгссөн, туршлага зузаан байлаа ч хэн хүссэн нь төрийн өмчит компаниудын ТУЗ-д томилогдохгүй, тийм боломж ч үгүй. Гагцхүү том артай бол ТУЗ-ийн дарга, гишүүн болж болно. Тэр ар нь бүр том бол хоёр, гурван ч ТУЗ-д зэрэг ажиллаж, давхар цалин авах боломжтой. Бичигдээгүй хууль нь ийм юм.
Иймд бид зарим жишээг танилцуулахаар бэлтгэлээ.
АҮЭБЯ-ны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга бөгөөд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Сагараадорж
АМГТГ-т мэргэжилтнээр ажиллаж байгаад 2022 онд ажилгүй болж, 2023 оноос төрөлх Төв аймгийн Баян сумынхаа АН-ын даргаар ажиллаж эхэлсэн. Улмаар өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиар Д.Сагараадорж АН-д 10 сая, нутгийн ах Ц.Туваандаа 10 сая төгрөг тус тус халаасаа “шавхаж” хандивласан. Мөн Д.Сагараадоржийн аав Г.Дашрэнцэн нь Төв аймгийн АН-ын дарга, Төв аймгийн Засаг даргын орлогч байсан тул Ц.Туваан түүнийг эртнээс мэднэ.
Ингээд сонгуулийн дараа Ц.Туваан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болж, улмаар Д.Сагараадоржийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дарга, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн хэмээн гурван том албан тушаалд зэрэг томилсон.
Тайлбар: Төв аймгийн Баян сумын АН-ын даргаар томилогдож буй нь, 2023 оны арваннэгдүгээр сар.
ХХААХҮЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга бөгөөд “Био комбинат” ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүн, “Үндэсний давхар даатгал” ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүн Т.Гантогтох
Баянхонгорын уугуул. УИХ-ын дарга асан, ЕТГ-ын дарга Г.Занданшатарын туслахаар найман жил ажилласан. Ингээд Г.Занданшатар өөрт нь найман жил үнэнчээр зүтгэсэн туслах Т.Гантогтохыгоо ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болгож байв. Өдгөө Т.Гантогтох ХХААХҮЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байгаа. Мөн “Био комбинат” ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүн, “Үндэсний давхар даатгал” ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүн. Өөрөөр бол, гурван албан тушаалтай, гурван газраас цалинждаг.
ЭЗХЯ-ны Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга бөгөөд Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Ц.Эрдэнэбат
Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын зөвлөхөөр нь дөрвөн жил ажилласан. Улмаар 2021 онд Х.Баттулга, Ц.Эрдэнэбат хоёр “Ардчилал шинэ бодлогын төв” ТББ-ыг байгуулж, Удирдах зөвлөлийн даргаар нь Х.Баттулга, гүйцэтгэх захирлаар нь Ц.Эрдэнэбат одоог хүртэл ажиллаж байгаа. Өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа АН-ын дарга Лу.Гантөмөр Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдож, Ц.Эрдэнэбатыг Эдийн засаг, хөгжлийн яамны Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар томилсон. Улмаар 2024 оны аравдугаар сард Ц.Эрдэнэбат Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүний давхар сэтэртэй болсон.
АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн С.Жавхланбаатар
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтын “Вестерн холд” ХХК-ийн Ховд аймгийн Буянт сум дахь “Ховд эко цемент” үйлдвэр Төслийн удирдагчаар 2018-2024 онд буюу зургаан жил ажилласан. Эргэн сануулахад, С.Бямбацогт “Вестерн холд” ХХК-ийнхаа нэр дээр Хөгжлийн банкнаас 28 сая ам.долларын зээл авч, энэ мөнгөөр нь С.Жавхланбаатар “Ховд эко цемент”-ийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан байдаг.
Ийнхүү С.Бямбацогт С.Жавхланбаатарыг “Вестерн холд” ХХК-ийнхаа Төслийн улирдагчаар ажиллуулахын сацуу 2022-2024 онд Зам тээврийн сайдаар ажиллахдаа Зөвлөхөөрөө дэргэдээ давхар ажиллуулж байлаа. Ингээд өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа С.Жавхланбаатар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүний давхар сэтэртэй болсон.
ЗГХЭГ-ын Дэд дарга бөгөөд “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүний Д.Цолмон
Анх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнгийн туслах байсан. Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтнээр орсон. 2022 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Д.Цолмонг яамныхаа Хууль зүйн бодлогын газрын даргаар томилсон. 2023 онд Х.Нямбаатар Хотын дарга болмогцоо Д.Цолмонг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас татаж, Хууль, эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөхөөрөө дэргэдээ авсан. Улмаар 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа ЗГХЭГ-ын Дэд дарга болгож дэвшүүлсэн. Харин 2025 оноос ЗГХЭГ-ын Дэд даргаас гадна “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүний давхар сэтэртэй болоод буй.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлоггын газрын дарга бөгөөд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ТУЗ-ийн дарга Р.Гантуяа
Анх ГССҮТ-д их эмч байсан. Улмаар Т.Мөнхсайхан 2016 онд ГССҮТ-ийн Ерөнхий захирал болмогцоо Р.Гантуяаг ГССҮТ-ийн Чанарын албаны дарга болгосон. Дараа нь ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал болгож дэвшүүлсэн. 2020 онд Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайд болмогцоо Р.Гантуяаг ГССҮТ-өөс авчирч, Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, зохицуулалтын газрын даргаар томилсон. 2021 онд Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайдаас буумагц Р.Гантуяа буцаад ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирлаар томилогдсон. Ингээд өнгөрсөн 2024 онд Т.Мөнхсайхан дахин Эрүүл мэндийн сайдаар томилогдмогцоо Р.Гантуяаг дахин ЭМЯ-нд дахин авчирч, Эмнэлгийн тусламжийн бодлогын газрын даргаар томилсон. Ингээд болоогүй, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ТУЗ-ийн даргаар томилсон.
ТАНИЛЦ: ЯАМАНД ЯМБАТАЙ, ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ТУЗ-Д ДАВХАР СЭТЭРТЭЙ ТОМЧУУДЫН “ТАВИУЛ”-УУД |
|